Tuesday, September 21, 2010

Ховсдох нь /3-р хэсэг/


Эхлээд ардын эмнэлгийн тухай товч өгүүлье.


Та бүхний зарим нь "цусыг шившдэг" тухай сонсож л байсан биз. Гүнзгий шархнаас цус олгойдож, бүр гожигдож байхад домч дээрээс нь нь тонгойж, үл мэдэгдэх юм шивнээд л шарх нь хув хуурай болж цус нь тогтдог.

Бас "шүд шивших" гэгч юм байдаг даа. Энэ бол Польш, Беларусын ер нь нийт оросын тосгодод эрт цагаас, одоо ч гэсэн ер шүдний эмчгүй байснаас л үүссэн зүйл байх. Харин шүдийг эмнэхдээ шившдэг л байжээ.

Домч эмгэн юм уу эр ирээд л ямар нэгэн юм шивнээд л бие нь мурилзаж элдэвлэж байгаад л байгаад шүднийх нь өвчнийг нь намдаачихна.

Ингээд л гүйцээ. Үнэндээ бол шүд өвчнөө мэдрэхээ больж байгаа нь л тэр.

Гайхмаар байгаа биз. Энүүнд ид шид гайхамшиг ер байхгүй. Аливаа далдын хар, цагаан хүч оролцдог юм биш. Ердөө л ховсын нэг хэлбэр.

Би өөрөө ямар ч цуут домч нараас дутахгүйгээр шүд домнож, толгойн өвчин арилгаж чаддаг болохоороо энэ тухай ингэж итгэлтэйгээр хэлж байгаа юм. Тэгэхдээ харин элдэв шившлэг, шивнээ байхгүй шүү. Тийм юм хэрэггүй. Би шүд нь өвдсөн хүний өөдөөс хараад л өөрийнхөө огт эрүүл шүд, эрүү буйлаа бодоод л болдог юм. Энэ зууртаа өнөөх хүнтэй өвчин зовиурынх нь талаар ярилцана. Тэгээд л шүд нь өвдөхөө болино. Үүнийг хийхэд энэ догол мөрийг унших хугацаа л хангалттай...

Мөн энэ аргаар толгойн өвчнийг анагаана.

Дундад Азийн домч табиб гэгч нар могойд хатгуулсан хүнийг ингэж л эдгээдэг байх. Би өөрөө үзээгүй болохоор л байх гэж байна.

Харин шүд юм уу толгойгоо өвдөхөөр надад ч юм уу домчид очих хэрэггүй. Би ухаандаа өвдөлтийг нь арилгаж орхиод таныг гарцаагүй эмнэлэгт очих байсныг нь болиулчихаж магадгүй. Домч бол өвдөлтийг л мэдэгдэхгүй болгодог. Эмч бол өвчнийг ул мөргүй анагаадаг. Өвдөлт гэдэг чухал зүйл шүү, биед чинь ямар нэгэн юм болохоо болиод байгааг мэдүүлдэг эд.

Ховсыг би сэтгэхүйн өвчтэй хүнд хэрэглэж байснаа дурьдваас буруудахгүй биз. Үүнийг би тэртээ эрт ховсын мөн чанарын талаар юу ч мэдэхгүй, шинжлэх ухааны зөвлөмж энэ тэрийг үзээгүй байхдаа ердөө л хар зөнгөөрөө хийж байсан юм л даа.

Дээр үед болсон явдал:

Польшийн нэг гүнтэн өвчилж ойр дотныхондоо таагүй хачин өвчин тусаж гэнэ. Тэр гүнтэн өөрийнхөө толгойд шувуу үүрлээд, тагтаа өндөглөчихсөн гэж үглээд дийлдэхээ больж. Ерийн тагтаа л гэнэ л дээ.

Солиорлын нэгэн хэлбэр...

Эмчид очиж гэнэ. Гүнтэн ааш муутай, эмчлүүлэхгүй гээд зүтгэчихэж. Цаадуул нь гүнтэнг элдвээр ятгаж мэхлээд толгойд нь хагалгаа хийж, тархийг нь 2 хуваах гэж байгаа мэт санагдаад болохгүй байж гэнэ.

Тэгээд надад иржээ.

Би түүнд элдэв сөрөг юм ярьсангүй. Яалаа гэж толгой дотор шувуу үүрлэх вэ? энэ тэр гэсэнгүй. Эхлээд л үзэхээр очихдоо гурван хөлтэй гялалзсан урт дуран шиг эрэг шураг тоногтой юм авч очоод л дэргэд нь зоож толгойг нь дурандаад

- За тийм байна даа. Гүнтэн минь одоо яана. Таны тархин дотор шувуу үүрлэчихэж. Зөндөө олон тагтаа байна. Өндөглөөд үржээд... Бүр бүхэл бүтэн сүрэг болсон байна гэлээ.

- Би үүнд огт эргэлзэхгүй байгаа юм аа. Бүр тэгээд байгаа юм. Бүр нэг удаа үүр лүү нь муур гэтэж очоод тагтаануудыг үргээж сүйд хийсэн гээч. Цаадуул нь далавчаа дэвээд пид пад хийлгээд ер амар заяа үзүүлэхгүй байгаа гээч. Тархи дэлбэрчих гээд ... гэж байна.

- Би таны гавал доторх ер бусын зочдыг зайлуулж бүр нэгмөсөн явуулж өгч чадна аа.

- Аштай юу. Гялайж дээ. Ачийг чинь мартахгүй.

Бид дахин дурандаж"тагтааны тооллого" явуулж яаж хөөх аргаа боловсруулж хэлчихээд харив.

Маргааш өглөө нь эрт гүн над руу хүн явуулж "Тагтааны өндөгнүүд хагараад ангаахай дэгдээхэй гаргачихсан шүү" гэж байна.

Дахиад л дурандлаа. /Дуран маань шилгүй шүү дээ/ Ангаахай нэмэгдсэнийг нотлов. Нөгөөдөр нь гүн гуайн гавлыг тагтаанаас бүр мөсөн цэвэрлэх ажил хийхээр товлоод буцлаа.

Гэрийнхэнтэй нь зөвшиж цэцэрлэгийнх нь хашаанд гурван туслахдаа амьд тагтаа бариулаад суулгачихлаа.

Өвчтөнөө нүдийг нь боочихоод хөтөлж гадаа гарав. Миний дохиогоор нэг туслах маань тагтааг тавиадахлаа.

Би гүнтний улаан нүүрэндээр нь хий буудчихаад түрүүнд нь алаад бэлдчихсэн байсан тагтаагаа өврөөсөө гаргаж гарт нь бариулав.

За энэ нэг нь. Агаарт нисэнгүүт нь алаагүй бол нисэж явчихаад буцаад үүрлэчихэж магадгүй шүү. Одоо тэгнэ байхаа та нар. Буудаад алчихлаа. Дахиад 2 удаа буудав. Дараа нь буун дуунаас үргэсэн тагтаанууд аяндаа гарч зугтаагаад өнөөх ангаахай нь үхээд алуулаад дуусах нь тэр гэлээ.

Тэгээд гүнгийн нүдний боолтыг нь авч тэр миний харан байтал сүглэгэр том модны ёроолд нүх ухаж хөөрхий шувуудын үхдлийг өөрийн гараар булав.

Хэдэн жилийн хойно нь гүнг бүрэн эдгэрсэн гэж санаад нэг дотно танил нь нууцыг задалж өөрт нь ярихыг хүртэл гүнтний гавал шувуугүй цэвэр сайхан байсан билээ. Үнэн учрыг дуулангуутаа тэр гүн орь дуу тавьж толгойгоо барьж авсан гэнэ лээ. Тэр мөчөөс эхлээд гавал дотор нь тагтааны жигүүр пажигнаж байх болсон аж. Тэгээд насан өөд болтлоо тагтаатайгаа дууссан. Түүнийг дахиад тагтаанаас нь салгаж авна гэж байхгүй байхдаа гэж санадаг юм.

Энэ жишээг юу гэх вэ?

Энэ бол ховс. Итгүүлэг. Би ердөө л тэр хүний ухамсрын зохих түвшинд нийцүүлэн өөрийнх нь мэддэг ойлгодог тэр түвшинд чадвараа тааруулж өвчнийг нь арилгаж өгсөн. Угтаа бол хөөрхийг өвчингүй эрүүл гэж итгүүлж өгсөн юм. Тэр надад итгэсэн. Өөд болтлоо эрүүл яваад байж болох л байсан.

Би бас ховсдож архи тамхи, аливаа мансуурах донгоос хүнийг хагацуулж чадна.

Харин намайг дандаа үүнийг хийдэг гэж санаад над руу цувчихаж болохгүй. Эмчилгээ эрхэлдэггүй шүү дээ. Архинаас гаргах сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байгаа бол эмчид хандаарай. Цаадуулд чинь хамгийн архаг архичныг ч эдгээчих үй түмэн шалгаад туршаад үзчихсэн олон сайн эм бий...

