Sunday, August 29, 2010

Бог бод мал хэмээн нэрлэдгийн учир

Таван хушуу малаа хөлийн урт богиноор нь бог, бодоор ангилдаг нь маллах арга технологоос урган гарсан байна. Бодыг ухаанаар, богыг дагаж малладаг нь таван төрлийн малыг нэгэн зэрэг өдөр шөнө гүй маллаж өсгөнө гэдэг суурин соёл иргэншилтэй хүний ой ухаанд үл багтана. Гэтэл малчид нэг нь нөгөөгөөс эрс тэс ялгагдах шинжийг мэдрээд халуун хошуут хонийг хүйтэн хошуут ямаатай хослуулж малладаг. Монголчууд нэхийгээр дээл, өлгий хийхээс ямааны арьсаар дээл, өлгий хийдэггүй. Ямааны арьсаар дах хийдэг харин хонины арьсаар дах хийдэггүй. Хонины мах удах тутам хор болно. Ямааны мах удах тутам эм болно. Эндээс адуу, хонины махаар борц битгий хий, үхэр, тэмээ, ямааны махаар борц хий гэсэн утга агуулагдаж байна. Ө.Х. адуу, хонины мах амархан хуршиж байхад үхэр, ямаа, тэмээний мах удаан хуршина. Орой (харуй бүрий ) болохоор үхэр, ямаа гэрлүүгээ эргэдэг бол хонь цаашаа явна. Халуун хошуут хонийг, хүйтэн хошуут ямаатай ихэрлүүлж маллахын практик ач холбогдол:
а) Хавар цэцэг навч, яргуй зэрэг хурц, шинэ ногоо идмэгц хониноос өмнө таргалж, мах нь их амт орж халуун чанартай болох учир ямаагаар шөл ууна. Ямаа халуун болоод, ялаа шумуул гараад ирэхээр хүйтэн чанарын мал учраас таргалахаа болино. Намрын өнгө ороод өвс шарлаад ирэхээр таргална. Хонь халуун хошуут амьтан тул халуун чанарын хурц ургамалд ховдоглохгүй, аажим тасаралтгүй таргална.

б) Хонийг 6 сарын дундаас саагаад дунджаар нэг л сар саана. Гэтэл ямааг 9 сарын сүүл хүртэл саана. Хонины сүү өтгөн, ямааных шингэн учраас хольж хэрэглэх нь тохиромжтой. Ямааны сүүг эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэнэ.

в) Дан хонины таргийг суурингийн хүн хэтрүүлж уувал аминд ч хүрч болдог нь түүний түргэн үйлчилгээтэйг нотлох тул цааш нарийн судлах хэрэгтэй. Хонины тараг бам чийгийг эмчлэх эм учраас тун нь ихэдсэн учраас аминд хүрч байна.

г) Нялх хүүхдийг ямааны сүүгээр угжихад мариалаад, царай нь цайгаад тэжээл нь таарч байхад хонины сүүгээр угжвал тураад, хатингар болдог нь хоёр хурц харгалдаж бие биеэ устгадаг байна.

д) Хавар ногоонд дутуу цадсан үед, эсвэл шумуулд хөөгдөх, эсвэл цасан шуурга, аадар хүйтэн бороонд хонь хотноос бэлчихэд ямаа майлж хотноос явахаас татгалзаж, эсэргүүцэл илэрхийлэн майлж, хойноос нь дагахаас аргагүй болсон мэдээлэлийг эзэндээ өгнө. Хашир малчид цаг агаарын гэнэтийн өөрчлөлт буюу хүйтэн бороо орох эсвэл ялаа шумуулд хөөгдөх зэрэг шинж тэмдэгтэй үед ямаа гэрийнхээ гадаа уячихаад унтана.

е) Ямаа хээрийн нохой эргэхэд хонь мэдээгүй байхад хөлөө өргөн чагнаж, газар завчлан, тургиж, дайсан ирж байгааг урьдчилан мэддэг, ялангуяа сэрх олонтой бол бүр ч сүртэй зэрэг зэрэг газар цавчилан эгнэн зогсоод урагш давшилан хамараараа турхираад, хүрээд ир бид олуулаа байна гэх янзтай байдаг, гэтэл хонь огт сэжиггүй хивээд хэвтэж байхад нь хотны захаас боохой суйлаад аваад явчихна, хонь нэг дэр хийтэл үргээд үлдэнэ. Малчид ямаа тургиад, хонь үргээд байна чоно эргэж байна гэж мэдээд хамгаалах арга хэмжээ авна, эхний ээлжинд хотоо тойрон чанга дуугарч чимээ өгнө, эсвэл буу байвал 2-3-н удаа хий буудах, хотны захад мануухай босгон, манаж хонох хүртэл арга хэмжээ авна.

ё) Орой болох тутам хонь цаашаа явна, ямаа гэрлүүгээ харихыг хичээнэ, тийм учраас хонь хотлох боллоо хонио хураагаарай гэж ээж, аав нар хүүхдүүддээ анхааруулдаг. Ээж аав нар хонио хураа гэж байна ямаагаа хураахгүй юм уу гэж хүүхдэд бодогдмоор байгаа биз. Иймэрхүү л бодoлго зохиож сурагчиддаа бодуулж сургадаг багш олон байдаг бол . . .

ж) хонь нүдээрээ дайснаас биеэ хамгаалдаг бол ямаа туурайгаар газраас чимээ авч өөрийгөө хамгаалдаг.

з) хонь өөрөө амь халуун (36-37)-наа тогтмол барьж байх мэдрэмжтэй төрсөн учир 60 градусын хүйтэн ч байсан даарахгүй гадна агаарын температурaaс илүү хэмжээний дулаан цацруулж байхаар төрсөн бол ямаа гаднаас ө.х. нарны илчээр амьдардаг учраас даарах, халууцах нь гадна агаарын температурыг дагах тул өвөл хот хөлдөөж, цагаан сар гарангуут, агаарын температур нэмэх болонгуут ноолуур нь хөөрч самнах болдог, гэтэл хонь 6-р сард зуны их халуун болох үед өөрийн халуун, нарны халуунтай тэнцэж ноос нь хөөрч хайчилдаг.

и) Уламжлалт анагаах ухаанд бараг бүх төрлийн эмийг төлгөн хонины шөлөөр даруулж уудаг нь хониний мах шинэ дээрээ эрчимтэй байдгыг ашиглаж, эмийн үйлчилгээг түргэсгэж хүч оруулдаг байна.

Хонь яагаад орой болохоор цаашаа явдаг, ямаа гэр лүүгээ эргэдэг вэ?

Дайснаас биеэ хамгаалах увидасыг байгалаас заяахдаа амьтаны төрөл тус бүрд өөр өөр байдаг. Жишээ нь хонь харж дайснаа таньдаг учраас газрын өндөрийг буюу нар дагаж явсаар гэгээ тасармагц тэр газартаа шагай бөөн хэвтээд өгнө. Баталгаа нь:

1-д хонь хөдөө хонохдоо заавал газрын хамгийн өндөр ээвэр газар хоносон байдаг.

2-т харанхуйд хонийг хөөхөд хуйлараад явахгүй, явсан ч газрын өндрийг бариад зугтана. Энэ тохиолдолд ямаа танд туслана. Ямаа хөөсөн зүг рүү чөлөөтэй явна.

3-т хонь чоно нохойд хазуулахдаа нүдээ нууж, сүүл, ар хонгоноосоо бариулдаг бол ямаа газрын хөрсөөр дамжсан долгионы давтамжаар ялгаж, мэдэрдэг учраас мөргөж, амиа хамгаалахыг хичээх тул чоно багалзуурдаж, ганц сэгсэрээд чулуудахад толгойгоо дороо хийгээд үхсэн байдаг.

4-д хонь муулахад ганц ч дуугардаггүй байтал ямаа унагангуут майлдагын учир нь дайснаас амиа хамгаалах байгалиас өгсөн тавилантай холбоотой байна.

5-т хонь тэргэл сартай шөнө хотныхоо аль өндөр хамар өөд авирч хэвтэх, ногоонд сайн цадаагүй үедээ шөнө бэлчих тохиолдол байдаг атал харанхуй шөнө бэлчдэггүй.

Иймд амьтан бүхэн өөрийнхөө тухай долгионыг (мэдээллийг) зарим нь цацаж, зарим нь бусдын цацсан долгионыг хүлээн авч амь амьдралаа зохицуулж байдаг.Долгионийг хүлээн авч дайснаасаа биеэ хамгаалах увидасыг бурхан ямаанд заяасан тул ямаа, нохой туурайгаараа газраар дамжсан долгионоор дайсан хаанаас айсуйг мэдэрдэг, гэтэл хонь гадагшаа долгион цацдаг учраас үнэрээр нь чоно байтугай нохойч хонь байгаа газрыг алсаас мэдрэнэ. Ийнхүү хонь, ямааны эсрэг ба ижил хос шинжийг дүйцүүлж, хослуулж малладаг нь мал маллах монгол технологи төдийгүй, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр мөн. Монголд ямаагүй хонин сүрэг байдаггүй учир энэ болой.

Бодыг ухаанаар маллахын онолын үндэс нь аливаа амьд амьтан бүхэн төрөл олсон нутаг ус, цаг агаар, орон зайнаас холдохооргүй заяадаг байгалийн жамыг ашиглаж сургаар, айл хотлоороо хамтран малладаг.

Үхэр сүрэг адуутай адил, хоорондоо ижилсэг амьтан учир тугалдаа үнээ ирэх цагтаа хотлоход сувай үхрүүд том, жижиггүй дагаад ирдэг бол ингэ ирэхэд сувай тэмээнүүд ирэх байтугай бүр цаашаа улам холдох тул тэмээг зоймог мал гэж нэрлэдэг. Таван хушуу малаа бог, бод гэж хоёр хуваадаг нь дөрвөн улиралын туршид хүнсээр тасрахгүй байх мэргэн ухаан гэмээр. Зун бог муулахаас бод муулахгүй биз. Хонь зуу хүрэхээр идэх хонь олдохгүй, адуу арав хүрэхээр унах морь олдохгүй болдог хошигнол ч бодит үнэн юм. Энэ хошигнолоос маш олон дүгнэлт хийж болно: Энэ тоо бол малчин өрхөд оногдох малын доод хэмжээ буюу өрхийн амьжиргааны доод түвшинг малын тоогоор тогтоосон хэрэг. Малын татварыг энэ тооноос илүү гарсан малаас тооцож эхлэх ёстой гэсэн мэргэн ухааныг малчдын далд мэдлэг төрийн удирдлагадаа ухааруулж байдаг.

Цоож үлээгээд онгойлгодог Чогжав лам гуай

Дурсамж тэмдэглэл.

Чогжав гуай гэж нэгэн сайхан лам Бурхан байлаа. 1970 онд шинээр Шашны Дээд Сургуульд элсэн орсон бидний залуу лам нарыг Гандантэгчэнлин хийдийн лам нарын “Арван” гэдэгт хуваасан юм. “Арван” гэдэг нь Чингэсийн үеэс улбаатай засаг захиргаа, иргэний байгуулалтын нэгж юм билээ. Энэ нэгж биднийг оюутан болохоос өмнө Гандан хийдэд байсан, одоо ч байсаар байгаа бөлгөө. “...Арваны даргаас чөлөөгүй еэ хө!” хэмээн ардын дуунд хүртэл гэгэлзүүлэн аялдаг нь учиртай.

Гандангийн “Арван” гэдэг нь 60-аад оноос хойш үүсч Монгол орон даяар эрч хүчээ аван ихийг бүтээсэн “Социалист Хөдөлмөрийн Бригад” гэдэг шиг. Өвгөн лам нарынхаа гэрийг хаварт нь хамтран хөнгөлөх, намарт нь дулаалах, түлээ модоо нийлэн хөрөөдөж хагалах, Гандангийн хашаан дахь хүрдийг угаах, хэрмэн хашаагаа тойрон хэв журмын эргүүл хийх, хогийг нь цэвэрлэх, хийдийн гадаа болон дотор тарьсан модыг арчилах, услах зэрэг ажлыг ээлжээр хийдэг байсандаа. Угтаа шинэ залуу лам нарыг туслах хүч болгон тэдгээр аравнуудад тэнцүүлэн хуваадаг байсан юм. Тэр үед Гандангийн лам нар арван нэгэн арванд хамаарагддаг байсан юм. Баасан, Чойжамц бид гурав “Долоодугаар арван” буюу “Шар Умзад” хэмээн нэрлэгддэг Шаравсамбуу гуайн арванд хувиарлагдан тэнд харьяалагддаг байлаа.

Арванууд миний дээр дурьдсан ажлуудыг хамтран хийхийн зэрэгцээ бие биедээ байх, байхгүй ном судрын дэмжлэг үзүүлж, ойр дотно байхын зэрэгцээ гишүүн хэн нэг нь жилдээ өөрийн бололцоогоор нэгэн өдрийн хоолыг гэртээ бэлтгэн тэднийгээ цуглуулан хөгшин залуугүй халуун дотно яриагаа ярьж, бие биеэ шоолон өвгөдийнхөө залуу цагийн адал явдалтай дурсамж яриаг сонсон хөгжилдөн өнгөрөөдөгсөн. Энэ нь Гандан даяараа их дуулиантай.-Тэдний аравныхан маргааш тэднийд хоолтой гэнэлээ. Манайх чинь хэзээ билээ дээ. Дондог зам, /тогооч/ хоолыг нь хийж байгаа гэнэ билээ. Баянхонгороос айраг нь ирсэн гэнэ билээ гэх зэргээр өвгөд хоорондоо сонин болгон хөөрөлдөх ярианы сэжим болох нь харахад сонсоход өхөөрдмөөр хөөрхөн байдаг байлаа. Тэд маань жаран наймаас дээш настнууд байсан юм.Тиймдээ ч тэр хоолон дээр аравны дарга, дараагийн хоол төдөн сард тэдний өдөр “Тэднийд” хэмээн зарлаж, бид дахин аравнаараа цуглах тэр өдрийг тэсэн ядан хүлээж-Тэр гуайн хоол хэдэнд билээ? хэмээн сураглацгааж байдагсан.
Чогжав гуай гэлэн сахилтай хүн. Өдрийн 1.00 цагт л хоолоо иднэ. Бусад цагт шүд хөдөлгөх юм идэх цээртэй. Гэлэн санваартай хүний “Суртахуун” зөвхөн хоолон дээр л гэхэд энэ буюу. Бусад 267 санваарыг нь энд дурьдаад илүүц биз. Үүнийг нь мэдсэн бид ном сураглах, биеийг нь асуух маягаар хааяа өдрийн хоолыг нь “Буудна”. Дандаа тэгж буудаад байгаагүй ээ. Хааяа зүгээр ороход Чогжав гуай хүүхэд шиг нэг их бондгосхийн давхийн цоцно. Даяанч багш маань нэг өдрийн хичээл дээр-Та нар Чогжав ламын хоолонд нь болж тэднийх рүү гүйгээд байнаа даа янз нь. Цаад гэлэн чинь бариа тавианы үед хэзээ баригдах бол гэж айсаар байгаад цочимхой өвчтэй болчихсон юм гэсэн шүү, чочоогоод зүрхийг нь зогсоочих вий, холоос чимээ өгч очиж байгаарай. Өвгөн хүний аймхай зүрх юухан байх вэ? Хоолонд нь болж яваад цаад өвгөнөө хоолноос нь гаргачихав даа таминь.. хэмээн сургаж билээ. Түүнээс хойш учрыг мэдсэн бид хэд дор бүрдээ хичээж холоос хоолойгоо засан чимээ өгөх, хоорондоо ярилцах зэргээр гэр лүү нь очиж яваагаа мэдүүлдэг болж билээ.

