Monday, September 27, 2010

МӨНХ ТЭНГЭРИЙН АЛТАН ХАЙРЦАГНЫ ТАВАН БОДЛОГО

Мөнх тэнгэрийн 13 цааз ёсны “Гэрийн хэлхээ үл эвдэх” хэмээх зүйлтэй холбогдуулан дээр хэсэгт түүхэн сургамж, бодит байдлын талаар өгүүлсэн билээ. Энд ба түүнээс гарах арга замын тухай буюу Мөнх тэнгэрийн алтан хайрцагны таван бодлогын талаар нийтэлж байна.

Монгол түмэн эртээс Мөнх тэнгэрт шүтэн амьдарч, үндэс угсаагаа хамгаалж үлдэх талаар олон бодлого ухаан сэдэн хэрэгжүүлж ирсэн түүхтэй юм. Түүхэнд байсан эдгээр бодлого ухаануудыг нэг бүрчлэн судалж, тунгаан шүүж үзээд уг удмаа мэдэж, Мөнх тэнгэрт сүсэглэх, овог нэрээ сэргээн, зөв хэрэглэж, Монгол үндэс угсаагаараа бахархаж явах, угийн бичиг хөтөлж, хяналт хариуцлагыг буй болгох, ургийн найр хийн төрөл садангийн хэлхээ холбоог сайжруулан, ахас дээдсээ хүндлэх, үр удмаа нэмж, цэвэр удмаа үлдээх зэрэг зарчмууд голлож байсан бололтой хэмээн дүгнэж байна. Бид эдгээр зарчмуудыг өнөөдөр сэргээн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагтай гэж үзсэн бөгөөд хураангуйлан нэгтгэж Мөнх тэнгэрийн алтан хайрцагны таван бодлого хэмээн нэрлэн уламжлаж байна.

Алтан хайрцагны бодлого гэж нэрлэж байгаа нь Чингис хааны найман цагаан гэртэй холбоотой юм.Чингис хааныг тэнгэрт хальсны дараа түүний шүтээнд зориулан найман цагаан гэрийг босгосон түүхтэй. Их Монгол улсын 36 хааны хамаг сүүлчийн хаан Лигдэн хутагт хүртэл найман цагаан гэр нь төрийн дээд шүтээн байв. Тухайн үед болтол алтан ургийн хаан ширээ залгамжлах эрх бүхий хүн байсан ч заавал Найман цагаан гэрт мөргүүлж байж хаан ширээнд суулгадаг хатуу ёс мөрдөгдөж байсан юм. Ингэж хаан ширээнд суух тангараг өргөхөд нь алтан хайрцаганд хадгалсан бодлогыг уламжлан сонсогдог байсан бололтой юм. Үүнийг батлах хэдэн баримтыг хэлье:

Монголын их хаадууд хаан ширээнд суухдаа бүгд найман цагаан гэрт мөргөдөг байсан юм. Энэ нь зөвхөн мөргөх төдий биш, хааны тангараг өргөх ёслол болно. Шинэ хаанд мэдээж бодлого чиглэлийг нь улажлах, захиж сургах явдал аль ч улс оронд байж ирсэн нийтлэг онцлог билээ. Тэгэхлээр алтан хайрцаг ба түүний доторх бодлогыг уламжлах үйл хэрэг найман цагаан гэрийн өмнө болж байсан хэмээн үзэж байна.
Тусгай хайрцаганд хадгалсан "Алтан дэвтэр" хэмээх ерөнхийн шүтээнтэй холбоо бүхий үйл явдлыг тэмдэглэсэн ном найман цагаан гэрт хадаглагдаж байсан юм. Тус номыг “Алтан ордны тайлга тахилага” нэртэй 1980-аад онд Сайнжаргал, Шаралдай нар эмхэтгэн хэвлүүлж олны хүртээл болгосон билээ. “Алтан дэвтэр”-ын гар бичмэлийн нэг хуулбар нь Улсын төв номын санд ч буй билээ.
Найман цагаан гэрт болсон үйл явдлуудын талаар "Алтан товч"-д бусад зохиолуудаас илүү дэлгэрэнгүй, тодорхой тэмдэглэсэн байдаг. Эндээс харахад тус зохиолын зохиогч Лувсанданзан нь найман цагаан гэртэй ямар нэг байдлаар холбогдож болзошгүй байдаг.
Монгол соёлыг дарангуйлагч Манж, Хятад, Төвдүүд Монгол хэлээр бичигдсэн түүх соёл, уран зохиол, шашны номуудыг удаа дараа шатаж үгүй хийж байсан боловч найман цагаан гэрт хадаглагдаж байсан бичиг дурсгалын зүйлд хэн ч зориглон халдаж чадаагүй байсан юм. Энэ нь Ерөнхийн шүтээн найман цагаан гэрийг Хубилай хааны томилсон Дархад яам өдөр шөнөгүй, 24 цаг сахин хамгаалж байсантай холбоотой байна. Тэгэхлээр Лувсанданзангийн олж ашигласан МНТ-ны цорын ганц монгол эх нь найман цагаан гэрт хадаглагдаж байсан байх бололцоо гарч ирдэг. Найман цагаан гэр бол Чингис хааны өв дурсгалыг хадгалж байсан шүтээн мөргөлийн газар байв. Энд Чингис хаан ба түүний тахилга шүтээнтэй холбоотой ховор чухаг ном зохиолуудаас гадна Чингис хааны хэрэглэж байсан илд сэлэм, эмээл хазаар зэрэг олон эд өлгийн зүйлүүдийг хадгалж байсан юм.
"Алтан товч"-д МНТ-ны агуулгаас гадна нэмж оруулсан зүйлд нь билэг сургаалууд голлож байдаг. Тэгэхлээр Чингис хааны сургаал айлдваруудыг түүвэрлэж оруулсан өөр нэг чухал сурвалж байсан гэдэг нь гарцаагүй юм. Магадгүй Чингис хааны хэлсэн ярьсан зүйлүүдийг тэмдэглэж байсан "Хөх дэвтэр" ч байсан байж болох юм.

Ямар ч байсан Монголын хаадыг хаан ширээнд суухад нь уншиж сонсгож байдаг нэг чухал ном Ерөнхийн шүтээн найман цагаан гэрт хадаглагдаж байжээ. Тэр нь өнөөдрийн яриад байгаа "хар хайрцагны бодлого" гэгч зүйл байсан болов уу. Өнөөгийн төрийн тэргүүн солигдох ёслолыг харж байхад хуучин ерөнхийлөгч нь хадганд боосон тамгаа, мөнгөн аягатай сүүний хамт шинэ ерөнхийлөгчөө өргөн барьж, бас тусгай өрөөнд аминчлан уулзаж, бодлого чиглэлээ уламжлан маш гүн ёс төртэй болдог байна. Харин эртний хаан ор солигдох үйл нь өнөөгийн ерөнхийлөгч солигдохоос тэс өөр нөхцөл байдалд болдог байв. Хуучны хаадууд ихэвчлэн алагдах, хорлогдох, өвчлөх зэргээр гэнэт нас барах нь элбэг байсан тул дараагийн хаандаа үг үлдээж амждаггүй байсан юм. Шадар түшмэд нь энэ үүргийг гүйцэтгэж байсан гэвэл мөн л хаан эзэнтэйгээ адил ертөнцийн мөнх бусыг цаг бусаар үзүүлж байсан тохиолдол нь олон тул төрийн бодлогын залгамж халаа тийм ч сайтай байсан гэж үзэх аргагүй юм.
Хэдий тийм боловч "хар" буюу "алтан" хайрцагны бодлого байсан уу гэвэл байсан гэдэг нь үнэн юм. Гэхдээ үүнийг хаанаас хаанд дамжин уламжлагдаж ирсэн бодлого гэвэл үндэслэлгүй болно. Тэр нь зөвхөн алтан хайрцаганд хадгалж ирсэн Монголын түүх байсан юм. Хааны гол үүрэг бол түүхээсээ суралцаж сургамж аван цаашдын чиглэлээ тогтоох явдал байв. Энэ түүх нь зөвхөн хаадын уншиж суралцахад зориулсан тул түүнийг "Нууц түүх" гэжээ. Өрөөр хэлбэл бидний өнөөдрийн уншиж буй "Монголын нууц товчоо" болно. Гэхдээ зөвхөн МНТ ч биш, алтан хайрцаганд хадгалсан Чингис хааны билэг сургаал зэрэг хэд хэдэн ном бичгийг багтааж байжээ.
Алтан хайрцагны бодлогын агуулга өргөн боловч, одоохондоо мэдэгдэж байгаа зарим агуулгаас жишээ татан өгүүлбэл: Монголчуудын гарал үүсэл дээд тэнгэрээс язгууртай хэмээх сургаалд итгэл үнэмшилтэй байх, хаан хүний эрдмийн тэргүүн нь Мөнх тэнгэрт захаа барин залбирах, хаан эзэн эрхбиш нутаг дэвсгэрээ тэлж өргөтгөсөн байх, ард иргэдээ хөл хөсөр гар газар тавьж жаргуулах, өмнө зүгт "тангууд улс" оршиж буйг үл мартах, алтан ургийн голомтыг үл таслах зэрэг олон зүйлүүд байсан бололтой.

