Sunday, September 26, 2010

Сэтгэцэд зайнаас нөлөөлөх аргууд улам нарийсч байна

Б.Галаарид

Хүний далд ухамсар, сэтгэцэд зайнаас нөлөөлөх арга технологи улам бүр нарийсч байгаа, психотронын хэмээх шинэ зэвсэг шинэ зуунд хамгийн аюултай зэвсэг болж болзошгүй талаар би 2005 онд “Өөр ертөнцийн тэмдэглэлүүд” номондоо тодорхой өгүүлж байсан билээ.
Өнгөрөгч онд оросын сэтгүүлч П.Одинцовын “Бид бүгдээрээ зомби” номыг орчуулж байхад энэхүү итгэл үнэмшил маань улам нэмэгдсэн гэж болно. Гэвч орчин цагийн мэдээллийн хэт урсгал дунд хүнд хэрэгтэй, мэдүүштэй, санаж сэрүүштэй олон чухал мэдээлэл орхигдон мартагддагийн нэгэн адилаар энэхүү шинэ зэвсгийн талаарх мэдээлэл ч бас төдий л анзаарагдахгүй байх шиг.
Уг нь бол психотронын зэвсэг шинэ юм биш л дээ. Аль хорьдугаар зуунд хийгдэж туршигдсан, одоо улам бүр төгөлдөржиж яваа эд. Гагцхүү улс орнуудын тусгай албад нэг талаас эгэл жирийн иргэдээ туршилтын туулай болгож байгаагаа нуух, нөгөө талаас өөрийн техник технологийн нууцыг хадгалах үүднээс нээлттэй зарладаггүй. Харин ЗХУ хэмээх хатуу чанд хяналттай, ихэнх мэдээлэл хаалттай аварга том систем задарснаар тэнд хаалттай хийгдэж байсан судалгаа туршилтын талаар бага сага мэдээлэл задарсны дунд психотронын зэвсгийн талаар нэлээд баримтууд ил болсон түүхтэй. Ер нь бол ийм төрлийн зэвсгийн талаарх мэдээлэл тухайн технологи хоцрогдож хэрэггүй болохын цагт л ихэвчлэн нээлттэй болдог учраас яг өнөөдөр ямар түвшинд хүрчихсэнийг хэлэхэд хэцүү.
Хүний тархи, сэтгэцийн үйл ажиллагаа гэдэг асар нарийн боловч бас сул талтай эд. Бид амт, үнэр, дүрс, дуу чимээг мэдэрдэг. Гэхдээ эдгээр мэдрэхүй маань бүгд дээд доод хязгаартай. Тэр хязгаараас хальсан бүхэн бидэнд мэдрэгдэхгүй. Тухайлбал бид радио идэвхт цацрагийг мэдрэхгүй. Цахилгаан соронзон орны үйлчлэлийг мэдрэхгүй. Гэхдээ энэ бүхнийг хүний зохион бүтээсэн багаж төхөөрөмж мэдэрнэ. Жишээ нь, рентген зураг авахуулах тийм ч аюулгүй эд биш гэж эрдэмтэд хэлдэг. Харин бидэнд айгаад байх юм юу ч байдаггүй. Цээжээ нүцгэлээд нэг төхөөрөмжийн өмнө зогсоход хэцүү юм байхгүй. Хэдэн минут, хэдэн цаг ч зогссон болно. Гэтэл эмч нар удаан зогсохыг зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл рентген цацраг хэрхэн нөлөөлж буй нь тухайн хүнд мэдэгдэхгүй ч хортой. Тэгвэл психотронын зэвсэг гэдэг нь яг ийм хүнд үл үзэгдэгч, үл мэдрэгдэгч цацраг туяа, долгион, эсвэл хэт гаж дуу чимээний тусламжтайгаар хүмүүсийн бие махбод, сэтгэхүйд нөлөөлж, тэдний үйлдлийг хянах удирдах зорилгоор бүтээгдсэн зэвсгүүд юм.
Нэгэнт цацраг учраас ихэнх төрлийн хаалт саадыг нэвтэрнэ. Хүйтэн дайны үед цөмийн зэвсгээс хамгаалах хоргодох байр барихдаа зузаан хар тугалгаар дээвэрлэж байсан нь цацраг ийнхүү нэвтрэхээс хамгаалсан хэрэг байж.
Долгионы хувьд ч ялгаагүй. Долгионы янз бүрийн давтамж хүний сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг нь нэгэнт тодорхой зүйл. Үүн дээр үндэслэн сэтгэцэд сөргөөр нөлөөлөх зэвсэг бүтээх нь асуудал биш.
Психотронын зэвсгийг анх америкчууд 1960-аад оны үед туршжээ. Угаасаа суурь судалгаа нь аль хорьдугаар зууны эхнээс хэд хэдэн оронд хийгдсэн эд учраас ийм зэвсэг бүтээхэд нэг их хүндрэл байгаагүй биз. Хүйтэн дайны улмаас бүх талаараа улайран өрсөлдөж байсан ЗХУ ч америкуудаас нэг их хоцорсонгүй. Гэхдээ тэдний бүтээсэн зэвсэг нь дэндүү болхи байв. Тэд хүний унтах, идэх, секс хийх, аллага үйлдэх хүсэл сэдлийг удирддаг ухамсрын анхдагч голомтыг олж тогтоон ашиглахаас хэтэрсэнгүй. Хүний сэтгэцийн нарийн төвөгтэй үйлдлүүдийг хянах, удирдахад энэ нь хангалтгүй байлаа. Гэхдээ энэ чиглэл рүү алхам алхмаар урагшилсаар байв. Психотронын нөлөөллийн онцлог нь хүний ухааныг самууруулах төдийгүй удирдаж чаддагт байх ёстой гэсэн зорилго өнөөдөр нэгэнт биелэгдэж, психотроны зэвсэг жинхэнэ байлдааны зэвсэг болчихоод байна гэж хэлж болно.
1978 оны арваннэгдүгээр сарын 18-ны шөнө Гайаны ширэнгэ ой дахь Жонс таун тосгонд Peoples Temple нэртэй шашны бүлэглэлийн 918 хүн бөөнөөрөө үхсэн байдаг. Тэд амиа хорлосон уу, алуулсан уу, өөр шалтаг байсан уу гэдэг нь маргаантай хэвээр. Гэхдээ ТТГ тэдэн дээр психотронын шинэ зэвсгээ туршсан гэдэг хувилбар хүчтэй яригддаг нь бас анхаарал татах асуудал.
Яг энэ аллагатай ойролцоо цаг үед ЗХУ-ын улсыг аюулаас хамгаалах хорооны дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэн “Хүний психофизик байдлыг зайнаас удирдах нь” гэдэг сэдвээр шинэ судалгаа туршилт эхэлж, ЗХУ задрах хүртэл Москвагийн сэтгэцийн эмгэгийн нэгэн эмнэлгийг түшиц газраа болгож байжээ. Ингэхдээ тэд өвчтөнүүд дээр туршилт хийхээсээ илүүтэйгээр эрүүл хүн дээр сэтгэцзүйн туршилт хийснээ халхавчлахын тулд энэ эмнэлгийг ашиглаж байсан гэдэг. Тэр үед психотронын зэвсэг хийхэд оролцож байгаад, хожим нь буюу 1993 онд ОХУ-ын Төрийн Думын гишүүн болсон Ю.Ю.Леонов “Энэ зэвсэг жинхэн байлдааны зэвсэг болоод хэдэн жил болж байна. Улсыг аюулаас хамгаалах хороо тэр үед ямар ч ажиг сэжиг аваагүй хүмүүс дээр туршилт хийдэг байлаа. Дан ганц бие, ихэвчлэн насөндөр хүмүүс дээр туршилт хийдэг байсныг ямар нэг утгаар хүнлэг гэж хэлж болно. Өнөөдөр бол эх захгүй байдал тодорхой хэмжээгээр бий болоод байна. Холбооны аюулгүйн алба (ФСБ) өөрсдийнх нь сонирхлыг тэгтлээ татсан зэвсгийг бүтээх хүсэлдээ шатаж бараг бүх хүн дээр туршилт хийж байна. Жишээ нь, та арванхоёр давхар барилгын есдүгээр давхарт амьдардаг байхад л хангалттай. Дээврийн хонгилд та болоод таны хөршийг туршилтанд оруулахад хэрэг болох тусгай цацруулагч зоогоод л бол оо. Технологийн түвшин, Холбооны аюулгүйн албаны тусгай тасгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварын түвшин нь 95 хувийн “эерэг” үр дүнд хүргэх чадвартайг хэлэх хэрэгтэй” гэж “Завтра” сонины 1999 оны аравдугаар сарын 26-ны дугаарт өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн нь бий. Энэ бол хэн нэгэн шуугиан таригчийн үг биш, харин хүйтэн дайны үед ийм төрлийн зэвсгийг бүтээж явсан хүний үг гэдгийг бодоорой.
Оросууд 1992 онд их дээд сургууль төгссөн залуучууд дундаас сэтгэл зүйч, сэтгэц судлаач, сэтгэл мэдрэлийн эмч мэргэжлийн асар олон хүнийг КГБ ажилд авсан нь хожим тодорхой болсон. Хөндлөнгийн судлаачид үүнийг шинэ төрлийн психотронын зэвсэг үйлдвэрлэх томоохон хөтөлбөр хэрэгжиж байж магадгүй гэсэн таамагтай холбон тайлбарладаг. Хэрэв тийм бол өнгөрсөн 18 жилийн дотор тэр олон мэргэжилтнүүд ихээхэн зүйл хийж амжсан нь тодорхой.
Одоо психотронын зэвсэг хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар сонирхъё. Хүн болгоны ярих дуртай 25 дугаар кадрын нөлөө бол хүний далд ухамсарт нөлөөлөх хамгийн энгийн аргын нэг. Үүнийг харахуй болоод сонсохуйд нөлөөлөх арга гэдэг. Аятайхан сайхан аялгуун дор ухуулсан агуулгатай текстийг тодорхой хэмжээнд удаашруулан дэвсэх арга өнөөдөр мөн л хоцрогдсон технологи гэгдэж байна.
Аливаа дүрс, текстийг тодорхой урттайгаар тасдан тодорхой секунд тутамд давтан өгөх арга ч хоцрогдлоо. Энэ бол бусдын ухамсарт нөлөөлөх хамгийн бүдүүлэг аргууд.