Яг хоолных нь цагаар яваад ороход Чогжав гуай зуухныхаа өмнө сөхрөөд суучихсан галаа оролдосхийгээд буруу зөрүү харан эвгүйхэн зантай угтана.-Учир мэдэхгүй юм. Хоол хийнэ гэдэг чинь амьтны мах хэрэглэнэ гэсэн үг. Би багаасаа хий өвчтэй, цагаан хоол зохидоггүй. Улаанбаатарт мах ямар байгаа билээ дээ. Хүнд хэдэн төгрөг өгч мах захина. Түүнийг хямгадаж идэх санаатай. Энэ чинь цаана нь бас л нөгөө амьтны амь байна. Та нар яахав, босон суун хэзээ л бол хэзээ идэж байдаг улсууд. Би чинь Бурханы өмнө тангарага өргөсөн гэлэн хүн. Өдөрт нэг л хооллоно. Хэцүү юм. Дамба багш, Батнасан, Баярбаатар бас чи...За Баасан ч яахав...салах юм биш...хувцасаа энд тайлдаг, сольдог нэртэй байнга байж идэж байдаг хүн...тэр тэгэхээс яахав...хоолны цагаар тааруулж ирээд байх нь төвөгтэй юм. Сургууль нээгдэхээс өмнө ямар ийм байсан биш...гэсэн шүү юм төвөгшөөнгүй ярина. Тэгэхэд нь-За Чогжав гуай минь, ямар таны гүнцгийг тааруулах гэж бодсон биш. Ойрхон явж байгаад л биеийг чинь асуугаад гаръя! гээд ороод ирлээ. Явлаа! Явлаа! Та тайван хоолло! гэхэд-Үгүй ээ! Чи зүгээр сууж бай. Би төвөгшөөсөн юм биш. Зүгээр л учрыг хэлж байна. Байж бай! Одоохон бууз боллоо. Хэдийг идээд яв. Ер нь тэгээд хүний хоолны учрыг мэдэж байх хэрэгтэй...л дээ гэсээр буузаа гаргана.

Тогооныхоо тагийг авч жижиг зэс тавагаар сайтар сэвнэ. Юм юм нь таарсан буузны үнэр өлссөн оюутан бидэнд мөн ч гоёсон. Тэгж буузаа сэвж байхад нь гал нь унтарна. Түлш нь тооцоотой. Түлш гэснээс биднээр модоо хагалуулахгүй. Өөрөө хагална. Харин биднээр модоо хөрөөдүүлнэ. Хөрөөдөх хэмжээ болгож нэг мод өгнө, тэр нь 28 см. Энэ нь зуухандаа таарсан хэмжээ. Энэ л хэмжээгээр бид арваад жил модыг нь хөрөөдсөн дөө. Хагалуулдаггүйн учир нь гэвэл бид томтой жижигтэй хагалаад хаячихна. Чогжав гуай өөрөө болохоор модоо ангилан хагална. Ангилах гэдэг нь хэрэгцээндээ тааруулан бүхэл мах чанах, цай чанах, хуушуур хийх, галаа асаахад гэх шиг хэрэгцээндээ бүдүүн нарийныг нь тааруулан хагалж багцлан хураана. Тийм болохоор чанах цай нь, ус, түүнийг сүлэх сүү, түүнийг болгох мод, түүнд зарцуулах цаг бүгд хэмжээтэй гэсэн үг. Биднийхээр бол яг л “автомат” удирдлагатай машин байлаа. Оёдолд бол ажилч “зөгий” байсандаа. Оёдол гэдэг маань угалзтай гөлөм, угалзтай гутал байсан юм.

Өвгөн лам буузаа болмогц сэвчихээд жижиг мөнгөн дэвгэнд гурван ширхэг бууз хийгээд бурхандаа өргөнө. Өөрийнхөө гэртээ барьдаг том модон тагшинд /хуралд барьдаг нь арай бага/ долоо найман бууз хийж аваад жигнүүрт үлдсэн буузаа хүрэн модон тавганд хийж, тогоо саваа цэгцлээд, хоолны өмнө уншдаг уншлагаа уншчихаад-За чи хүлээгээд сууж бай. Нэгэнтээ ороод ирсэнийх. Би цадахаараа чамд өгнөө. Өгөлгүй яахав. Чи сууж бай! гээд өөрөө идэж эхлэнэ.
Хоолыг үнэхээр чин сэтгэлээсээ дурлаж, биендээ халдааж, таашааж, амталж идэх гэдэг тэр л болов уу. Буузныхаа нарийн үзүүрийг эхлэн хазаж, шүүсийг нь шорхийтэл сорж их дуу гарган шогжигнуулан дахин дахин сорон амталж тамшаална. Тэгээд жижиг жижгээр таалан хоёр завжиндаа шилжүүлэн удаанаар зажлах бүрийдээ хэлээрээ уруулаа шилэмдэн аах хэмээн амьсгалаа гаргана. Энэ мэтээр нэг буузыг ёстой шимийг нь барж, идэж дуусгана.

Түүнийг харж суухад өөрийн эрхгүй арааны шүлс асгарч, аманд хуримтлагдах шүлсээ залгиж бас идэх дурандаа бид дороо хавьчиж эхэлнэ дээ. Ийн болохоо байхаар нь-За Чогжав гуай би явлаа. Шүлсээ залгиж ингэж танаас горьдож сууснаас явсан минь дээр гээд босох гэхэд-Байз чи би одоохон цадах гэж байна. Байж бай! гэнэ. Тэгээд бас нэгэн буузыг тамшаалан байж идчихээд-За одоо өгнөө! гэсээр өөр нэг том модон тагшинд овоолон байж хийгээд-Аягагүй яваа биз дээ! Май одоо чи идээ! энийг гээд өгнө. Би тэрийг нь барахгүй.-Хүнийг горьдоож тамлаж байснаас эхлээд хоёулаа идчихгүй дээ, Чогжав гуай. Хар шүлсээ гоожуулж таныг харсаар байгаад хий цадчихжээ...гэхэд-Үгүй энэ чинь би өөрийгөө бодохгүй яах юм бэ? Юмыг яаж мэдэх билээ. Би чинь цадахгүй бол яах юм бэ? Та нар бол эндээс гараад л гэртээ, эсвэл гуанзанд ороод нэмээд идчихнэ шүү дээ. Би чинь гэлэн хүн. Учир нь үүнд л байгаа юм. За Баасанд бас хэдийг далд хийхээс! Хэзээ ч юм бэ? Идэхийн мөн болж, хэдэн хоног хоосон явсан юм шиг, намайг ч гэсэн залгичихаар өлссөн амьтан орж ирнэ гээд нилээд хэдэн бууз хийж зуухны хажууд тавиад дээрээс нь зузаан модон таваг хөмрөнө. Бүлээн байлгах гэж тэр.

Бид хоорондоо одоо ч ярьдаг юм.-Чогжав лам гуай шиг бууз, хуушуурын амтыг нь мэдэрч, дэргэдээ суугаа хүнд мэдүүлж, Бурханыг ч гэсэн горьдоож иддэг хүн байхгүй байхаа...гэж. Сайхан амталж идэх чинь бас нэгэн урлаг бөгөөд дэргэдэх хүнийхээ хоол идэхийн дуршилыг дэвэргэж чаддаг билээ. Гэм нь...тийм сайхан идэхийг нь хараад сууж байх мөн ч хэцүү дээ. Тэгээд бас цадтал нь шүү. Уншигч та цадтал гэхээр нэг их юм бодож байгаа байх. Чогжав гуайн бууз ерийн айлуудын дунд зэргийн л бууз. Том ч биш, жижиг ч биш. Бид гурав хазаад л болдог бууз. Өвгөн маань ямбалж ямбалж, тамшаалж тамшаалж ердөө дөрөвхөн бууз л иднэ шүү дээ. Бууз нь бас л хэмжээтэй. Гурил, мах, шөл нь... Ходоод нь ч бас...тиймэрхүү байсан байхдаа. Бага залуугаасаа хэмжээнд нь хэвшүүлчихсэн.
Хоолыг нь отохоор бус ёстой биеийг нь асуухаар нэгэн өдөр орсон чинь Бурханыхаа доод шургуулгыг уудлаж, уудлаж хүрэн даавуунд боодолтой томхон юм гаргаж ирээд-Май энийг үз аль хэр болж вэ? Би ганц дүүтэй юм. Мишигдорж гэдэг юм. Москвад амьдардаг. Энэ жил хугацаа нь дуусаад ирэх сурагтай. Ирэхээр нь өгөх юм. Сайн модон тагш олдохгүй болохоор нь Шаазангийн артелийн Дагвадоржид /хожим УГЗ болсон/ захиж байж шахмал аяга авахуулсан юм хэмээн том мөнгөн аяга үзүүлж байж билээ. Юм мэдэхгүй миний бие, мэдэхгүй ч гэсэн үзэж үзэж,-Ийм аяга эр хүн барьж явахад яахав. Сайхан аяга болжээ л гэж билээ. Үнэндээ хэн ч үзсэн сайхан аяга гэхээс өөргүй аяга байж билээ. Хожмоо би Мишигдорж гуайтай танилцсан ах ламынхаа өөрт нь зориулан хийлгэсэн мөнгөн аяга шиг сайхан хүн дээ. 1970-аад оноос хойших үеийн сэхээтнүүд Мишигдорж гуайг ер нь мэднэ дээ. “Үнэн” сонины орлогч эрхлэгч, Москва дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагчийн албыг хашиж байсан. Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгчдийн нэгэн болой.

Нэгэн хаврын налгар өдөр манай аравныхан Чогжав гуайндаа цаг болзон цугларч ээлжит хамтын хөдөлмөр болох тэдний гэрийг хөнгөлөх ажлаа эхэллээ. Чогжав гуай уламжлал ёсоор-За би үүнийгээ аваад гарлаа. Тэгээд та нар өөрсдөө хийдэг ёсоороо л мэдээд хий. Болж л өгвөл байсан юмыг байр байранд л тавиарай. Хожим хайх гэж төвөг болдог юм...гэсээр эсгий олбогны тасархайгаар бүрсэн хүнд хар дөшөө аваад гарав. Чогжав гуай өөрөө уран хүн болохоороо уран хийцтэй сайхан Бурхан шүтээнтэй. Тэр нь Занабазар хутагтын хийц юм гэнэ билээ. Бурхандаа хоолны дээж тавина. Дүйцэн өдрүүдээр зул өргөнө. Ер нь гэр доторхи нь замбараагүй тийшээгээдээ. Гэр хөнгөлөх, дулаалахдаа бид л Бурхан тахилд нь гар хүрч, тоосыг нь арчиж өгдөг байсан болов уу гэмээр.

Чогжав гуай дааж ядан авч гарсан дөшөө эвтэйхэн гэсэн газраа тавьчихаад туслахаар ирсэн Гандангийн оёдолчин авгай нарт бүрээснийхээ муудсаныг яаж оёж, нөхөхийг зааж, заавардаж тэр хавиар эргэлдэнэ. Ерөнхийдөө гэрийг нь яаж хөнгөлөх, яаж дулаалахыг “аравны дарга” Шар унзад хэмээгдсэн Шаравсамбуу лам гуай удирдана даа. Үдийн цаг дөхүүлээд Чогжав гуай гэрийн бүрээс тавиад дуусмагц өөрийн хариуцсан хүн бүрийн нормтой хайлсан хуушуураа хийж эхлэнэ дээ. Сармис, сонгино, шар тос ханхлуулаад л, ээдээ мөн ч сайхандаа. Хуушуур хайрна гэдгийг манай Чогжав гуай л нэг нэртэй нь дүйлгүүлэн хийж сурсан хүн байлаа. Бидний хуушуур хайрна гэдэг маань үнэндээ том хавтгай буузыг тосонд чанахын нэр юмдаа. Хайрах гэдэг чинь хайрахыг л хэлдэг юм билээ. Чогжав гуай зузаан ширмэн тавагны ёроолыг сүүлээр арчиж тослоод хуушуураа хоёр талаар нь эргүүлж хайрахдаа эргүүлэх бүрийдээ сүүлээр тавгаа тослоно. Бид яадаг билээ дээ. Хуушуур нь хагарч шажигнан их тос нь үсчээд л сүртэй юм болдог шүү дээ. Үнэндээ хайрсан хойноо идэхэд сайхан болохоос бус бидний хувьд хуушуур хийхэд төвөгтэй хоол доо. Энэ бидний чадахгүйд л байгаа юм билээ. Манай Чогжав гуайн хувьд хийхэд шөлтэй хоолноос хялбар бөгөөд хийгээд идэхэд амттай бөгөөд чанартай учраас голдуу бууз, хуушуур зооглодог байсан буй заа.

Нэгэн удаагийн гэр дулаалах ажлаа эхлээд байтал Чогжав гуай-Хөөе! Tа нар гараарай! Гэсгүй гуайн өнөө сахилгагүй шар “дөшин” дээгүүр харайгаад алга боллоо. Олоод ирээрэй! Олж ирж ариулахгүй бол болохгүй! хэмээн сандрав. Дүрсгүй шар гэдэг нь хожмоо ШДС-ийн сантехникийн засварчин болсон, Гандан хийдийн их гэсгүй Төмөр-Очир гавжийн ганц эрх хүү билээ. Бид гарлаа. Дор бүрдээ дуудан хайлаа. Төмөрөөгийн бараа алга. Түүний ээж Цэнд бугай бидний дэргэд бүрээс нөхөөд сууж байгаа хэрэг. Тэгтэл өнөөх Төмөрөө Гандангийн аж ахуйн хашаа руу давахдаа цаашаа нэвт гарсан хадаасны үзүүрт гэдсээ хүүлээд түргэн дуудуулаад байна гэж хэл ирэх нь тэр.
Төмөрөөгийн ээж зүү утсаа хам хум тавиад цойлдож, нөхөх ажлаа орхиж явахдаа Чогжав гуайд-Таны дөшөн дээгүүр харайгаад гарсан юм бол тэр золиг гэдсээ хүүлэх нь юу ч биш л дээ. Та утлага, рашаан хайрлана уу? Эмнэлэг аваад явахаас нь өмнө тэрийг ариулья хэмээн байж билээ. Урьд нь гэрийн ажил болоход Чогжав гуай эхлээд дөшөө аваад гараад явчихдаг. Бурханаа бидэнд даатгачихдаг болохоор нь учир мэдэхгүй бид-Та ч “Бурхан” дөштэй хүн юмаа! хэмээн дооглоход-Бариа тавианы үед энэ Ганданг нээгдэхээс өмнө намайг хоолтой байлгасан юмаа. Энэ чинь ...гээд инээдэг байсан. Төмөрөө гэдсээ хагалан сүйд майд болж байхад Чогжав гуай харин-Та нар намайг шоолоод л байдаг. Би Дархан хүн биш! Энэ дөшөөр хоол олж иддэг байсан гэж хэлдэг шүү дээ. Е р нь дархан хүний Дөшийг Бурхан шиг бодож яв. Бурхан яахав хол байх. Харин сайн дарханы Дөшийг ер нь хажууд нь байгаа, бараг Бурхан болчихсон эд гэж санаж явахад илүүдэхгүй. Хариугий нь та нар сая үзлээ шүү дээ. Гэхдээ би чинь дархан хүн биш тааруухан гэлэн шүү дээ. Энэ дөш бол хэдэн үеийн дарханы Дөш...гээд залган сайхан, хүүхдэрхүү бас доогтой инээж байж билээ. Чогжав гуай ер нь тэрүүхэндээ, чимээгүйхэн инээдэг хүн л дээ.