Ерөнхийн шүтээн гэдэг нь Мөнх тэнгэр, Туг сүлд, Чингис хааны сүнс онгодыг ерөнхийлөн нэгтгэж, бүх Монголчуудын шүтээн мөргөл болгосон цогц ойлголт юм. Найман цагаан гэрийг Ерөнхийн шүтээн найман цагаан гэр хэмээн тэмдэглэж иржээ. Найман цагаан гэрт Ерөнхийн шүтээний эд өлгийн зүйлсийг хадгалж байв. Дархадууд нь Чингис хааны онгон шүтээн буюу ерөнхийн шүтээн найман цагаан гэрийг сахин хамгаалах ба тахилга тайлгийг нь өргөж байх алба хүлээсэн бөгөөд Монголын төрд гавьяа байгуулж дархлуулсан хүмүүсийн нэгдэл байсан юм. Ерөнхийдөө сүмийн зохион байгуулалттай, найман яаманд хуваагдсан байдаг.
Ерөнхийн шүтээн найман цагаан гэрийг сахиж үлсэн дархад нарын дүрэм журам, бие авч явж ирсэн онцлог байдлаас дүгнэж үзвэл, алтан хайрцагны зарим бодлогыг гадарлаж болох тал буй юм. Тухайлбал: харь шашинд орохгүй, харь хүнтэй суухгүй, харь соёлд автахгүй гэсэн гурван харийг тэвчих нь дархад нарын бусад угсаатнаас ялгарах өвөрмөц онцлог шинж нь байсан болно. Жишээ нь: Ордос нь Алтан ханы уршгаар хамгийн анх буддизм дэлгэрсэн газар орон боловч дархадууд буддизмд ороогүй, тухайн бүс нутаг нь Хятад, Төвд, Хотон зэрэг олон үндэстэнтэй зах хязгаар нийлсэн газар боловч, дархадууд цэвэр цусаа хадгалж чадсан, Манжийн төрөөс зэрэг жинс, эд мөнгөөр татах гэж оролдсон боловч дархад нарыг хуурч чадаагүй, дархадууд нь өөрийн соёл уламжлалаа хамгаалж үлдсэн байдаг.
Ардчиллаас хойш Монголын эрдэмтэн мэргэд, дэвшилт сэхээтэн, нийгэм улс төрийн зүтгэлтэн нар үндэс угсаагаа хадгалж үлдэх ба улс орноо хөгжүүлэх талаар тууштай судалгаа хийн, олон арван бодлого боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай байна. Эдгээр бодлого чиглэлүүдийг түүх уламжлалтай нь харьцуулан тунгаан шүүж үзээд Мөнх тэнгэр судлалын үүднээс алтан хайрцагны бодлогын зарим зүйлд холбогдох хэсгийг Мөнх тэнгэрийн алтан хайрцагны таван бодлого хэмээн нэрлэж, үр хүүхэд, хойч үе уншиж ойлгон, сургаал болгон хэрэгжүүлж явахад хялбаршуулан томъёолов.

Нэг. Мөнх тэнгэрт шүтэж уг удмаа мэдэх ёс

“Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөрт Чоно, гэргий Гуа Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ” хэмээн МНТ эхлэнэ. МНТ-ны эхлэл бол Монголын түүхийн эхлэл мөн. Эндээс Монголчуудын угсаа гарлын түүх хөврөнө.
Монголчууд Мөнх тэнгэрээс заяатай болох тухай “Мөнх тэнгэрийн 13 цааз ёс”-ны “Монголчууд Мөнх тэнгэрээс заяагдсан нь” гэх бүлэгт тусгай сэдвээр авч үзсэн тул энд түр орхих болсондоо хүлцэл өчье.
Монголчууд янз бүрийн түүхэн шалтгаанаас болж “тэнгэр төрөл” байтугай таван үеээ ч таруухан гадарлах болсон нь нууц биш, түүхэн үнэн билээ.
Өөрийн угсаа гарлаа сайн мэдэж байж л өөрийн үр удмаа цэвэр авч үлдэж чадна. Ургийн үндэс бохирдвол ургийн мод хатна, хувхайрна. Өөр үр үндэснээ өөр мод ургамал ургаж, Монголын газар шороо харь нутгийн өвс урагмалаар дүүрч Монгол хүний яс тавих газар ч үл олдох болно.
Тийм болохоор ураг удмын журмын талаар маш тодорхой мэдэж авах нь нэн чухал ач холбогдолтой билээ.
Монголчууд ураг удмаа “Амин, төрсөн, бүлэн, буурал, өндөр, тэргүүн, элэн, хулан, язгуур, хэлхээ, холбоо, тэнгэр” гэсэн 12 төрөлд хувана. 12 үе төрлөө мах цус ясан барилдалгаар нь “Ураг, элгэн, цусан, ясан, угсаа төрөл” хэмээн 5 хэсэгт төрөлсүүлнэ. Ураг удмын мөч үе нэг бүр нь “өрхийн, отгийн, омгийн, овгийн, удмын” гэсэн 5 үе хүрээнд хамаарагдан зохион байгуулагдадаг. Ураг удмын олонлоги нь тус бүр “гүйцэтгэх, удирдах, зохицуулах, тэргүүлэх, билэгдэлийн” гэсэн тэргүүнтэй байна. Ураг удмыг багтах хүрээгээр нь “унган, их, өргөө, их өргөө, орд өргөө” гэсэн 5 гэрт хуваан үзнэ. Энэ тухай судлаач Ё.Саянямын бүтээлийг гол хэрэглэхүүн болгон ашгалсан болохыг тэмдэглэн хэлье.

