Tuesday, September 21, 2010

Ховсдох нь


Эртний Мисир орны тайлгач нар шүтлэгийн үйлдэлдээ ховс хэрэглэж байсан нь олдвор папирусаас нь мэдэгддэг.

Тэр цагаас эхлээд л бүр ХIX зууныг хүртэл ховсыг янз бүрийн шашны зүтгэлтнүүд л хэрэглэж байжээ.

Ховсонд ямар нэгэн үл ойлгогдох, далд нууц юм байгаад байж.

Тэгээд түүнийг овсгоотой хэрэглэснээр далдын хүчинд шүтэх нь улам батждаг байж.

Ховс нь тун олон хэлбэртэй. Бөө онгодоо дуудаж цамнах нь нэг төрлийн өөртөө ховс хийх үйлдэл юм. Удган зайран нар онгодоо дуудсан хойно "шившиж эдгээх" нь энэхүү ховсын үр дүн юм.

XVIII зууны сүүлийн хагаст аж төрж байсан нэрт Месмерийн өнөөх цуут "соронзонт" флюид цацруулах гэгч мөн л ховс. Ховсддог хүний нөлөө, тэр ч байтугай тийм хүний гар хүрсэн эд хүртэл эдгэрүүлэх нөлөө үзүүлдэг. Өнөөх Месмерийн өөрийнх нь заавраар бүтээсэн "соронзонт хуурцаг" хэмээгч металл саваатай бөмбөр шиг юм Лион хотын музейд одоо хадгалагдаж байгаа билээ.

Өвчтөнгүүд энэ саваанаас нь өөр саваагаар хүрч өөрийнхөө илүүдэл "Илүүдэл амин флюид" гээчийг тэдэнд дамжуулдаг юмсанж. Зарим өвчтөн Месмерийн эзгүйд ч хуурцгийн саваанд хүрээд эдгэрдэг байж. Бас л ховс.

Гүн сүсэгтэн хүн "Бурхан минь намайгаа өршөө" гэх мэтийн маанийн үгийг давтан уншсаар байгаад өөрөө ховсонд автдаг. Үүнийг хэдэн зуу, хэдэн мянган удаа уншаад ирэхээрээ аяндаа гипнозод автдаг байна.

Үүндээр нь басхүү бурхан тахилынхаа өмнө өдий төдий мөргөж залбирах үйл нэмэр өгдөг.

Орчин үеийн шинжлэх ухаан ховсыг гурван үед хуваадаг.

Эхний шат: Нойрмог байдал: Энэ шатнаа байгаа хүн тухалж тайвшрахыг хичээх, бүх бие нь хүндрэн улбайх, зовхио даахгүй байгаа мэт болно. Чухамхүү энэ үед л сүм хийдийн уншлага мөргөлийн жигд хэмнэлт үйлдэл нь сүсэгтэн мөргөлчдөд нөлөө үзүүлдэг.

Би сүм дуганд орж мөргөлчдийг ажиж явахдаа энд тэнд чулуун дээр цөмцийж суугаад, эсвэл багана, сахиусанд мөргөн духаараа наалдаад, хэдэн цаг, мөчөөр хөшиж, биеийн эвгүй байрлалд эцэж ядрах юмгүй байсаар байгааг нь үзээд эдгээр хүмүүс лавтайяа ховсын хоёрдугаар шатанд (гипотакси) орсон байна даа гэж санадаг юм.

Энэ шатанд орсон хүний бие зуурмагаар бүтсэн юм шиг болж ямар хэлбэрт оруулж хөшөөнө тэр хэвээрээ тогтдог юм.

Ердийн цагт бол байхын аргагүй гажууд байрлалд мөч биеийг оруулж орхиход элдэв зүдэргээгүй байсаар байдаг юм.

Ховсын гуравдахь шат нь сомнамбулизм.

Энэ шатанд орсон хүн бол засалчийн дуунаас өөр юм мэдрэхээ больж гадаад орчноос гүйцэд салж тусгаарлагддаг.

Ховсдсон үед тухайн хүний бие сэтгэлийг үгээр захирах хүчирхэг хэрэгсэл засалч буюу ховсдогчийн гарт орж ирдэг.

Уул хүн өөрөө хэзээ ч бараг тийм боломж чадахааргүй тийм ноцтой захирах хүчийг ховсдогчийн үг хэл бий болгоно.