Харин тамхиа хая гэж байгаа бол зүгээр л хаячих. Тэгээд л гүйцээ. Хамаг сэтгэлээ хөвчлөөд амандаа ганц ч янжуур зуулгүй ганц жил болж ч чадахгүй хүн ертөнцөд байдаг гэж би лав үнэмшихгүй.

Ингэсэн хойно та дахин тамхи татсан ч ер сайхан санагдахгүй. Ердөө л тамхинд дасахгүй байвал л болоо шүү дээ.

Архи тамхинаас бол би ойр дотны хүмүүстээ л тохиолдлын маягаар л гаргаж байсан хэрэг.

Хүнийг архинаас гаргах захирамж өгч эмнэхдээ өөрөө бүтэн сараар спиртийн үнэр ч авч чаддаггүй юм. Тэрхүү жигшүүлэг нь эхлээд намайг бүр эзэмдчихээд зовоодог. Тэгсэн хойно нь түүнийг би нөгөө хүнд дамжуулдаг юм.

Тэгээд жигшүүлэг хийх хугацаа дууссан хойно л өөрөө сая дарс амсаж болохоор болдог.

Харин надаар эмчлүүлсэн он жилээр тэсдэг билээ. Энэ нь бол өөрөөс нь хамаарна шүү дээ.

Би тамхи их татна аа. Бас хүнийг тамхинаас гаргах жигшүүлэг хийхээрээ өөрөө тамхины утаа үнэрлэнгүүт чичирч салганаад сүйл болно. Тэгснээ эмчилгээ хугацаа дуусахаар нь дахиад л өөрөө манаруулж өгнө дөө.



Ховсын тухай ингээд өндөрлөе. Гэхдээ дээр өгүүлсэн ярьснаа дахин хэлмээр байна.

Ховс гэдэг бол тун гайхалтай атлаа бага судлагдсан салбар юм. Гэхдээ судлахад маш гайхамшигт бололцоог нээж өгөх салбар юм. Энд би өөрт хамаагүй нэг салбарыг жишээ татсугай.

Хэдэн жилийн өмнө тэр үед огт дуулаагүй байсан гипнопеди гэгч үг хэвлэл дээр тааралдах болсон билээ. Энэ нэрээр ховсын нэгэн өвөрмөц төрлийг ашиглан нойрондоо ном сурах аргыг хэлдэг болжээ.

Энэ тун хялбар зүйл. Ухаандаа та англи хэлийг сурах хэрэг гарж л дээ. Ер нь бол хэл сурна гэдэг тун ярвигтай, ялангуяа томчуудад бол бүр ч төвөгтэй гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ.

Хамгийн бэрх нь үг тогтоох буюу цээжлэх. Харин гипнопеди гэдэг арга нь энэ бэрх асуудлыг хөнгөлж өгдөг. Үг цээжлэх тамын ажлыг нойрон дундаа амжуулдаг болгоно.

Хэл сурч байгаа хүнийг нойрсуулж унтаа байхад нь дуу хураагчаар цээжлэх ёстой үгийг нь намуухан хэлээд давтаад байна. Хэдэнтээ давтан хэлж өгнө. Хүн харин нам унтаад л байна. Тэр ч байтугай зүүдлэх ч үгүй. Харин өглөө нь сэрээд санахад өнөөх цээжилбэл зохих үгийг цөмийг мэддэг болчихсондоо өөрөө ч гайхдаг.

Өнөөгийн байдлаар нэг шөнө хийх хичээлийн үгийн тоо 30-40 байх ёстой гэж нэг юмнаас уншсан боловч гипнопедийн мэргэжилтнүүд нэг шөнөдөө 300 үг цээжлэх нь ер нь боломжийн хэмжээ гэж үздэг аж.

Аливаа харь хэл сурч байгаа хүнд 300 үг цээжлэнэ гэдэг том асуудал шүү дээ. тэгвэл дээрх аргаар 1 шөнө л сурч болох байна.

Гипнопеди гэгч юу вэ?

Бас л ховсын нэг муухан судлагдсан төрөл гэж би баттай бодож сууна.





Мэдээллийн эх сурвалж: Вольф Мессинг "Би далдыг мэддэг"

Орчуулсан Д.Төмөртогоо

No comments:

Post a Comment