Цагаан сарын хурал номын ажил өнгөрөөд л Чогжав гуай хэдэнд ч юм бэ, бүү мэд угалзтай монгол гутал, угалзтай гөлөм хоёрыг зэрэг эхлэн эсгэж, шивж, оёж эхлэнэ. Нэг нь аяганы ширээн дээр, нэг нь орон дээр нь дэлгээтэй, угалзны хэв мод, олс, сарьс, сайр тэднийхээр хөглөрөх нь тэр. Хөглөрөөтэй байсаар намрын хяруутай золгоно. Тэр хугацаанд жаахан гэр нь оёдолын цех шиг. Аяга шанага Бурхан тахилтайгаа хамт холилдон байна даа. Ямагт зүү нь учигтайгаа, шивүүр нь дэргэд нь байна. Хурлын завсарлага, гэртээ ороод гарах, хоолоо хийж байх, хүнтэй ярилцаж байх зэрэгтээ өнөөхөө/гутал, гөлмөө/ хэд хатгана. Залгуулаад хэд шивнэ. Сууж хийхгүй, орхихгүй, орон гарав дөрөв, тав хатгаад л шивээд, оёод л явна. Нэг өдөр би-Чогжав гуай минь дээ! Ингэж өөрийгөө ядрааж зовоогоод, гэрээ хөглөрүүлж, тав тухаа алдаж ямар хэрэг байнаа. Нэг долоо хоног оёод л дуусгачихаач дээ ..гэсэн чинь-Үгүй ээ! Тэгдэггүй юм. Хүнд хийж өгсөнийх нэг насны юм хийж өгөх хэрэгтэй. Хийлгэх, хийлгүүлэхийн учир энд л байгаа юм. Чи сая өөрийгөө ядраагаад гэж байна. Яалаа гэж харин жаргааж байгаа юм. Хийж байгаа ажлаараа жаргах ёстой. Үүнд сэтгэл чухал. Сэтгэлгүй албадлагаар, мөнгөний төлөө хийсэн юм авсан хүндээ ч, хийсэн хүндээ ч хэрэг тусаа өгдөггүй юм. Гутал, гөлөм хоёрт түмэн оёдол байдаггүй юм. Орон гаран найм, ес хатгаад шивээд явахад цагийн тоогоор талийчихдаг юм. Суугаад оёход бусад ажил хоцорч, суудалдаа ядарч, нүд чилж, хуруу бяцарч цаашид оёхоос зүрхшээдэг юм. Ухаандаа зовлогоо зовоож байгаа хэрэг. Над шиг ингэж оёх нь алдаагаа ойрхон ойрхон арван хатгацын дараа, хоёр хуруу зайд шалгаад, засаад явчихдаг юм. Хийгээд дуусгачихсан хойно хийсэн битгий хэл, авсан хүн ч нийт угалзанд нь хууртаад нэгэн хатгацын алдааг олж хардаггүй юм.

Оёдолд нэг хатгацын алдаа гэдэг чинь уг эдийн чанарт яваандаа муугаар нөлөөлдөг юм. Бас ингэж бага багаар удаан оёж, алдаа гаргаагүй бол оёж байгаа хүн дараа дараачийн хатгацыг улам сайн хийхсэн гэж өөрөө урамшдаг юм. Би чинь сайн оёж байна шүү гэж өөртөө урам өгөх нь, зав л гарвал хэд хатгачихсан гэсэн ажилдаа яарах сэтгэлийг төрүүлдэг юм. Хийнэ, хийж байна, хийхсэн гэсэн сэтгэл нийлж байж сайн эд урладаг юм. Сайн эд хийлгэлээ дээ гэж сэтгэл ханасан хүн сайн харамж өгдөг нь хүний ёс. Өмнөговийн нэг өвгөн надад намрын хяруунаар ёстой төртэй хоёр хонины мах, шүдлэн үхрийн мах нэгийг авч ирж өгөөд миний оёсон гутал, гөлөм хоёрыг аваад буцдаг юм. Түүнийг ирэхэд л би сүүлчийн утсаа хатгаж, учгийг нь зангиддаг юм. Тэгэхээр би юундаа яарах билээ дээ.
Танай Дамба багш, ер нь манайд ирж миний гүнцэгнээс хороолцдог та нар чинь угтаа миний гурван улирал оёсон гөлөм, гутал хоёрын хөлсийг идэлцэж байгаа юм шүү дээ. Тэгээд би хоолоо элбэг хийдэгийн учир тэр юм шүү. Хүн ер нь олсоноо хувааж идэж байх юм шиг та нарт заадаг байсан байхаа. Хувааж идэхэд учир бий. Бүр их бий. Би гэлэн хүн. Идэлцэхэд ч, идүүлэхэд ч их учир бий. Богд лам “Бодь мөрийн зэрэгтээ” тодорхой заасан. Та нар одоо судлаж байгаа гэнэлээ. Би гэлэн хүн хэнтэй хувааж идэхээ сайн мэднэ. Үүнийг “Гэлэнгийн суртахуун” номонд заасан. Би гэлэн сахил хүртсэн цагаасаа эхлэн Богдын заасныг алдахгүйн төлөө чармайж явна даа хэмээж билээ.

Өвгөн лам нарын болон Гандан хийдийн олон түлхүүртэй нярав нарын эзэмшдэг цоож онгойхгүй буюу түлхүүрээ гээчихсэн, олохгүй болсон үед манай Чогжав гуайг сураглаж сүйд болцгооно. Чогжав гуай гутлынхаа түрүүнд нэгэн урт төмөр сэтгүүр үргэлж хийж явах бөгөөд цоож онгойлгодог багаж нь ердөө тэр. Үеийн өвгөн лам нар нь-Цаад Чогжав чинь ямар ч цоожийг үлээгээд онгойлгочихдог юм. Тэгдэг тариныг тоонд нь хүргээд тоолчихсон хүн. Сэтгээд онгойлгож байгаа дүрийг л үзүүлдэг байхгүй юу. Үлээчихдэг юмаа. Цоожны өргөс нь подхийгээд л үсэрчихдэг юм...хэмээлддэг. Нэгэн арван боловч тэр эрдмийг нь би үзээгүй ээ. Надад тийм завшаан тохиолдоогүй. Яагаад гэвэл цоож, сав хариуцдаг ажил хийж байсангүй. Хэрэв байсансан бол би Чогжав гуайгаа өдөр бүр залах байсан буйзаа.
Нэгэнтээ манай доод ангийг төгссөн хэдэн залуу ламд тохиолдсон явдлыг тохиолдох ч гэж тохиолдуулсан явдлын тухай, одоо Монголын уламжлалт эмнэлгийн нэртэй эмч болоод байгаа Сэнгэ-Очир лам Багануурын зочид буудалд надад ярьсан юм. Сэнгэ-Очир лам Баянхонгор нутгийн цуутай эмч лам бөгөөд Хайдав доктортой хамт эртний Монгол-Төвдийн орхигдон дарагдсан уламжлалт эмнэлгийг шинэ үед дахин сэргээсэн Доржжанцан гуайн гарын шавь бөлгөө. Түүний эрдмийг өвлөн авсан хүн тэр л болой. Тэр надад ийн ярьсан юм.

Лам нар ээлжээр Гандан хийдийн тахилыг сэргээж, сахиж хонодог нэгэн алба эртнээс уламжлалтай юм. Одоо ч үргэлжилсээр. Сэнгэ-Очирт ээлж ёсоор тэр алба нэгэн шөнө таарч гэнэ. Хоногийн лам шөнөдөө дугануудаа эргэж, зул жаргахыг харж, эрт жаргасан зулыг сэргээхийн зэрэгцээ хамгийн чухал ажил нь өглөө болдог бөлгөө.
Өглөө. Хийдийн дунд гадаа байдаг сангийн том бойпорт сан тавих бэлтгэлээ хийж, жасын зуухыг галлаж аргалын цог бэлтгэнэ. Бас Цорж лам, Унзад, гэсгүй нарыг морилон ирэхийг харуулдан тэднийг ороод ирмэгц нь хүндлэлийг үзүүлж, суудалдаа мориломогц нь “Жадамба” судрыг тэднээр уншуулахаар хэсэглэж багцлан өргөн барина. Уншмагц нь эргүүлж дарааллаар нь болгон шоголд нь хийнэ. Жасын энэхүү Жадамбыг 8-р Богд Жавзундамбын мэлмий муудахад засрал олгохын тулд 29 ширхэгийг тусгайлан барласан гэдэг. Мөн Жасад гол шүтээнүүд дунд голлуулан зассан Жигжид бурханы шуумал бас 29 ширхэг юм гэнэ билээ. Одоо бусад Бурхан, судар хоёр хэд нь хаана үлдсэн нь ёстой бүү мэд юм даа.

Ийм учраас Гандан хийдийн лам нар эдгээр шүтээнүүдийг эрхэмлэн үздэг юм. Ихэс лам нар “Жадамбаа” айлдаад буцааж өгч дуусмагц хоногийн лам гарч бэлтгэсэн сангаа тавина. Тэхэд бүрээний лам нар бүрээний шатны саравчинд өгсөн гарч ариун цагаан лавайг дөрвөн зүг, найман цогцост дуурсган үлээж өглөөний хурал ном эхлэх дуудлага болгоно. Хоногийн лам мөргөлчдөд түгээх рашааныг Очир-Дарийн дуганаас авч аривнуулан жасад оруулаад дараачийн хоногийн ламд жасын түлхүүрийг хүлээлгэж өгөөд “хоногийн албаа” хааж дуусах нь тэрээ.
Тэр нэгэн өглөө Сэнгэ-Очир лам энэ үүргээ гүйцэтгэж хоноод байтал тэдний ангийн лам Энхбат, бас хоёр залуу ламын хамт орж ирж өглөөний манжны дээжээс ууж байснаа/манжны дээж өглөө хоногийн ламд эхлэн ирдэг юм/Сэнгэ-Очирын бүсэнд тээглүүлээр нь дүүжилсэн жасын хаалганы мөнгөн чимэгтэй хоёр том түлхүүрийг хармагцаа-Хөөе! Сэнгээ...хурдлаач! Хэдүүлээ нэг юм үзье! Чогжав гуай түлхүүргүй цоожны өргөсийг үлээгээд онгойлгодог юм гэсэн. Хэдүүлээ үзье! Одоо очоод Чогжав гуайг аваад ирье. Чогжав лам их сандруу, сандраагаад аваад ирье! Хурдлаарай Чогжав гуай! Жасын түлхүүр олддоггүй. Цорж, гэсгүй нар ирэх болчихлоо гэж сандраагаад аваад ирье. Хаалгаа цоожилчих! гээд л өөрсдөө сандран тэднийх рүү гүйцгээж дээ.

Чогжав ламынх Орхоны 7-р гудамжинд дунд хирд нь байсан юм. Орхоны энэ гудамж Гандан хийдийн зүүн талын асартай хаалганаас гуравдахь гудамж юм. Тэд сүрийг үзүүлэн амьсгаадсаар Чогжав гуайнд гүйн очиж, хашааны хаалгыг нь хадаасаар онгойлгоод /Чогжав гуай өөрөө тэгж онгойлгодог юм/-Чогжав гуай гэж дуудалцсаар гэрт нь орсон чинь тэдний сүртэй чимээнээр нэг л хэрэг гарч гэдгийг мэдсэн өвгөн лам дээлээ өмсөөд зогсож байна гэнэ. Тэд-Хөөе! Чогжав гуай. Энэ Сэнгэ-Очир хоногт хоносон юм. Тэгсэн чинь жасын түлхүүрийг гээчихэж, одоо Цорж, гэсгүй нар ирэх, бүрээнд гарах цаг болчихлоо. Та л онгойлгож өг! гэсэн чинь Чогжав гуай-Түлхүүрийг нь гээчихсэн юм бол би ч яах юм бэ? тэрийг чинь гэж гэнэ. Нөгөө хэд та л онгойлгож өг! Хурдлаач! гээд л Энхбат бяртайгаар тэврэн мөрлөж, нөгөө нэг нь хаалга онгойлгож, нэг нь орхимжийг нь шүүрч аваад л жас руу гүйцгээж гэнэ. Чогжав гуай-Элэг доргиод, үхлээ хөөе! Өөрөө явья! хөөе! гэж дуугарч байна гэнэ. Тэд-Цаг боллоо. Болохоо байлаа. Чогжав гуай минь одоо хүрлээ гэсээр үүрээ дүүрээ болсон хөгшин залуу хөгийн лам нар амьсгаадсаар жасад ордог юм байж.

Чогжав гуай-Яачихсан улсууд байнаа. Хоёр түлхүүр хадгалаад хонож чадахгүй. Бас сандрааж байгаад өнөө муу сэтгүүр мартуулчихаж, би юугаараа онгойлгох болж байнаа. Жасын энэ цоож чинь Цолмон дарханы хийц, сэтгүүрээр гарахгүй эд ээ. Мөн ч сайн цоож доо. Өргөс нь гэж цул ган л даа гээд цоожийг илж байх юм гэнэ. Гэтэл ёстой Цорж ламын овоодой жасын цонхоор өнгөрч, хэдэн лам маань үнэндээ тэвдэж, нэг нь Цорж ламд хаалга нээж өгөхөөр гүйж, хоёр нь холдож, орхимжоо буулган хөшөө шиг зогсож, Цорж ламтан ч ороод ирж, Чогжав гуай ч мөнөөх мөнгөн тоногтой цоож руу нэг тонгойх шиг болоод л-Цорж та морилогтун! гээд жасын хаалгыг онгойлгон тэлж өгөхөд Цорж лам Осор гуай-Чогжав залуу лам нартай хоногт хонодог болоо юу? гээд инээвхилж дээ. Тэгээд л уламжлалт ажил өрнөж “Жадамбаа” Цорж, гэсгүй, унзад нарт тарааж, сан сунгаа тавин бүрээ юугаа татаж лам нар дуганыхаа үүдэнд “Мэгзэмээ” айлдаад хуралдаа морилж дээ.

Ингэж “хоногийн лам” Сэнгэ-Очир хамгийн чухал ээлжит ажлаа инээдтэй бөгөөд ёсоор нь хийж дуусгаад цоожныхоо өргөсийг эрээд олдоггүй гэнэ. Аргаа ядсан тэрбээр дуганд ороод Чогжав гуайн чихэнд шивэгнэн-Цоожны өргөс яасан бэ? Та...гэсэн чинь-Юун та гэж. Би яаж мэддэг юм бэ? Хоногийн лам чинь чи биз дээ? Та нараас болж Цоржоос айж, бас сандраад...зүрх...зүрх..явж үз. Тэр хавьцаа хайхгүй юу? Цоожны өргөс хаашаа гарах ёстой билээ гээд халгаасангүй гэнэ.Сэнгээ лам жасад эргэж ороод эрээд байж, тэгсэн чинь пийшин дээр хайлуулж хоносон шилтэй шар тоснуудаа авахаар орж ирсэн Тахилч лам Тогоохүү-Хөөх! Энэ юун цоожны өргөс вэ? түлээн дотор байх чинь. Ямар нь цоожныхоо өргөсийг энд хаядаг байнаа! гээд бариад зогсож байсан. Зуухны дэргэдэх түлээний дөрвөлж жасын хаалга хоёрын хооронд бараг дөрвөн метр газар даа. Хачин юм шүү. Чогжав гуайг цоож үлээгээд онгойлгодог гэдгийг бид тэгж үзсэндээ. Үнэн юм билээ. Нэг их сүр болж үлээдэг юм биш билээ, Чуука ахаа хэмээн ярьж билээ.
Ийм нэгэн өвгөн гэлэнгийн амьд сэрүүн ахуйд хэдэн жил гэрээр нь орж гаран бужигнаж, элдэв эрдмийг нь үзэж харж, хоолыг нь хороож явсан нь бидний бас тэдний буян юм болов уу. Өчүүхэн лам би бээр энэхүү өгүүллэгийг тэрлүүлсний учир нэгэн зул өргөсөн буян болох болтугай.

