Monday, September 27, 2010

Шидтэн гэж хэн бэ?

Урьдын цагт үлгэр домог мэт байгаад сүүлийн үед ялангуяа ХХ зуунд орон оронд сонирхон судалж, энэ дэлхий ертөнцийн хүн зоны эрт эдүгээгийн амьдрал одоо ч өөр хоорондоо сүлэлдэн холбоотой байдаг, гүйцэтгэдэг, мэдэрдэг "ид шидтэн" нь амьд аж төрж буй эдүгээгийн хүмүүсийн дунд байсаар ирсэн, байсаар байгаа, цаашид ч байхсаар байх нь бүр баталгаатай болохыг шинжлэх ухаан зах зухаас нь тайлбарсаар одоо үүнийг бараг бүх дэлхийгээрээ нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Тэгвэл манай гарагт бидэнтэй мөр зэрэгцэн аж төрөн амьдарч байгаа энэ үй олон хүмүүс дортоор ямар нь "шидтэн" болдог юм бэ? гэвэл далд ухамсар, уураг тархиныхаа нөөцийг ердийн биднээс илүү хэрэглэж, хийбод ертөнцтэй холбогдон харилцаж, тэдний хүчийг өөртөө авч ашиглаж бадах чадвар бүхий тийм хүмүүсийг "ШИДТЭН" хэмээн хүн ард маань нэрлэх болсон ажгуу. Үүний хамгийн гол зүйл бол бие эцэслэж, дэлхийн хөрсөнд уураг биеэ үлдээгээд, хийбод ертөнцөд амьдралаа үргэлжлүүлэн оршдог сүнс хүнд байдаг, энэ бүхнээс бүрэлдсэн "хий ертөнц" манай газар дэлхийтэй залгаа оршин байдаг, тэр нь энэ замбуулингийн бүхий л амьдралтай нэн бат холбоотойг барин тавин нотолж, тэр харилцааныхаа үр дүнг бидэнд үзүүлж, тэрийг нь "ид шид" хэмээх учир нь тайлагдаагүй юмны нэр томъёогоор нэрлэж, мухар сохор ойлголтоор бид өнөөг хүртэл хүлээн авсаар ирсэн нь бодит үнэн болно. Тэгвэл эдүгээ бидний үзэж байгаагаар дээд үеийн Сахиус, Онгодын улаач нь болсон, мөн тэднийг залгамжлах төөрөгтэй бөө, удгад болон хүний оюуны хүч нөөцийг судалсан Бурхан багш болон түүнд хүрэх гэгээрлийн замаар замнан гэгээрсэн Их бурхад, тэднээс салбарлан тодорсон олон Хутагт, Хувилгаад тэднийг залгах заяатай төрсөн гэгээнтнүүд, алин нь болох нь олонд бүрэн тодроогүй дээрх шидтэнгүүдийг залгах заяа учралтай, хий ертөнцтэй ямар нэгэн хэмжээгээр холбоо бүхий, олон чадвар хослосон буюу эсвэл аль нэг чадварыг дагнан эзэмшсэн, бидний хажуугаас нь нэрлэж хэлдгээр жинхэнэ мэргэд, чойжин, гүртэнгүүд, гоц авъяастан, увидастангууд, зөн билгийн "хараа"-тангуудыг "ид шидтэн" хэмээмой. Үүний дээр Бурханы нээлтэд итгэл өгч сахил хүртсэн, түүнд хүрэх замыг туулж чадах тэсвэр, тэвчээр, зориг хатуужил төгс боловсорсон, олон жилийн уйгагүй хөдөлмөрөөрөө өөрөөсөө шунал тачаал, уур хилэнг үүрд огоот холтгож өөрийгөө ариусгаж чадсан гэгээрлийн замаар сэтгэл шулуудсан замнагсад, бясалгагчид ийм "шидтэн" болдог нь бас нотолгоотой болсон зүйл болой. Нөгөө талаар дээшээ дэгдэж чаддаггүй, урьдын хар буруу санаатны газар дээгүүр тэнүүчлэгч хий ертөнц дэх холбоо сүлбээтнүүдээр тэр л чиглэлээр өөрийгөө "чадваржуулагч" хорон санаатай, залилан мэхлэгч, сүйрүүлэгч, ягчис дүртэнгүүд ч элдэв "аюумшигт ид шид"-ийг үзүүлдгийг ялган салгаж мэдэх нь чухал ажааму. Үүнээс хол байх нэгэн гол зүйл нь бүх юманд ЗӨВ, ямагт цэвэр ариун сэтгэлээр хандаж, Тэнгэр, Сахиус, Шүтээн, Бурхадаа сэтгэлээсээ хоромхон зуурч атугаа үл холтгон байх ажээ. Үүнийг Эрхэмсэг Хүмүүсдээ чухалчлан сануулсу гэж энэхүү нийтлэлийг тэрлэв.

No comments:

Post a Comment