Харин хэт нарийн буюу өндөр давтамжтай авианы нөлөө бол шал өөр. Хүн 100 Гц-ээс дээш авианы механик нөлөөг мэдэрдэггүй. Гэтэл энэ нь хүний сэтгэн бодолт, мэдрэлийн системд хүчтэй нөлөөлж, толгой өвдөнө, эргэнэ, нүд харанхуйлна, амьсгаа давчдана, бүр татаж унана. Маш нам давтамжтай инфра буюу чанад авиа ч бас хүний эсрэг зэвсэг болж, тодорхой давтамжаас дээш болохоор хүний зүрхийг зогсоож ч чадна.
Хэт өндөр давтамжийн цацраг ашигласан психотронын зэвсэг бол бүр аюултай. Хүнийг ядрааж сульдааж, толгой тархийг нь өвтгөж, бөөлжүүлж огиулж, зарим төрлийн өвчнөөр өвтгөж, сэтгэцийн үйл ажиллагааг идэвхжүүлж, эсвэл бууруулж, янз бүрийн хүсэл төрүүлж, үйлдэл хийлгэж чадна. Жишээ нь хувийн, байгууллагын, эсвэл улсын нууцыг задруулах хүсэл төрж болно. Бусдын тавьсан саналыг үг дуугүй хүлээн зөвшөөрөх хүсэл төрж болно. Айдас түгшүүр, үзэн ядалт, ухасхийн зугатах, хүч хэрэглэх, эсвэл бүр амиа хорлох хүсэл ч төрж мэднэ. Үйлдлүүд нь гагцхүү хэрхэн ямар түвшинд “боловсруулснаас” л хамаарна.
Байшин барилга сүйдэхгүй, материаллаг хохиролгүй, дэлбэлж тэслэх шаардлагагүй, үл анзаарагдам, хохирогчдыг элдвээр оношлох боломжтой гэдгээрээ психотронын дайн хүчний байгууллагууд, армийнхны анхаарлыг татдаг. Энэ чиглэлийн технологийн хувьд хүйтэн дайны үед оросууд илт давамгайлж байсан ч ЗХУ задарсны дараа АНУ тэргүүлэгч болоод байна. АНУ сансрын 300 орчим дагуултай сүлжээ, тэрчлэн телевиз, радио зэргийг хамарсан психотронын зэвсэглэлтэй гэгдэж байна.
Технологийн боломжийг нь харахад гар утас, интернэтийг ч шаардлагатай үедээ ийм зорилгоор ашиглах магадлал энэ чиглэлийн судалгаа туршилт хийдэг улс орнуудын хувьд нээлттэй байгаа юм.
Психотронын зэвсгийн хойноос хөөцөлдөх явцад олсон мэдлэгийг даг ганц цэрэг дайны зорилгоор ашиглаад байгаа биш гэдгийг хэлэх ёстой. Гэмт хэргийн бүлэглэл, их мөнгөний эргэн тойрныхон бага оврын псигенератор, торсион үүсгүүр зэргийг өрсөлдөгчөө жагсаалаас гаргахын тулд түгээмэл ашигладаг, улстөр биенесийн хүрээнийхэн өөрийн зорилго шийдвэрийг бусдаар зөвшөөрүүлэхийн тулд тэдгээрийн тусламжтайгаар нөлөөлөхийг оролддог гэхчлэн олон жишээ бий. Манай улсад харин энэ талаар мэддэггүй, тоодоггүй учраас хүн ам нь бусдын нөлөөнд далд ухамсрын түвшинд автах, шийдвэр гаргагчид нь золиос болох магадлал өндөр гэдгийг сануулж байна.
Нөгөөтэйгүүр хүний биеийг илааршуулдаг, сэргэлэн цовоо болгодог гэх нэрийн дор гарал үүсэл нь тодорхойгүй, хүний биед ямар сөрөг нөлөөтэй нь ч тогтоогдоогүй төрөл бүрийн багаж төхөөрөг сүүлийн үед нэлээд зарагдаж байна. Тэдний ажиллах зарчим нь мөн л ямар нэгэн долгион, цацраг дээр суурилдаг учраас сөрөг үйлчлэлийг нь нарийн судлан тогтоож байж хэрэглэмээр байна. Хүний зовлонг мартуулж аз жаргалтай мэт санагдуулдаг, өвчин мэдрэх мэдрэмжийг нь мохоодог, ажиллах чадварыг нь нэмж робот мэт болгодог гэхчлэн олон “ид шид” нь эцсийн бүлэгт тэр хүний сэтгэцэд хэрхэн нөлөөлж байна, бие махбодын хувьд хор нөлөө нь юу вэ гэдгийг сайтар бодолцохгүй бол бол нууц технологийн золиос болох тийм ч хүсмээр эд биш билээ.
2010.08.25 (“Гэрэлт Цалиг” сонин. 2010.09.02. №З1)
Posted by Galaarid at 9/21/2010 06:22:00 AM 3 comments
Labels: парапсихологи, Сонины нийтлэл
Saturday, September 18, 2010
Уншигчдадаа хүргэх үг
Б.Галаарид “Гэрэлт Цалиг” сонины эрхлэгч
Гэгээн сонин-“Гэрэлт Цалиг”-ийн уншигч эрхэм Таны амгаланг айлтгая. Манай сонин мэндлээд хоёр жил боллоо. Үүний нэг бүтэн оныг үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинтой хамт үджээ. Өдөр тутмын сонинууд дундаа уншигч захиалагчийн тоогоор аман хүзүүддэг “Зууны мэдээ” сонины хамт олондоо ч, манай хавсралтын алдаа оноог хэлж, алхаа гишгээг тэгшилж ирсэн эрхэм уншигч Танд ч баярлалаа хэмээн чин сэтгэлээсээ хэлье.
“Гэрэлт Цалиг” энэ удаагийн хэвлэл захиалгаас эхлэн бие дааж байна. Сонин маань нүүрнийхээ тоог нэмж 8 болгон, арав хоногт нэг удаа өнгөтөөр хэвлэгдэх юм. Улиралд 9 дугаар гарна. Улирлын захиалгын үнэ 5000 төгрөг. Энэ бол өнгөт сонины хувьд маш хямд үнэ. Бид мэдлэг түгээх буянт үйлийг нэгд тавьж, ашиг олзны хойноос хөөцөлдөөгүй тул ийм хямд үнэ санал болгож буй юм. Та “Монгол шуудан”, “Улаанбаатар шуудан” компаниудаар дамжуулан манай сониныг захиалаарай.
Ирэх улиралд бид гоц мэдрэхүйтэн Илья Чусовын номыг үргэлжлүүлэн цувралаар хүргэнэ. Гоц мэдрэхүйтний гарын авлага болсон энэ номноос Та өөртөө хэрэгтэй маш их зүйлийг олж чадна гэдгийг амлая.
Уламжлал ёсоор шинжлэх ухаан, танин мэдэхүйн булангуудаараа хамгийн шинэлэг, сонин содон, амьдралд хэрэгтэй мэдээллүүдийг хүргэнэ. Түүхийн булангаараа монголчуудын өвөг түүхийн төдийлөн олонд хүрээгүй нарийн нандин бүхнийг дэлгэх болно.
Гоц үзэгдэл судлаачдын цоо шинэхэн бүтээлүүд манай сонины хуудаснаас л анх Тантай мэндэлнэ.
Б.Галаарид миний бие ид шид, гоц мэдрэхүй, далд ертөнцийн сэдэвт нийтлэлүүдээрээ дугаар алгасахгүй тантай уулзаж, сонирхсон захиалсан сэдвээр тань бичих болно. Мөн далд ертөнц, гоц үзэгдэл, бөө мөргөлийн талаар бичсэн нийтлэлүүдээ сорчлон багцалж хавтасласан “Далд ертөнцийн ил үнэн” хэмээх цоо шинэ номоо дөрөвдүгээр улиралд “Гэрэлт Цалиг” сониныг захиалсан хүн бүрт бэлэглэхээр зэхэж буйгаа уламжлахад таатай байна. Энэ номыг зөвхөн захиалагчдадаа бэлэглэх бөгөөд худалдаанд гаргахгүй юм.
Өнөөгийн хамгийн анхаарал татсан асуудлын нэг бөө мөргөлийн талаар үнэн бодитой, дэлгэрэнгүй, тодорхой мэдээллийг Та “Гэрэлт Цалиг”-аас өөр хаанаас ч олохгүй л болов уу.
Монгол орны өнцөг булан бүрт буй гоц чадвартнуудтай бид Таныг эчнээ уулзуулж, увдис чадал, ухаарал гэгээрлийнх нь талаар өгүүлэх болно.
“Гэрэлт Цалиг”-ийн мэдээ материал хугацаа алдан хуучирдаггүй, ач холбогдлоо алдан хэрэггүй болдоггүй, үнэ цэнэтэй гэдгээрээ онцлог билээ.
Та бүхэн харьяа шуудангийн салбарууд дээрээ очиж “Гэрэлт Цалиг” сониноо захиалаарай.
Posted by Galaarid at 9/18/2010 10:24:00 PM 3 comments
Labels: Бөө мөргөл, парапсихологи, Сонины нийтлэл, Сэтгүүлзүй
Friday, July 16, 2010
Ад зэтгэр амилах цаг буюу завсрын юманд дайруулсан бөө нэртүүд
Б.Галаарид (Гоц үзэгдэл судлаач)

Ад зэтгэрийн тухай яриа аль ч ард түмэнд нэн эртнээс байсаар ирсэн. Муу хүч, хий юм, чөтгөр, зэтгэр, шулмас, адын юм, тэнэмэл сүнс, тийрэн гээд түмэн янзаар л нэрлэдэг. Христүүд эртний герегийн diabolos гэдэг үгээс улбаатай үгээр түгээмэл нэрлэнэ. Мөн сатана хэмээнэ. Энэ нь иврит хэлний дайсан, нүгэлтэн гэсэн утга бүхий үг юм гэсэн. Исламууд ад зэтгэрийн төрлүүдийг шайтан, иблис, жин гэхчлэн нэрлэнэ.
