Sunday, August 29, 2010

Түүх соёлын дурсгалò ãàçðóóä

Эрдэнэ зуу хийд

Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төвийн зүүхэнд энэ хийд бий. Буддын шашны уг эл хийдийн түүх, өндөр гэгээний намтар гэх гар бичмэлийг сөхвөөс: 1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амалсанд III далай лам Хар хорум хотын хуучин нэгэн сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүм гэжээ. Энэ баримтыг мөшгөн Зава Дамдин Уйгарын үеийн Би-булгийн зуу бурханы урлагийг анхааран үзэж Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүмийн бурхадын урлалыг Уйгарын үед хамааруулан үзсэн. Харин Хөх сүм гэх жижиг сүмийг Зуу сүм босохоос өмнө анх бурханы шашны шүтээн залсан өвгөн сүм гэж үздэг. Үүний дараа 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ. Эрдэнэ зуугийн III Ширээт лам Лувсанодсор хуучин Тахай балгасны хэрмийн нурангийн дөрвөн өнцөгт нэг нэг суварга босгосноор одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурханы сүм, болон Авид бурханы сүмийн цогцолбор, Төвийн Их суварганы чуулбаруудыг босгожээ. 1743-1769 оны хооронд Эрдэнэ зуугийн V ширээт лам Лувсанданзан их засварын ажил эхлүүлснийг VI ширээт лам Лувсанцэдэн үргэлжлүүлэн удирджээ. 1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Лавиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Давагдаржаа удирдан бариулжээ. 1796 онд Эрдэнэ зуу хийдийн их засварын ажлыг Давагдаржаа ламтан ерөнхийлөн удирдаж Хятадын Юи-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан. Энэ засвараар өмнө барьсан сүмийн барилгуудад засвар хийснээс гадна хуучин Тахай балгасын хэрмийн нурангийг суурь болгон 50 ширхэг суврага босгосон байна. 1802-1813 оны хооронд буян үйлдэгсэд /хаад, тайж, бэйл, бэйс лам, ард/-ийн хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд 56 суврага болон хэрмэн хана барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлон аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, мөн онд Жанчивлин аймгийн дуган босгогджээ. 1879 онд Жүд дацан, Цанидын дацан, 1782 онд Ламиран дацангийн барилгууд байгуулагдаж цаашид засвар, шинэчлэлийн байдлаар бидний үеийг хүрчээ.

Чойжин ламын сүм

Өөрийн дүү Лувсанхайдавт (олноо Чойжин лам хэмээн шүтэгдэж алдаршсан) зориулан VIII Богд Жавзандамба хоёр удаа сүм бариулсан бөгөөд анхных нь 1899-1901 онд Зүүн Хүрээнд баригдсан боловч 1903 онд шатжээ. 1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбогын зураг төсөл, удирдлагаар Чойжин ламын хоёр дахь сүм, орд лаврин, гэр тугдамын цогцолборыг Нийслэл хүрээний төв хэсэгт шинээр бариулжээ. Энэхүү сүмийн барилгын мод, чулуу, төмрийн ажил болон дотоод чимэглэлийн ажилд нийт 88779 лан буюу 1821,2 кг цэвэр мөнгө зарцуулжээ. Сүмийн цогцолборт 1936 он хүртэл хурал хурж байгаад 1938 онд хаагджээ. Монголын урчуудын бүтээсэн хосгүй үнэт бүтээлүүд арвинтай уран барилгын дурсгалын хувьд 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнд шилжүүлсэн ба 1941 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад авсан байна. Чойжин ламын сүмийн дотор, гадна чимэглэл, тавилга зэрэг бүх зүйл нь шашны зан үйлийн дагуу хэвээр үлдсэн тул 1942 онд Шашны түүхийн музей болгосон байна. Одоо Чойжин ламын сүмийн уран барилгын цогцолбороос Гол сүм, Занхан сүм, Ядамын сүм, Зуугийн сүм, өндөр гэгээний сүм, Махранзын сүм, гэр тугдам, ямпай, хэрмэн хашаа, хаалганы хамт үлджээ.

- Гол сүм (Өршөөлийг хөгжүүлэгч сүм). Уг сүмийн голын хоёр мөрөнд лам нарын суудал, баруун талын эхэнд Чойжин лам, зүүн талын эхэнд Хүрээ хамба хоёрын сэнтий, хурал номын хэрэглэл, хонх очир, дамар, цан хэнгэрэг, бүрээ бишгүүр зэрэг бий. Чойжин ламын сэнтийн ар талд Жигжидийн ордон, Хүрээ хамбын сэнтийн ар талд Янсанядамын ордон, хойд талын ханын баруун талд Майдарын ордон, зүүн талд Авидын ордонг XIX зууны монголын уран сийлбэрч Балган модоор сийлбэрлэн урлажээ. Мөн уг сүмд IV Богдын Төвдөөс авчирсан 108 боть Ганжуур, төвд гар бичмэл 226 боть Данжуур, түүнчлэн монголын урчуудын бүтээсэн уран зураг, ханын зураг, баримал, хатгамал, зээгт наамал, цамын багууд зэрэг хадгалагдаж байна. Цамын багуудыг XIX зуунд Пунцаг-Осор тэргүүтэй урчууд маш уран гоёмсогоор бүтээсэн бөгөөд тухайлбал улаан Жамсран бурхны багийг 30 кг гаруй шүр оролцуулж хийсэн байна. Уг сүмд YII-YIII Богдын багш Балданчоймбол ламын занданшуулсан шарил, Чойжин лам Лувсанхайдавын шуумал дүр байдаг. Гол сүмийн ар талд чойжин буудаг байсан Занхан сүм бий.

- Зуугийн сүм (Бурхны дуган). Энэ нь Гол сүмийн баруун талд байрладаг бөгөөд сүмийн голд Зуу бурхан Богд Зонховыг хоёр шавийн хамт залж, 16 Найданг сүмийн хоёр талын туурганд, дөрвөн Махранзыг үүдний хоёр талд агуйд сууж байгаагаар дүрслэн бүтээжээ.

- Ядамын сүм (Нандин шүтээний сүм). Гол сүмийн хойд талд байрладаг. Чойжин лам Лувсанхайдавын гол нууц шүтээн болох энэтхэг, төвдэд хийсэн Довчиннавга, Янсанядам, Дуйхар зэрэг тарины ёсны бурхдууд тавигдсан байна.

