Tuesday, September 21, 2010

Ховсдох нь /2-р хэсэг/

Урьдах нийтлэлдээ Мессингийн номноос түүний өөрийнхөө юу чаддаг тухай, хэрхэн өөрийн бодсоноо хүнээр хийлгэж чадсан тухай өгүүлнэ хэмээн орхисон билээ. Харин одоо энэ бүлгийг та бүхэндээ хүргэж байна.

Миний авьяас чадвар анх ховсдох чадвараа олж нээснээс эхтэй... Хамгийн анх жаахан хүүхэд байхдаа Берлин орох хурдан галт тэрэгний тасалбар шалгагчийг хэрхсэнээ дурссаныг санаж байгаа биздээ. Энэ тухайд телепат үзэгдэл, далдыг мэдэх гэгч огт байхгүй шүү дээ.

Энэ бол ховс, захирамж итгүүлэг юм. Би тасалбаргүй байсан болохоор цаасны тасархайг тасалбар шалгагчид суудлын галт тэрэгний тасалбар мөн гээд итгүүлчихсэн хэрэг.

Бас нэг удаа маш чандлан харгалздаг албаны өрөөнд нэвтрэх үнэмлэхгүйгээр орсон гэж дурссан даа.

Иймэрхүү юм бас нэг удаа болсон юм. Нэг их том албаны хүнтэй уулзаж ярилцах учрал тохиолдсон юм. Ярилцаж дууссаны дараа өнөөх хүн ер нь шогчлоод хэлчихсэн болов уу... ингэлээ л дээ:

-Эрхэм Мессинг гуай Та эндээс гарч чадах уу?

Би танд нэвтрэх үнэмлэхийг чинь эргүүлж өгөхгүй байя л даа гэхэд миний хорхой хөдлөөд ирлээ.

-Энэ цаасны өөдөсгүйгээр үү? Та дурсгал болгож ав л даа. гэхэд өнөөх хүн

-Тэгвэл байзаарай. Би харуулд урьдчилан анхааруулж тушаал өгөөдхөе. Та дургүйцэхгүй биз дээ?

-Хичнээн бол төчнөөн тушаагтун гэж би хэллээ.

Өнөөх хүн харуулын албаны дарга луу залгаж Мессингийг миний гарын үсэг, нэвтрэх бичиггүйгээр гаргаж болохгүй гэж тушаав. Бас миний араас нарийн бичгийн дарга бүсгүйгээ дагалдуулан харгалзуулж, аливаа үйлдэл хийхэд саад бололгүйгээр арван алхмын хойно дагалдаж явах тушаал өглөө.

Хоёр минутын дараа гадаа гарчихаад саяын яриа болж байсан гурван давхрын өрөөний цонх өөд хартал, өнөөх албаны хүнийхээ ажиглаж байгааг мэдэнгүүт гараараа дохиж билээ.

Өнөөх хүн гуай түс хийтэл хөхрөх шиг санагдаж билээ.

Бас улсын банкнаас мөнгө авсан гэдгийг санаж байна уу?

Энд өгүүлсэн жишээнүүд нь ховсын нөлөөгөөр аливаа төгс журамт хүн элдэв муу муухай хэрэг хийж чаддаггүй, өөрийнхөө ёс суртахуун, мөс, хүнлэг сэтгэлд харш үйлдэл хийдэггүй гэдэг баримтлалыг нэг их эргэлзээтэй болгоод байхгүй биз ээ.

Ховсдуулсан хүнд буу цэнэглэж өгөөд /мэдээжээр сумгүй буу/ гудамжаар яваа хүнийг бууд гэж захирамж өгөхөд чадахгүй байсан гэж хаанаас ч билээ уншсан л юм байна.

Тэгвэл ховсдуулсан хүнд гудамжинд яваа хүн биш, харин цэнгээнт тоглоомын газар буй хөдөлгөөнт бай буудаж байна гэсэн захирамж өгч болно шүү дээ...

Мэдээжээр би тэрхүү тасалбар шалгагчид ерөөсөө тасалбаргүй хүнийг суулгаад явах, өөрөөр хэлбэл ажил мэргэжлийнх нь зарчмын эсрэг захирамж өгч чадахгүй байж таараа. Харин энэ цаасны тасархай бол миний тасалбар мөн гэж захирамж өгч болдог юм байна.

Ийм захирамж бол мэргэжлийнх нь үүрэгтэй зөрчилдөхгүй юм л даа.

Яг л үүн шиг тэрхүү албан газрын харуулд би захирамж өгөөд гадны хүнийг тухайлбал Мессингийг нэвтрэх бичиггүйгээр оруулах, гаргах болгож үүргээ зөрчих болгож чадахгүй л дээ. Харин би тэдэнд дөт дөхөм, өдөр бүр орж гарч байдаг нэг том дарга нь болж болно оо доо. Тэд нар даргаа юу гэж л шалгаагаад нэвтрэх бичиг энэ тэр гээд байх аж. Үндсэн үүрэг нь тэрнийг л чөлөөтэй оруулж гаргаж байх явдал байж таараа. Харамсалтай нь ховсдох чадвартай хүн болгон ёс суртахууны хувьд зарчимч байдаг биш ээ.

Европын нэгэн оронд тухайн үедээ нэлээд шуугиан болж байсан нэгэн түүхийг дурдья л даа.

Энэ бол нэлээдгүй гарч байдаг банк дээрэмдэх ажил л даа.

Банкний төмөр авдар байдаг өрөө нь газар доор байрладаг байж. Түүнд нэвтрэх цорын ганц үүд нь харуулын байран дундуур дамждаг юм гэнэ. Энд нь өнжин хонон харуул сахиастай байдаг гэнэ. Харуулд гараагүй хамгаалагчид нь тэрхэн зууртаа амарцгааж байдаг юм байж.

Нэг орой банк хаасны дараа мөнгөний нярав нар авдраа лацдаж жин тан болгоод л тарцгааж. Ингэж хааснаас хойш энд нэвтэрсэн цорын ганц хүн нь шал зүлгэдэг, давжаа өвгөн байж. Өвгөн эхлээд харуулын байрыг, дараа нь мөнгөний авдрын өрөөг зүлгэж дуусчихаад заншсанаараа өөрийн зүлгүүрийн тосны хайрцган дээрээ суучихаад тамхиа уугиулж байгаад л яваад өгч. Өглөө нь мөнгөний авдрууд задгай хоосон байх нь тэр.

Шал зүлгэдэг өвгөнийг хардах санаа ер төрсөнгүй. Гагцхүү мань өвгөн нууцаар хил давах гэж байгаад баригдаж. Харин тэр өөрөө дээрэмчин биш шүү. Зөвхөн л уул хэргээс хоёр хоногийн өмнө өвгөн дээр нэг залуу ирж ихээхэн мөнгө амлаад, та сэмхэн хил давбал өгнө гэжээ. Өвгөн тэгье гэж.

Тэгээд хоёр хоног дараалан тэр мөнгөний авдар байгаа өрөөний шалыг зүлгэсэн юмсанж. Тэгээд эхний өдөр нь орчноо судлах, байдлыг тандах ажил хийж байгаад өнөөх олон хамгаалагчдын дунд л байгаад байж. Хажуугаар нь ч харуулынхан ч байж, тэгсэн хэрнээ л явуулаад байж. Хожим магадлахад тэр хүн өвгөнтэй огт төсгүй байсан боловч цөмөөрөө л өвгөнийг байна гэж санацгаагаад байж л дээ.

Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

Үүнийг би дээр өгүүлсэн түргэн зуурын захирамж өгөх аргаар л тайлбарлах гэж байна. Муу сэтгэлтэн, гэмт хэрэгтэн боловч ховсыг өөрийн зорилгодоо ашиглаж болж байна биш үү?

Тэр этгээд мөнгөтэй төмөр авдар руу гадны хүн оруулж болно гэж харуулд итгүүлэн үнэмшүүлж чадахгүй. Энэ нь харуулынхны үүрэгтэй харшилна гэдэгт би дахин бас итгэж билээ. Харин та нарын өмнө танайхны ямагт харж л байдаг танил хүн, энэ өрөөнд орох эрхтэй хүн байна гэж итгүүлэхэд хялбар байгаа л даа. Тэгээд ч дээрэмчин ингэж хялбархан амжуулсан хэрэг.



Үргэлжлэл бий...

/Дараагийн хэсэгт уламжлалт ардын эмнэлэг болон ховсыг анагаах ухаанд ашиглах талаар, мөн гипнопеди буюу гипнозыг ашиглан аливааг сурч болох тухай бичнэ ээ... /



Мэдээллийн эх сурвалж: Вольф Мессинг - "Би далдыг мэддэг"

Орчуулсан: Д.Төмөртогоо

No comments:

Post a Comment