Monday, September 27, 2010

МӨНХ ТЭНГЭРИЙН АРВАН ГУРВАН ЦААЗ ЁС ОРШВОЙ

Шилдэг үндэстэн хэмээх Еврэйчуудад 10 цааз гэж буй, энэ цаазыг МЭӨ XIII зуунд Еврэйн удирдагч Мошехэд/Mosheh/ Яхве/JHWH/ бурханаас нь олгосон гэж үздэг. Хожим нь үүсч дэлгэрсэн Христосын шашин ба түүний гол урасгал чиглэлүүд /Үнэн алдартны шашин- Orthodox, Roman Католик- Catholic, Протестант- Protestant (except Lutheran)/ихэвчлэн энэ 10 цаазыг хуулж авсан байдаг билээ.
Харин буддын шашинд 10 хар нүглийг тэвчих, 10 цагаан буяныг дэлгэрүүлэх тухай сургаалиас эхлээд лам хүний 250, чавганц хүний 348 хүртэл цээр хоригтой байдгыг Монголчууд бид сайн мэддэг бөлгөө. Монголчууд Хублай хааны үеэс Буддын шашныг судалж “10 буянт номын цагаан түүх” нэртэй номыг бичиж хоёр ёсны дөрвөн төрийг тайлбарласан нь буй.
Тэгвэл Күнзийн сургаалд 3 хэлхээ, 5 үүрдийг номлох ба энэ тухай “Эрдэнийн товч” Саган сэцэн 1662 он/-ын төгсгөл дэх “Ертөнцийн амьтан” хэмээх шүлэгт:
“Эзэн түшмэл өршөөл журмаар явмой
Эцэг хөвгүүн элбэрэл ба тахимдалын ёс буй
Эр эм итгэмжлэн найрамдал нягт буй
Үүнийг 3 товч 5 ашид хэмээмой” гэж монгол хэлнээ орчуулан тайлбарласан байдаг. Энэ тухай бас өөр нэг монгол сурвалжид “эзэн сайдын журам, эцэг хөвгүүний амраг, эр эмийн ялгаварт, эднийг 3 хэлхээ, өршөөл, журам, ёслол, мэргэн, бат эднийг 5 үүрд” хэмээн тэмдэглэжээ.
Ислмын шашныг шүтэгч Мусульман хүний эрхэмлэг таван гол зүйл байдаг. Тухайлбал: чин сүсэг буюу Аллах ба Мухаммедэд үнэнч байх, өдөр болгон таван удаа мөргөл үйлдэх, жил бүр 1 сар мацаг барих, жил тутам орлогынхоо боломжоор өглөг өргөх, амьдралдаа ядаж ганц удаа Мекка дахь шүтээний төв -хажжд мөргөх явдал юм. Мусульманчууд үхэр, гахайн мах идэх, архи дарс уухыг цээрлэх ба садар самууныг үзэн яддаг үндэстэн гэх.
Тэгвэл Монголчууд чухам ямар цааз ёстой байсан бол хэмээн Монгол хүн болж төрсний хувьд таны уураг тархинд асуултын тэмдэг тавигдаж буй гэдэгт миний бие итгэлтэй байна.
Энэ асуултанд хариулт өгөхийн төлөө бид судалгаа шинжилгээний үр дүнгээсээ зарим зүйлийг толилуулахыг энд зорьж байна.
Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа:
“Учрыг ухах саруул ухаантай хүнд сургаал хэрэгтэй
