Хорвоо ертєнцийн хvрд хоромын чєлєєгvй эргэлдсээр, Хvн тєрєлхтний амьдрал хvрдний сэнс шиг хєвєрсєєр л…
Tuesday, September 21, 2010
Чүдэнз худалдагч охин
Цас манаран шуурч оройн харуй бүрий улам улам харанхуйлан нөмөрсөн тэр нэгэн үдшийн хүйтнийг яана. Энэ бол шинэ жилийн босгон дээр ганцхан удаа болдог битүүний үдэш байсан юм.
Оройн харуй бүрий болж хүйтний эрч улам чангарч байсан энэ цагаар өмссөн малгайгүй, хөл нүцгэн бяцхан охин гудамжаар ядрангуй гэлдэрч явав.
Үнэндээ тэрээр өглөө гэрээсээ гуталтай гарчээ. Гэвч хэтэрхий томдсон хуучин шаахай нь хөөрхий охинд тийм их тус болж чадах байсан гэдэгт итгэхэд бэрх. Энэ шаахайг урьд нь охины ээж өмсөж байсан гээд бодохоор хэр зэрэг том юм байсан нь танд аяндаа төсөөлөгдөж байгаа биз ээ.
Эрүүл байгаль
Байгаль орчноо хамгаалцгаая.
www.mne.mn
Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа
Зам хөндлөн гарах үедээ хар хурдаараа давхиж явсан сүйх тэрэгнээс зайлах гэж байгаад өнөө муу шаахайныхаа нэгийг гээчихжээ.
Түүнийгээ дараа нь эрээд эрээд олсонгүй. Нөгөөг нь сахилгагүй хүүхэд булааж авчихаад "ирээдүйн хүүхдэд маань сайхан өлгий болох эд байна", хэмээн доромжилж тоглоом тохуу хийжээ. Ингээд л охин хөл нүцгэн гүйж яваа нь энэ юм байж. Хоёр жаахан хөл нь даарснаас болж хөхрөн мэнчийж улайжээ.
Хуучирсан муу хормогчных нь халаасанд хайрцаг чүдэнз байх аж. Энэхүү чүдэнзийг тэрээр зарахаар өглөө авч гарсан боловч, бүхэл өдөржин яваад ч зарж чадсангүй. Зарж чадаагүй болохоор гар дээр нь ганц зоос ч ирсэнгүй.
Охины гэдэс маш их өлсөж байв. Бас дээрээс нь даарснаас болоод дагжтал чичрэх нь даанч өрөвдөлтэй, даанч гаслантай.
Мөрийг нь бүрхэн намирах сайхан шаргал үсийг нь цасан ширхэг дарах боловч охиныгоо үзэсгэлэнг дарж эс чадна.
Хажуугаар өнгөрөх байшингийн гэгээвч бүрээс гэрэл цацарна, шарсан галууны махны сайхан үнэр ханхална. Шинэ он болж байгаа хойно арга байж уу дээ. Хөөрхий охинд юу эс бодогдох билээ. ;
Охин гэртээ харих замдаа байдаг мөргөцөгт арай гэж нэг юм хүрч ирлээ.Тэнд очоод хөлөө хучиж атиран суулаа. Хүйтний эрч улам чангарсан энэ үед охин гэртээ харихаас ч халширч байлаа.
Ганц ч чүдэнз зараагүй, ганц зоос олоогүй болохоор ингээд харивал эцэг нь түүнийг зодно гэдгийг тэр мэдэж байв. Тэднийх хагархай хананыхаа зай завсрыг бөс даавууны тасархай, сүрэл өвс зэргээр чигжсэн, хаанаас бол хаанаасаа салхи нэвт сийгсэн хонгилд аж төрдөг тул, гэртээ харьсан, эндээ байсан хоёр охинд яг адилхан байлаа.
Охины гар бүр бээрч гүйцжээ. Ганц муу чүдэнзний цог гарыг нь хэрхэн дулаацуулж барах билээ. Гэлээ ч гэсэн ганц чүдэнз зурж гараа бүлээцүүлье, хэмээн тэрээр зориглов. Зүрх гарган нэг хайрцаг чүдэнз гаргаж ирээд нэг ширхэг модыг нь авч асаахад гарсан зурсхийсэн гэрэл нь тун ч таатай байв. Жижигхэн лаа мэт асах ширхэг чүдэнзний дөлөнд охин гараа ээлээ.
Энэ нь охинд гайхамшигтай сайхан санагдав. Халуу дүүгтэл галласан том пийшингийн өмнө суугаад гараа ээж байгаа юм, шиг сэтгэгдэл охинд төржээ. Энэ сайхан халуун дулаан илчинд бээрч хөхөрсөн хөлөө ээх гээд ойртуултал гэнэт гал нь бөхөн унтарч, өнөө сайхан пийшин нь байхгүй болж, шатсан чүдэнзний мод л гарт нь үлдэв.