Асаасан янжуураар гарыг нь хайрч байхад халахгүй болгож чаддаг хүн олон уу?

Польшийн циркт ийм үзүүлбэр хийж байхыг би маш олон харсан.

Эсвэл ердийн савааны үзүүр хүргэчихээд таныг халуун төмрөөр хайрчихлаа гээд үз. Ховсдуулсан үед нь ингэж хэлээд хүйтэн төмрөөр хайрахад гар дээр нь түлэгдэлт үүсдэг билээ.

Ховсдуулсан архичинд архи жигшүүлэх захирамж өгч байх аж.

Энэ үед нь түүний ходоодыг рентген багажаар би харсан. Тэгэхэд ходоодонд нь юу ч үгүй байхад дотроо байгаа хорт шингэнийг гаргаж хаях гэсэн мэтээр ямар ч эргэлзээгүйгээр агшиж бөөлжүүлж байлаа.

Гэтэл жирийн үед өөрсдөө ингээд ходоодоо агшаах гээд үз дээ.

Ховсдуулсан хүнд

-Таны өмнө хөлдүү мөстэй зайрмагтсан ус тавиастай байна. Гараа дүрээрэй. Гар чинь тэсэхийн аргагүй даарах болно...

Хэдийгээр ус нь нэмэх 45 хэмийн халуун ус байсан ч гар нь бүрзийж дааран, цусны судаснууд нь агшиж ирдэг. Үүнийг элдэв багажийн заалтууд эргэлзээгүй нотолж үзүүлдэг...

Ингэж гарынхаа судсыг агшаах захирамж өгөөд үз дээ. Эсвэл тэлэх гээд үз...

Ховсдуулсан хүмүүс тун олонхдоо алсаас мэдрэх чадвар нь эрс сайжирдаг. Ховсдуулсан хүний тархинд нь гипнозч-засалчийн тархинаас шууд холбоо тогтдог.

Ийм туршилтыг янз бүрийн орны ховсдогчид янз бүрийн үед нэг бус удаа хийж байсан. Чухамдаа энэ үзэгдлээс л телепат-далдыг мэдэх гэгчийг анх удаа мэдэрсэн хэрэг.

Гипнозын үзэгдлийг ерөнхийд нь тайлбарласан гэж үздэг. Үүнийг хүний тархины бөмбөлгийн гадаргууг их бага хэмжээгээр сааталд оруулахад хэргийн учир оршино гэж тайлбарладаг билээ.

Тархины гадаргууг хэсэгчлэн буюу эсвэл бүхэлд нь ердийн ба зохиомол байдлаар сааталд оруулж болдог байна. За ухаандаа зарим хүн хэт айж цочиж хэлгүй болчихдог. Ингэсэн хүн ганц үг хэлж чадахаа больдог. Хэдийгээр өөрөө одоо айх зовох юм ер байхгүй гэж мэдээд байгаа хэрнээ хэл ам нь өөрт захирагдахгүй мэдээгүй болчихоод үг хэлж чаддаггүй.

Тархины чухамхүү үг хэлийг захиран удирдах тэр хэсэгт л саатал үүссэн байна. Үүнийг өөр нэгэн цочроолтоор л үгүй болгож болно.

Ийм хүчирхэг цочроолтыг ховсдогч л өгч чадна. Үүнийг ашиглан хүнийг эмчлэх, эдгэрүүлэх ажлыг олон улс оронд хийдэг юм.

Гэхдээ ховс нь бас л бага судлагдсан байгаа юм. Ховсний олон төрөл хэлбэрийг зөвхөн тархины гадаргуугын саатлын нөлөө гэдэг энгийн тайлбараар аргацааж болохгүй.

За би өөрөө ховсыг яаж хэрэглэдэг, ямар хэлбэрийг нь чаддаг гэдгээ ярья.

/Энэ хэсгийг нь дараагийн удаадаа үргэлжлэл болгон нийтэлнэ ээ/

Нэмэлт материал...

Энд дарж түүний тухай баримтат киног хүлээн авч үзээрэй...

Мэдээллийн эх сурвалж: Вольф Мессинг - "Би далдыг мэддэг"

Орчуулсан: Д.Төмөртогоо

No comments:

Post a Comment