- Өндөр гэгээний сүм (Хотол чуулган туc Амгалангийн тив). Найман талт, хоёр давхар энэхүү сүм нь хийцийн хувьд бусдаас өвөрмөц бөгөөд 1907 онд Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээсэн бүтээлд зориулан барьжээ. Уг сүмд Г.Занабазарын бүтээсэн Очирдарь, Язгуурын таван бурхан, Манал, Мэнтүг, Цагаан Дар эх, 21 Дар эх, Босоо Майдар зэрэг бурхдууд, Занабазарын өөрийн нь цутгамал дүр, Өндөр гэгээний олж ирсэн эртний хүрэл суварга зэрэг байжээ. Сүмийн дотоод чимэглэлийн онцлог нь ханан дахь бурханы 18 шавь Найданжүдэгийг туc тусын биеэ даасан янз бүрийн дүрээр хагас товойлгон, энгийн чөлөөтэй, хүний бие цогцос, сэтгэлийн дотоод хөдөлгөөнийг нарийн харуулан дүрсэлсэнд оршино. Улаанбаатар хот дахь Чойжин ламын сүм нь монголын хүрээ хийдүүдийн дотор уран барилгын үзэсгэлэнт байдлаараа болон уран зураг, уран баримал, өнгө будаг, гадаад, дотоод чимэглэлийн хувьд хамгийн гоё сайхан сүмийн нэгд зүй ёсоор ордог. Тухайлбал, Чойжин сахиусны догшин ширүүн гэдгийг Гол сүмийн дотор, гадна хана туурга, таазыг хүний толгой, уушиг зүрх, дотоод эрхтэнг задлан эвдэлсэн аймшигтай бөгөөд өвөрмөц сонин зургаар чимэглэсэн байдал, өндөр гэгээний сүмийн дотоод чимэглэл буюу 18 Найдангийн барельеф зэрэг нь бусад сүмээс онцлог бөгөөд ялгаатайг харуулна. Сүмүүдийн барилгын үндсэн материал нь чулуу, мод, хөх тоосго, ваар бөгөөд сүмийн гадна талыг ганжир, бодь гөрөөс, луу, арслан зэрэг шашны зан үйлтэй холбоотой дүрсээр болон "Тансан лам баруун зүг зорчсон нь" хэмээх уран сэтгэлгээний зургаар чимсэн байна. Чойжин ламын сүмийн их засварыг 1960-1961 онд, өнгө будгийн засварыг 1972 онд, Зуугийн сүмийн дээврийн засварыг 1995 онд туc туc хийжээ.

Цэвэлваанчигдоржийн суврага

Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас баруун хойш Арцатын амны дунд хэрд, сумын төвөөс 10 км зайд Тахилгын Бумбат гэдэг газар энэ дурсгал оршдог. Энэ нь олны дунд тарган бандид хэмээн алдаршсан Эрдэнэбишрэлт мэргэн бандид Шагдарцэвээний Цэвэлваанчигдорж /1836-1895/-ийн мэлмий гийсэн дурсгалт газар тул 1840 өөд онд уг суврагыг байгуулжээ. Буддын шашны суврагын хэв загвараар бүтээн босгожээ. Мэндэлсэн газарт нь суврага босгосон Ш.Цэвэлваанчигдорж нь буддын шашны сургалтаар боловсрол олж, дорно дахины их, бага таван ухааны бүх төрлөөр 15 боть буюу сүмбүм зохиосон их эрдэмтэн байв. Түүний бүтээсэн зохиолын нэрийг энэ хэр бүрэн бүртгэж амжаагүй байгаа бөгөөд бүрэн бус мэдээгээр зуугаас хол давжээ. Эдгээрийн дотроос "Эрлэг тамын тайлбар" хэмээх 18 тамыг зурагтайгаар тайлбарласан том хэмжээний судар, "Таван хошуу малый өвчин эмгэгийг анагааж засах судар" зэрэг бүтээлүүд нь олноо ихэд алдаршжээ.

Улаанбаатар дахь гэр хэлбэрт модон дуган

Монголын уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь гэр хэлбэрт модон дуган бөгөөд түүний төлөөлөл нь хуучин Их хүрээний арван дацан 30 аймгийн сүм дуганаас үлдсэн Эрхэм Тойны, Вангаа, Эх дагины аймгийн гэр дуганууд юм.

Эх дагины аймгийн гэр хэлбэрт модон дуганууд

1903 онд YIII Богдын хатан Дондогдуламын нэртэй дуганыг байгуулж Эх дагины аймаг гэж нэрлэсэн байна. Богдын хүрээний 30 аймгийн хамгийн сүүлийн аймгийн дуган бөгөөд уг дуганд Чойнхор бурхныг шүтээн болгож мянга орчим лам хурал хурж байжээ. Улаанбаатар хот дахь гэр хэлбэрт модон дугануудаас үлдсэн дугануудын хамгийн том нь Эх дагины аймгийн дуган юм. Эл дуганыг 1940 онд Улсын циркт шилжүүлсэн бөгөөд ардын зураач Намхайцэрэнгийн зураг төслөөр циркийн зориулалтаар өөрчлөн засварлаж одоо хүртэл ашигласаар байна.

Эрхэм Тойны аймгийн гэр дуганууд

Эрхэм Тойны аймаг нь ХYII зууны эцэст байгуулагдсан боловч гэр хэлбэрт модон дуганыг 1778 онд барьжээ. Түүний анхных нь Y, YI Богд Жавзандамбын үед баригдан 300-гаад лам хурал хурж байв. Тэдгээр дуганаас үлдсэн гурван дуганы том нь 19м голчтой, 6 м өндөр, голдоо зургаан баганатай, дөрвөн цагираг нуруутай, зассан чулуун суурьтай модон гэр юм. Нөгөө хоёр дуганыг нийлүүлэн барьж хаалгаар холбосон байна. Үүний хойт жижиг гэр дуган нь 9,5м голчтой, 5м орчим өндөр, голдоо дөрвөн багана, засаагүй чулуун суурьтай, хаалга, цонхгүй зөвхөн урд жижиг гэрийг дамжин гадагш гардаг байжээ. Урд жижиг гэр дуган нь 7,5м голчтой, 4м орчим өндөр, засаагүй чулуун суурьтай, дөрвөн баганатай байжээ.

Вангаа аймгийн гэр дуганууд

Вангаа аймгийн гэр хэлбэрт модон дуганууд 1790 оны орчим баригдсан бөгөөд 500-600 лам хурал хурж байжээ. Хийц нь Эрхэм Тойны аймгийн том дугантай ижил бөгөөд 19 м голчтой, 6 м өндөр юм. Улаанбаатар хотын гэр хэлбэрийн дугануудад 1975-1976 онд хэмжилт судалгаа хийж, сэргээн засварлах зураг төсөл боловсруулан 1981-1982 онд сэргээн засварласан. Одоо эдгээр дуганд Дайшчойлин хийд буддын шашны хурал номын үйл ажиллагаа явуулж байна.Зүүн хүрээний гэгдэх гэр хэлбэрт модон дугануудаас үлдсэн эдгээр гэр дуганууд нь монголын үндэсний архитектурын дурсгал учраас 1971 онд Улаанбаатар хотын хамгаалалтад, 1994 онд улсын хамгаалалтад авчээ. Энэ дугануудыг барихад монголчуудын хамгийн түгээмэл сууц гэрийн үндсэн хийц, зохиомжийг үндэслэн түүний орон зайн зохиомж, бүтээцийг үргэлжүүлэн бүтээлчээр зохион төлөвлөсөн байдаг.

Улаан сахиусны хийдийн туйр

Ноён хутагт Д.Данзанравжаа одоогийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Галбын ууланд байгуулсан гурван хийдийн нэг энэ хийдийг Рийтэд ч гэж нэрлэдэг. Эл хийдийг байгуулсан тухайгаа ноён хутагт Д.Данзанравжаа өөрийн товч намтартаа "...Туулай жил Галбын хийдүүдийг бариулж дуусган Чойлонгийн хийдээс их улаан сахиусыг залвай" гэсэн байдаг. Улаан сахиус гэдэг нь Жамсран бурхан юм. Энэ хийдэд бясалгал агийн ёсны хурал хурдаг байжээ. Хийд нь туйпуун ханатай төвд маягийн том дугантай бөгөөд түүнийг хадны агуйтай ханаар холбож байгуулжээ. Хананы наана сүсэгтэн олон үзэхэд зориулж хадан уул босгож дундуур нь ус урсгаж янз бүрийн үзмэрийн зүйлс байрлуулсан байжээ. Агуйн хойд хэсэгт бурхан нь байсан бөгөөд хоёр талын хадан ууланд нь дээрхи үзмэрүүдийг байрлуулж наагуур нь хайс тавьсан байжээ. Галбын улаан сахиус нь маш том Жамсран бурханы дүр байсан бөгөөд түүний дээр нь лавир гэж хүний арьсыг дэлгэн хадсан, энэ арьс нь нуруугаараа үстэй байсан гэж нутгийн хууччуул хөөрдөг. Хийдийн хадны агуйгаас ханаар холбогдсон дуганаас одоо зөвхөн туйр л үлджээ.

Угтаал сангийн далай хийдийн цогчин дуган

Угтаал сангийн далай хийдийн Цогчин дуган нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд оршдог бөгөөд хийдийг 1810 онд байгуулж, Буддын шашныг мандуулж, түмэн амьтныг амар тайван байлгах зорилгоор Цогчин дуганыг 1918-1919 онд барьжээ. Түшээт хан аймгийн Говь Түшээ гүнгийн хошууны Тотьгальдаа /гарын дарга/ гэгч хүн Цогчин дуганы өмнө 1-2 км-ийн зайд байдаг ундраа сайтай Сангийн далай гэдэг нэртэй усанд адуугаа усалж, Хар бутангийн дэнж дээр хомын байшин бариулснаар Сангийн далай хийд гэж ард нийтэд нэрлэгдэх болсон домогтой. Угтаал сангийн далай хийдийн цогчин дуган Цогчин дуганыг бариулсны дараа YIII Богд Жавзандамбад өргөж, түүний айлтгаснаар Жапүтэй /айлтгалтай/ сүм хэмээн Дамбадаржаалин /шашныг бадруулагч/ гэж нэр хайрласан байна. Сангийн далай хийдийн Цогчин дуган нь 10 сүм дугантай, 300 лам хурдаг, цам тоглодог гол дуган байжээ. Цогчин дуганг бариулах хөрөнгө мөнгийг Даншуур жасаас буюу өглөгийн эздийн өргөл бадрын мөнгөөр бариулж, барилгын мод, шавар шохойг нутгаас нь бэлтгэн хөх тоосго, хөх ваар, чимэглэлийг хиисэн байна. Цогчин дуган нь тэгш өнцөгт байгуулалттай, 2 давхар, гол хаалгандаа гонхонтой, гонхоны гол дэлийг алтан шармал хорол, бодь гөрөөсөөр чимсэн, хөх тоосгон ханатай, 4 том, 36 жижиг модон багана, модон дам нуруутай, хөх вааран дээвэртэй, дотор гадна талыг үндэсний хээ угалзаар чимсэн уран барилгын дурсгал юм. Уг Цогчин дуганыг 1994 онд улсын хамгаалалтад авсан. Сангийн далай хийдийн дугануудаас Цогчин дуган нь бараг бүтэн үлдсэн бөгөөд Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас 1989 онд хэмжилт судалгаа хийж, сэргээн засварлах зураг төслийг боловсруулан 1990-1991 онд сэргээн засварласан байна. 1991 оноос буддын шашны хурал номын үйл ажиллагаа эхэлсэн байна.

Төвхөн хийд

Өвөрхангай аймгуудын зааг Өвөрхангай аймгийн Бат-өлзийт сумын төвөөс зүүн хойш 20 гаруй км зайд Төвхөн ширээт хэмээх уулын орой болох түшлэгт суудал мэтээр тогтсон байц хадны дундах багавтар тавцан дээр Төвхөн хийд оршдог. 1648 онд I Богд Занабазар арав гаруй настай байхдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон үзэж 1651 оны үед нямблан сууж номын бясалгал хийх чулуун туурга ханатай жижиг байшин бариулсан байна. Ийнхүү I Богд Занабазар ном бясалган сууж бяслагасан номынхоо дагуу урлахуйн бүтээлээ цутгах, хөмөлдөх, зурах, барих аргуудаар хийж байсны зарим нь бидний үед хүртэл хадгалагдан ирсэн. 1688 оны Галдан бошигтын самуун дайн эхэлснээс хойш тэр бүтээлийн сүмийг ашиглаагүй учир бүр мартагдхад хүрсэнийг 1773 онд дахин сонирхож I Богдын бүтээлээ хийж байсны дурсгалыг хүндэтгэн хийд болгон хурал номын ажлыг сэргээжээ. Түүнээс хойш Төвхөний хийд хэмээн нэрлэгдэх болсон. Энэ хийдийн ар талд "Эхийн агуй" гэх арын байц хадны нэвт гарсан нүхний дэргэд мөлхөн гулсаж ордог мухар агуй байхаас гадна даяанч нарын сууж байсан хоёр агуй бий. Хийд суурь газраас дээш 30-аад метр өргөгдсөн хадны тавцан дээр байрласны баруун талд хурлын дуган, Очирдарь ба Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, ганц хүрдны бяцхан саравч бүхий жижиг хийд байжээ. Зүүн талын хэсэгт нь жасын агуулах, гал зуух, мөргөлчдөд зориулсан 2-3 гэр байсны зэрэгцээ 60 см гүнтэй хоёр худаг байсныг ойр зуурын хэрэгцээнд хэрэглэж байжээ. Энд байгаа хийдийн нурш үлдэгдэлд Б.Даажав тэргүүтэй хуучны барилга судлах экспедицийнхэн 1967, 1971 онд судалгаа, хэмжилгээ, зураглал хийжээ. Өмнө талын нь нурш чулууг цэгцэлж явган хүн явах хуучин гарцыг сэргээн зассан байна. Энэ хийдийн барилгуудыг бүгдийг модоор барьсан байж. Одоо хүрч үлдсэн модон хийдийн үлдэгдлийг үзэхэд монгол мужааны гайхамшиг болсон модон углуурга, заадлын олон төрлийг хэрэглэж хийсэн угсармал барилгууд байсан нь илт ажиглагддаг. 1654 онд анхны сүм /Бүтээлийн сүм/ нь баригдаж 1760, 1786 онд сэргээн засварлаж байсан Төвхөн хийдээс бидний үед бүтэн үлдсэн Бүтээлийн сүм, барилгын суурь/14 сүм дуганы барилгатай байсан Ред/ модон шал, зарим сүмийн турийг 1971 онд Өвөрхангай аймгийн, 1994 онд Улсын хамгаалтад авч бүтэн үлдсэн Бүтээлийн сүмийн сэргээн засварлах ажлын зургийг 1992 онд хийсэн.

Сарьдгийн хийд

Улаанбаатар хот анх 1639 онд Хутагтын өргөө нэртэйгээр эх суурь нь тавигдаж, 150 шахам нүүдэллэн, 1778 онд одоогийн байгаа газраа суурьшсан түүхтэй. Тийнхүү нүүж сууршиж байсан дурсгалт газруудын нэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны салбар Хийдийн сарьдаг уулын аманд орших Сарьдгийн хийд юм. Түүхийн сурвалжид тэмдэглэснээр, халхын өндөр гэгээн Занабазар өргөөгөө улам өргөтгөж шарын шашны төв болгох зорилгоор 1654 онд Хэнтий уулын өвөрт Рибогэжайганданшадублин гэдэг хийд байгуулж эхэлсэн бөгөөд 1680 оны зун үндсэнд нь барьж дуусгасан байна. Гэвч Хэнтий уулын өвөрт байгуулсан энэ хийд Монголын шашны төвийн үүргийг төдий л удаан гүйцэтгэж чадсангүй. 1687 оноос Халх, Ойрадын дайн болж, Галдан бошигт Халхын нутгийн гүнд цөмрөн Хэрлэн гол, Хэнтий уул хүртэл давшихдаа өндөр гэгээний байгуулсан уг хийдийг эвдлэн сүйтгэсэн байна. Сарьдгийн хийдийн туйрыг 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан оросын шинжилгээний ангийнхан анх шинжин үзэж шавраар хийсэн бурхны эвдэрхий, цац, барилгын дээврийн паалантай ваар болон барилгын гоёл чимэглэлийн зарим зүйлийг олжээ. 1920-иод оны эхээр Монголын судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Бат-Очир, оросын эрдэмтэн В.И.Лисовский нарын зэрэг хүмүүс хийдийн ерөнхий байдал төрхийг судлан шинжлэх ажил хийсэн. 1995 оны зун ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Төв аймгийн ОНО музейтэй хамтран энд хээрийн шинжилгээний ажил зохион явуулж бага хэмжээний малталт хийжээ. Сарьдгийн хийд бол өндөр Гэгээн Занабазарын оролцоотойгоор байгуулсан сүм хийдүүдийн дотроос барилга байгууламжийн ажил өрнүүлсэн цар хүрээгээр нэлээн томоохонд тооцогдох төдийгүй, ялангуяа хийд байгуулах газрын байршлыг сонгож авсан байдлаараа ихээхэн өвөрмөц онцлогтой. Уг хийд Хагийн хар нуураас зүүн хойш 10-15 км орчим, Туул голын Ламын гацаанаас баруун хойш 12 км орчим зайтай оршдог. Хийдийн байршлаас ажихад хүн амьтны хөлөөc аглаг зайдуу ч уул усны тэгш газрыг сайхан сонгож байгуулсан нь илт байдаг. Баруун хойд, зүүн өмнөд талаас нь уулын гол урсаж хийдийн баруун өмнөд талд 500 м орчим зайд нийлнэ. Хийдийн өмнө харалдаа оройн хэсэгтээ нүцгэн, нуранги асгатай Бух Ян хэмээх сарьдаг, зүүн хойно далайн түвшнээс дээш 2665 м өндөр Хийдийн сарьдаг, зүүн талд 2428 м өндөр Хийдийн Эрээн зүрх хэмээх ян сарьдгууд оршино.Хийдийн арын сарьдагт хонин арц их ургадаг бөгөөд өндөр гэгээн Халх, Ойродын самууны үед Галдан бошигтын түйвээнээс дайжин явахдаа "ум хум" гээд атга арц тэнд цацсан нь хожим их арц болон ургасан гэдэг домогтой. Иймд тэндэх арцыг нутгийнхан өндөр гэгээний аравнайлсан тарнитай арц хэмээн ихэд сүсэглэдэг. Энэ мэтчилэн, Сарьдгийн хийдийн ойр орчимын газар усны олон арван нэрийг нутгийн ардууд өндөр гэгээн, Галдан бошигт нарын түүхэн үйл явдалтай холбон домоглосоор иржээ. Сарьдгийн хийдийг уулын энгэр өөд өгсүүлж тусгайлан дагтаршуулсан суурин дээр 200x175 м орчим талбай эзлүүлэн байгуулсан бөгөөд түвд загварын үндсэн долоон том барилга, гурван суваргатай байжээ. Барилгын чулууг өрсөн байдал нь Хар Бух, Хөх Бүрдийн сүм, Хөгнө Тарна, Сүмийн толгой, Цогтын цагаан балгасынхтай ижил бөгөөд хавтгайлан дөрвөлжилж зассан шаргал боржин чулууны завсраар нимгэн хавтгай чулуу хавчуулан өрж гадуур нь шавардаж шохойдсон байна. Мөн үндсэн барилга нэг бүрийн хананд наалдуулан жижиг тасалгаануудыг ийш тийш нь тэлж салбарлуулан гаргасан бөгөөд барилгын өөрийн уснаас хамгаалах шуудуу татаж байсан ором мэдэгддэг. Хийдийн үлдэгдэл барилгуудын чулуу нурж овоорон асар том нуранги үүсгэсэн бөгөөд харьцангуй бүтэн үлдсэн ханын өндрийг хэмжиж үзэхэд зарим нь бүр 6 м хүрнэ. Хийдийн туйр дээгүүр эдүгээ мод ихээр ургаж, унангиуд халхалсан тул хайж олоход нэлээд бэрхшээлтэй болжээ. Хийдийн туйраас улаан тоосгон дээврийн ваар, янз бүрийн хэмжээний тоосго, барилгын чимэглэлийн хэсэг, алтан боронзтой дээврийн ваарны хагархай, янз бүрийн хэмжээний шавар цац олноор олддог. Сарьдгийн хийдийн гурван суварганы хамгийн зүүн талын суварганы /орой нь уудлагдсан/ оройд 5x3 м хэмжээтэй, 1 м гүн малтаж үзэхэд малтлагын бүх давхаргаас янз бүрийн хэмжээний улаан, шар өнгийн олон шавар цац, шатсан мод, эмтэрч хагарсан шавар бурхан зэрэг зүйлүүд олджээ. Сарьдгийн хийд бол Монгол орон Манжид эзлэгдэхийн өмнөх үеийн болон Улаанбаатар хотын түүхэнд холбогдох түүх, уран барилгын нэг чухал дурсгал юм.