Гэвш лам Элдэжигэн овогт

Ш.Чулуунбаатар

Жич: Энэхүү дурсамж нь бурхан болооч ламтаны сүүлчийн гар бичмэл бөгөөд хаана ч хэвлэгдээгүй болно. Жанч халсан гэвш ламтаны гар бичмэлийг надад итгэн өгч блогтоо тавих бололцоо олгосон сайхан сэтгэлт сэтгүүлч Л.Эрдэнэмаад түмэнтээ талархаад ч барамгүй. Дээд тэнгэрийн оронд заларсан ламтан маань түүний энэ буянтай сайхан үйлсийг хараад магад баясан мишээж суугаа гэдэгт итгэнэм.
Энэтхэгийн Наландагийн Их Сургуульд Жагарын орны их эрдэмтэн Шантидэвагийн "Бодичарияа аватара" хэмээх гүн ухаан, яруу найргийн алдарт зохиолын есдүгээр бүлгийн философи сэтгэлгээний асуудлаар гүн ухааны докторын зэрэг хамгаалсан энэ эгэлгүй их эрдэм номтой хуврагийн гар бичмэлд үг үсэг, найруулгын ямар ч засвар хийсэнгүй ээ. Ядуу бичээч би яахин тэгж бөх зүрх гаргах билээ?
"Сэтгэлээ зөв төвлөрүүлж, оюун ухаанаараа гэгээрч, хорвоогийн бүх шуналаас ангижирч, үнэний замаар урагшилсан хүнийг л жинхэнэ лам хэмээнэ" гэж Бурхан багшийн сургаалд айлдсан байдаг. Тэгвэл ёстой жинхэнэ номтой лам байсан энэ хүний нэг хүүхэд нь Америкт, нөгөө нь Швейцарьт сурдаг юм гэсэн. Эцгийнхээ амьд сэрүүн ахуйдаа туурвисан сүүлчийн бүтээлийг олж үзвэл тэдний сэтгэл нь жаахан ч гэсэн амирлах болов уу хэмээн мунхаглан сууна.
Өчүүхэн би бээр унтах нойроо хугаслан байж энэхүү гэр бичмэлийг сийрүүлсний учир нь ламтаныхаа хойноос нэгэн зул өргөсөн буян болох болтугай. УМ МА НИ БАД МЭ ХУН.

Бурхадын бурхан танаа мєргємv



Бvсгvй хvний хєлд хvрсэн галбирбаа сан модод цэцэглэнэ хэмээх эртний нэгэн сайхан шvлэг бий. Бvсгvй хvн бурхадын бурхад болохоор тэр биз ээ. Бvсгvй хvний нємєрт хоргодсон буурал ертєнц залууждаг хэмээдэг. Бvсгvй хvн гоо vзэсгэлэн болохоор тэр биз ээ.

Урьд их эзэн богд Чингис хаан Сартуул иргэнийг дайлаар мордохоор хєдєлж Алтай ханы оргилд буудаллажээ. Энэ vед их цэргийнхээ омог, хийморийг сэргээх найр наадам vvсгэн байх цагт ухаант мэргэн Есvй хатан,
Их хаантан минь єршєєн соёрх
Уул мэт биеийг чинь нуран унавал
Улс монголыг тань хэн захирах
Тул мэт биеийг чинь тулбиран одвол
Туурга тусгаар Монголыг тань хэн жолоодох билээ хэмээгээд их гvрний хаан орыг vе залгамжлах хєвгvvнээ нэрлэж ажаамуу хэмээсэн гэдэг. Чингис хаан Есvйн энэ vгийг ихэд сайшааж жанжин баатар, эрдэмтэн сайдуудаа донгодон буруушааж, биеийг эс нєгчих мэт санаж явсан цагт сургамжит vг хэлсэн Есvй хатныг “ухаант мэргэн” хэмээн єргємжилж, хаан ор суудлаа Єгєєдэй хевгvvнд єгvvлэхээр гэрээс vлдээсэн гэдэг.

Мєн Чингис хаан ёсыг умартан солонгуд бvсгvй Хулангийн зvс тєгєлдєрт сатааран хээр дэр нэгтгэсэндээ Бєртэ хатныхаа ємнє vлэмж гэмшиж єєрийн хайртай шадар жанжнаа явуулан их хатанд учирлаж хэлсvгэй, тунгаах эсэхийг мэдэж ир хэмээн гэдрэг одуулсан удаа бий. Их хааны элчийн учирлах vгэнд Бєртэ дотогш нулимсаа залгин байж зvйргvй хайраа зvрхэндээ бат хадгалан,
Харь цэнгэлт нууранд хун галуу олон гэнэм
Хуруугаа чилтэл намнахаа хаантан та мэднэм зэ
Эрхэт цэнгэлт нууранд хун галуу олон гэнэм
Эрхийгээ чилтэл намнахаа эзэн та минь мэднэм зэ
Хvлэг сайн моринд хоёр эмээл тохож vл болно
Хаан тєрийн хасыг атгасан эзэнтэнд
Хацар гоо охид хаанаас цєєдєх билээ хэмээн хэлж Чингис хааныг уучлан єршєєсєн гэдэг.

Чингис хаан єєрийн дvv Хасарыг хан тєрд эрслэн тэмцэв хэмээн буруушаан есєн ес наян нэгэн жанчихыг тушааж, хэвтvvл цэргvvд Хасарыг барьж мєхлєгт тэрэгний дугуйд хvлэн жанчиж эхэлсэнд Єэлvн эх цагаан тэмээ хєллєсєн чингэлэгт тэргэнд сууж ирээд хоёр хєхєє гарган Чингис хааныг донгодон “Vvнийг харагтун. Та хоёрын хєхєж єссєн мээм чинь энэ байна. Хавиргаа хазагсад, хvйгээ таслагчид. Хасар яав. Хєсєр болох хэрэг юу vйлдэв. Хэлэхтvн чи. Тэмvжин чи нэгэн хєхийн сvvг барж vл чадах. Харин Хасар хоёр хєхний минь сvvг дуустал хєхєж цээжийг минь амирлуулдаг сан гэж уйлан хайлаад,
Чи цээжиндээ эрдэмтэй
Чигч холч бодлоготой
Хасар минь хав хvчтэй
Хатгалдан дайлагсдыг
Харван сумын хvчээр
Хамж авчирдаг билээ
Онох сумын хvчээр огшиж дутаагсдыг
Оруулж авчирдаг сан
Одоо дайсныг дарж барав гээд
Хасар хєвгvvний минь хэрэг дуусав уу гэх эхийн vгэнд Чингис хаан ихэд балмагдан ээжийн хилэгнэсэнд айхын ихээр айж, ичихийн ихээр ичиж тvргэдсэн гэмээ ухаарч єршєєл хvссэн нь бий.

Ертєнцийн мєнх бусыг таниулж хас тєрийн сааршгvйг сануулсан Есvй, хаан хvн хамгийг захирахдаа хатан эрдэнээ дээдлэхийн утга учрыг сvv адил vгээрээ ухааруулсан Бєртэ, Богдсын зэрэгт хvрэвч эхийн дэргэдээс буруу зєвийг тунгаахын эрхмийг сургасан Єэлvн эх дэлхийн дайдыг хэмжин монголчуудыг гар амар хөл хєсєр жаргуулсан тэр их хvнийг тєрvvлсэн юм.

Бид хэзээ ч цэцэн мэргэн бvсгvйчvvдээрээ дутаж яваагvй. Ах дvvсийн цусан єшєєг сарниулсан Соргогтань хатан, улс гэрийн самууныг тєвшитгєн туурга улсаа тулбиралтгvй мандуулсан Мандухай, илдний хурцыг барьж энэ биеийг огоорон галан шуурга сєрсєн Ану хатан… Тийм ээ, монголчууд эрдэм билэгт, эр зоригт, цэцэн мэргэн бvсгvй хvнээр дутаж яваагvй азтай ард тvмэн.

Бурхад бурхадын дээд хэн бэ хэмээн бурхан Буддагаас нэгэн шавь нь асуухад эргэлзэж тээнэгэлзсэн ч vгvй “эх хvн” гэж хариулсан юм гэдэг. Шавь нь гайхшран бурхад бурхдын дээдийг ялж тєгссєн Будда нь та мєртлєє юунд ингэж хариулав хэмээхэд,
-Хvмvvн тєрлийг олно гэдэг зvvний сvвэгчин дээр тогтох ширхэг арвай лугаа адил. Тэрхvv зvvний сvвэгчин дээр тогтох гэгээн агшинд амьдрал бэлэглэж, хvн болгодог нь эх хvн юм. Тиймээс эх хvн бурхад бурхдын дээд нь болох учиртай гэсэн гэдэг.

Эх хvн… Энэ vг ямагт тунгалаг ариун, ямагт єршєєл хайр, энэрэл нигvvлсэл, сайн сайхан бvхний дээдийг агуулна. Ижий цагаан сvvгээр замбуулин хорвоо сvлэгдэн зєєлєрдєг болохоор, ижий цагаан гэрлээр хорвоо ертєнц гэрэлтэн ариусдаг болохоор, энэ хорвоо єєрєє гайхамшиг. Єчигдєр, єнєєдєр, маргаашийн эхлэл ижий хэмээх цэгээс эхэлж бадамлянхуа цэцэг лугаа адил дэлгэрдэг болохоор “эх хvн” гэдэг энэ vг бурхад бурхдын дээд, бурхад бурхдын эхлэл байх учиртай.

Халх голын дайны vед юм гэнэ лээ. Нэгэн эх хєвгvvнээ дайнд vдэж мордуулжээ. Нутаг нугаас нь олон ч эхийн хєвгvvд цэрэгт мордоцгоож. Жилийн дараа хvv нь нисэх онгоцны нисгэгч болсон тухай захиа ирvvлжээ. Эх нь ч хvvгээрээ бахархан орсон гарсан болгонд хvvгээ мундаг нисгэгч болсон тухай сайрхан ярьж суух болж. Удалгvй дайн дууслаа. Олон аавын хvvхдvvд энгэр дvvрэн одон медалиа гялалзуулсаар ирцгээж эхлэв. Хєєрхий эхийн хvv л байсангvй. Хєх уулсын онь хєтєл сэтэртэл хvлээвч ирсэнгvй. Сэмжин vvлсийн магнай зєєллєн мэнд амрын цацлаа єргєж, алсын зэрэглээ цайран уустал саравчлавч хvv нь ирсэнгvй. Захиа занаа ч сураг алдрав. Гэсэн ч эхийн хvлээлтийн горь тасарсангvй. Орсон гарсан бvхэнд аанай л хvv нь нисэх онгоцоо жолоодоод над руу ирж яваа гэх. Нєгєє болохоор хvv маань хотод том дарга болсон. Ажил алба ихтэй байдаг юм байлгvй. Одоо удахгvй онгоцоо жолоодсоор ирнэ гэж ярина. Сумын захиргаанд хvv нь тулалдаанд амь vрэгдсэн тухай мэдээ ирсэн ч гэлээ хэн ч хєєрхий эхэд дуулгаж зvрхэлсэнгvй. Зvрхэлсэнгvй байсаар он удав. Тэгж байтал нэг єдєр хvvтэй нь хамт алба хаасан нэг нєхєр тэднийд айлчлан иржээ. Эх хvvгийнхээ тухай нєгєєх л ярьдгаа ярьж яагаад хvv нь удаад байгааг тодруулж єгєхийг тvvнээс хvсэв. Залуу єрєвдєхийн эрхэнд “Хvv чинь ирнэ ээ. Харин нэг саад байгаа. Манай энэ Хєшигтийн хєндийд чинь онгоц бууж чадахааргvй тийм их чулуутай шvv дээ. Тэрнээс болоод байгаа байх” гэж хариулаад бушуухан мордсон гэдэг.

Тэр єдрєєс хойш сайхь эх Хєшигтийн хєндийн чулуу болгоныг тvvж босгосон овоондоо нэмэрлэдэг болжээ. Он жил харвасан сум шиг єнгєрч хєєрхий эхийн толгойд буурал суусан ч хєндийн чулуу бvрийг тvvн мєнєєх овоондоо нэмэрлэвч хvv ирсэнгvй. Гэлээ ч эx цєхрєлтгvй чулуу бvхнийг тvvсээр л… Ертєнцийн чулууг яаж барах билээ, эхийн хvлээлтийн горь хэрхэн тасрах билээ. Хорвоогийн мєнх бусыг vзvvлэн vзvvлтлээ хєєрхий эх Хєшигтийн хєндийн чулууг тvvсэн гэнэ. Тvvний босгосон овоо нэгэн том толгой болж тэр толгойг нутгийн зон олон Эхийн овоо, Хєшигтийн тэр уудам хєндийг Эхийн тал хэмээн хvндэтгэн нэрлэх болсон юм.

Эх хvн гэгч ийм л гайхамшигт, ийм л ариун нандин, ийм л нигvvлсэл энэрэл сvлэрсэн гэгээн тунамал ертєнц. Эх хvн vрдээ хэзээ ч гомддоггvй юм гэнэ лээ. Vнэн байх. Хорвоог бvхлээр бvтээж хорвоо ертєнцийн зовлон гунигийг гагц сэтгэлээрээ ариусгаж явдаг болохоор тэр биз ээ.

Хєх уулын онь хєтєл сэтэртэл саравчилж, сэмжин vvлсийн магнай зєєллєн мэнд амрын цацлаа єргєж, алсын зэрэглээ цайран уустал санаа алдах ижийгээ би баярлуулж чадсан болов уу. Хvний хатуухан орчлонд хєлийнхєє арван хуруугаар газар тамгалан єндийхдєє ижийгээ л би анх тvшсэн сэн. Хорвоо нємєртэй болохыг тэгэхэд л анх тэгж мэдэрсэн. Цасан мєсөн гялалзсан нутгийн уулсынхаа оргилыг будан суутал харуулдахад нь эвий муу ижийдээ би яарсан бил vv. Аргаар болдоггvй хорвоод аашлуулж зэмлvvлж явахад нулимстай аньсгаа арчуулж, єрийг нь ємєртєл, ус нутгийн шувуудыг эргэн хоргодтол vгээ дайхад нь эвий муу ижийдээ яарсан бил vv.

Мянган шєнє бурхан сvvгээ амлуулсан эвий муу буурлыгаа би баярлуулж чадсан болов уу.Бvсгvй хvний хєлд хvрсэн галбирбаасан модод цэцэглэнэ хэмээх эртний нэгэн сайхан шvлэг бий. Бvсгvй хvн бурхадын бурхад болохоор тэр биз ээ. Бvсгvй хvний нємєрт хоргодсон буурал ертєнц залууждаг хэмээдэг. Бvсгvй хvн гоо vзэсгэлэнтэй болохоор тэр биз ээ.
Л. Нарантєгс

Уяхан замбуу тивийн наран

"Уг нь би танайд агсам тавья гэж бодсымсан
Ухаант ардынхаа дуунд хүлээтэй байгаад чадсангүй"

Хүн төрөлтнийг хүмүүнжүүлэх хур их ухааны үрийг тээн түгээгч ардын дуун ухаан мину. Бадаг төдийд бүх ертөнцийн цаад утга ухааныг багтаах чадалтай эрдэм оюунт эрхэмсэг ард түмэн, гайхамшигт дуун өлгий нутгаа бахдан санахгүй байхын аргагүй. Ертөнцийн өөр хаанаас ч эрээд олохгүй, дээд язгуурт ардынхаа ухаанд бишрэн мөргөмү.


Уяхан замбуу тивийн наран

Жаа
Энэ сайхан замбуу тивийн наран
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Жаа
Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Жаа
Үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ

Жаа
Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ

Сархад сайхан ч ёс эрхэм


Манай Монголын ард түмэн маш эртний соёлт улсын нэгэн тул боловсон улс бүхийд эртнээс нааш уламжилсан ундааны зүйлд өвөрмөц сонин нэртэй, нэр нь бас түүхтэй, хэрэглэх нь бас ёс журамтай билээ. Хөлчүүлдэг ундааны зүйлийн ерөнхий бөгөөд хүндэтгэлийн нэр нь САРХАД. Сархад дотроо бас нэрийн ялгаатай. Нэрж боловсруулсан сархадын зүйлд АРХИ гэдэг нэгэн зүйл бий. Архи гэдэг нэр нь монгол худам үсгээр одооны дуудлагаар болбол арахи гэж бичсэн байдаг. Уг эртний дуудлагаар нь бол араки гэсэн үг бөгөөд эртний арабаас авсан хэлбэр нь явж байгаа хэрэг. Арабчууд дундад Азид наймдугаар зууны үеэс эзэн болсон гэдгээр бодоход монголчууд тэднээс наад зах нь наймдугаар зууны үеэс өөрийн үг болгон авсан болно. Тэгэхэд лав 1200 жил архи гэдэг нэр хэрэглэсээр иржээ. Арабаар арака гэж архийг нэрлэдэг нь болгар хэлэнд ракия гэж орсон хэлбэр одоо ч бий. Архийн дотор монголчууд шимийн архи гэж, түүн дотроо арз, хорз гэх зэргээр хатуугийн хэмжээгээр ялган нэрлэсэн олон нэр бий.
Архийн зүйлд бас ШАТАМ гэдэг нэр бий. Галд шатдаг учраас чингэж нэрлэсэн хэрэг. Герман хэлнээ брантваин буюу шатдаг архи, англиар брэнди гэж яг монголтой адил шатам гэсэн нэр байдагтай дүйх нэр манайд байгааг европ хэлнээс орчуулах хүн мэдэхэд илүүдэхгүй байх бий. Франц хэлнээ ликер гэж, нэгэн зүйл нэр арванхоёрдугаар зуунд латин хэлнээс орсон нь европ зүгт түгэн дэлгэрч ирсэн байна. Уг нь латинаар шингэн гэхийн шингэ гэсэн нэр ажээ. Тэгэхэд монгол хэлнээ сархдын дотор ШИНГЭ гэж нэрлэдэг нэгэн зүйл архи байсны гэрч нь бичгийн хэлний дурсгалд бийгээр барахгүй аман хэлнээ дөчөөд жилийн өмнө тайлгын зүйлд хэрэглэдэг нэгэн зүйл архийг шингэ гэдэг байжээ. Францаар дамжин Европод дэлгэрсэн ликер гэдэгтэй яг утга дүйх шингэ гэдэг сархдын зүйлийг манай худалдааныхан гадаадаас авч ирдэгт монгол нэр бийг орчуулагч нар мэдвэл бас Европын арванхоёрдугаар зуунаас наашгүй түүхтэй нэр байгаагаа хэрэглэхэд сонихон бий.

Сархдын зүйлд нэрдэггүй, гагцхүү үзмийн шүүсийг шахан дарж амтат сархад болгодог нэгэн зүйл ундаа бий. Түүнийг монголоор ДАРС гэж нэрдэг архи гэдгээсээ ялган нэрлэдэг байжээ. Дарсыг бас БОР гэдэг, БОР ДАРС ч гэж нэрлэдэг. Үүнд Унгар улс одоо хүртэл үзмийн дарсыг БОР гэдэг байна. Манай дарсыг оросоор виноградное вино гэж нэрлэдэг байна. Дарс дотроо төрөл зүйл олон. Францад Шампан мужид хийдгээр Шампан дарс, оросоор шампанское гэж нэрлэдэг нь нийтэд дэлгэрсэн нэгэн зүйл дарс болно.

Европoд биир, орос слав хэлэнд пить гэж уух гэсэн үгнээс пиво гэж ундаа хэмээн нэрлэсэн нэгэн зүйл сархдыг монголчууд лав хэдэн мянган жил арвай тарьдаг үеэсээ эхлэн арвайн ШАР АЙРАГ гэж нэрлэсээр ирсэн билээ. Монгол-европ толь бүхэнд манай тэр шар айраг гэдгийг европ хэлнээ биир, оросоор пиво гэж орчуулдаг байнам. Монгол газар явсан орос жуулчны бичигт монголын арвайн шар айрагийг монгольское ячменное пиво гэж сонирхон аятайхан ундааны нэгэн сонин зүйл гэж тэмдэглэсэн байдаг. Шар айргийг арвайгаар хийснийг нь арвайн, өөр зүйлээр хийснийг нь тийм шар айраг гэж тодотгол нэр зүүж хэрэглэдэг ёс соёлт монгол хэлэнд байж л дээ. Сүүгээ лаазанд хийснийг "молкооддог" улс, шил савтай шар айргийг "пёов!" гэж явдаг нь нимгэн боловсролоо гэрчилж байгаа шинж нь тэр дээ. Боловсон орос хүн биир гэдэггүй пиво гэж, боловсон англи хүн пиво гэдэггүй биир гэдэг нь, боловсон монгол хүн монголоороо биир ч гэхгүй пиво ч гэхгүй жишээ буй за!

Эртний соёлт монголын ард түмэн сархдын зүйлийг идээний дээж гэж олон улсын нэгэн адил эрхэмлэдэг учир зочин хүнд хар ус барихгүй хар архи барьдаг ёс бий билээ. Тэгэхэд бас архийг нь ууж хүндийг нь хүлээгээд хөлчин согтууран ах дүү олны дунд муугаа үзүүлж муухайгаа дуудуулахыг тун жигшдэг журамтай билээ. Ахмад настан хүнийг хүндэтгэн үздэг боловсон ёс бүхий манай ард түмэн, багачууд залуучууд, ахмад настан хүний дэргэд уун согтуурч, шарван найгаж, уусан идээндээ сав болж чадахгүй муугаа үзүүлж муухайгаа дуудуулж явахыг тун ч жигшдэг билээ.

Боловсон улс бүхэн мөн ийм байдаг. Учир иймд идээний дээж сархдыг амсавч уун согтуурахгүй, ёс алдахгүйг эрхэмлэдэг манай ард түмэн, архи хэтэрвэл хортойг "архи арвангурван жолоотой", "сархад савнаасаа бусдыг давдаг" гэж сургамжлан хэлдэг цэцэн үгтэй. Мөн архинд хөлчсөн хүн ухаан мэдрэл алдаж муу муухайгаа үзүүлдгийг хэдийн шинжилж "муу эр архинд давардаг", "сохор үхэрт худаг бүү заа, согтуу хүнд архи бүү үзүүл" гэх зэргийн өдий төдий цэцэн үгээр архи хэтрэхийг шүүмжлэн цээрлүүлсэн байдаг. Сүүлийн үес залуучууд архинд хөлчин халамцаж гудамж зээлийн газар согтууран явах бүдүүлгийн үзэгдэл баахан гарч байгаа нь ардынхаа ёс, ахмад настан хүнийг хүндэтгэх боловсон заншлыг алдагдуулж бүдүулэг шинж үзүүлэх байдал хот суурин газар үзэгдэж байгаа нь дотоод гадаадын хүний нүдэнд тун аягүй үзэгдэж монгол ардын нэр төрд муухай, "хүн нэрээ тогос өдөө" гэсэн ард түмний өөрийн бие болон бусдыг хүндэтгэдэг боловсон нарийн ёс мэдэхгүй бүдүүлгээ илчилж байгаагийн шинж болно. Иймд согтууран уух, гудамж зээлийн газар шарваж найгаж явах нь нийт олны боловсрол өндөр болж байгаа одоо цагт нүдний булай муухай үзэгдэл гэдгийг сэнхрэн бодох хэрэгтэй байна. Уухдаа хэмжээ ёс алдахгүй, өөрийн болоод ард түмнийхээ нэр хүндийг гутаахгүйг юуны өмнө бодууштайг залуу үеийнхэн тун анхаарах хэрэгтэй.

Хөдөлмөр, 1970

АРИГБӨХ


Монголын Их гүрний сүүлчийн хаан Аригбөхийн эмгэнэлт амьдралын төгсгөл өдий хүртэл бүрхэг хэвээр байгаа юм. Монгол, Хятадын сурвалж бичгүүд болон судлаач эрдэмтдийн үзсэнээр Аригбөх Хубилайд бууж өгсөнөөс хойш хоёр жил орчим хугацаанд гэрийн хорионд байсаар 1266 оны 10 сарын 1-нд нас баржээ. Рене Груссе энэ талаар “Аригбөх 1266 онд нас барсан боловч үнэндээ насан эцэслэтлээ хоригдол байжээ” гэжээ. Хоригдол байх тухай асуудал маргаангүй агаад Хубилай түүнийг хатуу хорио цагдалтаас ангид байлгасангүй.
“Судрын чуулган”-д Аригбөх жил орчим хугацаанд өвчилсөөр Барс жилийн /1266 он/ намар нас барсан гэжээ. Юан улсын сударт Аригбөхийг нас элтлээ хаан хүний хангамжинд байгаад өвчнөөр өнгөрчээ гэжээ. Гэтэл зарим түүхчид Аригбөхийг өвчнөөр нас бараагүй, Хубилай түүнийг хорлосон ч гэж үздэг.
Аригбөх амьд байх нь Хубилайд аюултай хийгээд түүний хууль бус үйлдлийг өдөр бүр сануулсаар байсан нь ойлгомжтой тул тэмцэж олсон хаан ширээнийхээ өмнөөс дүүгээ золиос болгох хэрэгтэй ч байсан байж болох юм. Ийнхүү Монголын нэгдсэн улс байгуулагдсанаас хойш янагш яг нэгэн их мөчлөг буюу жарны төгсгөл дээр Монголын эзэнт гүрний сүүлчийн Их хуралдайгаар албан ёсоор сонгогдсон Их хаан Аригбөх Монгол үндэстний түүхэнд эмгэнэлтэй зурвасхан мөр үлдээгээд 46 орчим насандаа бие баржээ гэж үзэж болох юм. Мөн сурвалж бичгүүдэд Аригбөхийг нас барахад шарилыг нь Чингис хаан болон эцэг Тулуй, ах Мөнх нарыг нутаглуулсан тэр газарт тавьсан гэжээ.
Харин Өвөр Монголын Багшийн дээд сургуулийн сонин “Хятад хэл, философи, нийгэм, шинжлэх ухаан судлалын хэвлэл” хэмээх сэтгүүлийн 1987 оны № 3,4 дугаарт Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх маш сонирхолтой өгүүлэлд дурдагдсан зүйлийг дараа дараачийн судлаачид нэн сонирхон, мөшгөн шинжилвээс зохилтой. Энд бичсэнээс үзвэл Аригбөхийг 1266 онд нас барсан хэмээн өнөөг хүртэл итгэж ирсэн ойлголт итгэл маань ихээхэн эргэлзээтэй болж, энэ талаарх манай түүхийн сурвалжуудад буй мэдээ сэлтийг эргүүлэн сайтар нягтлах шаардлага гарч байна.
Энэхүү сохирхолтой өгүүллийг хятад хэлнээс утгачлан сийрүүлбэл:
“Бид саяханы нэгэн сонин дээр Хубэй мужид нэг хэсэг Лү овогт монголчууд амьдардаг гэсэн мэдээг аваад энэ талаар газар дээр нь очиж тэдний түүх соёл, зан заншлийг судлахыг хүссэнд нутгийн удирдлагууд бидэнд туслалцаа үзүүлсэн юм. Ялангуяа тус мужийн үндэстэн ястны хариуцсан алба болон Хунху сумын зохих удирдлагууд энэ талаар маш их туслав. 1986 оны 10 сард бид Шинди, Шакоү, Фүнкоү болон Шашинхө зэрэг газарт амьдарч байгаа Лу овогт монголчуудыг сурвалжлахаар зорьж очсон юм. Энэ ажлын явцад бид Лу овогт монголчуудаас ярилцлага авч тэдний ургийн бичиг болон түүхийн эд материалуудыг үзэж харсан билээ. Энэ нь Лу овогт Монголчуудын түүх соёлыг судлах анхны алхам болж, цаашдаа Монголын түүхэн дэх зарим нэгэн эргэлзээтэй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болсон юм. Тухайлбал Аригбөхийг үхсэн үү, эсхүл оргосон уу гэдэг нь монголын түүхийн материалуудад болон Юан гүрний түүхэнд тодорхой бус тэмдэглэгдсэн байдаг. Түүнийг өмнө зүгт зугтсан уу, хойт зүгт үү гэдэг талаар Түүхийн товчоон дундах тэмдэглэгээ болон Лү овогт Монголчуудын түүхийн тухай ам дамжсан яриа, мөн Лү овогтны ургийн бичиг болох “Язгуур үндсийн удиртгал”-д харилцан адилгүй ялгаатай тэмдэглэгдсэн байдаг.
1. Лү овогт монголчуудын ургийн бичиг болох “Язгуур үндсийн удирдтгал” болон тэдний үе дамжсан аман ярианаас дээр дурдсан Лү овогт монголчууд гэдэг маань Чингис хааны дөрөвдүгээр хөвгүүн Тулуйн зургаа дахь хөвгүүн Аригбөхийн хойч үе гэдэг нь тодорхой мэдэгдэж байдаг. Лү овогт Монголчууд хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй бүгдээрээ өөрсдийгөө Чингис хааны хойч үе хэмээн нэрлэдэг. Үүний сацуу тэд, тэдний өвөг болох Аригбөх Хубилай хаантай хаан ширээ булаацалдан тулалдсаны эцэст өмнө зүгт зугтан, маш ээдрээтэй олон нүүдлийн эцэст одоогийн Хунху сумын Шашинхө хэмээх газарт сууршсан хэмээн тодорхой дурсан ярьцгааж байна. Тэднийг яагаад Лү овогт хэмээсэн талаарх ард түмний ам дамжсан яриа “Язгуур үндсийн удиртгал”-д тэмдэглэсэнтэй яг тохирч байдаг. Аригбөх бол Тулуйн зургаа дахь хөвгүүн байсан. Энэхүү зургаа дахь хөвгүүн гэдэг нь эртний хятад хэлний Lu гэдэгтэй яг адилхан бичигддаг. Иймд тэд энэхүү Lu гэдгийг авч өөрсдийгөө тийн нэрлэсэн бололтой. Гэхдээ энэ нь хятад хэлний Лу овогт гэдгээс ялгаатай юм. Иймд тэд өөрсдийгөө зориудаар Юн хотын Лү овогтнууд хэмээн нэрлэдэг. Юн хотын уг гарал нь Өгөөдэй хаан Алтан улсыг байлдан эзэлсэний дараа Хөнань мужийн газар нутгийг өөрийнхөө хөвүүд болон үр ач нарт хуваан өгсөн. Үүнээс одоогийн Жи сумын ойролцоох газар нутаг Аригбөхөд оногджээ. Энэхүү газар нутгийг эрт дээр Жоу улсын үед Юн улс хэмээн нэрлэдэг байсан байна. Иймд тэд өөрсдийгөө Юн хотын Лү овогтон хэмээн зориуд нэрлэжээ.
Аригбөх тухайн үедээ Юн хотын Ван хэргэм авч байсан тухай ам дамжсан түүхэн яриа байдаг. Аригбөх бууж өгсөний дараа Хубилай хаан хэдийгээр түүнийг алаагүй боловч түүний ойр дотны шадар түшмэд, болон цэргийн жанждаас маш олныг алж хороосон юм. “Түүхийн товчоонд”- Аригбөх нэгдүгээр сарын 6-нд ордондоо нас барав хэмээн тэмдэглэсэн байдаг. / Лалын шашны он тооллоор 664 оны /1266/ намар Аригбөх өвчний улмаас нас нөхцсөн./ Хубилай хаан Аригбөхийн гурван Их хатан, хоёр бага хатан болон хөвүүд охидод нь зохих анхаарал халамж тавьж байсан байна. Гэхдээ хамгийн гайхалтай нь Сүн Лян болон бусад хүмүүсийн Юан гүрний түүх, мөн монголын түүхийн материалуудад Аригбөхийн талаар бүдэг бадаг хольж хутгасан тэмдэглэл байдаг. Лү овогтны “Язгуур үндэсний удирдтгал”-д тэмдэглэснээр Аригбөх, Хубилай хаанд бууж өгсний дараагаар шадар түшмэд болон цэргийн жанжнуудынхаа хороогдсоныг хараад машид чочирдож өөрийн И /Юбугур/ хэмээх хүү, шадар түшмэд, зарц зэрэг гучаад хүнийг нууцаар дагуулан баруун зүгт Хубэй, Хөнань мужийг дамжин Хугань хүртэл зугтан одсон гэжээ. Хугань гэдэг нь эртний Юн Мөн Зө хотын балгас,/одоогийн Хунху/ юм. Тэд өөрсдийгөө өнгөт арьстнууд гэдэг байжээ. Тэгээд тэнд өөрсдийнхөө овог нэр, гарал үүслийг нуун суурьшсан байна.
Эхлээд тэд Жян сумын Хаунжан хэмээх үерийн далангаас хамгаалах газарт амьдарч байсан байна. Аригбөх энд удалгүй нас баржээ. Түүнийг нас барсаны дараа оршуулан, оршуулгын газар байгуулсан байна. Тэнд амьдарч буй Монголчууд түүнийгээ Лү овогтны “Их бунхан” хэмээн нэрийддэг. Энэхүү оршуулгын туурь одоо хүртэл байдаг. Аригбөхийг нас барах үед И ноёнтон /Аригбөхийн хүү Юбугурын хүндэтгэлийн нэр/ балчир байсан бөгөөд үүнийг далимдуулан түүний Ю, Ян хэмээх хоёр хятад зарц нь өдөөн хатгалга явуулж, Аригбөхийг гутаан доромжлон түүний энэхүү бунханг эвдэж сүйтгэсэн байна. Энэ үед Ю, Ян нартай тэмцэлдэх хүчин мөхөсдөснөөс Лү овогтнуудад Хайжялин хэмээх газарт нүүдэллэн очжээ. Хожим нь И ноёнтон дагаж явсан арван найман хүний хамт Чайлинь голд живж үхсэн байна. Ингээд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан зарц боол, үндэс угсааг үл /тэр үед бас хятад боолууд хамт явсан/ хамааран тэднийг хамт оршуулжээ. Одоог хүртэл жил бүрийн гурван сарын гурванд үй олон Лү овогт Монголчууд энд хүрэлцэн ирж, өвөг дээдсийнхээ онгоныг тахидаг болсон байна.
И ноёнтныг нас барсаны дараа түүний овгынхон улам доройтжээ. Тухайн үед тэд нар Хайжялингийн Хай овогтнуудтай зэрэгцэн амьдардаг байсан бөгөөд эдгээр Хай овогтнууд нь ор үндэсгүй хэрүүл маргаан дэгдээн Лү овогтнуудыг ялгаварлан гадуурхдаг, дорд үздэг байсан байна. Ингээд Лү, Хай овогтнуудын хоорондох маргаан улам ширүүсч, зарим үед зарга нь Яаманд хүртэл очдог байв. Гэхдээ энэ маргаан эцэслэн шийдэгддэггүй байв. Энэхүү нөхцөл байдлын дор Юбугурын ач болох Лу Рун Фү дахин нүүдэл хийхээр бэлтгэжээ. Байдлыг өөрийн нүдээр харж, чихээр сонссон зэргэлдээ орших Чуй овогтнууд /одоогийн Лү овогтны эзэмшил газар, эртний нэр нь Чуй жя тай/ Хай овогтны энэхүү ёс бус үйлдэлд маш их гайхаж, Лу овогтнуудыг их өрөвддөг байв. Иймд Лү овогтонтой өөрийн оршин сууж буй газар болон бусад зүйлсээ солилцох болж, энэхүү эцэс төгсгөлгүй маргаанд цэг тавьсан байна. Одоог хүртэл Хай , Лү овогтнууд ураг бололцдоггүй, Чуй Лү овогтнууд зарга хийдэггүй гэсэн ам дамжсан яриа байдаг. Үнэхээр Хай, Лү овогтнууд огт ураг төрөл бололцдоггүй байсан бөгөөд харин Лү, Чуй овогтнууд хоорондоо ураг төрөл бололцох төдийгүй элдэв ямар нэгэн маргаан гарваас өөр хоорондоо харилцан ярилцаж шүүн тасалсаар ирсэн байна. Дээр дурдсан зүйлүүд бол Лү овогт монголчууд Хунху сумын Шакоун тойргийн Лү Жа гацаанд сууршиж байсан түүхэн тойм юм.
Үндэс угсаагаа гэсэн сэтгэл болон түүний онцлог шинжүүд
Лу овогт Монголчуудын гаднах байдал нь нутгийн хятадуудаас гойд ялгагдах юмгүй, ялангуяа хэл нь бүрэн ууссан байв. Гэхдээ тэдэнтэй ярилцах явцад үндэс угсаагаа гэсэн үзэл, сэтгэл маш хурц, гүн гүнзгий илэрч байлаа. Иймд өөрийн эрхгүй тэднийг бишрэх сэтгэл төрж билээ. Үүний сацуу зан заншлийн зарим нэгэн онцлог байдал нь тэднийг Монголчууд гэдгийг бүрэн дүүрэн итгүүлж байв. Бид монгол дээл өмсөн Лү овогтны гацаанд очиход тосгонд “Үндэс угсаа нэгтнүүд маань ирлээ” гэх их хөөрч баярласан үг хаа сайгүй сонсогдож, биднийг халуун дотно сэтгэлээр угтан авсан юм. Тэд бидэнд ихэд итгэн гадны хүнд огт харуулдаггүй Лү овогтны ургийн бичиг болох “Язгуур үндсийн удиртгал” болон олон зуун жил хадгалж байсан Аригбөхийн хөвгүүн И ноёнтны зурмал зургийг харууллаа. Энэхүү зургаас харахад И ноёнтоны гаднах байдал, өмссөн хувцас нь үнэхээр Монгол хүний онцлогыг илтгэн харуулж байв. Гэхдээ малгай болон бөс нь манж хүнийхийг санагдуулсан юм. Энэ талаар улам судлах хэрэгтэй. Тэдний өвөг дээдсийн онгон шүтээний өмнөх бяцхан хөшөө нь өөрийн гэсэн онцлоготой байлаа. Уг шүтээний нүүрэн тал нь хятад үндэстний онцлогоос огт ялгагдах юмгүй. Харин ар тал дээрээ “Монгол” хэмээх хоёрхон хятад ханз байдаг. Хятад үндэстнүүд өвөг дээдсийнхээ онгоныг тахихдаа түүний өмнө байнга хас хонхыг зүүж, хүндэтгэл үзүүлэх үедээ хонхоо цохидог. Харин Лү овогт монголчууд хонх уядаггүй бөгөөд тэд хонхыг зовлон, азгүй явдлын билгэ тэмдэг хэмээн үздэг байна. Үүнээс гадна өөр нэг онцлог байдаг нь тэд И ноёнтны бунханд бараалхах үедээ хятад үндэстнүүд шиг сөхөрч суугаад толгойгоо бөхийлгөдөггүй. Харин эсрэгээр умар зүгт монголын эртний газар шороо руу харж зогсоод толгойгоо мэхийн ёсолдог. Энэ нь И ноёнтныг дагаж явсан арван долоон зарц боолуудтай нь хамт оршуулсантай холбоотой. Хэрвээ И ноёнтны шарилд мэхийн ёсолбоос мөнхүү тэнд хамт оршуулагдсан хятад зарц боолуудад хүндэтгэл үзүүлж буй гэсэн үг бөгөөд үүний улмаас тэд хойт зүгт харж зогсон толгой мэхийдэг байна. Энэ нь хэдийнээ одоог хүртэл заншил болон тогтжээ.
700 гаруй жилд үндэс угсаагаа нуун далдалж байжээ
Лү овогт монголчуудын түүхэндээ уламжилж ирсэн энэ байдал нь үндсээрээ устах тал руугаа явж байна. Гэхдээ цөөн тооны хуучин үзэл бодлын хүлээсэнд автагдсан хөгшчүүлийг үл тооцвол хүн амын 95-аас дээшэх хувь нь өөрсдийнхөө үндэс угсааг нэн дариу сэргээж, өөрийнхөө овог угсааг нуун дарагдуулж байсан энэ амьдрал дахин давтагдахгүй байхыг маш их хүсч байна. Тэд бидэнд Юан гүрний үед Хубилайгаас айдаг байсан, Мин улсын үед Юан гүрний үлдэгдлүүд хэмээн гадуурхагдаж, үндэс угсаагаа устгагдахаас, Чин болон Дундад иргэн улсын үед мөн л хавчин гадуурхагдаж, алагдах, гуйрамч, тэнүүлчин амьдрал руу унахаас айдаг байсан, хэрвээ өнөөдөр түүхийн энэхүү эрээн бараан арилваас бид дахин юунаас ч айхгүй амьдарна хэмээн ярьсан юм. Хэдийгээр тэд өөрсдийнхөө үндэс угсааг нууж явсан боловч бид хятад үндэстнүүд биш шүү гэсэн санааг өөрийн мэдэлгүй л гаргаж ирж байжээ. Анх Хунхуд очихдоо хойт зүгээс зугтаж ирсэн учраас хэл яриа, зан заншил, хувцас хунар зэргээрээ тухайн оршин суугчдаас маш ихээр ялгарч байв. Иймд өөрсдийгөө өнгөт арьстанууд хэмээн нэрлэж байсан бөгөөд хожим түүнээ хятад үндэстнүүд хэмээн засаж бичсэн байна. 20 зууны эхэнд одоогийн Лү овогтны гацаанд нэгэн эцэг өвгөдийн онгон шүтээн болох сүм байгуулжээ. Тэгээд тэд Бэй Фин Фү Рен Их сургуулийн профессор Лу Кай Дяог урьж авчран шүтээн дээрээ “Монголчуудын зан заншил” хэмээх дөрвөн үгийг уйгур бичмэлээр бичүүлжээ. Гэтэл зарим нэгэн хүмүүс гай гамшиг авчрах нь хэмээн маш их айж, энэ дөрвөн үгийг засч бичсэн байдаг. 1964 онд хоёр дахь удаагаа бүх ард түмний тооллого явуулахад олонхи Лү овогтнууд өөрсдийгөө монгол үндэстэн хэмээн бөглөн бичиж байсан байна. Гэхдээ эрх мэдэл бүхий цөөн тооны хөгшчүүлийн ятгалгаар түүнээ дараа нь хятад үндэстэн хэмээн засаж бичжээ. Хэрвээ тухайн үеийн хүн амын тооллогын дансыг эргүүлэн харах юм бол монгол гэсэн үгийг хятад хэмээн залруулан бичсэнийг тодорхой харж болно. Өөрийнхөө үндэс угсааг сэргээх бол Лү овогт монголчуудын олон зуун жил сэтгэлийн гүндээ хадгалж байсан сайхан мөрөөдөл юм. Хубэй мужийн Хунху суманд одоогоор 2700 гаруй монголчууд амьдарч байна. Эдгээрийн олонх нь Хунху сумын Сяшинхө гэдэг газарт амьдардаг. Гэхдээ үүнд Бээжин, Үхань, Хунань зэрэг газар шилжин суусан монголчуудыг оруулаагүй болно.
Тайлбар
1. Аригбөх үхсэн үү, эсвэл оргосон уу.
Энэ бол монголын түүх судлаачдын өмнө тулгарч байгаа хамгийн шинэ сэдэв болж байна. “Түүхийн товчоон”-оос гадна Монголын түүхийн тухай бусад материалуудад Аригбөхийн насан эцэслэсэн эсэхийг тодорхой бус тэмдэглэсэн байдаг. Иймд үүнийг цаашид улам гүн гүнзгий судлах зайлшгүй хэрэгтэй юм. Гэхдээ Лү овогтнуудын түүхэн тойм нь Аригбөхийг баруун зүгт зугтан одсон гэдгийг баталж байна. Түүнчлэн түүний шарил нь одоог хүртэл хадгалагдаж байгаа нь бас нэгэн нотолгоо болох юм. Аригбөхийг Хубилайгаас нууцаар оргон одсоны дараа тэр үед Хубилай хаан Аригбөхийг баруун зүг рүү оргон одсон тухайд удтал мэдээгүй бөгөөд зөвхөн түүнийг нэгэн зэлүүд газар нуугдаж байгаа хэмээн таамаглаж байсан. Ийм ч учраас баруун зүгийн Ил хааны улс болон Монгол нутаг руу Аригбөхийг өвчний улмаас үхсэн хэмээх хуурамч мэдээллийг хүргэсэн байна. Энэ бол Хубилай хаан Аригбөхийг амьд байгааг түүнийг дэмжигчидын сонорт хүргэхгүй нуухын улмаас ингэсэн болов уу. Хубилай хаан монгол нутагт болон хятадад байсан монголчуудаас бүхнийг нуун далдалж байв. Иймд Хубилай хаантай олон жил хаан ширээний төлөө тэмцэлдсэн Аригбөхийн талаар монгол, хятад хэл дээрх монголын түүхэн материалуудад нарийн тодорхой дурдаагүй байдаг нь аргагүй юм. Хамгийн сүүлд Хубэй мужид амьдарч байгаа монголчуудын ам дамжсан түүхэн яриа, бичгээр үлдсэн материалууд дээрх тэмдэглэгээ, мөн монголын түүхэн материалууд болон “Түүхийн хураангуй”-д буй тэмдэглээнүүд нь зөвхөн хэлбэр байдлын хувьд ялгаа байгаа болохоос агуулгын хувьд үнэндээ ялгаа байхгүй юм.
2. Аригбөхийн хүүг И ноёнтон хэмээн нэрийдсэн учир
Лу овогт монголчууд Аригбөхийн хүү Юбугурын/Аригбөхийн их хатан Ойрд аймгийн Илчикмышээс гарсан хүү/ монгол нэрийг нь товчлон И хэмээн хүндэтгэн нэрлэж байсан байна. Юан гүрний түүхэнд Аригбөхийн хүүг Юмухур, “Түүхийн товчоон”-д Юбугур, Юмхур гэж нэрийдсэн байдаг. Хятад хэлнээс орчуулбаас Юмухур гэдэг. Юан гүрний түүхэнд түүнийг ван цолтон хэмээн өргөмжилсэн байгаа. Гэхдээ түүнийг Хубилайн төр барьж байх үед эрх мэдэл бүхий албан тушаалтай байсан уу гэдгийг мэдэхийн арга байхгүй. Түүхийн материалд тэмдэглэснээр түүний монгол нэр нь Юбугур, эсвэл Юмухур байж магадгүй. Иймд тэрбээр хятад үндэстний амьдарч буй нутагт зугтаж очсоны дараагаар овог нэрээ өөрчлөхдөө монгол нэрийн эхний дуудлагыг үлдээгээд товчоор И хэмээн өөрчилсөн бололтой.Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх эл өгүүлэлд дурдагдсан баримтууд нь бидэнд Аригбөхийн үхлийн талаар, тухайлбал бүх сурвалж бичигт дурдсанаар түүнийг 1266 онд Хубилайн хорио цагдалт дор өвчнөөр нас барсан уу, эсвэл дээрх өгүүллийн өгүүлэхээр харьяат шадар дотнын хүмүүсээ дагуулан Хубилайн цагдалтаас оргон дутаасан уу гэсэн ацан асуулт, ихээхэн эргэлзээтэй байдлыг төрүүлж байна. Аригбөхийн ур удмын талаар сурвалж бичигт хэрхэн өгүүлсэнийг нягтлан үзэх нь дээрх ээдрээтэй байдлыг тодруулахад бага ч болов дөхөм болох болов уу.
Аригбөхийн удам угсаа
Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүллийн баримтуудыг нягтлан “Судрын чуулган” болон “Юан - ши”-д Аригбөхийн удам угсааны талаар өгүүлсэнийг сөхөн үеье. Эдгээр сурвалжуудад бичсэнээр Аригбөх нь хэд хэдэн хатад, хүүхдүүдтэй байжээ. Төв Монголын нутагт түүний дөрвөн орд өргөө байсан хийгээд Хубилай Хархоринг эзлэхдээ тэдгээрийг олзолсон. Мөн Алтай, Киргизэд түүний зун болон өвлийн орд өргөөд нь байсан байна.
Аригбөхийг Юбугур, Найраг–бөх, Лаган-Шигань гэсэн гурван хүүтэй байсан хэмээн Юань-шид тэмдэглэжээ. Харин Аригбөхийн хатад хүүхдүүдийн талаар “Судрын чуулган”-д нэлээн дэлгэрэнгүй дурдсан байна. Түүнд өгүүлсэнээр Аригбөхийн Их хатан Илчикмыш ойрад аймгийн хүн байв. Аригбөх Хубилайтай тэмцэхдээ ойрдуудын хүчинд ихээхэн түшиглэж байсан билээ.
Илчикмышээс хүү Юбугур болон, хоёр охин төрсний том нь Халукан-агай. Түүнийг Баявут омгийн Татакта хүргэнд өгчээ. Энэ Халукан нь Некудер нэрт Мелик-Төмөрийг төрүүлжээ. Хоёр дахь хатан Хутагт нь найман аймгийн Кучукур Клана овгийн хүн байсан ба Сорхагтани бехитэй хамт түүний өргөөнд амьдарч Камтай гэдэг охин төрүүлснийг нөхөрт гаргаагүй. Нумуган нэрт нөгөө охин нь ойрад аймгийн Чупан хүргэнд очжээ. Гуравдугаар хатан Кутлу нь хонгирад аймгийн хүн байсан ба мөн Сорхагтани бехитэй хамт амьдарч байжээ. Тэрбээр хүү төрүүлээгүй аж. Аригбөх дээрх гурван хатнаас гадна хэд хэдэн татвар эмтэй байв. Барулас аймгийн Ирау–гуа нэрт татвар эм нь Хубилайгаас Иранд Хөлөг хааны дэргэд элчээр очсон Хаданы охин дүү бөгөөд тэр эм Найраг-Бөх нэрт хүү төрүүлжээ. Мөн нэг татвар эм байсан нь Хонгирад аймгийн Ашитай гэгч бөгөөд Тамачи нэрт хөвүүний нь эх юм. Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдоо Юбугур, Меликтөмөр, Найраг-Бөх, Тамачи дөрвөн хөвүүнээ гэртээ үлдээгээд бүх эхнэрүүдээ дагуулж явжээ. Аригбөхийг нас барсны дараа түүний хатад, татвар эмс нь гэр гэртээ харьцгаав. Гурван жил болсны дараа Хубилай хаан “Аригбөхийн хөвүүд хүрэлцэн ирж нүдийг минь баясгагтун” гэж зарлиг болжээ. Зарлигийн дагуу Аригбөхийн хүүхдүүд болох Юбугур, Мелик-Төмөр, Найраг-Бөх, Тамачи нар Хубилай авга ахдаа очин ёслол хүндэтгэл үзүүлсэнд Хубилай тэдэнд ихэд найршаан хандаж хариу хүндэтгэл үзүүлэн тэдэнд хатад болон ихээхэн бэлэг өгчээ. Үүнд Хубилай хаан Асутайн хатан Есүдэрийн их өргөөг Юбугурт өгчээ. Юбугур Есүдэр хатныг авч гурван жил хамт амьдрахад Есүдэр хүүхэд төрүүлэлгүй байсаар бие баржээ. Юбугур Есүдэр хатны удмын нэг хатанг дахин буулган Хулачу, Олджай-Төмөр гэдэг хоёр хүүтэй болов. Олджай –Төмөр нь хожим Ил хаан Өлзийтийн дэргэд Иранд очжээ. Юбугурын ахмад хүү нь түүний Их хатан Харнууд аймгийн Чапан хатнаас гарсан Ил-Бөх нэрт байв. Юбугур нь мөн Найман аймгийн Кушлуг хааны ахын охин Огул-Текин хатнаас гарсан Урла нэрт хүүтэй. Урла нь Сүлдүсүн аймгийн Чапун ноёны охин Байкуг хатан болгон авч, Мелик –Төмөрийн дэргэд амьдарч байжээ. Юбугурт мөн Хонгирад аймгийн Баян нэрт нэгэн хатан байсан нь түүний өвөг Тулуйн татвар эм байжээ. Хубилай хаан Аригбөхийн хүү Меликтөмөрт Лингкум хэмээх хатныг өгсөн байна. Энэхүү Лингкум нь Кишлуг хааны охин юм. Ухаалаг, авьяаслаг хан хүү Хутагт бол энэ Лингкумын хүү юм. Мелик-Төмөр мөн Лингкум хатнаас Келмиш –ага, Ширин –ага гэсэн хоёр охинтой. Лингкум хатныг нас барахад Мелик-Төмөр Жалайрын Таран ноёны охин Гилтэй хатныг их хатны өргөөндөө буулган авчээ. Энэхүү хатнаас хүүхэд гарсангүй тул Дурбан аймгийн ахлах ноён Ширекийн охин Бураг мөн хатнаа болгон авч хоёр хүү төрүүлсэн нь Ойратай, Махмуд хоёр юм. Мелик-Төмөр мөн Ойрдийн Барс Бөхийн охин Эмүгэн хэмээх хатантай байсан ба энэ хатнаас нь Мингхан, Ачигиг, Есөн-Дува, Баритай хэмээх дөрвөн хүү төржээ. Эдний дундаас Есөн-Дува нь эцгийн голомтийг залгаж, Дундад Азид нэлээн нэр нөлөөтэй нэгэн байсан байна. Меликтөмөр бас Туглуг –Олджай нэрт бас нэгэн татвар эмтэй байжээ. Хубилай хаан Аригбөхийн Их хатан Илчигмышийн өргөө эзэмшлийг хүү Найрагбөхөд нь өгчээ. Найрагбөх нь эцгийгээ нас барахад ихэд гутран амиа хорлохыг завсан боловч түүнд боломж өгсөнгүй. Байнгын хараа хяналтан дор байлгажээ. Гэвч Найрагбөх удалгүй уй гашуугаасаа болж нас баржээ. Түүнийг нас барахад Илчигмыш хатны өргөө нь Ашигтай нэрт охинд нь үлдэж удалгүй Меликтөмөрийн эзэмшилд орсон байна. Энэхүү Найраг бөх нь Хурбаг, Бачани, Самгар, Баян-Өвгөн, Ур-Төмөр нэрт таван хүүтэй байв. Эхний дөрөв нь Хубилай хааны их хатан Хонгирадын Чапуны үеэл болох Ашитай хатнаас нь гарсан ба Ур-Төмөр нь олхонуд аймгийн Учин-Экачи хатнаас нь гарчээ. Аригбөхийн бага хүү Тамачид Хубилай Хутагт хатны орд өргөөг өгчээ. Хутагтийг нас барахад Найманаас Ер-Текин хэмээх бүсгүйг хатан болгож Баян, Дурбан хэмээх хоёр хүүтэй болсон байна. Хожим Хубилай хаан Хайдугийн эсрэг тэмцэхдээ Их цэргийг хүү Номхон, Хөхчү нараар удирдуулан, Хантун ноёноор захируулсан зүүн жигүүрт хэд хэдэн хан хөвүүдийг цэргийнх нь хамт оруулсаны дотор Аригбөхийн хөвүүд Юбугур, Мелик-Төмөр нар явжээ. Гэвч тэд Өгөөдэйн удмын Ширеки, Сүйхтэйн хүү Тугтөмөр, Ургадай нартай үгсэн Номхон, Хөхчү болон Хантун ноён нарыг гэнэдүүлэн баривчилж, Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн юм. Аригбөхийн дээрх хоёр хүү нь XIII-XIY зууны зааг үед Дундад Азид өрнөсөн хан хөвүүдийн хоорондын жижиг сажиг мөргөлдөөн, зөрчилдөөнд нэн идэвхтэй оролцож байсан байна. Хожим Юбугур нь Хайдугаас салж эцгийн нэгэн адил хатад эхнэрүүдээ аван Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгчээ. Энэхүү Юбугур нь Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх эл өгүүлэлд дурдагдсан И ноёнтон мөн бөгөөд “Судрын чуулган”, “Юан-ши”-гийн мэдээ сэлттэй зөрж байна. Дээрх өгүүлэлд дурдсанаар Юбугур нь эцгээ даган 1265-1266 оны үед Хубилайн дэргэдээс, гэрийн хорионоос оргон зугтааж, Хубэй, Хөнань мужийг дамжин Хугань мужид очиж суурьшаад нууцаар амьдарч байсан бололтой байдаг. Гэтэл “Судрын чуулган”-д дурдсанаар Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдаа Юбугурыг бусад ах дүүсийнх нь хамт ойрдод үлдээгээд хатад эхнэрүүдээ авч явжээ. Аригбөхийг нас барсанаас хойш гурав дахь жилд Хубилай Аригбөхийн хүүхдүүд ирж золгохыг хүссэн /зарлигдсан/-д Юбугур ах дүүсийн хамт очсон байна. Тэгэхэд Хубилай тэдэнд ивгээл хайр үзүүлж, шан харамж өгчээ. Үүнд Юбугурт Асутайн хатан Есүдэрийн их өргөөг өгчээ. Энэхүү Есүдэрийн өргөө гэр нь Мөнх хаанаас Алтан Улсын хуучин нутаг дэвсгэрээс дахин хувиарлалт хийхэд хүү Асутайд ноогдсон Хэбэй мужийн хэсэг газарт байсан уу, үгүй юу гэдгийн нягтлан тодруулах шаардлагатай юм. Нөгөө талаар Юбугур нь Хайдугийн эсрэг явуулсан Хубилайн цэрэг армид өөрийн баг цэргийн хамт явсан төдийгүй эгзэгтэй үед Өгөөдэйн удмын хан хөвүүдтэй үгсэн Хубилайн хүү Номхон болон бусад жанжидыг баривчлан Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн байна. Гэвч хожим Хайдугаас салж дахин Хубилайд бууж өгчээ. Харин ийнхүү хоёр дахь удаагаа бууж өгсөний дараа Хубилай Юбугурт хэрхэн хандсан талаар мэдээ сэлт алга байна.Сэнгэрэнцэн нарын өгүүлэлд дурдагдсан Лү овогт Монголчуудын Хубилайгаас оргон дутаасан явдал нь Юбугур сүүлд Хайдугаас салан бууж өгсөний дараа болсон ч байж болох юм. Учир нь Хубилайгаас зугтаасан Аригбөхийн удмынхан тухайн үедээ Хубилайд мэдэгдэлгүй өөрсдийгөө нууцалж чадсан байсан тул тэр үед Юбугур Хайдугийн эсрэг дайнд оролцох боломжгүй байсан гэж үзэж байна. Нөгөө талаар Аригбөхийг өөрийн хүмүүсээ аван дутаасан гэдэг ч ихээхэн эргэлзээтэй, Лү овогт монголчууд өөрийн удмыг Аригбөхөөс эхлүүлж байгаа нь удмынхаа бичиг сурвалжид түүнийг дээрх зугтан зайлсан явдлын эхэнд дурдахын шалтгаан болсон ч байж болох юм. Тэгэхээр үйл явдлын өрнөлтийг энэ мэтчилэнгээр харьцуулан үзэхэд Лү овогт монголчууд нь Аригбөхийн үед бус, харин түүний хүү Юбугур Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгөхөөр очсоны хойно энэхүү Хубилайн цагдалтаас буруулан дутаасан явдал болсон байж болох магадлал нь илүү байна.Мөн Юбугурын хүү Ил бөх нь Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүлэлд дурдагдаж буй И ноёнтны хүү Лү Рүн Фү мөн эсэхийг тодруулах хэрэгтэй байна. Ийм ээдрээтэй адал явдлын учгыг тайлахад нэлээн урт хугацааны эрэл хайгуул хэрэгтэй болов уу. Ийнхүү Аригбөхийг оргосон уу, нас барсан уу гэдгийн учгыг тайлах нь манай түүхийн нэн шинэ сэдвийн нэг аргагүй мөн болжээ.

