Sunday, September 26, 2010

Vнэр

Би тушаал дэвшиж хэлтсийн ахлах мэргэжилтэн боллоо. Чухам энэ суудлын тєлєє яаж гvрийсэн гээч. Таван жил даргын дэргэд нэг ч удаа архи амсаагvй.Ажилдаа ганц хором ч хожимдож vзээгvй. Хэлтэст тавын таван зэгзгэр амьтан байгаа хэр нь нэг ч удаа гэр бvлийн асуудалд орооцолдолгvй явж иржээ. Дэвшсэний маргааш бичээч Должингийн хvv гэрлэж, хамт олон цайллаганд уригдлаа. Орлогч дарга надад дэвшсэний тєлєє урмын vг хайрлаад,
-Болд оо, хvv минь ахлах болсон юм байна, нэг татчих хэмээн догиов. Би дотроо “Даргын дэргэд хальт гишгvvлэх нь. Тэгдэг байх аа” гэж муу санааллаа.
Манайхан надаас илт эмээх болсон нь мэдрэгдэж, єєдрєг сайхан байсаар хэд хонолоо. Нэг єглєє миний хар багын найз Лутхvv шил “Чингис” тэвэрчихсэн халамцуу орж ирлээ. Манай ангиас баян цатгалан гайгvй яваа цорын ганцхан хvн. Энэ жил нутгаасаа Улсын их хуралд сонгогдсоныг нь зурагтаар харж баярлаж сууснаас биш ингээд ороод ирнэ чинээ санасангvй. Барьц алдав.

-Ма-анай а-а-ажил дээр юм ууж болохгvй журам… гэж би ээрлээ. Хэн нь очоод алтан хошуу єргєчихсєн юм, дарга ороод ирчихсэн ард зогсож байна. “Би ч ингээд єнгєрлєє. Албан тушаал будаа” гэж бодогдлоо.

-Хvvе Болд оо, чи юу гэх чинь энэ вэ? Зочноо дээш нь суулга гэж дарга ориллоо. Багын найз минь хойморт заларч тэр єдєр манай хэлтсийнхэн бид хоёрын унаган нутаг Баян-Уул сумаар амьсгалав. Би халамцаад, хамт хурдан морь унаж явснаа дурсвал, Лутхvv маань цангинатал гийнгоолж байна. Єдєржин уртын дуу хадааж, хундага тавилгvй сархад хvртэж, хутга тавилгvй мах зооглолоо. Дарга минь:
-Эрхэм гишvvн, манай Болдоо хоёрын буянд хамт олны магнай тэнийв. Хорин жилийн ганд хатсан говьд бороо зvсрэх мэт боллоо гээд нулимсаа арчлаа. Миний ч бас хамрын самсаа шархираад явчихлаа.
-Таван жил ажиллахдаа ийм хамт олонтойгоо мэдээгvй явж гэж хэлэх гэтэл нvдний нулимс бvрхэж, хоймор суух найз, дарга хоёр минь аадар борооноор цонхны цаана суух мэт мэлэлзэн харагдав.

Энэ явдлаас хойш би хорвоог улам єєдрєгєєр харах боллоо. Єглєє єрєє рvvгээ орж ирээд хамт олноо тойруулан харах дэндvv аз жаргалтай санагдаж, бvгдийг нь барьж аваад vнсчихмээр бодогдоно. Тийм нэгэн бал бурам амтагдсан єглєє єнгєрч байтал ахин нэг баяр тохиов. Миний багын бас нэг найз орж ирлээ. Уулзаагvй мєн ч удаж дээ. Хар багын найз Багахvv минь шил ‘Чингис” єврєєсєє зориг муутай цухуйлгаад,
-Дарга даамлууд чинь аашлахгvй байгаа.. энд болох уу гэж байна.
-Хvvе, чи юу гэх чинь энэ вэ гэж би эртvvд дарга яасан яг тvvн шиг ориллоо.

-Манай дарга гэж гvндvvгvй сайхан хvн бий. Даанч хєдєє явчихсан байгаа л даа, маргааш ирнэ гэснээ орлогч санаанд орж, урьж ирvvлэхээр хvн явууллаа. Орлогч гадуур ажилтай байсан тул би хойморт Багахvvтэйгээ заларч найр эхлvvлэв. Багахvv минь нєгєє ангийн нусгай Долзодтой дэр нийлvvлж, гурван зуугаад богтой тов хийтэл амьдарч яваагаа ярьж нутгийн бууц vнэртvvлэхэд нь, хэд хоногийн ємнє манай ангийн Лутхvv ирж гийнгоолсон тухай сонин дуулгалаа. Багахvvгийн нvд нь сэргээд ирлээ. Тэгэлгvй яахав дээ, бид гурав vй зайгvй єссєн юм чинь.
-Лутхvv минь
Ерєнхийлєгчийг дагаад гадаадад яваа. Хэрвээ байгаа бол утас цохиод дуудчихгvй юу гэвэл Багахvvгийн минь нvд бvр гэрэлтэж,
-Би мэдээд байдаг байсан юм аа. Лутаа минь удахгvй Ерєнхийлєгч болно харж л байгаарай гэж байна. Хэлтсийнхэн дахиад л Баян-Уул сумын тухай ярианд автаж, пєєх ямар гоё вэ хэмээн эртvvдийнх шигээ дуу алдацгааж эхэллээ. Хэдэн ч шил архи зєєлгєсєн юм, хэдэн ч уртын дуу дуулоан юм бvv мэд. Нэг ухаан орвол орлогч ирчихсэн орилж байх нь нэг ойртож нэг холдон сонстож байсан юм.

Маргааш єглєє нь vлхийтлээ шартчихсан амьтан сууж байтал хурал хийхээр болоод пижигнээд явчихлаа. Дарга босож, хоолойгоо сvр бадруулан засаад,
-Миний эзгvйд, ажлын байранд архидсан ахлах мэргэжилтэн нєхєр Болдын тухай єнєєдрийн хурлаар авч хэлэлцэнэ гэхэд нь би нугдгасхийтэл цочив. Орлогч архины шилээр дvvргэсэн сагсыг дээр єргєн олонд харуулснаа хамраа чимхээд,
-Ийм юм гэж байх уу? Албан тасалгаанаас ямар муухай vнэр гарч байна гээч? Энэ балиар vнэр сарын дараа ч арилахгvйдэг ээ гээд толгой сэгсрэн шогширч байна. Ингээд ажлын байранд архидалт зохион байгуулан, архины vнэрийг албан тасалгаагаар нэг тархааж, байгууллагын нэр тєрийг гутаасан миний бие хатуу донгодуулж, ахлах мэргэжилтний суудал дээрээсээ арай л ховх шидvvлсэнгvй хоцорлоо. Ингэж л би Эрхэм гишvvний уусан архи vнэртдэггvй, энгvvн ардынх бол албан тасалгааг нэгширтэл vнэртдэг болохыг хэзээ ч мартахгvйгээр ойлгож авсан хvн дээ.

No comments:

Post a Comment