Энэхүү муу хүчтэй тэмцсэн тэмцлийн талаар үлгэр домог улс үндэстэн бүрт бий. Евангелие судрын наймдугаар бүлэгт “Тэндхийн уулнаа сүрэг гахай бэлчиж ахуйд энэхүү сүрэгт орохыг зөвшөөрөөч хэмээн тэд түүнээс хүссэнд ёсоор болговой. Хүний биеэс гарсан чөтгөрүүд гахайнуудад шингэж, тэр сүрэг нуур руу давхилдан орж живлээ” гэж өгүүлдэг.
Муу хүч үеийн үед байдаг ч аливаа сайн цагийн босгон дээр ихэд сэргэдэг тухай номлол ч бас улс үндэстэн бүрт түгээмэл байх шиг. Тэгвэл өнөөдөр муу хүч толгойгоо түрхэн зуурт өндийлгөх тэрхүү цаг дэлхий нийтэд ирээд байна гэлтэй. Монголын эшийг үзүүлж, ирээдүйг харагч мэргэдийн сургааль айлдвар дотор цөвүүн цагийн тухай, буруу муу бүхэн босох тухай өгүүлсэн нь элбэг. Христос муу хүчин буюу ад зэтгэрүүд ихэд хүчээ авах цаг ирэх тухай номлосон байдаг. Христүүд хүн төрөлхтний нүгэл ихэдсэн тул манай гараг чөтгөр шулмаст шимтэй хөрс болж хувирлаа гэж халаглаж байна. Муу сүнснүүд хуурамч шид үзүүлэн хүмүүсийг өөртөө татаад там руу авч явах гэж байна хэмээн тэд болгоомжилж байна.
Хүн төрөлхтөн бурханы үнэнийг чөтгөрийн худалтай хольж хутган самуурч байна хэмээн бусад шашны төлөөлөгчид ч халаглаж байгаа юм. Үүнийг баталсан үйл явдлууд манай Монголд ч гэсэн хангалттай байна. Бөө тодруулах нэрээр бизнес хийж буй хүмүүс өнөөдөр Монголд ад зэтгэр сэрээгчид болчихоод байгаагаа мэдэж байгаа болов уу?
Үүнийг өгүүлэхийн өмнө бөө гэж чухам хэн бэ гэдэг талаар цөөн үг хэлье. Бөө гэдэг нь өөрийн хүч чадал, хөлөл зэргээс хамааран өвөг дээдсийнхээ сүнстэй харьцах, уул усны эзэдтэй харьцах, тэнгэрүүдтэй харьцах гэсэн гурван өөр түвшний үйлийг үйлдэгсэд юм. Удмын бөө, лус хөллөсөн бөө, тэнгэр хөллөсөн бөө гэж ялгадгийн учир нь ч үүнтэй холбоотой. Түвшин тус бүр нь дотроо олон олон зэрэг дэвээр ялгагддаг. Одоогоор энэхүү зэрэг дэв, суудлын талаар тойм төдий ойлголт байгаа болохоос нарийн тодруулсан мэдээлэл хараахан алга байна. Энэ нь олон түвшний зэрэгцээ ертөнцийн тухай ойлголт учраас судалгаагаар олдож буй хомсхон мэдээлэл дээр тулгуурлан ямар нэг дүгнэлт хийх нь ихээхэн яарсан хэрэг болно.
Ялангуяа тэнгэр хөллөсөн бөөгийн тухайд онцлон хэлэхгүй бол буруу ташаа мэдээлэл хаа сайгүй түгснээс ихээхэн андуу эндүү бий болоод байна. Энд нэг зүйлийг онцлон анхаарах ёстой. Янз бүрийн түвшинд оршиж буй сүнснүүдийг тэнгэр хэмээн нэрийдсэнээс будлиан үүсч, тэнгэрийн тоо хэт олон болсон эндүүрлийг хэн ч хайхрахгүй байна. Эрт балар үед тэнгэр ганц хэмээн үзэж шүтэж байсан нь бүхнийг мэдэгч чадагч дээд хүч ганц, мэдээллийн нэг л том сангаас бүх мэдээлэл ирдэг гэсэн орчин үеийн парапсихологийн гол үзэл онолтой нийцэж байна. Улмаар ганц тэнгэрийн тухай ойлголт хожим нь 99 тэнгэрийн тухай үзлээр баяжсан нь нэн эртний онго орохоороо мөнх тэнгэр хэмээх ганц л тэнгэрийн тухай ярьдаг, дундад эртний үеийн онгод 99 тэнгэрийн тухай өгүүлдгээс тодорхой байна. Гэтэл сүүлийн үед хэн нэгэн үхсэн бөөг хүртэл тэнгэр гэх болсны улмаас тэнгэрийн тоо 300-400, тэр бүү хэл мянгаар тогтохгүй мэтээр ярьж бичих болсон нь том эндүүрэл, эрхэм судлаачид үүнийг хэлж засахын оронд хөөрөгдөн баяжуулах янзтай байгаа нь том ичгүүр билээ.
Тэнгэрийн бөөгийн тухай хоёр дахь анхаарах зүйл бол жирийн хүний үйлд ордоггүй, жижиг сажиг юмаар оролддоггүй, бусад бөө шиг олноор төрдөггүй явдал юм. Тэнгэрийн бөөгийн онгод өгүүлж хэлж буйг харьцуулбал урьд төрөлдөө үйлийн үрээ эдэлж барсан, нүгэл хилэнц хийгээгүй, үнэнч шударга, цэх шулуун, явдал мөр тэгш, санаа сэтгэл цагаан, өгөөмөр ууч, тэнгэрийн өмнө үлэмжийн гавьяатай нэгэн л тэнд онго болж оршдог гэнэ.
Бусад нь түүнээс доогуур хэр таарсан зэрэг дэвээрээ орших бөгөөд зарим нь хөндлөнгийн дарлага, өөрийн буруу үйл зэргээс болоод дээш дэгдэж байх ёстой газраа хүрч чадалгүй завсрын орноо хэдэн зуун жилээр ч уягдан торж байдаг аж. Энд би бөө хүмүүний сүнсний тухай ярилаа. Жирийн хүмүүсийн сүнс ч гэсэн амьд ахуйдаа хийсэн үйл, туулсан зам нь хэр хар цагаанаас хамаарч өөр өөр орчинд очих бөгөөд үйлийн үр ихтэй нэгнийх нь болохоор төрлөө эс олон тэнүүчилдэг гэх.
Ийнхүү тэнүүчлэх хий биетүүд нь сүнстэй харьцах аливаа зан үйлийн үед ихэд амархан өдөөгдөн босдог. Тухайлбал, лүйжин хэмээгч ламын зан үйлийн үеэр эргэн тойрны сайн муу хамаг сүнсийг ганлингийн дуу, номын хүчээр дуудан авчирч үнэрээр хооллоод дараа нь хөөж явуулдаг гэдэг. Үүнтэй нэгэн адил бөөгийн хэц хэнгэрэг дэлдэх, хуур татах үед энүүгээр тэрүүгээр холхигч эргэн тойрны тэнэмэл сүнснүүд ч бас хөдөлгөөнд ордог, болж өгвөл бөөгийн биед дайран орж, хүний ёсоор хооллож ундаалах гэж хичээдэг билээ. Тийм учраас туршлагатай сайн бөө нар бөөлөхийн өмнө хаалт хамгаалалтаа сайтар тавьж, зөвхөн өөрийн оруулах гэсэн онгоо дуудан ирүүлж чаддаг. Шавь нараа ч ийм байхад сургадаг. Гэтэл энэ бүхнийг үл тоосон, эс анзаарсны улмаас мэдрэмж өндөртэй хүмүүс завсрын юм буюу тэнэмэл сүнснүүдэд биеэ эзлүүлэх явдал сүүлийн үед ихсэх хандлагатай боллоо. Бөө хүн ингэж хий юманд биеэ эзлүүлэхийг тийрэнтэх хэмээнэ. Тийрэнтсэн бөө тэнгэрийн оронд гарч чаддаггүй гэж онгод айлдаж, бөө хүн ад зэтгэрт хорлогдохгүй байхыг ихэд чухалчлан сануулдаг билээ. Христ, Будда зэрэг бусад шашныхан ч гэсэн муу сүнстэй нөхцөх, аливаа зан үйлд тэдний хүчийг ашиглахыг дээд зэргийн нүгэл гэж жигшдэг.
Тэгэхээр бөө яагаад тийрэнтдэг вэ гэх асуулт гарч ирнэ. Тийрэнтэхгүйн тулд яах ёстой вэ гэсэн асуулт ч бас гарна.
Бөөг замчилж буй багш энд чухал үүрэгтэй. Тэрээр бөө болох оноолттой үрийн эхэлж оруулах ёстой жинхэнэ онгыг зөв таньж, үр хүүхэдтэй нь яриулж, хувцас хэрэглэл, хэц хэнгэрэг, тахил зэрэг нь ямар байх ёстойг тэр онгоор өөрөөр нь хэлүүлж бэлдүүлж, холбохын өмнө дахин бөөлж бэлтгэл ханасан эсэхийг асууж нягталж, долоо хэмжиж нэг огтолж гэмээнэ алдаа гардаггүй. Ялангуяа хувцас хуяг нь бүрэн бүтэн эсэхээс хөндлөнгийн юм дайрах эсэх ихээхэн хамаарна.
Халх, буриад, дархад, хотгойд зэрэг олон ястны бөөгийн анх онготойгоо холбогдох зан үйл нь харилцан адилгүй учир зарим нь хэл хуураар явган бөөлүүлж, зарим нь хувцас хуягийг нь бүрэн бэлдүүлж байж холбодог. Гэхдээ ад тийрэн амилж идэвхжсэн өнөө цагт шинээр бөө болж байгаа хүнийг хувцас хэрэглэл дутуу, хуур татуулах төдийгөөр холбох нь ихээхэн эрсдэлтэй гэдгийг олон жилийн ажиглалт, судалгаан дээр үндэслэн баттай хэлэх байна.
