Showing posts with label Түүхэн хүмүүс. Show all posts
Showing posts with label Түүхэн хүмүүс. Show all posts

Monday, September 27, 2010

АРИГБӨХ


Монголын Их гүрний сүүлчийн хаан Аригбөхийн эмгэнэлт амьдралын төгсгөл өдий хүртэл бүрхэг хэвээр байгаа юм. Монгол, Хятадын сурвалж бичгүүд болон судлаач эрдэмтдийн үзсэнээр Аригбөх Хубилайд бууж өгсөнөөс хойш хоёр жил орчим хугацаанд гэрийн хорионд байсаар 1266 оны 10 сарын 1-нд нас баржээ. Рене Груссе энэ талаар “Аригбөх 1266 онд нас барсан боловч үнэндээ насан эцэслэтлээ хоригдол байжээ” гэжээ. Хоригдол байх тухай асуудал маргаангүй агаад Хубилай түүнийг хатуу хорио цагдалтаас ангид байлгасангүй.
“Судрын чуулган”-д Аригбөх жил орчим хугацаанд өвчилсөөр Барс жилийн /1266 он/ намар нас барсан гэжээ. Юан улсын сударт Аригбөхийг нас элтлээ хаан хүний хангамжинд байгаад өвчнөөр өнгөрчээ гэжээ. Гэтэл зарим түүхчид Аригбөхийг өвчнөөр нас бараагүй, Хубилай түүнийг хорлосон ч гэж үздэг.
Аригбөх амьд байх нь Хубилайд аюултай хийгээд түүний хууль бус үйлдлийг өдөр бүр сануулсаар байсан нь ойлгомжтой тул тэмцэж олсон хаан ширээнийхээ өмнөөс дүүгээ золиос болгох хэрэгтэй ч байсан байж болох юм. Ийнхүү Монголын нэгдсэн улс байгуулагдсанаас хойш янагш яг нэгэн их мөчлөг буюу жарны төгсгөл дээр Монголын эзэнт гүрний сүүлчийн Их хуралдайгаар албан ёсоор сонгогдсон Их хаан Аригбөх Монгол үндэстний түүхэнд эмгэнэлтэй зурвасхан мөр үлдээгээд 46 орчим насандаа бие баржээ гэж үзэж болох юм.
Мөн сурвалж бичгүүдэд Аригбөхийг нас барахад шарилыг нь Чингис хаан болон эцэг Тулуй, ах Мөнх нарыг нутаглуулсан тэр газарт тавьсан гэжээ.
Харин Өвөр Монголын Багшийн дээд сургуулийн сонин “Хятад хэл, философи, нийгэм, шинжлэх ухаан судлалын хэвлэл” хэмээх сэтгүүлийн 1987 оны № 3,4 дугаарт Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх маш сонирхолтой өгүүлэлд дурдагдсан зүйлийг дараа дараачийн судлаачид нэн сонирхон, мөшгөн шинжилвээс зохилтой.
Энд бичсэнээс үзвэл Аригбөхийг 1266 онд нас барсан хэмээн өнөөг хүртэл итгэж ирсэн ойлголт итгэл маань ихээхэн эргэлзээтэй болж, энэ талаарх манай түүхийн сурвалжуудад буй мэдээ сэлтийг эргүүлэн сайтар нягтлах шаардлага гарч байна.
Энэхүү сохирхолтой өгүүллийг хятад хэлнээс утгачлан сийрүүлбэл:
“Бид саяханы нэгэн сонин дээр Хубэй мужид нэг хэсэг Лү овогт монголчууд амьдардаг гэсэн мэдээг аваад энэ талаар газар дээр нь очиж тэдний түүх соёл, зан заншлийг судлахыг хүссэнд нутгийн удирдлагууд бидэнд туслалцаа үзүүлсэн юм. Ялангуяа тус мужийн үндэстэн ястны хариуцсан алба болон Хунху сумын зохих удирдлагууд энэ талаар маш их туслав. 1986 оны 10 сард бид Шинди, Шакоү, Фүнкоү болон Шашинхө зэрэг газарт амьдарч байгаа Лу овогт монголчуудыг сурвалжлахаар зорьж очсон юм. Энэ ажлын явцад бид Лу овогт монголчуудаас ярилцлага авч тэдний ургийн бичиг болон түүхийн эд материалуудыг үзэж харсан билээ.