Үнэнийг баригч шудраг хүнд сургаал хэрэгтэй
Очирдарь палмын зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй
Олон эзэд ноёдыг хүндлэгч хүнд сургаал хэрэгтэй
Олон нөхөдтэй таарагч хүнд сургаал хэрэгтэй
Үхэх өвдөхүйн зовлонг санаж айгч хүнд сургаал хэрэгтэй
Үлэмж дээдийн номыг эдлэгч хүнд сургаал хэрэгтэй” /Ц.Дамдинсүрэн ”Монгол уран зохиолын дээж зуун билэг оршвой”/ хэмээн хэлсэнчлэн 1240 онд зохиогдсон “Монголын нууц товчоо”/ цаашид “МНТ” гэж товчлох/ сурвалжаас эхлэн 1990-ээд оноос хэвлэгдэх болсон “Ил товчоо” сонин/Эрхлэгч Г.Аким/ -г хэвлэх хүртэл маш олон эрдэмтэд цолгорон гарч асар олон ном зохиолыг бичиж үр хүүхэд болсон бид нартаа үлэмж ихийг зааж сургасан түүхтэй байдаг билээ.
Тэгвэл бид энэ их оюуны өв сангаас чухам юуг нь өвөлж авах бэ гэдэг бол асуудлын гол нь байгаа юм. Мэдээж тэр бол цэвэр монгол ухаан буюу монгол хүний оюун ухаанаар бүтсэн давтагдашгүй, гайхамшигт оюуны үнэт зүйл, сэтгэлгээний их өв хөрөнгө болох нь тодорхой юм.
Тийм ээ, Энэ бол мөнх тэнгэрт тулгуурласан Чингис хаанаар төлөөлүүлсэн XIII зууны Монголчуудын боловсруулж хэрэгжүүлж байсан үзэл номлолын цогц ойлголт буюу Мөнхтэнгэризм болно.
Өнгөрсөнд манай эрдэмтэд энэ чиглэлийг барьсан судалгаа шинжилгээний ажлыг нилээд доривтой хийж ирснийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Тухайлбал, их засаг хуулийн зүйл заалтуудыг бүрэн эхээр нь цуглуулах/В.Я. Рязановский "Чингис хааны их засаг"/, билэг сургаалуудыг түүвэрлэн эмхэтгэх/Г.Намжил”Чингис хааны засаг ба билэг” 1989 он/ талаар чамгүй их ажил хийгджээ. Бид энэхүү гаргасан амжилт бүтээл дээрээ тулгуурлан улам нэг алхам шат ахиулан гүнзгийрүүлэх асуудал зайлшгүй урган гарч байна. Тухайлбал гол агуулгыг нь тунгаах, дотоод уялдаа холбоог нь сайжруулах, системчлэх, онолын сэтгэлгээний үүднээс хандах зэрэг явдал юм.
Лувсанданзан “Алтан товч”/1675 он/ -доо:
“Суут богд Чингис хааны үед ухаантан сэцэн мэргэд сэлбэн холбон өгүүлснийг хойтод хууль болтугай хэмээн эдгээ дэвтэрт бичив” хэмээн хэлснийг үндэс болгон тэр хууль чухам юу болохыг дахин тунгаан шүүн үзэж Мөнх тэнгэрийн 13 цааз ёс хэмээн нэрлэж сэргэн бичлээ.