Уг удмаа хүндэлдэггүй, өргөл шүтлэг муутай байсан хүний онгод нь анх ирэхдээ уньж туньж, гуйлгаж аргадуулах нь элбэг. Ийн эргэлдэх зуур завсрын муу сүнснүүд улаачийн бие рүү дайрдаг. Мөн бөө болох ёстойгоо мэдэхгүй яваа хүн олон бөөгийн газраар явж байгаад ад тийрэнд эзлүүлэх нь бий. Олон бөө бөөлөх үед завсрын юманд дайруулан орилж хашгирсан, унаж татсан хүмүүсийг онго нь орчихлоо гэж эндүүрч байгаа нь харагддаг. Анхнаасаа буруу холбуулж тийрэнтсэн бөө ихтэй болсон өнөө цагт олон бөөгийн газраар явах нь тийм ч хүсмээр юм биш гэдгийг онго тэнгэрүүд хэлж захиж л байдаг даа.
Тийрэн тун хэцүү. Элдвээр хувилж, төөрөлдүүлж толгой эргүүлнэ. Сургааль ном айлдаж, арга засал хийж, эгээ л онго мэт аяглана. Тэгж байснаа буруу үйл хийлгэн хар зүгрүү чангаана. Анх хуур татаж буй хүн бүү хэл, онготойгоо холбогдчихсон, хэд гурав бөөлчихсөн хүн ч гэсэн үхээрийн үйлд орох, буруу мууг хийх зэргийн улмаас тийрэнтэх нь энүүхэнд. Тийрэн заримдаа тэр хүний онгодыг дуурайж төөрөлдүүлнэ.
Хоёр жилийн өмнө нэгэн шинэхэн бөө намайг бөө судалдаг сонирхдог хүний хувьд бөөлөхийг минь харж зөвлөгөө өгөөч хэмээн урьсан юм. Их зөв холбуулсан, аятайхан бөөлдөг нэгэн аж. Онго нь орж ирээд өрөөсөн хөл муу, нартын оронд байхдаа хүч чадалдаа эрдэн хүнд муу юм хийсний шийтгэлд нь хөлгүй болсон хэмээгээд бусдад муу юм бүү хий, хар муу үйлд бүү оролц, хүч чадал жигдэртэл орох орохгүй үйлээ ялгаж бай хэмээн сургав. Онгодныхоо үгнээс зөрөхгүй явбал алзахгүй гэдгийг нь би түүнд хэлээд явсан билээ. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө бөө маань “Миний онго нэг л биш болчихлоо” гэж хэл өглөө. Бөөлүүлж үзтэл онго нь урьдын адил орж ирж, тамхиа нэрж, хөдөлгөөн дуу хоолой бүх юманд нь ер сэжигтэй зүйл анзаарагдсангүй. Гагцхүү архийг нэлээд шаргуу нэхэж их хомхой уух аж. Уг нь түүний онго архи ер таашаадаггүй билээ. Би түүнтэй хөөрөлдөн сууж байснаа гэнэтхэн бардгийг нь шүүрээд “Улаачийн биеэс гар чи” хэмээн чангаар загнаад хэд ороолгож орхитол нөгөө бөө маань хэвдээ орж “Ёох, бие дотроос нэг юм сугалаад хаячих шиг боллоо” гэж байв. Би түүнд тэнэмэл сүнс өөрийн чинь онгодны дүрээр орж иржээ гэдгийг нь хэлээд бушуухан багш дээрээ очиж янзлуулж авахгүй бол эргээд дайрч мэднэ шүү гэж санууллаа. Тэр бөөгийн түшээ нь “Яг л өвөө мөн байсан юм даа. Архинд шунаад байхаар нь гайхсан юм” гэж суув. Хамгийн сүүлд уулзсанаас хойш ямар ямар үйлд бөөлснийг нь тэр бөөгөөр нэгд нэггүй яриулбал онгодны захиасыг умартан, өөртөө эрдэн хатуу үйлд хамаагүй орсноос болж сэвтсэн болж таарав.
Би тэр бөөгийн бардгийг нь авч шавхуурдахдаа нэг төрлийн туршилт хийсэн гэж болно. Яагаад гэвэл Иеромонах Пантелеймоны “Чөтгөрүүдийн санаа” хэмээх номонд зэтгэрт эзлүүлсэн хүмүүсийн зовлон, түүнээс ангижруулах талаар хангалттай өгүүлснийг уншсан, мөн нэгэн эмэгтэйн биед орсон чөтгөрийг үнэн алдартны шашны хар лам хэрхэн ариун ус, загалмайн тусламжтайгаар хөөн гаргаж буйг дүрс бичлэгээс харж байсан тул тийнхүү зоригтойгоор шавхуурдсан бүлгээ.
Оросууд ад зэтгэрийг дьявол, сатана, демон, злой дух, призрак, бесы гэхчлэн нэрлэж, тэдгээртэй тэмцэх арга домыг ихээхэн хөгжүүлсэн улс. Тийм болохоор тэдний хэрэглэдэг арга техникийг ерөнхийд нь ашиглаад үзвэл ямар бол хэмээн туршсан минь энэ билээ.
Бөө болоод тун удаагүй нэгэн эмэгтэй уулзахыг хүслээ. Сүүлийн үед бөөлөхөөр нэг л биш гэнэ. “Та эрхбиш олон бөөгийн буулт харсан, судалж сонирхдог хүн нэг юм хэлж өгөх байх” гэж байна. Тэрээр бөөллөө. Онго нь орлоо. Нэг л биш ээ. Мэнд усанд хариутай ч буудал суудлаа хэлэхгүй бултаж төөрүүлэх янзтай. Улаачийнх нь ураг удмын талаар асуувал мэдэх юмгүй шинжтэй. Гэнэдүүлж байгаад бардгийг нь шүүрэн авч чанга дуугаар загнан шавхуурдлаа.
-Ха ха, таньчихсан уу гэж доогтой инээгээд нөгөөх тийрэн бөөгийн биеэс гарав. Тэнд мэдрэмж өндөртэй хоёрын ч зэрэг хүн байсан бөгөөд бөөгийн биеэс тэр тийрэн гарах үед хачин үмхий үнэр гарсан хэмээн хоёул батлан хэлж байв. Өөр бас тав зургаан хүн байсан ч нэг нь ч тэр үнэрийг мэдрээгүй байв. Дараа нь тэр бөө өөрийн багш дээрээ очиж нягтлуултал эзгүй говийн элсэн дунд тэнэж явсан хий юм яахаараа охины биед ордог байна гэж гайхав гэнэ. Тэгээд лавшруулан үзтэл шавь нь найз нөхдийн гуйлтаар хар муу үйл хийснээсээ болж сэвтэж дэвтэж муу юманд эзэгнүүлсэн байжээ.
Энэ мэт жишээ хэдийг ч өгүүлж болно. Хамгийн гол нь нэгэнт тийрэнтсэн бөөгийн сүнс хэзээ ч тэнгэрийн оронд гардаггүй учир бөөг дутуу буруу холбож байгаа замчлагчид ч, бөө болох оноолттой хүмүүс ч ихэд хариуцлагатай хандахгүй бол үйлийн үрийн өр төлөөс хатуухан, халуухан байх вий.
Өнөөдөр бөө хэмээгдэж буй үй олон хүний хэд нь ад тийрэнд эзлүүлсэн яваа бол гэж бодохоос айдас төрнө. Онгодыг унаа хүлэгтэй нь учруулахдаа алдаа гаргасны улмаас хичнээн бөөгийн тэнгэр дэх зэрэг дэв доошлоо бол гэхээс харамсал төрнө. Тийрэнтсэн бөө дээр зовлонгоо нимгэлүүлэх итгэл сэтгэлээр зорин очиж буй хичнээн олон хүн буруу үамаар будаа тээж яваа бол гэх халаглал сэтгэл эзэмдэнэ.
Тэнгэр шүтлэг уг нь зөв хөгжүүлж, зөв шүтвэл агуу сайхан. Гагцхүү тэр агуу сайхныг олж мэдрэх хүртэл бартаа саад их. Тэрхүү бартаа саадыг олж эс харсан хөх толбот үрс ачит дээдсээ бус, ад тийрэнг баясгах нь мэдлэггүй, мэдээлэлгүйнх билээ.

"Гэрэлт Цалиг" сонин. №24. 2010.07.15
Posted by Galaarid at 7/16/2010 08:32:00 PM 18 comments
Labels: Бөө мөргөл, парапсихологи, Сонины нийтлэл
Friday, May 07, 2010
Бар жилийн гэрэл сүүдрийг бөөгийн онго зурагласан нь
Б.Галаарид

Жилийн өнгийг янз бүрээр шинжих нь монголчуудын төдийгүй Азийн ард түмний өвөрмөц нэгэн соёл билээ. Энэ жил буюу бар жилийн өнгө улс орны хувьд ямар байхыг 2010 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр буюу сар шинэдийн үеэр халх бөө Уртаагийн онго сахиус хэрхэн хэлснийг буулгаж авсан боловч цаг нь хараахан болоогүй хэмээн хорьсоор олны сонорт үл хүргэн өдий болов. Гэтэл саяхны нэгэн өдөр мөнөөх онго маань “Дээр миний хэлснийг дэлгэж хүргэвэл хүргэ” хэмээн найр тавьсан тул уншигч танаа сонирхуулж байна. Энд өгүүлсэн бүхнийг хэрхэн хүлээн авч тайлах, итгэх эсэх нь эрхэм уншигч таны хэрэг бөгөөд юутай ч санааны мухарт хадгалж яваад бар жил шилжирч, туулай жил морилон ирэх цаг дор шүүж үзвээс сонин байх болов уу хэмээн бодно. “Гэрэлт Цалиг” гадаад дотоод, эрт эдүгээгийн зөнч мэргэдийн айлдвар, бошгыг цаашид ч үргэлжлүүлэн сонирхуулах болно.

Хаан төрд хатуу
Харц олонд ээлтэй жил
Хар ямаа хаданд гарч
Хатад хүүхнүүд харьд одох нь ихсэх жил
Дундуур суудалтангууд дүүрэн идэштэй
Дээгүүр суудалтангууд дэнжигнэх нь их жил
Дундаас доошхи нь дээрээс хаясан дутуу мөлжүүртэй ясыг мэрнэ.
Дэлүү дүүрсэн өвчин дээш доошгүй газар авна.
Дэгдсэн хуй салхи дөрвөн удаа болно.
Холхисон муу хүмүүс хойд урдаас доншуучилж
Хор болохоос биш хотол олонд нэмэр нь үгүй юм.
Чивээр дамждаг өвчин
Чивэлтэй болгонд хүрэх нь.