Сангийн далайн хийд

Өмнөговь аймгийн Номгон сумын төвд орших Сангийн далай хийдийн шав 18-р зууны эхээр буюу 1700- аад оны үед тавигджээ. 1930- аад оны эхээр туc хийд 200 орчим лам хувраг шавилан суудаг, 11 сүм дугам, 13 жастай байжээ.

Сангийн далайн хийдийн туйр

Хийдийн үлдэгдэл болох шавар хэрмэн хашаан дотор гурван жижиг, хоёр том барилга дугам байгаа бөгөөд гол дугам болом бусад дугануудын зөвхөн туйр л үлджээ. Үлдэгдэл дуганууд нь гол дуганы турийг тойрон байгаа ба хэлбэр хийцийн хувьд дөрвөлжин хэмийг голлон баригдсан аж. Зүүн баруун хоёр дугам нь тоосгон намхан дээвэртэй, ил гарсан яс моднуудад цэцгэн хээг ухаж сийлсэн, хөх тоосгон ханатай, урагш харсан хаалгатай юм. Хойд жижиг дугануудын дундах тэг дөрвөлжин хэлбэртэй дээвэргүй дуган нь бусад барилгуудаас өвөрмөц. Хана нь дээд хэсгээрээ давхар хүрээтэй, хүрээ нь хагас алхан хээтэй, хүрээн дотор соёмбо үсгийг товойлгон эгнүүлж дээр доор нь хүрээний гадна талд бадаар дэвсгэр хүрээ тавьжээ.Дуганы залгаа урд талын үүдэн саравчны гаднах тулгуур баганыг монгол гэрийн унины хэлбэртэйгээр, цэцгэн болон үүлэн хээгээр чимэглэжээ. Ил харагдах яс модыг мөн шоо дөрвөлжин хээг давтагдсан байдлаар ухаж сийлсэн нь Өвөрхангай аймаг дахь Төвхөн хийдийн Бүтээлийн сүмийн хийцийг санагдуулна. Зүүн талын дуган нь гурван залгаа үе бүхий, хойд талын байшин нь өндөр оройтой, урд талын байшин нь намхавтар оройтой бол дундах байшин дээвэр нь тэгш, хананд нь соёмбо бүхий хээ чимэгтэй.Сангийн далай хийдийн дугануудын хананы чимэглэл нь ялангуяа соёмбыг хээнд өргөн хэргэлснээрээ монгол нутаг дахь бусад сүм хийдүүдийнхээс өвөрмөц онцлогтой.

Мишиг гүний хүрээ

Төв аймгийн Дэлгэрхаан сумын төв байгаа газарт 1875 - 1897 онд хошуу засагаар гүн Мишигдорж сууж байх үед энэ хийд үүссэн учир Мишиг гүний хүрээ хэмээн олонд алдаршжээ. Мишиг гүний хүрээний нэгэн сүм. Хүрээний бүрэн байдал ямар байсныг тодруулахад бэрхшээлтэй болжээ. 1968 оны байдлаар энд хийдийн дараахи дөрвөн барилга, ор үлдэц үлдсэн байсан. Үүнд:
1. Улаан сахиусын сүмийн барилгыг сумын клуб болгон ашиглаж дээврийг нь өөрчилжээ.
2. Цогчин дуган байсны суурь нь улаан сахиусны сүм /сумын клуб/ -ийн өмнө талд мэдэгдэхүйц овгор нурш байна.
3. Өөр нэг сүм хэвээр байгаа нь сумын албаны хашаан доторхи барилга юм.
4. "Мишиг гүний өргөө" гэх барилга хүн эмнэлгийн хашаан дотор байжээ. /одоо тодорхой мэдэгдэх юм бараг үгүй байна/