Дахин нэг чүдэнз зуртал гэрэл нь ханан дээр тусаад тув тунгалагхан болоод иржээ. Цагаан бүтээлгээр бүтээгээд үнэт шаазан эдлэл өрсөн ширээ охины нүдэнд харагдав.
Тэрхүү ширээн дээр арааны шүлс асгаруулам сайхан үнэр ханхлуулсан шарсан галуу, алим жимсийг дүүртэл хийсэн тавагтавьсан харагдана. Гэтэл бүр ч гайхалтай зүйл боллоо. Өнөө арааны шүлс асгаруулам шарсан галуу нь нуруундаа шаасан хутга сэрээтэйгээ ухасхийн босож, ширээнээс шал руу бууж гуйван дайван гүйх нь тэр.
Галуу хөөрхий охиныг чиглэн гүйж байлаа. Гэтэл яг энэ мөчид гай болжасаасан ганц чүдэнз нь унтраад, охины өмнө нэвтрэн гарахын аргагүй зэгэл саарал хүйтэн хана гараад ирэх нь тэр.
Охин дахин нэг чүдэнз зурав. Харин энэ удаа христосын мэндэлсний өдрөөр засдаг үзэсгэлэнтэй сайхан чимэглэлээ гялалзуулсан сүлд модны өмнө охин сууж байлаа.
Тэрхүү сүлд модных нь чимэглэл өмнө нь нэгэн баян худалдаачны байшингийн цонхоор шимтэн харж байсан сүлд модны чимэглэлээс ч илүү сүрлэг, тансаг, гоё байлаа. Гацуур модны ногоон мөчир дээр зүүлттэй харагдах өнгө өнгийн гэрэл охиныг даллан дуудах мэт анивчина.
Энэ үед нэг бяцхан жаалхүү охин руу хүрч ирэн гараас нь барьж авах тэр мөчид чүдэнз унтрах нь тэр. Саяхан харагдаж байсан сүлд модны гэрэл тэнгэр рүү өгсөн дээшилж, анивчин гялалзах од болон хувирч, тэнгэрийн заадсаар сүүн зам татуулан гэрэлт мөр үлдээсээр харван одлоо.
Охин дахин нэг чүдэнз зуртал эргэн тойрныг нь мэлсхийтэл гийгүүлсэн тэрхүү ширхэг чүдэнзний гэрэл дундаас энэ хорвоо дээрх хамгийн эелдэг зөөлөн, хамгийн энэрэнгүй хүн болох энхрий хайртай эмэг эх нь гараад ирэв.
Охин тэр даруй ингэж хашгирав:
-Эмээ, эмээ минь дээ! Намайг аваач. Намайг ав л даа. Энэ чүдэнз л унтрах юм бол түрүүний халуу дүүгтэл галласан пийшин шиг, түрүүний амтат сайхан шарсан галуу шиг, түрүүний гайхамшигт сайхан сүлд мод шиг та минь замхран алга болно шүү дээ. Түүнээс өмнө намайгаа бушуухан аваач дээ хэмээн сэтгэл дотроо орь дуу тавин хашгирав.
Хайртай эмээгээ байлгаж байхын тулд охин хайрцагт үлдсэн бүх чүдэнзээ хурдан хурдан зурж асаасаар байлаа. Чүдэнзнүүд ар араасаа дүрсхийн ассаар... тусах гэрэл нь улам илүү тодорсоор... Эмэг эх нь охинд урьд урьдынхаасаа улам илүү сайхан зөөлөн дулаан, энэрэнгүй харагдсаар...
Эмэг эх нь охиныг гэрэл гэгээ, энэрэл хайр шингэсэн зөөлөн дулаан гараараа өргөн авч тэврэв. Тэгээд тэд хоёулаа газраас тасарч, өндрөөс өндөр рүү хөөрөн нисэж, өлсөж цангадаггүй, даарч хөрдөггүй энх амгалангийн оронд хүрэх нь тэр...
Хүйтэн жавар тачигнасан тэр нэгэн өглөө гэртээ харих замд нь байдаг тэр нэгэн мөргөцгөөс охиныг олов. Хацарт нь улаа бутарч, уруулд нь инээмсэглэл тодорсон байх боловч охин нэгэнт амьсгал хураасан байлаа.
Хуучин жилийн сүүлчийн өдөр охин ийнхүү өөд болжээ.
Шинэ оны анхны өдрийн наран чүдэнз худалдагч охины амгалан нойрссон цогцсыг гийгүүлнэ. Тэрээр бараг бүтэн хайрцаг чүдэнзийг зурж асаасан байв.
Охин дулаацах л гэж дээ хэмээн хүмүүс хэлэлцэнэ.
Гэвч охин ямар гайхамшигтай зүйлсийг үзэж, ямар сайхан ертөнцөөр аялсаар, хайртай эмээтэйгээ хамт хэрхэн шинэ оныг угтсаныг хэн ч мэдсэнгүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment