Tuesday, September 21, 2010


Хүндэт найз минь тантай хамт газар сайгүй зугаалан, хүссэнээ хийх боломжийг олгодгийн хувьд өнөөдөр би танд өөрийгөө танилцуулахыг хүслээ. Араг яс бол миний түшиг тулгуур, бие махбодийн тулах баганын үүрэг гүйцэтгэдэг бол би танд хүссэн бүхий л үйл хөдөлгөөн хийхэд тань тусалдаг. Хүн ургамлын адил газрын хөрсөнд хадагдан эсвэл амьтдын адил зөвхөн биологийн хэрэгцээндээ тулгуурласан хязгаарлагдмал хүрээнд амьдрах биш, харин соёл иргэншлийг цогцлуулж, орчлон ертөнцийг нээн, амжилт бүтээлээр түүх бичих ёстой учраас бусад нөхдийнхөө адил би ч гэсэн өндөр хариуцлагатай ажилладаг билээ.
Эрүүл байгаль
Байгаль орчноо хамгаалцгаая.
www.mne.mn
Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа

Миний хамгийн чухал шинж бол шатахуунаар хөдөлдөг техник шиг сахарыг задалж ажилладаг юм. Энэ эсүүдийн маань дотор агшиж сунах чадвартай миофиламент буюу утаслагууд байдаг бөгөөд уг утаслагуудын нөлөөгөөр эс хэлбэр хэмжээгээ өөрчлөн эрчим хүч үүсгэснээр түүнтэй холбогдсон яс буюу эрхтнүүд хөдөлгөөн хийх боломжтой болдог. Таны биеийн зүрхнээс бусад эрхтэн, араг яс нь бие даан үйлдэл хийх чадваргүй бөгөөд ямар нэг булчинтай хамтарсны дүнд хөдөлгөөн хийх боломжтой болдог.

Булчин нь эрхтэн болоод эд гэсэн хоёр зүйлийг агуулдаг. Өөрөөр хэлбэл эдийн түвшинд агшиж сунах шинжтэй, организмын бүхий л хэсэгт тархан байрласан, олон янзын бүтэц тогтолцоо бүхий булчингийн багцаас тогтсон байдаг. Танд илүү ойлгомжтой болгох үүднээс булчингийн бүтцийг тайлбарлая.

Энгийн нэг оёдлын утсыг хамгийн энгийн булчингийн эс гэж үзье. Энэ утсыг нэг тийш эрчилнэ. Дараа нь тус тусд нь эрчилсэн утсуудыг нийлүүлэн дахин эрчилнэ. Эрчлэгдэн бүдүүрсэн утас олс шиг болоход түүнийг булчин гэнэ. Дээрх жишээ маань зүйрлэл төдий бөгөөд үнэндээ оёдлын нарийн утсууд маань организмд булчингийн ширхэгүүдийн дотор агшиж сунах процессийг явуулдаг актин ба миозин нэртэй хоёр төрлийн уургаас тогтсон саваа хэлбэрийн бүтцийг төлөөлж байгаа юм. Энэ хоёр уураг нь эсрэг байрласан (өөд өөдөөс нь харуулсан байдалтай) хоёр самны шүд адил орших бөгөөд агшихдаа бие биеийхээ завсар орсноор булчингийн ширхэг агшиж богиносдог.

Мянга мянган ширхэгт багцаас тогтсон булчингуудын хэлбэр хэмжээ нь тэдний байрлаж буй эрхтэнд холбогдсон ясны тогтолцоо, гүйцэтгэх үүргээс нь хамаарч ялгаатай байдаг. Жишээ нь: гар хөлний булчин урт, хоёр үзүүр нь нарийн, гол хэсэг нь гүдгэр өргөн байхад их биеийн булчингууд нь илүү өргөн, зузаан, зууван хэлбэртэй байна. Ер нь араг ясны булчин нь ямар хэлбэртэй байхаас хүчирхэг эсэх нь тодорхойлогдоно. Алхах гүйх, хэвтэх босох, гараараа үйлдэл хийх бүртээ та миний улаан өнгөтэй хөндлөн судалт булчингуудыг ашигладаг юм шүү. Авай дурангаар харахад судалтай харагддаг эдгээр булчин нь биеийн ихэнх хэсэгт тархсан байна.

Мөн рефлексээр ажилладаг зарим булчин маань удаан хөдөлгөөнтэй ч удаан хугацаагаар ажилладаг. Энэ булчингууд ихэнхдээ хоол боловсруулах систем, судас, давсагны хана, шээсний сүвийн эргэн тойронд байна. Гэхдээ би та бүхэнд энэ булчингийнхаа тухай ихийг дурдахгүй. Учир нь бусад найзууд маань өөрсдийгөө танилцуулахдаа энэ тухай ярьсан шүү дээ. Тэгээд ч тэдгээр булчингууд ясанд бэхлэгдээгүй учраас зөвхөн тухайн эрхтнээ л хөдөлгөхөөс биш шулуун булчин шиг биеийн хөдөлгөөнийг хариуцдаггүй. Зүрх өөр төрлийн судалт булчингаас тогтдог ч мөн л рефлексээр ажилладаг. Тэгэхээр булчин нь зөвхөн ясанд бэхлэгдсэн хэсгүүд биш дотор эрхтнүүдэд ч гэсэн байдгийг та мэдлээ. Таны араг яс бие махбодийн тулгуур болж байхад үе мөч нугаларан хөдлөх үүрэгтэй. Гэхдээ үе мөч миний тусламжгүйгээр хөдөлгөөн хийж чаддаггүй (Яг л хаалга, цонх шиг. Хаалга цонхыг хэн нэгэн хааж нээхгүй л бол өөрөө хөдлөхгүй) бөгөөд тэрхүү шаардлагатай хүчийг булчингийн систем үүсгэдэг.