Мандширийн хийд

Манжийн хаадын шүтээн гэгддэг Мандширийн хувилгаан нь анх Х.Т.Ө II зууны үед Энэтхэг оронд гарсан бөгөөд түүнээс хойш Төвдөд хэдэн удаа, Монгол оронд таван удаа тодорч байжээ. Анхны Мандширийн хувилгаан Наваанжамбалцанг залан ирж 1733 онд Богд хан уулын өвөрт төвд хэлбэртэй 80 жан хэмжээтэй анхны сүмийг барьж эхлэн 1747 онд дуусгажээ. 1748 онд уг сүмийг равнайлж, Дашчойнхорлин /Буяныг залбирагч сүм/ хэмээн нэрлэжээ. Энэхүү сүм нь Мандширийн хийдийн анхны дуган байсан учраас өвгөн Лаврин гэж нэрлэгдэх болсон. 1750 онд Мандшир лам Агваанлувсанжамбалданзан II Богд Жавзандамбад багшаар залагдаж уул хийдийг түүнд өргөсөн учир Богдын их шавийхан засаж сэлбэдэг болжээ. Өвгөн Лаврингийн зүүн, баруун талд хоёр Сэмчин байсан. ХYIII зууны сүүлчээр Цогчин дуганыг байгуулсан бөгөөд дуганы өмнө талд Богд хан уулнаас ус татаж хиймэл нуур хийсэн байжээ. Цогчин дуганд цанидын хурал хурах болсонтой холбогдуулан 1760 онд Дамдинянсангийн Бадам ёгогийн дацан, 1756 онд Цанидын дуганыг барьсан. 1770 онд Цогчин дуганы ар талд Шар хүрээ гэдэг нэртэй Богдын ордонг барьсан байна. Энэ ордонг хожим 1919 онд сэргээн засаж 1920 онд YIII Богд сууж байжээ. Цогчин сүмийн өмнө цамын талбай байдаг. 1780 онд Сэрүүн Лаврин хэмээх ордонг барьжээ. Мандширийн хийдийг 1937 онд нурааж буулгасан ба хийд нь бүгд 21 орон савтай гэж 1938 оны бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Одоо Мандширийн хийдийн Хангал, Өрөнхан, Цогчин, Богдын Шар хүрээ, өвгөн Лаврин, Эргэдэг Майдар, Сувраган сүм, Сэрүүн Лаврин, Мамба, Цанид, Бадам его, Жүд, Мангал зэрэг сүм дугануудын буурь, турь үлджээ. Мандширийн хийдийн арын хадан дээр сийлсэн зургийг 1971 онд орон нутгийн хамгаалалтад, мөн уг хийдийн турь, сийлмэл зурагт хадыг 1994 онд улсын хамгаалалтад туc туc авчээ. 1989 онд гэрэл зургийг үндэслэн Сэрүүн Лавринг шинээр сэргээн босгожээ. Хийдийг орчин тойрны байгальтай нь уран сайхнаар зохицуулж байгуулсан бөгөөд барилгууд нь үелүүлсэн чулуун дэвсэг дээр түүхий болон шатаасан тоосго, мод, чулуугаар барьж, жанцан, толь, ганжир, өнгө будаг, хээ угалзаар чимсэн төвд, төвд-монгол, монгол хийцийн барилгууд бүхий байжээ. Мандширийн хийдийн сүм дугануудаас хамгийн том нь болох Цогчин дуган нь өндөр чулуун суурин дээр түүхий тоосгоор өрж, шавардаж цагаан шохойгоор шохойдсон бөгөөд дээд эрмэгийг нь толиор тойруулан чимэглэсэн, төвд хэлбэрийн барилга байв.

Лигшиддонгайлин хийд

Дайчин вангийн хушууны гол хүрээ Лигшиддонгайлин нь Түшээт хан аймгийн эртний хийдийн нэг юм. Энэ хийдийн туйр нь одоо Булган аймгийн төвийн өмнө хэсэгт бий. Туc хийдийг 1666-1667 онд Түшээт хан Чахундоржийн /Чимиддорж/ ойр төрлийн Баатар Бэйл хэмээгч өөрийн гэрийг Цогчин сүм болгож анх үүсгэсэн. XVII зууны сүүлч XVIII зуунаас тус хийдэд хурлын дацан болон аймгийн сүмүүдийг удаа дараалан өргөтгөжээ. Үүнд: Арван нэгдүгээр жарны усан гахай жил /1633 онд/ Дашпилжайлон аймаг, 1685 онд цогчин хурал, 1697 онд Самданчойлин, 1709 онд Пунцагдоналин буюу тойны аймаг, 1721 онд Дашчойлин буюу бандидын аймаг, 1733 онд Дашчойхорлин буюу унзадын аймаг, 1792 онд цанид дацан, 1789 онд эмч нарын дацанг байгуулжээ. 1876 онд Диваажин буюу жаргалын орон гэдэг нэртэй хиймэл уулан дээр сүм байгуулж, 1904 онд сүрлэг томруунаараа Ази тивд томоохонд тооцогдох Цагаан суваргыг барьж дуусгажээ. Эдгээрээс өдгөө "Диваажин" сүм болон Цагаан суврагын үлдэгдэл туйр л үлдсэн бөгөөд Диваажин сүмийг сэргээн засварлах ажил хийгдэж буй.

Их бурхант

Өнгөрсөн зууны монголын соёл, түүхийн томоохон дурсгалын нэг болох "Их Бурхант" нь Дорнод аймгийн Халх гол сумын төв Сүмбэрээс хойш 35 км-т, Халх голын баруун эргийн тохойн 35 градусын налуу энгэрт оршино. Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Бат-Очирын Тогтох төрийн /То-Ван/ /1797-1868/ санаачлага, удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн энэ дурсгал "Их шүтээн", "Их бурхант" хэмээн олноо алдаршжээ. Найман аюулаас аврагч Жанрайсиг /Жигжид-жав/ бурханы дүр эл шүтээнийг То ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж аймаг, хошуу нутгийнхны хандив хөрөнгөөр зуу шахам гар урчуудыг оролцуулж урлан бүтээсэн байна. 90 тохой буюу 30 метр уг бурханыг их, бага хоёр хүрээн дотор цогцлуулжээ. Том хүрээ нь 220x97 метр бөгөөд үүний дотор талд дунджаар 165x110 см хэмжээтэй 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж, бага хүрээн дотор 200x110 см орчим 12 ширхэг суварга болон Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж. Гэвч энэхүү гайхамшигт дурсгалыг XIX зууны эцэс XX зууны эхээр дорнод Хятадын төмөр замын хэд хэдэн будлиан, үймээний үеэр эхлээд эвдэн сүйтгэсэн байна.Сүйтгэл цааш үргэлжилж Ардын хувьсгалын дараа бурхан шашныг хавчин гадуурхагчдын ширүүн гарт өртөн чулуугаар нь барилгын суурь, малын хашаа саравч барьж үрэн таран болгосон билээ. Харин 1990-ээд оноос уг дурсгалыг хуучин байдлаар нь сэргээн бүтээх санаачлага гарч 1995-1997 онд холбогдох судалгаа шинжилгээ, малталт, сэргээн засах ажил тэнд өрнөсөн билээ. Ингээд 1997 оны намар сэргээн зассан Жанрайсиг бурханыг аравнайлж ёслол үйлдсэнээр XIX зууны соёл, түүхийн гайхамшигт цогцолбор энэ бүтээл хойч үеийхэнд бодит байдлаар уламжлагдан үлдэх боломжтой болжээ. Их Бурхантын талаар академич Ш.Нацагдорж, Х.Пэрлээ болон Оросын эрдэмтэн А.П.Окладников, В.Казакевич нар зохиол бүтээлдээ дурьдаж байжээ. А.П.Окладников 1949 онд Халх голын сав нутгаар судалгааны ажлаар явах далимдаа "Их Бурхант"-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол уг газар нутагт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл болов уу. Энэ нь Х-ХI зуунд холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн, археологич Х.Пэрлээ залруулж XIX зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ.

