Tuesday, September 21, 2010

Нойрсох


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) жил бүрийн 3 сарын 19-нд эрүүл мэнд ба нойрсолтын өдөр болгон тэмдэглэж байхыг уриалдаг. Хөгжингүй орнуудын хүн амын 10-аас дээш хувь нь нойргүйдэлд оржээ. Тэгвэл манай дэлхий дээр амьдарч байгаа 2 хүн тутмын нэг нь нойргүйдэлийн ямар нэг шинж тэмдэгтэй гэдгийг судлаачид олж тогтоосон байна. Сүүн тэжээлтэн амьтад, зарим төрлийн шавьж, загас, шувуунд ажиглагддаг физиологийн үйл явц бол нойрсох үзэгдэл юм. Нойрсож байх үед хүрээлэн байгаа орчинд үзүүлэх хариу урвалын идэвхи буурдаг. Нойрсолтын гол зорилго нь бие махбодийг амраахад оршдог. Нойрсож байх үед тархинд хадгалагдаж байгаа мэдээлэл боловсруулагдаж, эмх цэгцтэй болно. Мөн нойрсолтын үед хүний дархлаа сэргэдэг. Дөнгөж төрсөн хүүхэд хоногт 12-16 цаг, харин насанд хүрсэн хүн хоногт 7-8 цаг унтаж амардаг. Хоногт 8 цаг унтахад тархи, бие махбод хангалттай сайн амарч, сурч хөдөлмөрлөх хүчээ сэлбэсэн байдаг. Хэрвээ өдөрт 5-аас бага цаг унтаж байвал энэ нь нойргүйдэлд автагдахын нэг шинж гэж үздэг байна. Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг тул нойрсох үзэгдэл эрдэмтэдийн анхаарлыг ямагт татаж иржээ. Хүн унтаж байх үед махбодид нь ямар өөрчлөлт явагдаж байгааг лабораторийн нөхцөлд эрдэмтэд судалжээ. Шөнө унтаж байгаа хүний нүд эрс хурдан хөдөлгөөн хийдэг байна. Энэ үед хүн зүүдэлдэг гэдгийг ч тогтоожээ. Нойрсолтын бусад үед нүд хөдөлгөөнгүй болж ирдэг. Энэ үед хүн зүүдлээгүй байдаг.Сэргэг байгаа хүн нойрсох үед бие махбодийн идэвхижилт буурч аажимаар зүүрмэглэдэг. Энэ үед хүний булчин огцом хөдлөх бөгөөд дахин сэргэх боломж гарч ирнэ. Нойрсож байх үед 70 аас 90 минутын давтамжтайгаар нүд хурдан хөдөлгөөн хийдэг. Бүхэл шөнийн дотор хүний нүд 4-6 удаа хурдан хөдөлгөөн хийдэг. Өөрөөр хэлбэл 4-6 удаа зүүдэлдэг гэсэн үг. Гэхдээ нэг шөнийн дотор хэдэн удаа зүүдлэх нь нойрсолтын үргэлжилэх хугацаа, мөн хүний өөрийн давтагдашгүй онцлогоос хамаарна. Нойрсох үеийн эхний зүүд ойролцоогоор 10 минут үргэлжилдэг. Харин сүүлийн зүүд 20-35 минут орчим үргэлжилнэ. Нойрсож байх үеийн 20 хувийг зүүд эзэлдэг. Гэхдээ хүн сэрээд зүүднийхээ ихэнхи хэсгийг огт санадаггүй. Оройн хоолоо 7 цагаас хойш идэхгүй байх, мөн далайн давстай усанд хэсэг хугацаанд тайван хэвтэж амрах зэрэг нь бат бөх сайн нойрсоход эерэг нөлөө үзүүлдэг. Хэт шөнө орой болсон хойно өлсвөл гадил жимс, жигнэмэг, тараг, самар идэхийг эмч нар зөвлөдөг. Харин унтахын өмнө шоколад, элсэн чихэр, хэт их давстай хоол, бяслаг, өргөст хэмх идэхээс татгалзах хэрэгтэй.

No comments:

Post a Comment