Бэлтгэл дэд хурандаа Ё.Саяням Зэвсэгт хүчний ангид ажиллахын зэрэгцээ 2006 онд “Ураг удмын журам” товчоолсон лавлах ном, 2008 онд “Ургийн бичиг хөтлөх” товч зөвлөмж зэрэг ном бүтээлүүд хэвлүүлсэн судлаач хүн юм. Энд түүний бичсэн “Ураг удмын журам” товчоолсон лавлахаас тус бүлэгт холбогдох агуулгаас сийрүүлэв:
<<Монголчууд хүний удмыг “Амин төрөл, төрсөн төрөл, бүлэн төрөл, буурал төрөл, өндөр төрөл, тэргүүн төрөл, элэн төрөл, хулан төрөл, язгуур төрөл, хэлхээ төрөл, холбоо төрөл, тэнгэр төрөл” хэмээн 12 төрөлд хуван үздэг. Эдгээр нь үе бүрээрээ төрөлсөн ураг төрлийн олонлог болдог. Монголчууд нь өөрийн 12 үе төрлөө мах цус ясан барилдалгаагаараа 5 хэсэгт хуваан төрөлсөнө.
1. Ураг төрөл: энд амь ураг төрлөөс төрсөн ураг төрөл улс орно.
2. Элгэн төрөл: энд амь ураг төрлөөс бүлэн төрөл хүмүүс орно.
3. Цусан төрөл: энд амь ураг төрлөөс тэргүүн төрлийн улс хамаарна.
4. Ясан төрөл : энд амь ураг төрлөөс язгуур төрлийн хүмүүс хамаарна.
5. Угсаа төрөл : энд амь ургаас тэнгэр төрлийн бүх хүмүүс буюу удмын 12 үе төрөл нэг мөчийнхөн хамаарна.
Мах цус ясан барилдалгаат төрлөө мэдсэнээрээ Монголчуудын цус ойртох гэж ярьдаг ургийн чанар сулдах, гэрлэлтээс сэрэмжлэх боломжтой ба яс цусан барилдалгаагаараа бие биедээ ойр дотно төрлийн барилдалгаатай явахад онцгой ач холбогдолтой юм. Хүний мах цусан барилдлагыг дагаж удмын генийн уламжлалаа үе бүрд дамжин хадгалж явдаг учир манай монголчууд ураг удмаар нь хүнийг нилээд сайн шинжин судалж дүгнэдэг бөгөөд удам угсаа сайтай хүмүүстэй ураг барилдаж төрөлсөх талаар онцлон анхаарч байдаг билээ.
Ураг удмынхан нь нэгэн мөч үе дотроо 5 үе хүрээнд хамаарагдан зохион байгуулагдана.
1. Өрхийнхөн- амь ураг төрөл, төрсөн ураг төрлийнхөн орно.
2. Отгийнхон- өрхүүдийн нэгдэл бөгөөд амь ургаас бүлэн төрлийнхөн хамааран багтана.
3. Омгийнхон- өрх отгуудын нэгдэл бөгөөд амь ураг төрлөөс тэргүүн төрлийнхөн хамрагдан багтаж байдаг.
4. Овгийнхон- өрх, отог, омгуудын нэгдэл бөгөөд амь ураг төрлөөс язгуур төрлийнхөн багтаж хамааран орно.
5. Удмынхан- Овгуудын нэгдэл бөгөөд амь ураг төрлөөс тэнгэр төрлийнхөн хүртэл буюу удмын нэгэн мөчлөгт орох бүх ураг төрлийнхөн хамааран багтана.
Өрх, отог, омог, овог, удмынхан нь бүлэглэн томорсон ураг удмын олонлог бүтцийн хэлбэр тул тодорхой зохион байгуулалтад хамрагдах учиртай болж ирдэг байна. Энэ нь аяндаа өрх, отог, омог, овог удмын тэргүүн болон эзэгтэй нарыг бий болгодог байна. Ураг төрлийн олонлогийн тэргүүнүүд нь ураг удмын ёс журмаар болон отог, омог, овог, удмынхаа зөвшлөөр нас намба, чадвар, ухаан, авьяас зэргээс нь харгалзан өргөмжлөн хүлээн зөвшөөрч хүндэтгэсэн хүн байна. Харин ураг төрлийн олонлогийн эзэгтэй нар нь голчлон тэргүүнүүдийн эхнэрүүд байх боловч өөрийн удмынхаа эмэгтэй хүүхдээс өргөмжлөн уг олонлогийнхоо эзэгтэй болгон хүндлэн дагаж болох учиртай байдаг болно.

Ураг удмын олонлогийн тэргүүний онцлог:
1. Өрхийн тэргүүн/гүйцэтгэх тэргүүн/: Ураг төрлөө шууд захирч удирдан ахлан гүйцэтгэнэ. Өрхийн тэргүүн нь аав буюу ахмад хүүд байх болно.
2. Отгийн тэргүүн/удирдах тэргүүн/: Элгэн бүлэн төрлөө өрхийн тэргүүнүүдээрээ дамжуулан шууд ахлан удирдана. Отгийн тэргүүн нь өвөө аав буюу авга ах нараас байна.
3. Омгийн тэргүүн/зохицуулах тэргүүн/: Буурал, өндөр, тэргүүн төрлийнхөнөө буюу цусан төрлийнхөө отог, өрхийн тэргүүнүүдээр дамжуулан ураг удмын журмыг зохицуулан удирдах. Омгийн тэргүүн нь омгийн ахмад хүн буюу өргөмжилсөн ураг удмын хүн байна.
4. Овгийн тэргүүн/тэргүүлэх тэргүүн/: Ураг төрлөөс язгуур төрөл хүртэлх 9 үе төрлийнхөний тэргүүлэх хүндэт удирдагч овгийн тэргүүн нь ураг удмын өргөмжилсөн хүн байна.
5. Удмын тэргүүн /билэгдлийн тэргүүн/: Ургаас тэнгэр төрөл хүртэл 12 үе төрлийнхөн буюу удмын тэргүүн нь удмынханы өргөмжилсөн хүн байна.
Удмын нэг мөч үеийнхэний хүндтэй, удмын алдар гавьяатай, ухаан эрхэм чадалтай, уг удмын нэр төрийг өргөн, авч явах, эрхэм удирдагч байна. Өрхийн тэргүүнийг хэзээ ч сонгодоггүй ургийн журмаар л өөрөө бий болгодог. Отгийн тэргүүн ч гэсэн бараг л өвөө буюу ахмад авга ах нараас голчлон байх жамтай болдог. Омог, овог, удмын тэргүүнийг ураг удмынханы саналыг харгалзан өрх отгийн тэргүүнүүд сонгон суулгаж болох талтай. Ялангуяа удмын тэргүүн нараа бол бүр ч тодорхой болов уу гэж үзэж байна. Аль ч тэргүүн нь өөрийн удмын түүх, шастир зурлагаа нандигнан авч явах учиртай. Салбарласан ургийн зурлагуудыг нэгтгэн эмхтгэх удмын мөч мөчлөгийг тогтоох удмын уг нэр болон чимэг нэрүүдийг шинэчлэх, өөрчлөхөд тун чухал ач тустай байх нь чухал юм.
Ураг удмынхан өрх, отог, омог, овог, удмын бүтэцтэй байх ба ураг элгэн, цусан, ясан угсаа барилдлагаатай төрөлсөн тодорхой хүрээнд багтаж байх учир дараах удмын 5 хүрээнд хуваан хамааруулна.
1. Унаган гэрийнхэн. 2. Их гэрийнхэн. 3. Өргөө гэрийнхэн. 4. Их өргөө гэрийнхэн. 5. Орд өргөө гэрийнхэн.
Энэхүү төрлийн олонлогийн бүтэц хүрээ нь удмаа дээд эмх цэгцтэйгээр авч явахад ураг удмын гишүүн бүрт ашиг тустайн дээр ураг удмын зурлага, шастир, түүхээ зөв тодорхой байлган зохион байгуулахад эрхэм чухал билээ. Нөгөө талаар ураг удмаа өөд татах үрс хойчоо болон залуус багачуудын хүмүүжил, ёс заншил, зан чанарт сайнаар нөлөөлөх олон талт үйл ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой байх нь мэдээж тул монгол түмэн та бүхэн удмынхаа олонлогийн хүрээ, бүтэц, зохион байгуулалтад оруулан ураг удмаа бататган удмаараа ухаалаг амьдарч уламжлалаа хадгална гэж бодож байна>>. /Ё.Саяням “Ураг удмын журам” (товчоолсон лавлах) 2006 он/

“Сүүлийн үед Монголчууд удмын овгоо сэргээн гурван нэрийн хэрэглээнд шилжиж, ургийн бичгээ хөтлөдөг боллоо. Энэ нь даяаршин буй үед монгол үндэстнийхээ уг угсаа, үүсэл генээ хадгалан хамгаалж, хөгжүүлэхэд ч үнэлж баршгүй ач тустай зүйл. Ер нь ургийн бичиг гэж өөрийн ураг бие болон бодьгал биеийнхээ ургийн холбоо хэлхээ бүхий хүмүүсийнхээ тухай тэмдэглэл өгүүлэмж, шастир бичлэг, хэлхээ зурлага, бичвэрийн нэгдлийг хэлдэг юм. Ургийн бичиг нь зөвхөн таны ургийн бичиг боловч нөгөө талаас танай ураг, өрх, отог, омгийн бичиг, улмаар таны ураг хүйн төрөл удмын тань бичиг. Мөн цаашдаа ястан, угсаатан, үндэстний маань түүхийн нэгэн бичиг болох учир онцгой ач холбогдолтой зүйл” хэмээн Ё.Саяням гуай сэтгүүлч Ц.Мөнхтөртэй хийсэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. /“Соёмбо” сонин Дугаар 1-10110/
Нэгдгэн дүгнэж үзвэл:
“Удмын тэргүүнүүд нь өөрийн удмаа нэр төртэй сайн сайхан байлгахад онцлон анхаарах нь мэдээж. Үүнд:
1. Удмын генээ цэвэр ариун байлгах.
2. Удмынхаа ураг төрлийг ухаалаг ажилч, хөдөлмөрч, бүтээлч байлгах.
3. Улс үндэс, удмынхаа ёс заншлыг өвлүүлэн ураг төрлөө хүмүүжүүлэх .
4. Ураг удмынхаа ядмаг нэгэнд нь тус дэм өгөх, сайн нэгийг нь дэмжин дээшлүүлэх
5. Сайн сайхан удмаа авч явах өрх гэрүүдийг бий болгох, үр удмыг нь сайн сайхан хүмүүс болгоход анхаарч уг удмаа улс орон үндэс угсаандаа нэр төртэй, алдар хүндтэй байлгахад онцгой үүрэг үр нөлөөтэй байх нь гарцаагүй юм.
Иймд өөр өөрсдийнхөө удмаа дээрх өрх, отог, омог, овог, удмын тэргүүнүүдээ тодруулан ураг удмын журмаа тогтоон хэвшүүлэх нь ойлгомжтой болов уу хэмээн бодож болно” /Ё.Саяням “Ураг удмын журам” (товчоолсон лавлах) 2006 он/хэмээжээ.
Хоёр. Мөнх тэнгэрт шүтэж овог нэрээ сэргээх ёс

Мөнх тэнгэрээс заяатай Монгол хүний алдар нэр цаана гүн утгатай, тэнгэрлиг оршихуйн билэг тэмдэг болж иржээ. Гэтэл түүхийн ороо босоо цаг үеүүдэд овог нэр мартагдаж, булингартаж, Монголчууд нэр уснаасаа эхлэн өөрийн өвөрмөц давтагдашгүй үндэсний онцлог шинжээ алдсаар иржээ.
“Монголчуудын овгийн лавлах” /УБ,1998 он/, “Монгол хүний нэрийн толь”/УБ. 2007 он/ зэрэг монгол овог, нэрийн талаар олон бүтээл тууривсан Доктор Ж. Сэржээ:
“Овгоо сэргээн хэрэглэж эхэлсэн нь одоохондоо төдийлөн үр дүн нь харагдахгүй ч, хойч үеийнхнийгээ овогтой болгох гавьяатай. Монголчууд эцгийн нэрийг овог хэмээн ойлгосоор ирсэн үе саяхан. 1997 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч овог сэргээх, угийн бичиг хөтлөх журмыг баталсан бөгөөд хүн бүрийн овгийн нэрийг иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтад бичдэг болсон. Энэ бол эхний томоохон ажлын нэг юм. Энэ үед Монгол Улсын хүн амын 60 хувь нь овгоо мартсан байсан.
Бидний өвөг дээдэс, үр хүүхдэдээ өөрсдийн уг гарал, удам угсаагаа сайн мэдүүлэхийг эрхэмлэж, амаар дамжуулахын зэрэгцээ бичгээр уламжлан, угийн бичиг хөтөлдөг байсан. Үүнийг түүхийн олон баримт гэрчилж байгаа. Монголын нууц товчооноос үзвэл монголчууд бүр VIII зууны үеэс овгийн нэр хэрэглэж байв. МНТ-ны эхэнд гарч буй Боржигидай мэргэн, Монголжингоо, Хорилардай мэргэн, Баргужин гоо, Баргудай мэргэн гэх мэтийн олон нэр нь хүний нэр биш, овгийн нэр гэдгийг бид тогтоосон. Мөн XIII дугаар зууны Персийн түүхч Рашид-ад-Дин “Судрын чуулган” номдоо “Эдгээр бүх аймгууд яруу тодорхой удам угсааны түүхтэй, учир нь монголчуудын зарчим бол өвөг дээдсийнхээ удам угсааг санаж, төрсөн үр хүүхдэдээ зааж сургадаг. Ийнхүү тэд уг язгуурынхаа тухай үгсийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч үгүй” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ уламжлалыг бүр хожуу үе хүртэл хэрэглэж ирсэн. Халхын олон хошууны хожуу үеийн хүн амын дансыг үзэхэд, өрхийн тэргүүлэгч болон түүний гишүүдийг овгоор нь бүртгэсэн нь бий. Жишээ нь, Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошууны хүн амын бүртгэлд Жүрмид-Хиад овог, Дамдинжав-Хиад овог гэх мэтээр тус хошууны 1400-гаад овгийг бүртгэсэн байна. Энэ мэтчилэн түүх архивын баримтаас үзэхэд, монголчууд өөрийнхөө нэрийн зэрэгцээ, овгийнхоо нэрийг VIII зуунаас 1925 он хүртэл 1200 жил тасралтгүй хэрэглэсээр ирсэн.
Манжийн байлдан дагуулагчид далдын хорлох бодлогоор овог ялган хэрэглэдгийг болиулж, овгийн оронд хошууныхаа нэрийг хэрэглэ гэж овог төрлийг мартуулахыг оролдсон. Үүнээс болж нэг хэсэг хүмүүс овгоо мартсан гэж хэлж болно. Мөн 1921 оны хувьсгалаар улс төрийн эрхийг нь булаан авсан тайж ноёдын үе залган хэрэглэж ирсэн хэргэм зэргийг эвдэх, их дайралтад өртсөн. 1925 онд Засгийн газрын шийдвэрээр овог хэрэглэхийг болиулж, оронд нь эцгийнхээ нэрээр овоглох болсон”
Төрөл гэдэг нь хүний босоо чиглэлийн гарлын холбоог /элэнц, хуланц, өвөг, аав, би, хүү, ач, гуч, жич гэх мэт/ нэрлэсэн үг бөгөөд дотроо ясан, цусан гэж хуваагддаг. Тэгвэл садан гэдэг нь хүний хэвтээ чиглэлийн гарал хамаарлыг /ах дүү, үеэлд хаялд гэх мэт/ нэрлэсэн үг юм. Удам гэдэг нь өмнөх үеийн төрөл, угсаа гэдэг нь өөрөөсөө хойшхи үеийн төрлийг хэлнэ. Ураг гэдэг нь эцэг, эх хоёр талыг хамруулан багтаасан буюу эхнэр нөхөр хоёрын нэгдлийг илэрхийлсэн утгатай үг ” /Ж.Сэржээ: “Овог нэгтэй хүмүүс гэрлэж болохгүй гэдэг нь эртэдсэн асуудал” “Зууны Шуудан” сонин 2008/06/11 ярилцсан нь: Д.Энхбат/ хэмээн товч тодорхой тэмдэглэсэн байдаг.