Заяын хүрээ

Oдоогийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын энгэрт 1631 онд Заяын хүрээг үүсгэн байгуулжээ. ХYII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг нь хоёрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний гурван сүм гэх бөгөөд баруун Гүдэнд үүрд нам гүм нойрссон Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй, Лувсанняндаг, Лувсанжигмэддорж нарын шарилыг оршуулсан гурван суварга, зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил туc туc байдаг байжээ. Гол сүмд лам Чодог бурхныг тахиж, жасаа хурал хурдаг байсан бөгөөд дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх, уран зохиол, шашны ном судрыг төвд, монгол, хятад хэлээр төрөл ангиар нь ялган байрлуулж байжээ. Гуравдугаар Заябандид Лувсанжигмэддоржийн үед 1802 онд Зүүн, Баруун Сэмчинг барьсан бөгөөд анх дээд давхар нь модон, асар дээвэртэй, доод хоёр давхар нь тоосгон төвд хэлбэрийн барилга байжээ. 1908-1909 онд Сэмчингийн гуравдугаар давхрыг буулган хурлын дуган, нөгөө Сэмчинг Цогчин дуган болгон 1909-1910 оны үед засвар хийж одоогийн байдалтай болгосон байна. Заяын хийдийн сүм дуганыг 1887 онд тухайн үед нэрд гарсан монгол дархан, урчууд сэргээн засварлаж байжээ. Заяын хүрээг хоорондоо 5 км алсдах газарт дээд, доод хүрээ болгон хуваарилж байгуулсан бөгөөд дээд хүрээнд зургаан аймгийн бүгд 26 сүм дуган, лам нарын орон сууц, жижиг байшин барилга, доод хүрээнд нь хоёр аймгийн дуган, лам нарын байшин барилга байв. Заяын хүрээнд ямагт 1000 лам суудаг байсан бөгөөд нэгжилд хэдэн удаагийн их хурал хурах үеэр 4000 орчим, түүнээс илүү лам нар цуглардаг байжээ. Хуучны Заяын хүрээнээс үлдсэн сүм дуган тухайлбал, Зүүн, Баруун Сэмчин, Хүлгийн сүм, Гүдэнг сэргээн засварлаж өдгөө аймгийн Угсаатны зүйн музей болгон ашиглаж байна. Эдгээр барилгыг 1971 онд аймгийн хамгаалалтад, 1994 онд улсын хамгаалалтад авсан юм. Уул, ус, байгалийн гоо үзэсглэнтэй хосолсон Заяын хүрээний сүм дуганууд төвд, төвд-монгол, төвд-хятад хийцийнх бөгөөд барилгын үндсэн материал нь мод, чулуу, хөх тоосго, ваар юм. Барилгуудыг толь, жанцан, ганжир зэргээр чимэглэсэн бөгөөд маш уран гоё сийлбэртэй, хурц тод өнгийн дагнаас будагтай ажгуу.

Жаргалантын дуган

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төв, Хөнжлийн голын эрэгт орших Дашпэлжэйлэн хэмээх энэ дуганыг нутгийн тахилгат шүтээн Дамдинчойжоо бурхант их уулыг голлуулан барьсан ба дуганы гол шүтээн нь дээрх бурхан байв. 1890 ээд онд Хөнжлийн гол үерлэн усанд автахад дуганг нүүлгэн зөөж одоогийн Жаргалант сумын төв байгаа газар авчиран барьжээ. Туc дуган нь монгол загварын сүм дуганы төрөлд орох бөгөөд дээврийг паалангийн оронд банз модоор хийн банзыг хагас сэр хэлбэрээр зүсэн углаж тавих байдлаар бүрхжээ. Дуганы багана дам нуруунуудыг хооронд нь углуургадан зангидах, шаантаглаж холбох, ханыг дан банзаар хөндлөн босгох зэрэг аргаар угсран барьсан нь буулгаж зөөхөд зориулагдсан бололтой. Углуурга модны зах ил гарсан хэсгийг цэцгэн хээгээр чимэглэн зүмбэр тавьж улаан ягаан өнгөөр будсан болон дотор талдаа шашны эд зүйлс, чимэглэл зүүж өлгөх зай ихтэй байгаа нь монгол загварын сүм дуганы нэг шинж юм. Дуган нь бөмбөгөр оройтой дөрвөлжин хэлбэртэй гадуураа эргэн тойрон 6-8 баганатай, гурван үе байсан ба 1930 аад онд сүм хийдийг олноор нураан буулгах үед дуган эвдрэл гэмтэл багатай үлдсэн хэдий ч хожим барааны агуулах болгон ашиглах зорилгоор дээд дээврийн хэсгийг нураан янзалж үндсэн хэлбэрийг гажуудуулан одоогийн төрх байдалд оруулжээ.