Дайрлага өвчин гарах нь
Даамай их ус харагдах нь
Далай харин усаар дутах нь
Дорой буурай ядуус дотогшоогоо хумигдах нь
Хавартаа үертэй, намартаа салхитай байх нь
Үнэнч шударга нэг нь өөдөө дээшээ дэвших цаг
Өс санасан хүн өөрөө нүхэнд унах цаг
Хатуу дарсыг хэрэглээд харалган болох нь их
Өндөр дээд хаадаас өвчнөөр гурав нь үхнэ
Дээлээ гурав нь нөмөрнө
Хараалаар гурав нь үхэж хадганд биеэ ороолгоно
Жаргал нь хэтэрхий дэндээд жамаараа хоёр нь үхнэ
Үр хүүхэс олширно
Өтгөс хөгшид баярлах нь их
Төрийн төлөө гэсэн хөгшид
Түмнээс хишгээ хүртэнэ
Үхсэнээс үлдсэн мал нь өт мэт үржинэ
Өнчин үлдсэн ботго ч гэсэн
Өнөр олуул болж үржинэ
Үүнээс хойш мал үржинэ
Хаан эзэн нь харц мэт
Харь хүнээс хормой тосч гуйлга гуйна
Хатад хүүхнүүд нь боол мэт
Харийн хүнээс хатуу эд горьдоно
Хар чулуу үнэд орж
Хатад хүүхнүүд толгойд гарна
Шар чулуу үнэд хүрч
Шашин шүтлэг хөсөр унана
Уул усаа дээдэлж
Удмын онгодоо дуудах нь ихэснэ
Түмний төлөө тэрэгний морь мэт зүтгэнэ хэмээвч
Тэр нь цаанаа тэврээ түнтийлгэж, тэмээн чинээ олз харж байх юм
Уулгалан дайрч улайран зүтгэвч
Улсын өмнө гарч чадахгүй нь олон
Саруул ухаантан гэгээн бодлоготон олон болно
Сайн цагийн гэгээн үрс будаа мэт үржинэ
Төрөл дээшилж амьдрах
Төр түмний төлөө сайн үрс төрөх нь
Тариа будаа таригсдын хувьтай нь хувиа хүртэж
Хувьгүй нь хурын усанд хуу хамуулна
Даяарт танигдсан хүчтэнүүд
Далай Монголын нэрийг гаргана
Харьд танигдсан хүчтэнүүд
Хамаг Монголын сүрийг гаргана
Хаан төрийн үйлд
Хатас хүүхний хошууг бүү дэвсүүл
Өмнө үзэгдээгүй өнгөтөн үнэртэн
Өнөө жил онцгой сайхан ургана
Түмэн эмийн ургамал буман янзаар дэлгэрнэ.
Түүнийг таньдаг нь байвал
Түмнийг хамарсан түйвээнт
Олныг хамарсан айдаст өвчнийг дарна.
Уул усаа хайрладаг ухаантан олон болно
Ямхын чинээ боловч үнэн ямагт дийлдгийг бод
Чимхийн чинээ боловч чин шударга давдгийг сана
Өвгөдийн буяныг барах нь их байна
Өтгөсийн буяныг үрэх нь их байна
Өөрийн гэсэн галгүй мөртөө
Өрөөлийн галыг булаахыг хүсэгчид олон болно.
Газар хагарч галав юүлж мэднэ
Гай нь харин гадуур өнгөрнө
Харь хүн хар будаа авчирч
Хамаг олноор хулгана мэт цацах нь
Хаалга үүдээ харуулдаж
Хаяа хамраа манаж суумаар
Хаан төрд эзэн байвал сонс
Хамаг олонд нүд байвал хар
Үнэрлэж мэдэцгээ, үелж хөөцгөө.
Хожуу боловч дэлгэр зун болно
Өвөл нь ч гэсэн богино болно.
Өөрсдөө гараа хөдөлгөлгүй
Өрөөлөөс ихийг авах гэгсэд олон болно
Хурууны үзүүр хөдөлгөөд
Хуу хамах санаатан их болно
Харагдсаар байгаа их эдийг
Хайрлаж гамнахын оронд
Харин ч илүүг овоолоод
Идэж чадахгүй хаяна гэнэ.
Хатад хүүхнээ төрийн толгойд хамаагүй битгий гарга
Харийн муу санаатангуудаас хамаг нутгаа харамла.
Уртаа бөөгийн онго ийн айлдсаар нэлээд уджээ. Энэ зуур зарим хэлсэн зүйл нь нэгэнт биелжээ. Бар жил өндөрлөх хүртэл есөн сарын зай байна. Энэ зуур юу болохыг харж, харьцуулж суух л үлдлээ.
Харин “Харь хүн хар будаа авчирч хамаг олноор хулгана мэт цацах нь. Хаалга үүдээ харуулдаж хаяа хамраа манаж суумаар. Хаан төрд эзэн байвал сонс, хамаг олонд нүд байвал хар” гэдгийн тухайд харь муу хүн хар өнгөтэй будаа мэт зүйлийг хилээр оруулж, хаа сайгүй тараах аюул байна, хотол олноороо хойноос нь хөөцөлдөхгүй бол баригдахгүй, бас гай нь дуусахгүй шүү хэмээн онцолж захисныг дурдсу. “Өөрийн гэсэн галгүй мөртөө өрөөлийн галыг булаахыг хүсэгчид олон болно” гэсэн нь аав ээжийн голомтоос тасалсан галтай айл ховорджээ, тэгсэн атлаа өвгөдийн галаа шүтэж өнгөтэй өөдтэй яваа нэгнээ атаархлын нүдээрхарж, илүүд үзэх нь их байна хэмээн тайлсан билээ. Энэ мэтээр үг өгүүлбэр болгонд нь утга учир буйг анхаарч болгооно буй заа.
2010.05.05.
"Гэрэлт Цалиг" сонин №15 (46)
Posted by Galaarid at 5/07/2010 12:40:00 AM 9 comments
Labels: Бөө мөргөл, Сонины нийтлэл
Monday, March 29, 2010
Сорхагтани бэхийн сургаал биш, сураггүй зохиомол номонд үнэмшжээ
Ярилцсан Б.Галаарид

Сорхагтани бэхийн амаар хэлсэн сургаал номыг Увс аймгийн харьяат дөрвөдийн хөх нохой овгийн Журнайн Нүрзэд гэдэг хүний удмынхан цээжээр өртөөлөн өнөө үед хүргэж ирснийг олон хүн уухайлан угтаж цаг заваа гарган бүхэл бүтэн судлал болгон хүрээгээ тэлээд суралцсан шавь нар нь зуугаар тоологдон монгол ухаанд суралцаж байгаа гэх. Энэхүү сургаалын талаар баттай мэдэх хүний нэг нь түүхч зохиолч Н.Нагаанбуу гуайг гэж сонсоод учрыг лавлалаа.

-Та Сорхагтани бэхийн “Алтан үнэний дээд аялгуу” гэдэг номын сурвалж түүхийн талаар сонирхуулаач. Учир мэдэх хүний нэг гэж сонсоод ирлээ.
-Амаар дамжиж ирсэн тийм сурвалж байхгүйг Хэл зохиолын болон Түүхийн хүрээлэнгийнхэн мэдэж байгаа.
-Тэгэхээр энэ бүхэн цуурхал шуугиан болж таарах нь уу?
-Ер нь тиймэрхүү л юм.
-Өдий хүртэл яагаад та дуугарсангүй вэ? Ж. Нүрзэд гуайтай найз байсан учраас амаа хамхиад байсан уу…
-Нууцтай, гайхалтай, хэрэгтэй юм байгаа бол судлацгааг л дээ. Соргог хатан ч бай, Ж.Нүрзэд ч бай монгол хүний л тархи толгойноос гарсан санаа утгас тэр номд байгаа. Тиймээс олон хүн судлахад юу нь болохгүй гэж?
-Гэхдээ ХIII зууны сурвалж юм уу, эсвэл ХХ зууны зохиол уу гэдэгт учир нь байна. Сорхагтани хатан ингэж хэлж байжээ гэж сурвалж болгох, эсвэл ин¬гэж хэлэх байсан гэж зохиосныг унших хоёр өдөр шөнө шиг ялгаатай биз дээ?
-Тийм сурвалж байхгүй ээ гэж би хэлсэн шүү дээ. Хэлний болоод түүхийн хүрээлэнгийнхэн мэдэж байгаа гэж.. Тийм учир эшилэхдээ Соргог хатан биш Ж.Нүрзэдийн нэрийг заавал дурдах ёстой. Хатны нэрээр юм шиг хэвлүүлснийг нь зах зээлийн арга сүйхээ гэж бод. Ердөө 1999 оны зун л зохиосон юм.
-Хүрээлэнгүүд ер нь шалгаж сонирхсон уу?
-Үгүй дээ. Гэхдээ Ж.Нүрзэд өөрөө тийм ном анх гаргаад Хэлний хүрээлэнгийн захирал академич Х.Сампилдэндэвтэй уулзсан. Ийм ном гаргалаа гээд нэгийг өгч өөрөө цээжилсэн, нагац ах Гэнгээ бил үү өвгөн 1963 он хүртэл надад цээжлүүлсэн. Түүнийг орчин цагийн монгол хэл дээр орчуулж гаргалаа гэж хэлжээ. Энэ үг номон дээр нь ч байгаа. Гэтэл Сампилдэндэв “Та ямар хэл мэддэг хүн, ямар хэлээр цээжилсэн номыг орчуулсан юм бэ?” гэж асууж. Эртний монгол хэлээр цээжилсэн. Нууц товчоог Ц.Дамдинсүрэн гуай утгачлан орчуулсан шиг ухааны юм гэж мань хүн хэлж. Тэгтэл доктор Х. Сампилдэндэв “Та түр хүлээж бай. Би нэг ажилтнаа дуудаад дуу хураагуурт бичүүлээд авъя” гэж шуурхайлж.
Ж. Нүрзэд тэгэхээр нь хамаагүй цагт уншиж болдоггүй энэ тэр гээд ум хумгүй гарч ирснээ ярьж байсан юм.