Мөнх тэнгэрийн арван гурван цааз ёс оршвой

Нэг. Мөнх тэнгэрийг бишрэн захаа барин залбирах
Хоёр. Их суу залийн ивээлийг шүтэх: Их суу залийн ивээл гэдэг бол Чингис хааны сүр сүлдэнд даатгах ёсыг хэлдэг.
Гурав. Монголчууд мөнх тэнгэрээс заяагдсан гэх
Дөрөв. Бурхан халдун уулыг өглөө бүр мялаах, өдөр бүр өчих
Тав. Хүн ахтай дээл захтай байх
Үүнд 2 агуулга буй: 1. аливаа юмс үзэгдлийн эмх цэгц, дэг журам 2. улс үндэстэн, хамт олны нэгдсэн удирдлага
Зурга. Алд биеэс ахуй төр, бүтэн биеэс бүрэн улсаа бодох
Үүнд 2 агуулга буй: 1. ахуй төр буюу төр улс 2. бүрэн улс буюу төрийн иргэн
Долоо. Эе эвээ хичээх
Үүнд 2 агуулга буй: 1. улс үндэстний эв нэгдэл 2. хамт олон, найз нөхдийн эе эв
Найм. Зөв сэтгэлтэй байх
Үүнд 3 сэтгэл буй: 1. муу сэтгэвээс тэнгэрт үл таалагдах 2. ганц сэтгэл 3. бөх сэтгэл
Ёс. Билэг эрдмийг дээдлэх
Үүнд 3 зүйл буй: 1. билэг 2. эрдэм 3. сэцэн
Арав. Гэрийн хэлхээгээ үл эвдэх
Үүнийг 3 харийг тэвчих гэх: 1. харь хүнтэй үл гэрлэх 2. харь соёлд үл автах 3. харь шашинд үл орох
Арван нэг. Нуган үр нутгаа харах
Үүнд 3 агуулга буй:1. гал голомтоо бадраах 2. нутаг усаа манах 3. хэл соёлоо хадгалах
Арван хоёр. Өгүүлснээ үл удрах/мартах/
Үүнд 2 агуулга буй: 1. хэлсэндээ хүрэх 2. андгай тангаргаа сахих
Арван гурав. Өнгө дарсыг үл хэтрүүлэх
Үүнийг 2 шуналыг тэвчих гэх: 1. садар самууныг огоорох 2. архи дарсыг үл хэтрүүлэх

ГОЛ ЭШ БОЛГОСОН СУРВАЛЖ ЗОХИОЛУУД:

1. “Монголын нууц товчоо” ӨМ 1980 Баяр
2. “Хаадын үндсэн хураангуй Алтан товч” 1625 он
3. Лувсанданзан “Алтан товч” /1675 он/Хөх хот.1984 он
4. Мэргэн гэгээний “Их Монгол улсын үндэсний алтан товч” 1765
5. Алтан ордны тайлга, Эмх: Сайнжаргал, Шаралдай, ӨМ1983 он.
6. Арван буянт номын цагаан тvvх. Эмх: Лиу Жин Суа, ӨМ1981 он.
7. Ширээт гүүш Зарудын гэлэн Чойжамц “Алтан хvрдэн мянган хэгээст”. ӨМ 1987 он.
8. Саган Сэцэн “Эрдэнийн товч” Хөх хот. 1986 он.
9. Раши Пунцаг “Болор эрих” хөх хот 1985
10. Гомбожав “Гангийн урсгал” Х?х хот.1984
11. Инжинаш В. “Хєх судар” Бээжин.1991 он
12. Лувсанчойдон “Монгол зан ааийн үйлвэр” 1918 он
13. “Бурхан халдун хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол дээр Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үг.”
14. Рашид ад Дин “Судрын чуулган”
15. “Чингисийн есөн өрлөг өнчин хөвгүүнтэй сэцэлсэн шастир”
16. “Оюун түлхүүр нэрт судар оршивай”
17. Ц.Дамдинсүрэн ”Монгол уран зохиолын дээж зуун билэг оршвой”
18. Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа “Сэтгэлийг амраагч хэмээгдэх сургаал шүлэг”
19. “Хожин нэрт дэвтэр”, “Гүн сүүний цацлын судар”, “Голомтын өчиг” зэрэг гал тахилгын судрууд
20. “Их засаг”, “Алтан хааны цааз”, “Цааз эрхмжийн бичиг”, “Ойрд цааз”, “Халх журам”, “Хууль зүйлийн бичиг” зэрэг хууль цаазын сурвалжууд
21. Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн номын санд хадгалагдаж буй “Хаан хүний 35 эрдэм хэмээх сургаал шүлэг” /Гар бичмэл/
22. “Алтан гэрэгээ”/Днепр мөрний ойролцоогоос 1845 онд олдож, эдүгээ ОХУ-ын Сантпетербург хотын Петр хааны цуглуулга музейд хадгалагдаж буй/

No comments:

Post a Comment