Харин “Урийн бичиг хөтлөх журам”-ын талаар Доктор Ж. Сэржээгийн саналыг дурдахгүй өнгөрч үл болно:
“Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор нэг овгийн хүмүүс гэрлэж болохгүй, өөрийн сум дотроос, түүгээр ч үл барам зэргэлдээ сумаас эхнэр авахыг хориглосон нь хачирхалтай. Үнэхээр өвөг, дээд удмаа сайн мэддэг бол өөрийн сумаас бүү хэл өөрийн голоос ч эхнэр авахад болохгүй юм байхгүй шүү дээ. Монголчууд нүүдэлчин удамтай учраас хаана ч нэг удам угсааны хүн амьдарч байгаа. Тухайлбал, Боржигон, Олхонууд, Шарнууд овгийнхон ихэнх аймагт амьдарч байна. Ингэж нутаг усаар хязгаарлаж болохгүй шүү дээ. Энэ журамд угийн бичгийг цусан төрлөө баримтлан хөтлөхөөр заасан. Цусан төрөл нь эхийн тал гэдгийг монголчууд мэднэ. Монголчууд угийн бичгээ хөтлөх, овоглохдоо ясан төрөл буюу эцгийн талаа баримталдаг уламжлалтай. Энэ нь зөвхөн монголчууд ч биш, хүн төрөлхтний нийтлэг ёс юм” /Ж.Сэржээ: “Овог нэгтэй хүмүүс гэрлэж болохгүй гэдэг нь эртэдсэн асуудал” “Зууны Шуудан” сонин 2008/06/11 ярилцсан нь Д.Энхбат/
Энэ талаар манай нэрт эрдэмтдийн зохиол бүтээлүүдийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна. Жишээлбэл: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор профессор Б.Сумъяабаатарын “Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл” хэмээх номыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 2002 онд эрхлэн хэвлүүлсэн гэх зэрэг чухал ач холбогдолтой олон бүтээлүүд буй юм.

Овгоо мэдэх чухлаас гадна үр хүүхдэдээ Монгол нэр өгөх явдал бас нэг тулгамдсан асуудлын нэг болж байна. Халхуудад Төвд, Санскрит нэр ихтэй, энэ бол Төвд соёлын нөлөөнд байснаас болсон зүйл юм. Орчин үед харин үр хүүхдээ сонсгол сайтай, утга төгөлдөр монгол нэр хайрлах болсон нь олзуурхууштай билээ.
Монголоос бусад улс оронд аж төрөн амьдарч буй Монголчууд харин энэ асуудалд онцгой анхаарууштай байна. Жишээ нь: Өвөр Монголын зарим аймаг хошуудын Монгол иргэд үр хүүхдэдээ Хятад нэр өгөх явдал их дэлгэрсэн байдаг. Энэ бол уусах, үндэсний онцлог дүрэхээ алдах хамгийн анхны шинж мөн. Мөнх тэнгэрээс заяан төрсөн Бөрт чонын удам байтал, эхээс төрмөгц Орос, Хятад зэрэг харь нэр авч, гэм зэмгүй хөөрхий нялх үр хөх толботой байсан ч харь соёлын золиос болж дуусдаг. Гэтэл төр барьж буй их үндэстний зүгээс дүрэм тогтоол гарган хүчээр Монгол нэр өгөхийг хэзээ ч хориглож байгаагүй юм. Харин ч Монголоос бусад улс үндэстнүүд овог нэр ямар чухал гэдгийг сайн мэддэг, тийм ч учраас бусад улс үндэстнийг ч гэсэн өөртэйгөө адил овог нэрээ эрхэмлэж байхыг хүндэлж үздэг. Зөвхөн Монгол эцэг эхчүүл өөрийн ухамсар муу буюу аль эсвэл нэр уснаасаа эхлээд өөрийн үндэс угсаагаа нуун далдалж, ичгүүр сонжуур алдан, ноёрхогч үндэстний давхаргад шураглан орох гэсэн муу санаанаас өөр юу ч биш билээ. Учир иймийн тулд:

1. Овог хэрэглэх уламжлал нийт Монголчуудад тасраад байсан ба 1997 оноос Монгол улс овог хэрэглэх тухай тогтоол шийдвэр гарсан, бусад Монгол угсаатангууд бас үлгэр жишээ болгох шаардлагатай байна.
2. Овог хэрэглэнэ гэдэг нь зөвхөн овогтой болоод дуусчих явдал биш, харин овгын дэг журмыг мөрдөх явдал нь гол агуулга, утга учир нь байх ёстой юм.
3. Хэт даялчилалын сөрөг нөлөөнд автан үр хүүхэддээ гадаад нэр өгөх явдал нь үндэс угсаагаа усгахын эхлэл болдог. Нэрийг хэт хялбарчилж товчилах буюу гадаад нэртэй дуудлага төстэй болгох гэж оролдох нь Монгол нэрийн уламжлалыг алдагдуулахад хүрч байна.
4. “Тэнгэр”, “Чингис” гэх зэрэг шүтээн мөргөл буюу дээдсын нэр алдараар үр хүүхдээ нэрлэхээс аль болох зайласхиж байх.
5. Монгол хүний нэр нь утга гүн, уяагатай бөгөөд Монгол үгсийн сангаас шилэгдсэн гоё ганган үгнүүд байдаг. Иймээс Монгол хүн болж төрж буйн хувьд сайхан монгол нэртэй байх нь өөртөө итгэх итгэл, Монголоороо бахархах сэтгэлийг буй болгон бусад улс үндэстэний хайр хүндэтгэлийг хүлээж байдаг.
Монголчууд эртээс:
“Дуудах нэрийг эцэг эх нь өгч
Дуурисах нэрийг өөрөө олдог” хэмээн ярьж иржээ. “Дуудах нэр”-ээс гадна “дуурисах нэр”-ээ бодолцож явах нь бас чухал гэдгийг мартаж үл болмой.

Гурав. Мөнх тэнгэрт шүтэж ургийн бичиг хөтлөх ёс
Угийн бичиг хөтөлнө гэдэг нь данс хөтлөхийн нэр биш, харин цэвэр удмаа хамгаалж үлдэхийн утга юм.
Шинжлэх ухааны доктор, профессор, гэр бүл судлаач Т.Намжил:
“Нэг удамтай ах дүү, төрөл төрөгсдийг хүн бүрээр нь тэмдэглэж, үе улируулан хөтлөхийг угийн буюу удмын бичиг гэдэг.
Энэ нь хүн өөрийн овог удам, ах дүү, төрөл садангаа мэдэхэд тустай. Тиймээс монгол ардын сургаалд: “Угийг нь удмаар, урьтахыг нь хойтохоор”, “Сүх авах хүн онгий нь хардаг. Хүн авах хүн удмыг нь хардаг”, “Угаа мэдэхгүй хүн, усаа мэдэхгүй мал”, “Ухаан орж ургаа таних”, “Удам холдвол ухаан нэмнэ” гэх зэргээр тайлбарлаж иржээ” /Т.Намжил “Монгол гэр бүл-100 зөвлөгөө”/
“Өрх гэрийн хүрээнд өвөг дээдсээс үе үеийнхэнд өвлөгдсөөр ирсэн дараах ёсыг өвлүүлбэл зүйтэйг судалгаанд үндэслэн дэвшүүлж байна. Үүнд:
1. Удам угсаа, Овгоо мэдэж, нэр төрийг нь хамгаалах
2. Угийн бичиг, гэрийн түүхээ эрхэмлэн өвлөх
3. Гэр бүл “төрөл-садан-хамаатан”-ы хамтын нөлөөллийг хадгалах, “Ургийн баяр”, “Ах дүүсийн уулзалт” хийж буй уламжлалыг дэмжин өргөжүүлэх” зэрэг гурван зүйлийг онцлон тэмдэглэсэн байдаг юм. /Т.Намжил “Гэр бүлийн боловсрол чухал боллоо” Мөнх-Ану дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг 2006 он/