Сүүлд нь Б. Хүрэлтогоо гэдэг залуу Ж.Нүрзэдийг нас барсны дараа бас нэг тийм зүйлтэй манайд ирээд “Та багшийн талаар (Ж.Нүрзэдийг хэлж байгаа юм) бас энэ номын сэдэв үнэн болох тухай өмнөх үг бичиж өгөөч гэж архи зөөгөөд өнжиж хоноод салдаггүй. Аргаа бараад Т.Мандирынд аваачиж өгөөд салсан. ХIII зууны үед монгол хэл ямархуу байсныг хэлний эрдэмтэд судлаачид гадарлана. Шинжлэх ухааныг хуурч болохгүй, түүхийг зальдаж гуйвуулж нэр ашиг олж болохгүй гэдгийг хатуу хэлсэн. Гэтэл тэр залуу бас номоо гаргачихсан л байсан. Хэдий Ж.Нүрзэд маань тэнгэрт гарсан ч шавь нь юм бол багш нь түүнд эртний хэлээр юу цээжлүүлснийг шалгачих хэрэгтэй л дээ. Нэгэнт ном болоод гарчихсан юм чинь эртний хэлээр нь уншихад одоо айх цээр нь арилсан л байж таарна.
-Ж.Нүрзэд гуай тийм зүйл цээжлээгүйг та баттай мэдэж байгаа юу?
-1990-ээд оны дундуур би “Монголын гурвал онол” гэдэг ном бичээд хэвлүүлэх мөнгө байхгүй учраас зохиолч Ж.Дашзэгвийн гаргаж байсан “Айдас жайс” сонины нэг дугаарт зохиомол гадаад нэрээр хэсгээс нь хоёр нүүрт тавьж даажигнасан юм. Гэтэл Чингэс хааны дэлхийн академийнх гээд байдаг П.Даваанямаас эхлээд олон хүн хачирхаж сонирхоод бөөн юм болов. Түүний нэг нь Ж.Нүрзэд. Зохиолч Ж.Дашзэгвэ Налайхад олон жил ажиллаж амьдарч байсан хуучны танилууд байж. Уг сэдвийг бичсэн хүн гадаадын хүн биш Н.Нагаанбуу гэж Ж.Дашзэгвэ хэлжээ. Нүрзэд тун сонирхолтой гээд хаяг авч бид танилцсан хэрэг.
Тэгэхэд мань эр “Уялгын онол” ч гэл үү нэг зүйл тэрлэж Нууц товчоог судлаж байгаа гэж хэлж цүнхнээсээ гарган гүйлгүүт харуулсан. Сүүлд нь бичиж дуусанаа хэлээд дэмжих хүн асуусан. “Их засаг”-ийн Н.Ням-Осор гэж Чингэсээр өвчилсөн, дэмжвэл мөнгөтэй хүн байна гэж би хэлсэн. Үнэхээр тэр үед Ням-Осороос өөр дэмжих хүн байгаагүй нь үнэн шүү. Нүрзэд “Ерөөсөө хоёулаа нэрээрээ гаргая. Одоо чи засч янзал, ёстой гүйж өгнө шүү” гэв. Тэгснээ бас “Сорхагтани бэхигийн сургаал” ч гэдэг юм уу чам шиг зохиомол нэрээр гаргая. Чи ч гэсэн “Гурвал онол”-оо Хабулын ч юмуу, Хасарын сургаал онол гээд гаргачихаач гэж ятгаж байсан.
-Та зөвшөөрсөн үү?
-Мэдээж үгүй. Тэр хүн Налайх гэдэг сууринд олон жил инженерээр ажилласан шинийг санаачлагч, бичиг номоос хол хөндий хүн. Эх орондоо, Монголдоо, түүх соёлдоо хайртай, эрдэмтэн мэргэд ихэс сайдууд Монголынхоо төлөө юм хийдэггүй гэж бухимддаг, хэдүй бичих зохиох ажилд сонирхолтой ч тархи толгойны ужиг өвчтэй хүн байв. Гэтэл би хар багаасаа зохиол ном түүх судар гэж гүйсэн учраас тэр санаа явуургүй санагдсан. Гэхдээ цохмол эх дээрх илт алдаа мадгийг нь хэлж, зарим санаа түүхийн талаар тодруулж товойлгох үүднээс харамгүй зөвлөсөн. Тэр гар эх одоо байгаа бол миний гарын үсгээр цоохорлосон эрээн юм байгаа. Нэүрэт гэж гарчиглаад байгаа үг нь МНТ-ны эхэд гурван нүүр нүүдлийн газар гэсэн утгаар байдаг үг л дээ. Гэтэл түүнийг утгажуулан тайлбарлаж авснаас эхлээд үнэндээ номтой хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг байсан л даа.
-Гол санаа нь юу байсан?
-Ойрдод хажир гэсэн нэр орсон бичмэл сургаал байсныг, бас Соргог хатан ямар нэг номлол айлдсаныг тэмдэглэсэн гэх аман домог байдгийг сонссон юм билээ. Өөрөө хуучин бичиг мэдэхгүй ч бичлэг дуудлага нь манай дөрвөд зэрэг ойрд аялгуутай адилхан юм гэж ярьдаг, тува түрэг хэл сонирхдог хүн байсан. Гэхдээ түүний бичлэг арай дэндсэн муйхар, хэт үнэмшилгүй байсан. Жишээ нь ЖРЛГ гэж бичсэнийгээ яаж цээжилсэн гэх вэ? Яг энэ 4 гийгүүлэгчээр бол “жэрлэг” гэж цээжилж хэлэх ёстой. Тэгвэл “зарлиг” биш “зэрлэг” гэсэн утга болно. Цээжилсэн юм бол ТНГР гэж буулгах ёсгүй. Тэгээд ч худам монголоор бичиж аваагүй цээжилсэн гэх гээд байгаа. Нэүрит гэдэг үг бол “нүүдлийн соёл иргэншил” гэсэн үг гэжээ. Хэлэх үг “МАХН” гэдэг шиг товчлогддог гэх үү? Эсвэл тэр үед нүүдэл соёл иргэн гэх мэт үг байгаагүй гэх үү? Иргэн гэдгийг иргүн гэсэн байна. Монгол бичгээр иргэн ирхэн гэж дуудахаар байдаг. Гэтэл чи “ир – гүн” гээд лут гүн утгажуулах гээд байдаг. АаийИй ЭИЭ ЖӨЭИЭЖӨН үйИЭсий гэх мэт үгнүүдийн дундах том эгшгийг, эсвэл нэг үгний зарим үсэг нь томоор бичигдэх ёстойг чи яаж ялгавартай цээжилсэн гэх вэ гэх мэтээр мохоож нэр хамтрах талаар тойрч өнгөрөөсөн. “Жааий¬суиааг хэмээх их засаг” гэхээр, их засаг бас жааийсуиааг ч юмуу хаашаа юм гээд унтууцахад “ойлгогдохгүй байх тусмаа сайн байхгүй юу” гэсэн юмсан. Ирээдүй гэдэг үгийг Ир ИЭ дүй гэж биччихээд Ир гэдэг нь тэсэж магад гарах чадвар, Иэ- гэгээрэл, Дүй- гарын авьяас гэж “орчуулсан” байх. Энэ үг ирээгүй гараагүй гэх мэт үгийг ирээдүй гараадуй гэж бичдэг монгол бичгийн ёс байх жишээтэй санаа зовмоор юмнууд дүүрэн байсан.
-Тэгээд анхны хэвлэлдээ зассан байсан уу?
-Дэнтэй дунтай л болов уу. Тухайлбал Монголын гурвал онол гэх мэт миний номын үг утгууд болон тэр үед радиогоор нэвтрүүлж байсан П.Сандуйжав гуайн “Босоо голчийн бодлого” зэрэг үг санаануудыг шууд оруулсан байсан. Энэ бүхэн орчин үеийн хэллэг гэдгийг хэлж би таагүй зан гаргасан. Хоёрдох номоо бас үзүүлсэн. Дуугүй байж тэвчилгүй төгсөв гэхийгээ “төгс болов” гэчихээч энэ тэр гэсэн юм хэлж л байсан. Гарахаар нь бас зад шүүмжилсэн. Харин гуравдахиа дахин засч бэлэн болгохдоо 2003 оны хавар Их засагийн Н.Ням-Осор захирал, “Үнэн” сонины (Тоншуулын) гэх ахмад сэтгүүлч Г.Дамба гуай нарт “Нагаанбууг маргааш аваад ир” гээд өөрөө ч над руу утсаар ярьсан. Сүүлчийн бичлэгээ надад өгч би засаад орчин цагийн монгол хэлэнд хамтран хөрвүүлсэн гэж бичих юм ярихаар нь би дургүйцсэн. Маргааш өглөө нь Н.Ням-Осор Г.Дамба гуай хоёр намайг гэрээс авахаар ирэхэд яаж ч чадалгүй хамт явлаа. Харамсалтай юм болж урьд орой нь хүнтэй маргалдаад цаадах нь цохисон ч гэлүү нас бараад эхнэр Долгорсүрэн нь еэвэнгээр идээ тавьчихсан эмгэнээд сууж байсан.
-Түүх соёлд ийм байдлаар хандаж болохгүй гэж шавь гээд байгаа тэр Хүрэлтогоод нь та хэлээ л биз дээ?
-Хэлээд ядсан. Монголын нууц товчоо гэдэг үг эртний хэлээрээ “Ману Кү Эл ой ийн НЭҮ КАУ ЧУ төө бай ой Чин” гэдэг төдийгүй “Хүрэлтогоо” нэрийг нь орчин цагийн монгол хэлэнд орчуулахад “Авралын бурхан” гэж буудаг гээд мэлзэж байгаа хүнтэй юу ярих вэ. Холхон л байсан нь дээр. Тэр эртний хэлийг эдний Бичээчийнхэн гэдэг овгийн Төмөр Хүрэл Зэс Гуулин Ган тогоонууд. Ган эхлэсэн долгор дулам баяр чимэг гээд ах дүү есүүлээ орчуулсан гэж номынхоо төгсгөлд жагсаан бичсэн байна лээ. Иймд уг ном үнэхээр эртний Мон Огоу Ул хэлээр байгаа эсэхийг тэднээр дуудуулаад мэдчих нь шинжлэх ухаанд ч бөөн олз буй за. Дашрамд хэлэхэд Монголын нууц товчоо гэхэд Мон Огоу Ул ийн гэдэггүй Ману Кү Эл ой ийн гэдэг заримдаа Ману кол, бүр эхэндээ Моногоуул бас Моногу гээд таван ч янз хувилбараар орчуулсан “Монгол” гэдэг үг ч цаанаа таван онолтой “цээжлэгдсэн” буй за.
