Sunday, September 26, 2010

Үзэгдэх орчноороо битгий сэтгээч…

…Худгийн мэлхий, нуурын мэлхий хоёр уулзажээ гэж эхэлдэг билүү дээ. Нэг жижигхэн сургамжит өгүүллэг байдаг шиг санагдаж байна. Тэр өгүүллэг дээр нуурын мэлхий өөрийнхөө амьдардаг нуурын тухай нөгөө худгийн мэлхийдээ ярьж л дээ. Гэтэл худгийн мэлхий түүний яриад байгаа нуур гэдэг зүйлийг үнэхээр тийм их устай гэдэгт итгэсэнгүй. Түүгээрч зогсохгүй нуурын мэлхийн ярьж буй болгонд эргэлзэж, өөрт таалагдаагүй болгоныг үгүйсгэжээ. Учир нь худгийн мэлхий худгаасаа огт гарч үзээгүй бөгөөд өөрийгөө хамгийн их усанд амьдардаг мэлхий гэж итгэдэг аж. Энэ өгүүллэг цаашаа яаж үргэлжилдэгийг санахгүй байна. Гэхдээ энэ өгүүллэгийн энэ хэсгээс би юу ойлгож авсан бэ гэвэл “ үзэгдэх орчноороо сэтгэх нь өрөөсгөл юм байна” гэдгийг сайтар мэдэж авсан.

Цаг хугацаа өнгөрч ажил төрөл хийж, олон олон аавын хүүтэй анд нөхөд аль эсвэл атаат дайсан бололцож явлаа. Энэ хооронд би бас юуг мэдсэн бэ гэвэл “ жижигхэн орчинтой хүмүүс жижигхэн л сэтгэдэг юм байна” гэдгийг ойлгож авсан. Энэ ойлгоц маань дээр дурдсан мэлхийнүүдийн тухай өгүүллэгээс ойлгож авсан ойлгоцыг минь улам л бататгаад байх шиг.
Зуун хувь төгс хүн гэж юу байхав. Цагаа тулхаар бурхад ч тийм төгс биш. Харин хүний амьдралын зам мөр уудам байх тусмаа, хүний сэтгэл уужим байх тусмаа, хүний оюун ухаан саруул байх тусмаа энэ орчлон хорвоо илүү гэрэл гэгээтэй сайхан байдгийг мэдэх үү. Жижигхэн бачим бодолдоо тархиа хүлчихээд явж байгаа хүний харц нь хүртэл сүр сүлдгүй байдаг биз дээ. Тэр тусмаа залуу хүн бидний хувьд өчүүхэн сэтгэхүй шиг хэрэггүй зүйл алга даа. Монгол залуу хүн бидний зүрх дэврүүн, өөдрөг, омголон байх энэ цаг үедээ л бид хийнэ. Тэрнээс хойшхи насандаа бид сайнаар хэлвэл хашир, саараар хэлвэл муу санаатай гэх ангилалд хамаарах тул биднээс нэг их олигтой юм гарахгүйл болов уу. Өнөөдөр бид нар том ярина уу, том хөдөлнө үү бидний эрх. Ийм сэтгэхүй зөвхөн залуу хүнд л байдаг зүйл. Тэр болгоныг нухчин дархыг ородогч, үймүүлэн хорлогч, хорон үгээр амаа билүүдэгч увайгүй, аймхай, арчаагүй зантнууд сөнөтүгэй.

No comments:

Post a Comment