Бие махбодид нийт 340 орчим булчин байдаг бөгөөд ойролцоогоор 540 төрлийн үйлдэл хийдэг. Ихэнх хөдөлгөөнийг үе мөч, араг ясны оролцоотойгоор хийдэг ч тэдний оролцоогүй хийдэг үйлдлүүд бас бий. Жишээ нь: дух, нүүр, гэдэс, зовхины хөдөлгөөн. Булчингууд хийж буй ажил, гүйцэтгэх үүргээсээ хамаарч нэрэндээ нэмэлт тодотголтой бичигддэг. Жишээ нь: эрхтний хэсгүүдийг ойртуулагч булчин, нугалагч булчин (abduktor), араг ясны нэг хэсгийг өргөгч булчин (extensor), эрхтнийг дотогш эргүүлэгч булчин гэх мэт.

Бие махбодид шаардлагатай ямар ч хөдөлгөөн үйлдлийг чөлөөтэй хийхийн тулд булчингууд хүчтэй, уян хатан байх ёстой. Ийм учраас булчинг бүрдүүлэгч хэсэг системтэй ажиллаж, хүчээ нэмэх онцгой чадвартай байдаг. Спортоор хичээллэн “булчингаа хөгжүүлэх” гэдэг нь эрч хүч, тэсвэрийг нь нэмнэ гэсэн үг юм. Удаан хугацааны хүнд, үргэлжилсэн ажил, сургуулалтын дүнд булчингийн ширхэгийн тоо, диаметр, урт өөрчлөгдөн, илүү их ачааллыг даах хүч, илүү хурдан агшиж сунах чадвартай болдог. Гэвч уйгагүй хичээл зүтгэлээс гадна биеийн удамшлын тогтоц, шинж их нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүний спортоор амжилт гаргах эсэх нь араг яс, булчингийн тогтолцоо нь ямар шинжтэйгээс хамаарна.

Булчинг гаднаас харахад адил байвч доторх ширхэгүүдийн салаалалт, нягтралаас хамаарч өөр байдаг. Зарим ширхэгүүд нь хурдан цочирч, хялбар ядардаг, зарим нь удаан цочирч, бага ядарч байхад зарим нь хурдан цочирч, амархан ядарч байдаг. Үүнээс хамаарч тохирсон хөдөлгөөн, дасгалаар хичээллэх хэрэгтэй. 10.000 м- т гүйгч тамирчин, 100 м- т гүйгч хоёрын булчингийн ширхэгийн тархалт, хэмжээ нь ижил биш.

Аливаа булчингийн агшилт, суналт нь хоёр өөр замаар явдаг. Булчинд нөлөөлөх хүчний хэмжээ нь эдийн эсэргүүцлээс их байвал булчингийн хүчдэл хэвээр үлдэж, богиносох буюу агшихыг изотоник агшилт гэнэ. Харин булчинд үйлчлэгч хүч булчингийн эсэргүүцлээс бага байвал булчин агшихгүй боловч хүчдэл нь чангарна. Үүнийг изометрик агшилт гэнэ.

Агшилтын үед үүсэх хүчний хэмжээ нь булчингийн урт, цочролын хэмжээнээс хамаардаг. Агших үйлдэл явагдахын тулд мэдрэлийн судсаас үүссэн цахилгаан цочрол нь миний эсийн гадарга болон мэдрэлийн эсийн бүрхүүлийн хоорондын холбоосоор дамжин өнгөрөх ёстой. Үүний дүнд үүссэн химийн урвалын дүнд маш богино хугацаанд булчингийн эдийн доторх актин, миозин уургууд агшиж булчингийн ширхэг богиносно. Урвалын дүнд тодорхой хэмжээний дулаан ялгарах бөгөөд нийт дулааны хэмжээгээр таны биеийн дулаан тодорхойлогдоно. Иймд хүйтэнд булчин чичирснээр илүү их дулааныг ялгаруулдаг. Ийнхүү би хөдөлгөөнийг хангах, эрч хүчээр хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг зэрэг хүлээдэг юм.

Мэдрэлийн судлаас гарах дараалсан цочролын хойно хэсэг хугацааны дараа булчин амрах шаардлагатай болдог. Энэ үед өмнө нь тайван байдалд байсан өөр ширхэгүүд агшиж ирдэг. Зарим үед эдгээр цочролууд нь их байдаг тул булчингийн ширхэгүүд амарч амждаггүй бөгөөд энэ нөхцөл байдлыг физиологийн титанус гэж нэрлэдэг. Алхаж байснаа гүйх, үсэрч байснаа суух зэргээр хөдөлгөөний өөрчлөлтөнд зохицох үүднээс булчингийн гадаргад байрласан цочролыг хүлээн авагчуудад булчингийн агших хурд, хүчдэлийн тухай мэдээлэл байнга дамжиж байдаг. Бусад эд эрхтнүүдийн адил надад ч бас өвчинд нэрвэгдэх тохиолдол гардаг. Хамгийн нийтлэг өвчин нь сульдаа, хэлбэр алдагдах, таталт өгөх зэрэг болно. Мөн хавдар, эвдрэлт, булчингийн ясжилт, хорт хавдар зэрэг аюултай өвчин байдаг.

Хүндэт найз минь үйл хөдлөлийг тань нөхцөлдүүлэгч, булчин миний системийн бүтэц, тогтолцоо, шинж чанар, үйл ажиллагааг мэддэг болсон биз ээ. Та бүхэн дасгал хийж эрүүл саруул яваарай.

No comments:

Post a Comment