Доголон Төмөр õààí


Түүниий жинхэнэ нэр нь Төмөр. Энэтхэгээс Бага ази хүртэл асар уудам нутгийг байлдан дагуулж Ертөнцийг байлдан дагуулагч хэмээн алдаршсан Төмөрийг (1336-1405) өрнө дахинд Тамерлан нэрээр нь андахгүй. Нэгэн тулаанд шарх олсоны улмаас доголон болсоноор түүнийг ийн дуудах болжээ. Бас багадаа хүнд өвчин туссанаас ч доголон болсон гэдэг. Мэдээж хэрэг амьд ахуйд нь ойр тойрныхноос нь хэн ч ингэж дуудаж зүрхлэхгүй байсан нь ойлгомжтой.

Угсаа гарал

Монголын түрэгжсэн Барлас овгийн Төмөр нь 1336 онд Трансаксонийн Кеш тосгоны ойролцоо (Узбекстан) овгийн ахлагч Тарагайн гэрт мэндэлжээ. Энэ үед Цагаадайн удмын хаад бие биенээ халаад төв засаглал нилээд суларсан цаг үе байлаа. Багаасаа л ихэмсэг хүүхэд байв. Дандаа удирдагч, жанжин болж тоглодог бөгөөд бусад хүүхдүүдийн тоглоом наадааныг цаг үрсэн ажил мэтээр үзэж шатар тоглож, яруу найраг сонирхдог байжээ. Морь унахдаа эрэмгий байсан учраас тэр үед аавынх нь нулимс дуслуулан хэлсэн үгс их Александерын түүхийг санагдуулам байдаг.
Барлас болон Жалайр овгууд бол Цагаадай хааныг дагаж Туркестаны нутагт ирсэн овог,аймгуудын хоёр нь юм.

Төмөр ба Цагаадайн улс

1350-аад онд гэхэд Төмөр өөрийн ах дүүс, садан төрлийнхөнтэйгээ Трансаксоныг хуваан захирчээ. Ерөнхийдөө Цагаадайн улс хоёр хэсэгт бутарсан байв. Моголистаныг Дуглатын эмирүүд, Трансаксоныг Баян Сүлдүс тус тус захирч байжээ. 1360 онд Моголистаны дуглатын язгууртанууд өргөмжилсөн Цагаадайн улсын эзэн байсан Эсэнбух хааны хүү гэлцдэг Туглагтөмөр цэргийн хамт Трансаксонид цөмрөн орж ирэв. Бүх язгууртанууд түүнийг эзэн эрхийг хүлээн зөвшөөрөв. Төмөрийн авга ах Хажибег ч түүнийг хаан гэж үзсэн боловч айн зугтсан байна. Энэ нь Төмөрийн хувьд завшаан болж авгынх нь газрыг Туглаг-төмөр хаан түүнд захируулахаар өгчээ. Дараа жил Цагаадайн хаан нилээд хатуу цээрлэл ноёдод үзүүлж заримыг нь цаазлав. Харин сэргэлэн, зоригтой Төмөр хааны угсаа залгамжлах хүү Ильяс Хожагийн шадар туслагч болов. Гэвч өөрийг нь илүү том албан тушаалд томилох байх гэж найдаж байсан Төмөр өөр хүнийг баруун гарын ноёноор томилсон Туглаг төмөрт хилэгнэв. Ийнхүү бослого гаргатал Төмөрийг нутгийн ард түмэн идэвхтэй дэмжсэнгүй. Төмөрт зугтах л үлджээ. Эхнэр, өөрийн шадруудаа авч тэнүүчилсээр ууланд Нэгүдэр овгийн Хазаган (Казаган) эмирийн ач хүү, өөрийн эхнэр Ажайн ах Хуссейнтэйгээ учрав. Тэр бас хаанаас нуугдан тэнүүчилж байжээ. Өлсөх, даарах, нөхөддөө хаягдах, дээрэмдүүлэх гээд олон бэрхшээлийг туулсаар тэр хоёр өөрсдийн тойрон хүрээлэгчдийг бий болгож чадсан байна.