Есөн зүйлийн суварага

Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын төвөөс баруун урагш 60 км орчим өндөр гэгээн Занабазар /1635-1723/-ын мэлмий нээсэн Есөн зүйл гэдэг газар энэхүү дурсгал оршдог. 1640 оны үед байгуулсан эл суврагыг бурханы шашны хүндтэй их хүнд зориулан босгодог дэг жаягаар барьж бүтээсэн бөгөөд цагийн энэнд элэгдэн өдгөө овгор туйр үлджээ. Есөн зүйлийн суваргыг нутгийнхан өвгөн Суврага гэж бас нэрлэдэг. Суврагыг босгосон Есөн зүйл хэмээх газрын тухай Галдан туслагчийн "Эрдэнийн эрх" зохиолд: өндөр гэгээн Занабазар 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жил халхын Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамцаас Есөн зүйл хэмээх газар мэндэлжээ. Есөн зүйл хэмээсэн нь Гэгээнтний мэндэлсэн газарт есөн зүйлийн цэцэг ургаснаар нэрлэсэн нь хожим сунжирч усан зүйл хэмээх явдал ч байсан тухай өгүүлжээ. /Дурдсан зохиол 90 дэх тал/. Тэнд суварганы туйраас гадна, гэгээнтний хүй дарсан газар, живхний үнс асгасан газар гэж цагаан шороо байдаг. Энэ суврагыг өвгөн суврага хэмээсний учир нь гэвэл: Халхын түшээт ханы ураг удмын холбогдолтойгоос, нөгөө талаар өндөр гэгээн Занабазарыг өвгөн Хутагт хэмээдэг байсантай ч холбоотой байж болно. XVII зууны хоёрдугаар хагаст өндөр гэгээний өвгөн суврагын дэргэд мөргөлийн жижиг сүм байгуулж, буян мөргөлийн хурал ном хурж байсаар 1930-аад оны егүүтгэлийн үед тэр нь үгүй болон устгагджээ.

Дэмчигийн хийдийн туурь

Ноён хутагт Д. Данзанравжаагийн говь нутагт байгуулсан олон хүрээ хийдийн нэг /Галбын уулын гурван хийдийн нэг/ болох Дэмчигийн хийдийн туйр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд бий. Энэ хийдийг ноён хутагт Данзан Равжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэдэг бөгөөд Цогцалын хийд ч гэж нэрлэдэг. Дэмчигийн хийд бол давхар хэрмэн хашаан дотор есөн жангийн жантан бүхий төвд маягийн хоёр давхар сүмтэй, хойд хэсэгт нь хоёр гэр, эргэн тойрон жижиг дөрвийн зэрэг байшинг өмнө хойно нь барьсан, хэрэм нь том дааман хаалгатай байжээ. Мөн түүний дээд хэсэгт хоёр цонх бүхий гүндэ /сэхээвч/ байшинтай хоёр талд нь суваргатай жижиг хэрэмтэй байжээ. Сүмийн хойд хэсэгт голдоо давхарлиг бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ.Эдгээрийн үлдэгдэл одоо бий. Дэмчигийн хийдэд 30 орчим лам шавилан сууж ирээдүй цагийн хурлыг гүйцэлдүүлдэг байсан бөгөөд сүсэгтэн олны хүсэлтээр цагийн хурлыг хурдаг байжээ. Энэ сүмийг Ноён хутагт тоосго шатаалгаж бариулсан бөгөөд барилгын зарим нэгэн хэсгийг байгалийн хад чулууг бэлнээр ашиглаж хийсэн онцлогтой. 1937-1938 оны үед энэ хийд устгагдсан байна.

Дарь эхийн сүм

Дарь эхийн сүмийн үлдэгдэл нь Улаанбаатар хотын Баянзүрхийн дүүрэгт Амгаланд байдаг. Их хүрээ нь нүүдлийн чанартай гэр ба гэр маягийн барилгуудаас бүрэлдсэн бөгөөд нүүдэллэж, олон газар байрлаж байгаад 1779 онд Туул голын хойд талд одоогийн байгаа газарт суурьшиж эхэлжээ. Их хүрээний баруун талын хятад пүүсийг нүүлгэн Наймаа хотод нэгтгэсэн байна. Их хүрээ байгуулагдсантай холбогдож Наймаа хот үүссэн түүхтэй. Хүн ардын амьдралын хэрэгцээг хангах, арилжаа худалдааны ажлыг өргөтгөхөөр зорьж Их хүрээний газар хятад худалдаачдын Наймаа хотыг байгуулах болжээ. Үүнтэй холбогдуулан буддын шашны зан үйлийг хүндэтгэн жил бүрийн Майдар бурхан өргөх жагсаалын замыг боогдуулахгүйн тулд Их хүрээнээс арван газар/5 км/зайтай Улиастай голын адагт Наймаа хотыг байгуулжээ. Уг хотыг "Элбэг-Амгалант гацаа", Наймаа хот, Амгаланбаатар хот хэмээн туc туc нэрлэж байжээ. Наймаа хотод долоон сүм байсны нэг нь Дарь эхийн сүм юм. Наймаа хотын хятад иргэдийн сүшиг бишрэлийг хүндэтгэж хотын зүүн өмнө талд Дарь эхийн сүмийг бариулжээ. Сүмийн барилгуудын хийц нь модон яс модтой, хөх тоосгон ханатай, муутуу цаас наасан сараалжин цонхтой байжээ. Сүм нь эргэн тойрон хөх тоосгон хэрэмтэй, хэрэм нь өмнө талдаа том хаалгатай, зүүн талдаа жижиг хаалгатай. Гол сүм нь ар талдаа жижиг сүмтэй, уг сүмийн баруун зүүн талаар барьсан жижиг сүмүүдтэй байжээ. Гол сүмээс нэлээд урагш сангийн хүрэл тогоотой түүний өмнө талд боржин чулуугаар маш уран сийлсэн хоёр багана босгожээ. Баруун талын чулуун баганад: "Олон тивийн амьтанг зуурдын орноос гэтэлгэн тэнхрүүлнэ", зүүн талын чулуун баганад: "Түмэн амьтныг их энэрэнгүй сэтгэлээр аварна" гэж хятадаар бичсэн байдаг. Гол сүмд хятад маягийн Дарь эх бурхны зургийг халхлан залсан, зүүн, баруун талын 2 давхар сүмд хашин хаан, цагаан өвгөнийг залсан байжээ. Сүмийн хурал номын талаар: Жил бүрийн зуны эхэн сарын арван тавны өдөр Дарь эх бурхны буултын өдөр хэмээн хуушаан нар хурал ном үйлддэг байна. Энэ өдрөөс эхлэн гурав хоног хятад ший тоглон, хятад, монгол хүмүүс цугларан, монгол эмэгтэйчүүд гоёл чимэглэлээ зүүж баяр ёслолын байдалтай өнгөрүүлдэг бөгөөд хүн бүр хүж асааж, цаас шатааж, хорин мөнгө өргөж мөргөл хийдэг байжээ. Сүмийн их хурлын үеэр өмнөх том хаалгыг нээж хүж зул асаан, бөмбөр дэлдэн, хонх цохиж, мөргөлчдийг хүлээн авч буян номыг үйлддэг уламжлалтай байв.
(medeelel.mn)

No comments:

Post a Comment