Sunday, September 26, 2010

Ээжийн өвөр

Хотын хамгийн аятайхан цэвэрхэн гэддэг цэцэрлэгт нялх хүүхдээ авч ирсэн залуу бүсгүй, захирал нь бололтой суух нэгэн хүнд хандан:

- Би хүүхдээ танайд өгмөөр байна, миний сонссоноор танай цэцэрлэг хамгийн халамжтай, сайн асаргаатай, бас хүүхдэд юм зааж сургадаг гэсэн. Захирал инээмсэглээд, та зөв сонссон байна. Манай бүх юм таньд таалагдана гэдэгт найдаж байна гэж хэллээ.

Залуу эмэгтэй хүүхдээ түүнд танилцуулаад:

- Тийм л бол сайн байна. Хүүхэд бүр багаасаа юмыг таньж мэдэж байх ёстой гэв. Захирал хүүхдийг нэг харснаа:

- Охин хүүхэд юм шиг байна тийм үү? Аа нас нь нэг хагас юмуу хоёр.

Эмэгтэй:

- Тийм тийм, та яг зөв хэллээ. Одоо ч юм сурах үе дээрээ байгаа, би их завгүй байдаг болохоор дандаа хэлж өгөөд байж чадахгүй юм.

Захирал ширээнийхээ нүднээс хэдэн бичиг гаргаад:

- Бид гэрээгээ улирлаар хийдэг, энэ нь дээр байдаг юм. Та төлбөрөө нэг дор бөөнөөр нь хийгээд гэрээн дэх болзлыг зөвшөөрөх ёстой гэв.

Залуу бүсгүй гэрээг гүйлгэж хараад:

- Мөнгө чухал бишээ, би дор нь шилжүүлчихнэ. Харин хамгийн доор бичигдсэн зүйлийг ойлгосонгүй гэлээ.

Захирал суудлаасаа босч:

- Аан тийм, энэ их чухал гээд. Таны өмсдөг хувцаснаас нэг л байхад болно. Цамц юмуу эсвэл даашинз.

- Цамц уу? гэж эмэгтэй гайхаад, энэ ямар хэрэгтэй юм бэ? гэж асуулаа.

Захирал:

- Тиймээ энэ их хэрэгтэй. Хүүхдүүдийг унтахад үүгээр хучдаг юм л даа. Яг л ээжийнхээ өвөрт байгаа юм шиг байг гэж хэллээ.

No comments:

Post a Comment