-Нийтдээ дөрвөн ном байгаа юм уу?
-“Авралын бурхан”-ы хувилбартай дөрөв болчихов уу даа. Ж.Нүрзэдийнх гурав байх. Гэхдээ засаад байсан тул хоорондоо адилгүй тэс өөр номууд болчихсон. Хөх монголыг Их засагаар бадраах, Нүүдлийн соёлоор бадраах, Төрөөр бадраах, Ний хэмээр бадраах гээд дөрвөн ч том ном болов уу даа. Цаана нь тав зургаа дахь номыг эхнэр нь тува хэлнээс “орчуулж” гаргах гэж байгаа хачин юм дуулдсан. Уг нь Ж.Нүрзэд авга өвгөнөө “өдөр бүр цаг гаруй ойлгогдохгүй юм уншдаг түүнийг нь сонссоор байгаад цээжилчихсэн” гэж анхны номондоо бичсэн байх шүү. Тэгээд биччихье гэж ярьж байсан. Гэтэл нэг цагийн уншлага ийм олон том ном болчихлоо. Тэгээд ч 1250 оноос хойш 15 үе дамжуулан цээжилсэн гэдгээсээ эхлээд даажигнаж байгаагаа ойлгуулсан л юм. Үнэн бол 30 дахь үе нь байх ёстой жишээтэй.
-Уг нь цээжилсэн гэж хэлэх нэг л зүйл байсан биз дээ?
-Цээжилсэн гээд бичиж байгааг нь чи хар л даа. “Толуй үйИсий жүй НЭҮ тэн нэе БӨӨ ой Чу Кү дор сай эрой төө бай ой ЭрКү сий Чу ган НЭҮ Кү жүйте Кү чий гий КАУ жх ааиймий ой НЭҮ жил ОЙ ЭКЭ КАУ УЛ ИР ЭЛ ой төө ЗҮ ИР ой жүй ейгэ түр Ману Кү Эл ой ийн НЭҮ КАУ Чу Ку төө бай ойЧинии КАУ төөмий бээр ииэн жүйааийий ойжин Чу Кугий бэ ба”. Энэ юу гэсэн үгүүлбэр вэ гээд “орчуулахад”
“Толуй эзний бошго дор (сайэр ой), шар (төө бэиэ Эргий) шороон Кү чийгий язгуурт 6-р хулгана жил Их хуралдай хурж байх 8-р сард монголын нууц товчоог би худмаар бичив” гэж тоймлогдох ажээ. Тодруулбал энэ үгүүлбэрийн утга Нууц товчооны төгсгөлд байдаг үгс аж. Нөгөө “Ману Кү Эл ой ийн НЭҮ КАУ Чу төө бай ой Чин” буюу монголын нууц товчоо гэдэг үгийг бас орчуулж “Мандуулан бадруулагчийн босоо ой төгөлдөр түүх” гэсэн үг гэсэн байгаа. Энэ номыг Соракоктай бөө цэцэн хатан бичсэний баримт энэ гэнэ. Дээрх “цээжилсэн” дотор байхгүй “бэиэ Эргий” гэх үг болон орчуулагдаагүй Кү чийгий гэх мэт үгс гарч ирэх, үгийн дундах том үсгүүдийг жишээ нь нууц буюу “НЭҮ КАУ Чу” гэдэг үгийн эхний 7 үсгийг яаж томоор, эцсийн ганц эгшгийг яаж багаар цээжилснийг талийгаач байхгүй ч Авралын бурханаас асуух завшаан бидэнд бий.
-Энэ хэсэгт гэхэд таны зөвлөсөн зүйл байна уу?
-Тэр бүхнийг одоо яаж нарийн санахав дээ. Ямар ч гэсэн МНТ-нд төддүгээр хулгана жил гэж байхгүй, бас 8-р сар гэсэн нь григорийн тоолол юм бол МНТ-нд Гур буюу хаврын сар гэх мэтээр хэлж л байсан. Налайхад дүүгийнхээ архины үйлдвэрт Зүүнхараагаас спиртийг нь ойртуулдаг ажилтай гээд архитай манайд ирээд ярилцаж байснаа тод санаж байна. Тэгэхэд Монгол гэдгийг чи МӨНХГАЛ гээд нар сар гал шүтээнтэй холбосон байна. Нийгэм гэдгийг нэг амь, нийдэм гэдгийг нийт амь гэх утгаар чи бичиж. Би бүр өөрөөр НИЙХЭМ гээд тайлбар хийчихлээ гэх мэтээр ярьж миний дургүй хүрч маргаж байсныг ахмад сэтгүүлч Г.Дамба гуай сонсон бид хоёроос залхахдаа “Өөр юм ярьцгаая” гэж байсныг ч санаж байна. Ямар ч гэсэн энэ тийм лут бүтээл болсон юм бол Ж.Нүрзэд гэдэг хүний зохиомж шүү. Харин Соргог хатны сургаал гэж гурван хуудас тэмдэглэл Арабт хүний биеийн өндөртэй чацуу вааранд байдаг, түүнийг хатны сүнс хамгаалж байдаг гэсэн домгийг Ч.Далай багш хуучилж, Б.Хүрэлтогоо гэдэг залуу шинжлэх ухааныг басч доромжилсон дэмий балай юм чалчиж явна гэж уурлангуй дурсаж байсныг ч санаж байна. Ойрдод хажир гэдэг үг орсон нимгэн бичмэл байсан эсэхийг ч нягтлах шаардлага бий.
-Та энд хэнийг буруутай гэж үзэж байна?
-Хар ухаанаар бодвол манайхны худал үнэн алдартанд юм уу, гадаадынханд сүжирч долигонодог, ерийн монгол хүний ухаан санаа мундаг суут байлаа ч хайхардаггүй “алдрын дон” л ийм жүжиг тоглогдоход хүргэсэн. Миний “Гурвалын онол” “Монголын эртний он цаг тоолол”, “Анх Эх Мөнхийн амин зурхай”, “Итгэл зүйн ухаан” зэрэг номууд эрдэмтдэд чухал ч эши татъя гэтэл би алдартан биш учраас ач холбогдолгүй болчих жишээтэй. Харин Ж.Нүрзэд шиг зоригловол, бас үхчихвэл нэг учир байх бололтой. Мөн хэн нэгнийг тэнгэрт гартал мандуулж өөрсдийн үзэл сурталч бэлтгэх намын бодлого байдаг. Тийм хүмүүс өнөөдөө алдарт дарагдавч маргаашгүй байдаг юм. Үнэхээр суут гэхээр зүйл байгаа бол Ж.Нүрзэд агсныг магтацгаа. Харин сэтгэл хөдлөлөөр юм уу, нэр алдрын, эсвэл мөнгөний тулд биш, шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй шүү.
“Гэрэлт Цалиг” сонин 2010.03.04 Пүрэв ¹08 (39)
Posted by Galaarid at 3/29/2010 01:14:00 AM 11 comments
Labels: Сонины нийтлэл, Эх хэл
Wednesday, January 20, 2010
Тууль хайлах, бөө бөөлөх хоёрт адил төстэй зүйл олон байна
Б.Галаарид

Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, төрийн соёрхолт туульч Б.Авирмэд агсны отгон хүү Балдандоржтой хөөрөлдлөө. Тэрээр урианхай тууль хэмээх агуу гайхамшгийг дараа үедээ өртөөлөн хүргэх эрхэм хувьтай нэгэн билээ.

-Авирмэд гуайн үр удам авьяасыг нь өвлөөд явж байгаа юм байна. Анх хэдэн настайгаасаа хөөмийлж эхэлсэн бэ?
-Анх 12-13 настайгаасаа аавыгаа айлд хонон өнжин байж тууль хайлахад дэргэд нь байж цайг нь дөхүүлж өгдөг байлаа. 18 хүрч байж бие даасан туульч болсон доо.
-Тууль хайлж сурна гэж яг юуг нь хэлдэг юм бэ. Дэг жаягийг нь сурах ёстой юу, үг үсгийг нь тогтоох ёстой юу, эсвэл үйл явдлыг нь тогтоодог юм уу?
-Туульд тогтоосон дэг жаяг гэж байхгүй. Туулийг цээжилж сурдаггүй. Туульд гарч байгаа үйл явдлуудыг дэс дараагаар нь тогтоож аваад, өөрийн цэцээр өгүүлэн хэлээд явчихдаг.
-Тууль хайлж эхлэхдээ Алтайн магтаалыг заавал хайлах ёстой юу?
-Туульчид эхлээд Алтайн магтаалаа заавал хайлж Алтайнхаа савдаг шивдгийг дууддаг. Тэгж байж туулиа эхэлдэг. “Алтайн магтаалгүй тууль тууль болдоггүй, авгайгүй айл айл болдоггүй” гэдэг үгтэй.
-Алтайн магтаалыг хайлаад эхлэхээр биед янз бүрийн өөрчлөлт ордог уу? Бөөгийн онгод ордогтой адилаар...
-Орно. Алтайн магтаалаа аялгуулан хайлж, уул усны эздээ дуудаж даатгаад явж байхад бие эвгүйрхэх, хачин оргих зэрэг янз бүрийн байдал мэдэгдэнэ.
-Тууль хайлах, бөө буух хоёрт адил төстэй юм олон байх шиг санагддаг юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Туульд болж байгаа үйл явдлууд нь дээд тэнгэртэй заавал шүтэлцээтэй байдаг. Дээд тэнгэрт гарсан бодьсадва, орой дээрээс охор толгойд тэргүүн болж явдаг заяач нартай уулзах нь бөөгийн шашны тэнгэртэй харьцаж байгаа байдалтай туг төстэй шүү.
-Заяачийн бууж ирж байгаа нь харагдах, мэдрэгдэх, өөрийн чинь мэдрэмж хурцдах гэх мэт тодорхой өөрчлөлт мэдрэгдэх үү?
-Тууль хайлж байхад нүдэнд бодит дүр харагдах, биед өөрчлөлт орж өөрийгөө мэдэхээ байх үе байдаг. Унтаж байгаад сэрж байгаа юм шиг болох үе ч байдаг.