Монгол улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны яам нь угийн бичиг хөтлөх талд ихээхэн анхаарал тавьж “Угийн бичиг хөтлүүлэх ажлыг зохицуулах зөвлөл” хүртэл байгуулж, 2004 онд “Угийн бичиг хөтлөх зөвлөмж” боловсруулан гарган, 2007 онд Засгийн газрын 257 дугаар тогтоолоор “Угийн бичиг хөтлөх журам”-ыг шинэчлэн батлуулж, Монгол улсын нийт өрхийг Угийн бичиг хөтлөх загвар, гарын авлагаар хангах, сургалт зохион байгуулах зэрэг дорвитой арга хэмжээ авч буй нь ихээхэн сайшаалтай явдал билээ.
Монгол улсын засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 257 дугаар тогтоолоор “Угийн бичиг хөтлөх журам”-ыг шинэчлэн баталж “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг 2008 онд багтаан боловсруулж хэрэгжүүлэх ба шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг оны төсөвт тусган санхүүжүүлэхийг холбогдох яамдад үүрэг болгожээ.
Энд “урийн бичиг хөтлөх журам”-ын гол агуулгыг авч үзье.
Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх Монгол Улсын иргэний үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөх ажээ.

<<Монгол Улсын иргэн бүр “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг баримтлан өөрийн ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоон, үр удамдаа заавал өвлүүлэх үүрэгтэй.
Монгол Улсын иргэн бүр угийн бичгээ үндэслэн аливаа хэлбэрийн төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө тэмцэх явдал нь монгол хүний хөгжилд оруулж байгаа үнэт хувь нэмэр мөн хэмээн үзжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн нийт өрхийн хэмжээнд өрх бүрийг угийн бичиг хөтлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг хүлээхээр тогтоожээ.
Юуны өмнө Монгол айл, өрх бүр угийн бичиг заавал хөтлөх тухай энэ журамд заасан байна.
Өрх бүр эхлээд өөрийн гэр бүл, гэр бүлээс төрсөн хүүхэд, тэдгээрээс удамласан бүх гэр бүлийг хамгийн ахмадаас эхлэн үе удмын буурах дарааллаар, өөрөөсөө дээших үе удмын угийн бичиглэлийг нөхөр, эхнэрээс дээш нь салбарлуулан үе удмын өсөх дарааллыг баримтлан хөтөлнө.
Угийн бичиглэлийг тулган шалгаж, нэгтгэн, үнэн зөв бичих, нэгдсэн байдлаар тогтоосон угийн бичгээ "Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар"-т оруулах, энэ үлгэрчилсэн загварыг төрийн яамнаас гаргах, өрх бүр угийн бичгээ зайлшгүй оруулах мэдээллээр баяжуулан, зураглалын хамт хадгалж, үр удамдаа дамжуулан өвлүүлнэ.
Угийн бичгийг баяжуулах, өвлүүлэх, хэрэглэхэд хоёр зүйл голцлон анхаарна. Үүнд: Өрх бүр үр хүүхдэдээ багаас нь өөрийн гэр бүлийн угийн бичгийг угийн зураглалын хамт таниулан тайлбарлах, зохих мэдлэг олгох үүрэгтэй ба угийн бичигтээ тулгуурлан гэр бүлээ сонгох зарчмыг мөрдөх, үүнд голдуу цус ойртохоос сэргийлж олон зүйлийг бодолцох ёстой ажээ.
Жишээ нь: нэг овог дотроо буюу нэг овгоос салбарласан шинэ овгууд хоорондоо үл гэрлэх, овог ба садан төрлийн хэлхээ холбоогоо тодорхой мэдэхгүй тохилдолд/арван үеэс дээш үл мэдэх/ нутаг ус ойролцоо хүмүүс үл гэрлэх гэх зэрэг болно.
Ургийн бичиг хөтлөхөд өөрийн овгоо мэдэж тогтоох бол хамгийн гол зүйл нь юм. Иймээс тус журмын эхний хэсэгт “ Овог хэрэглэх” хэрэглэх тухай заажээ. Тухайлбал:
Монгол хүн бүхэн бүхэн өөрийн овогтой байж аливаа баримт бичигт эцгийн овгийг хэрэглэнэ. Гэр бүл болох тохиолдолд эцэг, эхийн овгийг адил эрхтэйгээр тооцно.
Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн эцгийн овгийг мэддэг хүмүүс түүнийгээ хэрэглэнэ. Өөрийн эцгийн овгийг мэддэггүй болон бутач, бусдад үрчлэгдсэн хүн эхийн овгийг хэрэглэж болно. Эцэг, эхийнхээ овгийг мэддэггүй хүн дор дурдсанаар овгоо мэдэж хэрэглэнэ:

1. Өөрийн сум, аймгийн болон бусад газрын архивт хадгалагдаж байгаа нутгийн хүн амын бүртгэл, угийн бичиг, хүмүүсийн намтар зэрэг баримтыг судлах;
2. Уугуул нутагт нь хэрэглэдэг овгийн талаар "Овгийн товч намтар"-аас олж тодруулах, тэдгээрээс чухам аль нь өөрийн өвөг дээдсийн болон эцэг, эхийн овог болохыг нутгийн ахмад настан, сайн мэдэх хүнээс лавлан тогтоох;
3. Дээр заасны дагуу овгоо тогтоох боломжгүй бол өөрийн уугуул нутагт байдаг овгоос аль нэгийг үзэмжээрээ сонгон авах.
Тэгээд бас овгоо олж хэрэглэх боломжгүй тохиолдолд зохиомол овог шинээр үүсгэн хэрэглэж болох ажээ. Хэрвээ зохиомол шинэ овог үүсгэх, эсхүл тухайн нутагт байгаа овгоос өөрөө овгоо сонгосон нөхцөлд төрөл садны холбоотой бүх хүн заавал нэгдмэл байдлаар хэрэглэнэ.
Хадамд гарсан эмэгтэй уламжлал ёсоор өөрийн овгийг хэрэглэнэ. Бутач, өргөмөл, хойд эцэгтэй хүүхдийг төрүүлсэн эцэг буюу эхийнх нь овгоор овоглоно.
Монгол Улсын иргэн нь овог хэрэглэсэнтэй холбогдуулан иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэр бүлийн бүртгэл, улсын хэмжээний хүн амын тооллого, бүртгэлийн маягт зэрэг баримт бичигт гурван нэр (овог, эцгийн нэр, өөрийн нэр)-ийг хэрэглэнэ>> /Монгол улсын засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 257 дугаар тогтоол “Угийн бичиг хөтлөх журам”/.

Энэхүү “Угийн бичиг хөтлөх журам” нь үндэс угсаагаа хамгаалж үлдээх тухай өндөр ач холбогдолтой баримт бичиг болжээ. Гэхдээ бас дутуу зүйл их буй, жишээ нь гадаадын иргэнтэй сууж болох эсэх, хэрвээ суувал хэний овог, ёс заншлыг дагах талаар огт дурдаагүй байна. Монголын хүн ам бол улаан номд бичигдэхээр цөөн тул улсаас тусгай хуулиар зохицуулах хэрэгтэй гэж бодож байна.
Гадаадын хүнтэй гэр бүл болох нь залуу хосуудын өөрсдийн шийдэх мэдлийн асуудал огт биш, эцэг эхчүүдийн ч гэсэн энэ асуудалд шийдвэр гаргах эрх байхгүй. Заавал бүх омог овгийн хүрээ хэмжээнд нухцай ярилцан шийдвэр гаргасан байх учиртай. Харийн хүн удам угсаанд орж ирэх, цус бохирдох явдал нь зөвхөн дан ганц бие хүн, нэг гэр бүлийн асуудал биш, тухайн омог овгийн нийт гишүүдийн нэр төр, эрхэм зүйл, үндэсний ухамсар сэтгээлгээтэй нь шууд холбогдох маш эмзэг асуудал гэдэгт эртээс анхаарч үр хүүхэдээ багаас нь зөв сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт илүү санаа тавих нь үр дүнтэй арга хэмжээний нэг болох юм.
Дөрөв. Мөнх тэнгэрт шүтэж ургийн баяр хийх ёс
Овгоо мэдэх, ургаа таних, угийн бичгээ хөтлөх, ёс заншлаа өвөлж уламжлах, хэвшүүлэхэд “Ургийн баяр” чухал үүрэгтэй.
Ургийн баяр хийх чиглэл, агуулгын талаар Монгол улсын арслан Л.Сосорбарам нэг сонинд өгсөн ярилцлагадаа:
“1999 онд би нэг ургийн уулзалт зохион байгуулсан юм. 60 гаран айлын халуун ам бүлүүд цугласан. Хүмүүс ургийн баяр гэхээр цуглаад идсэн ууснаа л яриад байдаг. Би арай өөр маягаар хийе гэж бодоод нэг жижигхэн товхимол гаргалаа. Тэр номонд эцэг эхийнхээ намтар түүх, амьдарч байсан арга барил, туршлага, өөрсдийн намтар, ажил төрөл, зураг хөрөг, ургийн уулзалт хийх болсон зорилго, ач холбогдол, хойшид юуг жигшиж, юуг дээдэлж явбал зохих гээд олон зүйлийг багтаасан. Мөн өөрийн мэдэх 5 үеийн ургийн бичгээ хөтлөөд үүнээс цаашихыг та нар хөтлөөрэй гээд залуучууддаа өгсөн” /“Сонин.мн” 2009.06.10/ хэмээн өгүүлсэн нь үлгэр жишээ болохоор ургийн найр юм.

МУБИС-ийн ахмад багш Ц.Ядамжав нэг нийтлэлдээ:
“Баян-Өлгий аймагт амьдарч байсан урианхайн хар хуурчид овгийн Будын Мажиг, эхнэр Р.Дэгдээмээ нар 1891 онд төрсөн чацуутан. Тэд 1912 онд гал голомтоо бадраан ханилж, 1913 онд ууган хүүхэд Хорлоог, 1938 онд отгон хүү Санжаагаа төрүүлжээ. Тэдний үр ач нь дэлгэрэн дэлгэрсээр 2008 он хүртэлх 85 жилд 612 хүн хорвоод мэндэлсний 540 нь одоо энх тунх сайхан амьдарч байна. Б.Мажиг, Р.Дэгдээмээ нар Монголын жирийн нэг малчин, дууч хуурч, 25 хүүхдийн эцэг эх юм” гээд “Б.Мажиг гуайн удмынхан 1995 онд ургийн баяр хийхэд 250 гаруй хүн оролцсон гэдэг. Ингэж л ураг удмаа бүртгэн мэдэж, алдар цуутныхаа үүх түүхээр бахархаж, шинэ түүхээ бичиж цэгцлэн, уулзаж учирч, ургийн баяр хийж байвал удмын цус цэвэр, улс орны хүн амын тоо бүртгэл ч тодорхой болж, ураг төрлийн хэлхээ холбоо бэхжихэд тустай. Хүн амынхаа талаар төрийн ой тогтоомжоос илүүтэй төрлийн ой тогтоомжийн дархлааг эхлээд бий болгох цаг болжээ” /Ц.Ядамжав “Уран зурагт мөнхөрсөн хос” Өнөөдөр сонин 2008.03.05/ гэсэн байдаг.
Тав. Мөнх тэнгэрт шүтэж үр удмаа нэмэх ёс
Энэ тухай “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан байна.
2008 онд батлагдан хэрэгжиж буй “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д “Гэр бүлийн хөгжил, хүн ам зүйн бодлого”-ыг тодорхойлохдоо:
“Гэр бүл бат бэх байх, үр хүүхэд аюулгүй орчинд эрүүл өсөж хөгжих, уламжлалт ёс заншлаа хүндлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, авьяасаа хөгжүүлэх, сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, хувь заяандаа эзэн иргэн болж төлөвших нөхцөлийг бүрдүүлж, хүн амаа өсгөх бодлого баримтална” гэсэн байдаг ба үүндээ тодорхой зорилтууд дэвшүүлэн тавьсан байдаг.
Стратегийн зорилт 1, 2, 4-д тусгагдан орсон буюу Мөнх тэнгэрийн 13 цааз ёсны “гэрийн хэлхээ үл эвдэх” хэмээн бүлэгтэй шууд холбоотой хэсгийг жагсан бичвэл:
1. Гэр бүлийг уламжлалт соёл, ёс заншлын өвийг хадгалан хөгжүүлэх орчин болгох;
2. Өрх бүр угийн бичгээ хөтөлж, удамшлын доголдол, оюун ухааны хомсдолоос хамгаалах бодлого хэрэгжүүлэх.
3. Хүүхдийг бие бялдар, эрүүл мэнд, оюун ухаан, сэтгэцийн зөв хөгжилтэй, үндэсний хэл, сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлэхэд эцэг, эх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын байгууллагын үүргийг өндөржүүлэх.
4. Өсвөр үе, залуучуудад ардчилсан, эх оронч үзэл, үндэсний уламжлал, хэл соёл, зан заншлыг төлөвшүүлэх зэрэг болно.
Харин Стратегийн зорилт 3 бол хүн амаа өсгөх бодлого болох бөгөөд нэлээд нухацтай бодьтой агуулга орсон баримт бичиг тул энд бүрэн эхээр нь оруулав:
“Стратегийн зорилт 3. Эцэг, эх үр хүүхдээ эрүүл, саруул өсгөн бойжуулж, боловсрол хүмүүжлийн зөв төлөвшилтэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн гэр бүлийн таатай орчныг бүрдүүлэхийг төрөөс дэмжинэ. Төрөлтийг дэмжих замаар хүн амын жилийн дундаж өсөлтийг нэмэгдүүлж, улмаар хүн амаа өсгөх бодлого баримтална:

• эхийн эрүүл мэндийг жирэмслэлтийн эхэн үеэс хамгаалах, ургийн бойжилтыг оношлох, хянах, хүүхдийг нэг нас хүртэлх хугацаанд шаардлагатай тохиолдолд нэмэлт тусгай хоол, хүнсээр үнэ төлбөргүй хангадаг үндэсний жишиг боловсруулан тогтоож хэрэгжүүлэх;
• амаржсан эхчүүдийн хүүхэд асарсны тэтгэмжийг сарын дундаж цалингаас багагүй байлгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан төлөх;
• 0-18 насны дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй гэр бүлийн эх /эцэг/-д олгох цалингийн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын урамшууллын тогтолцоог хуульчлан хэрэгжүүлэх;
• 0-18 насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг орон сууцны байраар хөнгөлөлттэй үнээр хангах бодлого хэрэгжүүлэх” /“Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” Улаанбаатар, 2008 онд батлагдсан/ гэсэн байдаг нь маш чухал бодлогын шинжтэй дорвитой арга хэмжээ болсон бөгөөд Монголын төр энэ асуудлыг цаашдаа улам боловсронгуй болгож, бүр илүү ихийг хийх шаардлагатай билээ.

Монголын нөлөө бүхий нэрт гурван эрдэмтэн Мөнх тэнгэрт шүтэж үр удмаа нэмэх ёсны талаар санаашран өгүүлсэн нэгэн нийтлэлээс иш татан өгүүлье:
“Аливаа улс орны хөгжил дэвшлийн цар далайц, чадамж боломж нь юуны өмнө хүн амынх нь тооноос хамаардаг билээ. Хүн ам бол нэг талаар хэрэглэгч, нөгөө талаар, баялгийг бүтээгчид юм. Тийм болохоор улс орон бүр өөрийн онцлогт тохирсон хүн ам зүйн бодлоготой байдаг нь зайлшгүй шаардлагатай зүй тогтол мөн.
Монгол Улсын төр, засгаас 1950-иад оноос эхлэн хүн зоноо эрүүлжүүлэх, өсгөхөд чиглэсэн нийгмийн болон хүн ам зүйн бодлого хэрэгжүүлж ирсний ачаар нэгэн үед ихээхэн үр дүнд хүрсэн байлаа. 1960-аад оноос 1990 он хүртэлх 30-аад жилд хүн амын жилийн дундаж өсөлт тогтмол 2.5-2.9 хувь болж, хүн амын тоо 2.2 дахин нэмэгдсэн бөгөөд үүнийг хүн ам зүйн “алтан үе” гэж томъёолж болох юм. Манай улсын хоёр сая дахь иргэн Дархан хотноо 1988 оны VII сард мэндэлсэн билээ.

Монгол Улс 1990 оноос хойших арван таван жилд хүн ам зүйн бодлогогүй явж ирсэн нь манай нийгэмд нэн таагүй үр дагаврыг бий болгожээ. Тухайлбал, 1000 хүнд ногдох хүүхдийн төрөлт бараг хоёр дахин цөөрч, хүн амын жилийн дундаж өсөлт 1.1 хувь болтлоо буурсан байна. 1989 оны үед жилдээ 73,593 хүүхэд төрж, хүн амын цэвэр өсөлт жилд 56,593 хүн байсан бол 2005 оны байдлаар 45,326 хүүхэд төрснөөс үзэхэд хүн амын жилийн өсөлт 28,846 хүн болж, даруй хоёр дахин багасжээ. Манайд хүүхдийн төрөлт, хүн амын өсөлт 1991 оноос эхлэн багассан бөгөөд эдүгээ хүртэл үргэлжилсээр байна.
Манай орны хүн ам зүйн ийм байдал цаашдын хөгжил дэвшилд ихээхэн хохирол учруулсан үзэгдэл болж байгаа бөгөөд Монголын хүн амын жилийн дундаж өсөлт байнга буурсаар 50-иад жилийн өмнөх түвшинд хүртэл доошиллоо. Цаашид энэ байдлаар үргэлжилбэл хүн ам өсөлтгүй болох аюул нүүрлэхэд ойрхон байна.
Гурван саяас доош хүн амтай үндэстэн устаж үгүй болоход дөхүүтэй байдаг гэж зарим судлаач үздэг. Монголын хувьд тийм золгүй явдал тохиохгүй хэмээн залбирнам. Гэхдээ манай улсын хүн амын өсөлтийн саарал, хүн ам зүйн таагүй байдал, энэ талаар тогтсон даацтай бодлого дутмаг байгаа зэрэг нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд хүрч болзошгүй байна.
Хүн ам зүйн хувьд нэн таагүй гарз хохирол бий болоход шилжилтийн хэмээх арваад жилд тохиосон эдийн засгийн уналт, хүн ардын амьжиргааны бэрхшээл нөлөөлсөн нь мэдээжийн хэрэг боловч, манай орны хүн амын өсөлтийн хурдац хоёр дахин буурахад шууд хамааралтай, хамгийн гол ноцтой нэгэн үйлдэл нь эмэгтэйчүүдийн үр хөндөлтийг чөлөөтэй болгосон явдал гэж үзэхээс өөр аргагүй.

Монгол Улсын хувьд хөгжил дэвшлийн урт хугацааны хөтөлбөрт хүн ам зүйн асуудал ёс төдий тусгалаа олсон байх нь хангалтгүй, харин бүх нийтийн анхаарал эрмэлзлийг татсан нилээн хүчтэй тунхаглал, тууштай бодлого болгож тавихын зэрэгцээ төр засгийн зүгээс бодит үр дүнтэй хөшүүрэг болохуйц тодорхой ажил байнга хэрэгжүүлж байх нь зүйтэй байна.
Хүн ам зүйн бодлогын хамгийн гол асуудлын нэг бол 1000 хүнд ноогдох төрөлтийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, төрсөн хүүхдийг энх тунх өсгөх явдал юм. Хэрэв ойрын 15 жилд хүн амын жилийн дундаж өсөлтийг өнөөгийнхөөс бага зэрэг ахиулж, 1.4 хувь байхаар тооцож үзвэл, хүн амын тоо 2010 онд 2 сая 768.0 мянга, 2021 онд 3 сая 220.0 мянга орчимд хүрэх тооцоо гарч байгаа юм. Гагцхүү хамгийн өндөр өсөлттэй байсан 1970-1980 оны хооронд төрсөн эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх идэвхтэй насны үе өнгөрч, хүүхдийн төрөлт ихээхэн цөөрсөн 1990-ээд онд төрсөн эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх насны үе нь 2010-аад оны сүүлийн хагаст тохиох тул 2015 оны үеэс хүн амын өсөлтөд таагүй нөлөөтэй хүчин зүйл болно гэдгийг бас бодолцохгүй бол болохгүй ээ.
Хүн ам зүйн бодлоготой холбогдуулж Монгол Улсын Төрөөс баталсан баримт бичгүүдэд, тухайлбал: “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-д “Хүн амын тогтвортой өсөлтийг хангах”, мөн “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д « Монгол хүний удмын сан, эрүүл мэнд, хүн амын тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн төрийн иж бүрэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх» гэх мэтийн заалтууд байгаа боловч эдүгээ хүн ам зүйн байдалд ахиц гарахгүй, улам муудсаар байгаа нь анхаарал татаж байна”. /Академич Т.Намжил, Л.Лхагва, доктор, профессор Н.Содномдорж “2005 онд гурван сая иргэнтэй болох байсан боломжийг бид алдсан” “Өнөөдөр” сонин 2007-03-24/
Монголчууд Мөнх тэнгэрээс заяатай, тэнгэрийн удмыг тасалж үл болмой. Монголын үрс маш олон болж Мөнх тэнгэрт ивээгдэж байх болтугай.

Ном зүй:
1. "Монголын нууц товчоо" 1240 он
2. Сайнжаргал, Шаралдай “Алтан ордны тайлга тахилага” ӨМ 1983 он
3. “Алтан бичиг” ӨМ 2003 он
4. Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой" XVII зуун
5. Ё.Саяням “Ураг удмын журам” (товчоолсон лавлах) УБ 2006 он
6. Ё.Саяням “Ургийн бичиг хөтлөх” УБ 2008 он
7. “Соёмбо” сонин Дугаар 1-10110 Ё.Саянямын сэтгүүлч Ц.Мөнхтөртэй хийсэн ярилцлага
8. Ж. Сэржээ “Монголчуудын овгийн лавлах” УБ 1998 он
9. Ж. Сэржээ “Монгол хүний нэрийн толь” УБ 2007 он
10. “Зууны Шуудан” сонин 2008/06/11 Ж.Сэржээ: “Овог нэгтэй хүмүүс гэрлэж болохгүй гэдэг нь эртэдсэн асуудал” ярилцсан нь: Д.Энхбат
11. “Угийн бичиг хөтлөх журам”- Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоол
12. Б.Сумъяабаатар “Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл” ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн 2002 он
13. Т.Намжил “Монгол гэр бүл-100 зөвлөгөө”
14. Т.Намжил “Гэр бүлийн боловсрол чухал боллоо” Мөнх-Ану дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг 2006 он
15. “Сонин.мн” 2009.06.10 Монгол улсын арслан Л.Сосорбарамын ярилцлага
16. Ц.Ядамжав “Уран зурагт мөнхөрсөн хос” Өнөөдөр сонин 2008.03.05
17. “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” Улаанбаатар, 2008 он
18. Академич Т.Намжил, Л.Лхагва, доктор, профессор Н.Содномдорж “2005 онд гурван сая иргэнтэй болох байсан боломжийг бид алдсан” “Өнөөдөр” сонин 2007-03-24

Зохиогч: Доктор, Профессор Г.Гэрэлбаатар

No comments:

Post a Comment