Алдрын зам

Овжин аргаар цагаадайн ноёдын цайз бэхлэлтүүдийг цөөн боловч чамгүй тоотой цэргийнхээ хүчээр эзэлж эхлэв. Трансаксониас хаан хүү Ильяс-Хожагийн монголчуудыг хөөж чаджээ. Нэгэн гол дээр болсон тулаанд Илья-Хожа өөрийн хаан эцэг Туглаг-төмөрийг нас барсан мэдээ авсанаар цэргээ Моголистанруу татжээ. Энэ нь Хуссейн, Төмөрийн хувьд амрах завшаан олгов. Гэвч удсангүй Цагаадайнхан дахин дайрч хэд хэдэн хотыг эзэлж, хоёр эмирийн цэргийг ялжээ. Золоор орон нутагт монголчуудыг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчтэй өрнөж, бүслэлт хийж байсан Цагаадайн улсын цэргүүдийн дунд халдварт өвчин гарсанаар дундад ази Моголистаныхнаас ангижирч Ильяс-хожа Цагаадайн улсыг нэгтгэх мөрөөдлөө үүрд алджээ.
Хуссейн Маверенхарыг эмир цолтойгоор өмнөх түрэг ноёдын адил Цагаадайн удмын тоглоомон хаадын өмнөөс захирч байв. Гэвч түүний бодлогогүй, цаваан зан нэр алдарт дуртай Төмөрт саад болж байсан нь тодорхой. 1370 онд Төмөр Хуссейныг түүний хүүхэлдэй хаан Кабул шахтай нь хамт хороогоод улсыг дангаар удирдах болов. Гэхдээ л тэр өөрийгөө Хаган буюу хаан гэдэг цолоор чимэж зүрхэлсэнгүй. 1368-1369 онд бусад ноёдоос болгоомжлохдоо Өгөөдэйн удмын Сюргатимишийг хаан хэмээж өөрөө түүний эмир болсон байна. Гэвч хаан титэмгүй жинхэнэ эзэн нь Төмөр байсан юм.
Төмөр ойр хавийн уулын афгани овгуудтай дайтаж, зүүн Ираны Сарбадаруудыг буулган авч багагүй газар нутагтай болсон.

Төмөр ба Алтан орд

1359 оноос Зүчийн улсад хаан ширээний төлөөх тэмцэл өрнөж нэгэн цагт хүчирхэг байсан тус гүрнийг хямралд оруулжээ. Гэхдээ Цагаан ордны Урус хаан Алтан ордыг бараг нэгтгээд байв. Үүнд нь эсэргүүцэл үзүүлсэн өөрийн садан Туйхожаг хороожээ. Түүний хүү Тохтамыш Төмөрлүү зугтсан байна. Төмөр түүнийг хил дагуух хотуудын захирагчаар томилсон боловч үүнийгээ эзлэх ёстой байв. Энэ бол Төмөрийн алсын хараатай бодлого байсан юм. Тэрээр дотроо зүчийн удмын хүнийг хаан болгосоноор Алтан ордыг хараатаа болгож, газар нутгаа өргөжүүлэхийг хүсчээ.
Тохтамыш түүнээс цэрэг авч 3 удаа Цагаан ордныхонтой тулалдсан бөгөөд сүүлд Төмөр өөрөө цэргээ удирдаж Уруст цохилт өгөхөөс нааш ялж үзээгүй байна. Шинэ хаан 1381 онд Алтан ордны нэгдмэл байдлыг сэргээж дараа жил нь татвар төлөхөөс тээршааж байсан Москвагийн вант улсыг шатааж 10,000 оросуудыг цаазлав. Ийнхүү 2 жилийн өмнө оросууд Куликовын тулаанаар монгол-татаруудыг ялсан нь тус болсонгүй. Төв болон өмнөд оросын бүх ван ноёд Тохтамышд сөгджээ.
Эрх мэдлийн оргилд хүрсэн Тохтамыш өвөг дээдсийнх нь эртнээс санаархаж ирсэн Өвөр кавказруу довтлож тонож дээрэмдээд буцжээ. Харин удалгүй энэ газар Төмөрийн цэргүүдэд эзлэгдсэн билээ. Гэвч дахиад л үүнийг үл тоомсорлон Төмөрийн дарангуйлалыг үзэн ядсан гүржийн вантай холбоо тогтоон Тохтамыш Азербайжанруу цөмөрчээ. Энд тэр Төмөрийн моголчуудтай (персээр Монгол гэхийг Могол, Могул гэдэг) тулалдав. Төмөрийн том хүү Жахангирийн туслах цэрэг амжиж ирсэнээр Алтан ордны армийг ухраажээ.

Тохтамышийн олзлогдсон цэргүүдийг Төмөр хооллож, хувцаслаад ихэд энэрэнгүй хандаж дахин ийм алдаа гаргахгүй байхыг эзэнд нь анхааруулаад буцаажээ. Тохтамыш Чингисийн удмын хүн байгаагүй бол тэр ингэхгүй байсан биз ээ.
Гэвч Тохтамыш Төмөрийг өрнөд перст Жалайрынхан болон Хар хонь, Цагаан хонь түрэгүүдтэй байлдаж байх зуур хорезмруу дайрч Самаркандыг бүсэлжээ. Төмөр даруй цэргээ татаж тэднийг ухраав. Ингээд хурилдай зарлаж Алтан ордруу дайрах шийдвэр гаргасан.
1394 онд Төмөр цэргүүдтэйгээ Хибчакын зэрлэг тал дундуур 2720 км замыг туулан Ижил мөрөн дээр Тохтамышийг гүйцэж ялжээ. Хэт хол удаан явсанаас цааш түүнийг хөөсөнгүй орхиж нийслэл Самаркандад буцав. Төмөр энэ удаа дайснаа дутуу үнэлсэн ч байж мэднэ. Тохтамыш Крымд хүчээ дахин бөөгнүүлж эхэлжээ.

Иймд перс дэхь Түрэг, монгол гаралтай эздийн байгуулсан улсуудад хүчтэй цохилт өгөөд Кавказаар дамжин Хипчакийн хаант улсруу дайрав. Замдаа бослого гаргасан Гүржийн вант улсыг хатуу гэсгээн цээрлүүлээд Тохтамышийн ард түмэнийг хүйс тэмтрэх аймшигт аянаа цааш үргэлжлүүлэв. Астрахан, Сарай хотыг эвдээд улам цааш аялж Азовьд очив. Крымийн хойгт 1280-аад оноос хойш Мөнхтөмөр хааны зарлигаар хэд хэдэн боомт хот эзэмшиж байсан Италийн Генуя хотын худалдаачид түүнд ая тал засаж угтсан боловч Төмөр дээрэмдэн, галдан шатаасан юм.
Цааш давшиж байсан Төмөрийн арми Оросын Ельц хотод тулж тус бяцхан хотыг эзлээд вангуудыг нь олзолжээ. Энэ үед Оросууд бусад европын орнуудтай нийлж түүний эсрэг загалмайтны аян дайн хийх тухай ярилцаж эхэлсэн байв. Тэдний азаар Төмөр эргээд явж замдаа Булгар, Аланчуудыг хядаад дундад азидаа буцсан.
Тохтамышийг Литваруу хулжин зугтсаны дараа Алтан ордын хаан ширээнд Төмөрхүтлүгийг гаргажээ. Төмөр одоо хойд хил дээр айх аюулгүй болов. Гэвч Кастилийн элчийн захианаас үзэхэд тэр шинэ хаанд төдий л итгэхгүй байсан бололтой.
Тохтамыш 1405 онд Төмөрөөс уучлал гуйж эвсэхийг хүсэн элч илгэжээ. Төмөр зөвшөөрөн үнэн сэтгэлээс бууж өгвөл дахин нэг мужын захирагч болгоход бэлэн буйгаа мэдэгджээ. Гэвч тэр хоёр ахиж уулзаж чадаагүй юм.

Энэтхэг рүү

Энэтхэгт хийсэн Төмөрийн аян дайн бол түүний хамгийн харгис аян дайнуудын нэг байсан юм. Энэ үеэс түүний хүний гавлын ясаар пирамид босгосон домог түгсэн билээ. Өмнөд персийн Мансур шагийг ялсаны дараа фарс, кирманы ард түмэн үүнийх нь золиос болсон юм.
Тухайн үеийн Делийн султант улс хямралд орсоныг Төмөр ашиглажээ. Умард хэсэгт хүчээ төвлөрүүлсэн Делийн султант улсын лалууд нь уугуул Хиндучуудтай мөргөлдөхөөс гадна хаан ширээ булаалдсан тэмцэлд татагдан орсон байв.
Төмөрийн арми 1398 оны 9-р сард Инд мөрөнг гаталсаны дараа Дели хот хүртэл ямар нэг хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсангүй. Зам дагуу хот, тосгодын шатаан, ард иргэдийг нь хүчирхийлсээр байсныгаа тэд буруу номтон Хиндичуудтай хийж буй ариун дайн гэж үзэж байв. Гэхдээ тэр цагт мусульман Насир-ад Дин Мехемуд султан тус орныг хаанчилаж байсан юм. Нийслэл Делийн гадна султаны армийг ялж хотыг нь дээрэмдэж, тоноод газрын хөрснөөс арчив. Султан нь зугтсан байна. Харин түүний олзлогдсон 100,000 хүнийг Төмөр цаазалжээ.
Энэтхэгээс олзолсон байлдааны заануудыг Төмөр хожим том тулаануудад ашигладаг байв.

Баруун хязгаарыг төвшитгөсөн нь

Жалайрын улсын эзэн Ахмед Тохтамыш, Оттаманы султан, Мамлюкүүдтэй Төмөрийн эсрэг холбоотны гэрээ байгуулсан боловч тэрээр хорогдох газаргүй болтлоо Төмөрийн армид нутгаа алдсаар байв. Түүний дээр Тохтамыш ялагдсан явдал одоо түүнрүү бүх анхаарлаа хандуулах боломжийг Төмөрт олгожээ. Оттаманы туркийн султан Баязид Ахмедийг аврах гол хүч байлаа. Адилхан Аллахыг шүтдэгийн хувьд тэр хүчирхэг хаантай дайтах чин эрмэлзэл Төмөрт байгаагүй юм. Хувь заяаны эргүүлэг л тухайн үеийн баруун азийн хоёр гол хүчийг хоорондоо дайтахад хүргэсэн. 1399 онд Төмөр сирирүү цөмөрч мамлюкийн томоохон армийг ялаад Дамаск, Аллепог эзлэн авчээ. 1400 онд армени, гүржийг дахин түйвээгээд бага азийн хилд өнгөлзөх болов. Ийм аюултай нөхцөлд оттоманчууд Балкан дахь байлдан дагуулалтаа зогсоож цэргээ эх нутагруугаа татаж эхэлжээ. 1401 онд Жалайрын улсын Ахмедаас Багдадыг булаан авч 20,000 иргэдийг нь хядаж, хотыг түймэрджээ.
Дараа жил нь Оттоманы туркийн Баязид султан өөрийнх нь нутагруу хүрч ирсэн Төмөртэй Анкара хотын ойролцоо түүхэнд Анкарын тулалдаан хэмээн алдаршсан том тулааныг хийжээ. Үүний дараа Оттаманы эзэнт гүрэн нэг хэсэгтээ зогсонги байдалд орсон юм. Баязид султан олзонд байж байгаад нас баржээ.

Сүүлчийн аян дайн

Хятадын Мин улсын эзэн хаан Хонъву (洪武帝) Хубилайн угсааныханы их Юан улсын залгамжлагч болсон гэж өөрийгөө үзэн 1370-аад оноос хуучин Их Монгол улсын эзэмшилд байсан улс түмэнд хараат болохыг шаардсан элчсийг илгээжээ. Үүнийг бас Монголын хаадаас ч давхар шаардаж байсан юм. Эхэндээ Төмөр эгдүүцсэн боловч үүнийг хүлээн авсан байна. Нанжин дахь засаг захиргаанд 3 удаа татвар төлжээ. Гэвч ертөнцийг байлдан дагуулагч хэмээх алдарыг хүртэж, Чингисийн эзэнт гүрнийг дахин сэргээхийг хүссэн Төмөрт энэ нь доромжлол мэт санагдсан юм. Мин гүрний цэргүүд монгол нутагт аюул учруулж, олон монголчуудыг хүйс тэмтэрсэнийг ч тэрээр дуулсан нь гарцаагүй.
Төмөр өөрийн итгэлт нэгэн жанжинг элчээр илгээж Монголын Энх хаантай холбоотны гэрээ байгуулжээ. Үүний хариуд Энх хаан Төмөрийн асрамжинд хожим Умард Юан улсын хаан Өлзиий Төмөр хэмээн алдаршсан ач хүү Буянширыг илгээв. Самаркандаас хил хүртэл бүх замыг аян дайнд зориулж сайтар бэлтгэсэн байна. Ач хүүгийнхээ найран дээр олон ноёдыг цуглуулж хятадад Лалын шашныг дэлгэрүүлье хэмээсэнд эмир, ноёд бүгд дэмжив. Өмнө нь ч Төмөр Кастилийн вангийн элчийн доогуур хятадын элчсийг суулгаж үгээр доромжилж байсан юм. Дайн зарласанаас хойш Хятадууд хил дагуу бэхлэлтээ чангалж, дайнд бэлтгэж эхэлсэн байна. 1405 онд цэргээ авч Хятадын Мин гүрэнтэй дайтахаар явж байгаад Бухар хотын орчимд өөд болжээ. Амьсгал хураахын өмнө үр удамд нь жанжид, ноёдоос нь үнэнч байх тангараг авч, ач хүү Пир Мухаммедийг гүрний хаан ширээг залгамжлуулахыг захисан байна. Ийнхүү Их цэрэг эзэн хаанаа оршуулахаар нийслэл Самаркандруугаа буцаж Хятад орон бас нэгэн аюулаас аврагдсан түүхтэй.

Төмөрийн өв

Байгуулсан эзэнт гүрэн нь бараг Төмөртэй хамт үгүй болсон. Хэдийгээр Төмөрийн үр удам нэг хэсэгтээ хүчирхэг байсан боловч тэдний хоорондын хэрүүл,тэмцэл хаан ширээний маргаанаас болж Хар хонь болон Мохаммед Шейбаны Узбекүүдийн шинээр гарч ирж буй хүчинг эсэргүүцэх чадваргүй болжээ. Цагаадайнхан ч үүнтэй зэрэгцэн тэдэнд аюул учруулах болсон аж. Харин түүний удмын Бабур 16-р зуунд энэтхэгт гарч Их Моголын эзэнт гүрэнг үндэслэжээ. Мэдээж Төмөр Чингисийн эзэнт гүрэнг дахин эмхлэн байгуулахын төлөө зүтгэсэн ч уг хоёр агуу суутны хооронд асар их ялгаа байсан юм.

Өнөөдөр энэ түүхэн хүний тухай ярихдаа янз бүрээр шүүмжлэлтэй хандаж байна. Зарим нь түүнийг харгис хэрцгий залхаан цээрлүүлэгч мэтээр бичсэн байхад бурхан мэт шүтэх нь ч бас байна. Үзбекчууд түүний гал голомт болсон Маверанхар, Трансаксонийг сахиж сууснаараа Төмөрийг үндэсний баатар гэж үздэг билээ.