-Өөрөө хэдэн тууль хайлдаг вэ?
-Би 6-7 тууль хайлдаг. Аав маань 12-13 тууль хайлдаг байлаа. Манайхан удам дамжсан туульчид. Дээд өвөгт минь Жилхэр гэж алдарт туульч байсан. Лавтай арван үеийн туульчидтай удам.
-Айл гэр, хувь хүнд засал хийх зорилгоор тууль хайлах нь бий. Өөрөө ямар ямар туулийг ямар засалд зориулж хайлдаг вэ?
-”Довон хар бөх”, “Наранхүү хан”, “Зул алдар хан” гэсэн гурван догшин тууль байна. Энэ гурван догшин туулиар гай барцад, хэл ам, үхэл зовлон бүгдийг засдаг. “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш” гэх мэт туулиуд бол дандаа хишиг буян, үр хүүхэд, ханийн заяа дууддаг туулиуд юм.
-Галын засал хийдэг тууль гэж байх уу?
-Долоон догшид туулиар айл өрхийн юу бүхнийг тэр чигт нь засдаг.
-Туулийг асар удаан хугацаагаар хайлдаг гэдэг. Дээд тал нь хэд хоногоор тууль хайлдаг вэ?
-“Довон хар бөх”, “Талын хар бодон” гэх мэт туулиудыг бол өвлийн өдөр мал хотлоод нар бууж бүрэнхий болох үед хайлж эхэлдэг. 16-17 цагийн үед гэсэн үг. Маргааш өглөө нь 9 гэхэд завсарлаад орой нь дахиж үргэлжлүүлээд хоёр шөнө явж дуусгадаг юм. Тасралтгүй явбал бараг 24 цаг хайлна гэсэн үг. Гэхдээ туульч маань биеэ засах, хоолой амаа зайлах, цай уух зэрэг завсарлага дунд нь авдаг.
-Одоо манайд жинхэнэ туульчид хэд байна?
-Би тэрийг ёстой хэлж чадахгүй. Яг жинхэнэ туульч гэж алга. Бүтэн тууль хайлж байгаа ч хүн алга. Ерөнхийдөө урианхай тууль устаж байгаа гэж хэлэхэд болно.
-Та өөрөө бол бүтэн хайлна биз дээ?
-Тэгнэ ээ.
-Та урианхай туулийг уламжлуулж үлдээх, сургах тал дээр ямар бодолтой байна вэ?
-Урианхай хэл өөрийн гэсэн хэлзүйн онцлог, өөр аялгуу аялгатай байдаг. Хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Компьютер, зурагт шохоорхоно уу гэхээс товшуур барьчихаад тууль хайлж, үлгэр сонсоё гэх хүүхэд байхгүй шүү дээ.
-Туулийн хэл урианхай ярианы хэлээс өөр үү?
-Өөр. Тууль хайлахад хамаагүй өөр аялгатай. Хүн амар ойлгоод байхгүй. Урианхай хөгшчүүл ойлгоно. Залуу хүмүүс нэг их ойлгохгүй.
-Та тууль хайж байхдаа орчноос тасардаг уу?
-Би унтчихдаг юм. Хүн татаад “Одоо жаахан зогсож амрах уу?” гэхээр сэрдэг юм. Өөрөө унтчихсан юм шиг юу ч мэдэхгүй хэр нь туулиа аялгуулан хэлсээр л байдаг гэсэн үг.
-Тууль хайлж байхад туулийн үйл явдал кино шиг харагдах уу?
-Кино шиг харагдахгүй ч үе үе орж гараад л байдаг юм. Туульд гарч буй гол баатраа ямар нэг хэмжээгээр харж байдаг юм. Би тэр кинон дотор өөрөө биеэрээ ороод явчихдаг.
-Арвангурван Алтай гэлцдэг. Тэр олон Алтай маань тууль хайлж байхад дүрээрээ харагдах уу?
-Харагдана аа. Алтай нутгийн тэр их өндөр уул сарьдгууд чинь Алтайгаа магтаад явчихаар харагдана. Алтай чингэл гэж манай Монголын нутаг хэр нь Хятадынх болчихсон газар бий. Тууль хайлахад дүр нь ороод ирдэг. Тэгээд л ах дүү оргилууд бүгд орж ирдэг юм.
-Жилхэр өвгийн чинь хайлж байсан, өөрөө огт мэдэхгүй туулийг хайлъя гэвэл болох болов уу? Бөө бол урьд нь оруулж байгаагүй онгодыг дуудаад оруулчихдаг шүү дээ.
-Зориод суувал орж ирэх биз. Тухайн туулийн үйл явдлыг л мэдэх нь чухал. Зөвхөн ташуураа унагаад буугаад ташуураа аваад буцаад мордох тэрхэн хэсгийг орхиод хайллаа гэхэд л болохоо байчихдаг. Дутуу хайлвал насанд цөвтэй, маш муу гэдэг.
-“Талын хар бодон” туулийг шашны нөлөө нэлээд орсон, энд тэнд нь маань мэгзэмтэй хувилбараар нь харж байсан удаатай. Тийм маань мэгзэмгүй цэврээр нь хэлж болохгүй юу?
-Миний хайлж буй “Талын хар бодон”-д маань мэгзэм байдаггүй шүү дээ. Манай аавын хэлж байснаар бол маань мэгзэм туульд ордоггүй гэдэг. Номон дээр янз янзаар л бичсэн байдаг. “Аргил цагаан өвгөн” нэртэй туулийг шал өөр утгаар бичсэн байна лээ.
-Сарын өмнө хайлсан туулиа өнөөдөр дахиад хайлбал мөр, бадаг, үг, үйл явдал зөрөх үү?
-Мөр, бадаг, шүлэг зөрж болох ч үйл явдал зөрөхгүй. Тухайн үедээ шүлэглэж байгаа учраас мөр бадаг бол өөр байж болно.
-Туулийг жилд хайлах тоо гэж бас байдаг бололтой юм билээ...
-Нэг туулийг жилд гурван удаа л хайлдаг. Илүү хайлвал цөвтэй, болдоггүй гэдэг.
-Хайлж тэмдэглүүлсэн тууль өөрт чинь олон бий юу?
-Би Монголдоо тууль бүрэн хайлаад бичүүлсэн удаагүй. Харин солонгосууд хоёр тууль бүрэн хайлуулж бичиж авсан. “Наранхүү хан”, “Зул алдар хан” хоёроор кино хийгээд аваад явсан.
-Танай нутагт одоо өөр алдартай туульчид байна уу?
-Одоо алга даа. Аавын төрсөн ах Уртнасан гуай гэж мундаг туульч байгаад нас барсан. Уртнасан авгын хүүхдүүдээс авьяасыг нь өвлөсөн хүн байхгүй. Манайхаас бол би л байна.
-Удам тасраад дахин сэргэх боломж бий юу?
-Мэдэхгүй. Манайхан л лав тасралтгүй арван үе болж байна.
-Тууль хайлахад яг ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тууль хэлж байгаа үед мэдрэмж өндөртэй болчихдог. Тууль хайлж байгаа айл нь гай барцад багатай бол янз бүрийн асуудал гардаггүй. Гэхдээ аав маань тааруухан айлд тууль хайлж байгаад татаж унаж байсан гэдэг.

Судлаачийн тэмдэглэл: Монгол аманзохиол судлалын нэлээд судлагдсан төрөл зүйлийн нэг нь тууль юм. Гэхдээ туулийг зөвхөн хэлзүйн талаас нь судалж байсан болохоос бөө мөргөлтэй холбож үзсэн тохиолдол үгүй. Миний бие гоц үзэгдлийг сонирхон судлах явцдаа бөөгийн онго орох, туульчдын тууль хайлах хоёрт адил төстэй, бүр амин шүтэлцээтэй ч гэж болох зүйл байгааг олж анзаарснаа бататгахаар Баруун Монголын алдарт туульч Жилкэр, Авирмэд нарын залгамж А.Балдандоржтой хөөрөлдсөнөө уншигч танаа толилууллаа.
Урианхай туульчид тууль хайлахаасаа өмнө “Алтайн магтаал”-ыг заавал хэлдэг нь бөө хүн бөөлөхийн өмнө дуудлага дууддагтай үндсэндээ адил байна. Бөөгийн дуудлага нь хэрэг дээрээ өөрийн онгод их тэнгэрүүд, уул ус, газар лусын эзэд, ер урин залъя гэсэн бүхнээ уран цэцэн уярам сайхан үгээр магтан дуулж, эерүүлэн зөөлрүүлсээр буулгаж ирэх зан үйл юм. Тэгвэл урианхай туульч Алтай нутгийн уул ус, ургамал ногоо, ан амьтныг магтан дуулж, Алтайн эзэн Алиа хонгорыг аялгуу сайхнаар аргадан байж урин ирүүлснээр сая туулиа хайлж эхэлж байна.
Хоёр дахь төстэй тал нь бөөгийн онгод орсноор тухайн бөө өөрийгөө мэдрэхээ байж, улаачийн биед орсон онгод л ярьж эхэлдэг. Энэ бол бүрэн тасардаг бөөгийн онцлог. Зарим бөө өөрийн үйлдлээ ч санаад, онгодын үг яриаг ч мэдээд байдаг. Ийм бөөг онгодоо барьж чаддаг бөө гэж нэрлэдэг. А.Балдандорж туульчийн оюун санаа зарим үед бүрэн тасарч (үүнийгээ тэрээр унтах гэж нэрлэж байна), заримдаа үйлдлээ мэдэрч хянадаг нь түүний ярианаас тодорхой байна.
Гуравдахь төстэй тал нь арга засал хийдэгт байна. Бөө нар ийм тийм засал хийхэд тийм ийм онгод дуудна гэж ярьдаг бол туульчид ямар үйлд зориулан тууль хайлах гэж буйгаасаа хамааран өөр өөр тууль хэлдэг нь тодорхой байна.
Тува, саха, баяд, торгууд тэргүүтнүүдэд ч тууль хайлах заншил бий бөгөөд тэр бүрт мөн л бөөтэй адил төстэй зүйл ажиглагддагийг эрхэм мэргэд анхааран судлаасай хэмээн хүснэ.

No comments:

Post a Comment