Энэ нь Лу овогт Монголчуудын түүх соёлыг судлах анхны алхам болж, цаашдаа Монголын түүхэн дэх зарим нэгэн эргэлзээтэй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болсон юм. Тухайлбал Аригбөхийг үхсэн үү, эсхүл оргосон уу гэдэг нь монголын түүхийн материалуудад болон Юан гүрний түүхэнд тодорхой бус тэмдэглэгдсэн байдаг. Түүнийг өмнө зүгт зугтсан уу, хойт зүгт үү гэдэг талаар Түүхийн товчоон дундах тэмдэглэгээ болон Лү овогт Монголчуудын түүхийн тухай ам дамжсан яриа, мөн Лү овогтны ургийн бичиг болох “Язгуур үндсийн удиртгал”-д харилцан адилгүй ялгаатай тэмдэглэгдсэн байдаг.
1. Лү овогт монголчуудын ургийн бичиг болох “Язгуур үндсийн удирдтгал” болон тэдний үе дамжсан аман ярианаас дээр дурдсан Лү овогт монголчууд гэдэг маань Чингис хааны дөрөвдүгээр хөвгүүн Тулуйн зургаа дахь хөвгүүн Аригбөхийн хойч үе гэдэг нь тодорхой мэдэгдэж байдаг. Лү овогт Монголчууд хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй бүгдээрээ өөрсдийгөө Чингис хааны хойч үе хэмээн нэрлэдэг. Үүний сацуу тэд, тэдний өвөг болох Аригбөх Хубилай хаантай хаан ширээ булаацалдан тулалдсаны эцэст өмнө зүгт зугтан, маш ээдрээтэй олон нүүдлийн эцэст одоогийн Хунху сумын Шашинхө хэмээх газарт сууршсан хэмээн тодорхой дурсан ярьцгааж байна. Тэднийг яагаад Лү овогт хэмээсэн талаарх ард түмний ам дамжсан яриа “Язгуур үндсийн удиртгал”-д тэмдэглэсэнтэй яг тохирч байдаг. Аригбөх бол Тулуйн зургаа дахь хөвгүүн байсан. Энэхүү зургаа дахь хөвгүүн гэдэг нь эртний хятад хэлний Lu гэдэгтэй яг адилхан бичигддаг. Иймд тэд энэхүү Lu гэдгийг авч өөрсдийгөө тийн нэрлэсэн бололтой. Гэхдээ энэ нь хятад хэлний Лу овогт гэдгээс ялгаатай юм. Иймд тэд өөрсдийгөө зориудаар Юн хотын Лү овогтнууд хэмээн нэрлэдэг. Юн хотын уг гарал нь Өгөөдэй хаан Алтан улсыг байлдан эзэлсэний дараа Хөнань мужийн газар нутгийг өөрийнхөө хөвүүд болон үр ач нарт хуваан өгсөн. Үүнээс одоогийн Жи сумын ойролцоох газар нутаг Аригбөхөд оногджээ. Энэхүү газар нутгийг эрт дээр Жоу улсын үед Юн улс хэмээн нэрлэдэг байсан байна. Иймд тэд өөрсдийгөө Юн хотын Лү овогтон хэмээн зориуд нэрлэжээ.
Аригбөх тухайн үедээ Юн хотын Ван хэргэм авч байсан тухай ам дамжсан түүхэн яриа байдаг. Аригбөх бууж өгсөний дараа Хубилай хаан хэдийгээр түүнийг алаагүй боловч түүний ойр дотны шадар түшмэд, болон цэргийн жанждаас маш олныг алж хороосон юм. “Түүхийн товчоонд”- Аригбөх нэгдүгээр сарын 6-нд ордондоо нас барав хэмээн тэмдэглэсэн байдаг. /Лалын шашны он тооллоор 664 оны /1266/ намар Аригбөх өвчний улмаас нас нөхцсөн/. Хубилай хаан Аригбөхийн гурван Их хатан, хоёр бага хатан болон хөвүүд охидод нь зохих анхаарал халамж тавьж байсан байна. Гэхдээ хамгийн гайхалтай нь Сүн Лян болон бусад хүмүүсийн Юан гүрний түүх, мөн монголын түүхийн материалуудад Аригбөхийн талаар бүдэг бадаг хольж хутгасан тэмдэглэл байдаг. Лү овогтны “Язгуур үндэсний удирдтгал”-д тэмдэглэснээр Аригбөх, Хубилай хаанд бууж өгсний дараагаар шадар түшмэд болон цэргийн жанжнуудынхаа хороогдсоныг хараад машид чочирдож өөрийн И хэмээх хүү, шадар түшмэд, зарц зэрэг гучаад хүнийг нууцаар дагуулан баруун зүгт Хубэй, Хөнань мужийг дамжин Хугань хүртэл зугтан одсон гэжээ. Хугань гэдэг нь эртний Юн Мөн Зө хотын балгас/одоогийн Хунху/ юм. Тэд өөрсдийгөө өнгөт арьстнууд гэдэг байжээ. Тэгээд тэнд өөрсдийнхөө овог нэр, гарал үүслийг нуун суурьшсан байна.
Эхлээд тэд Жян сумын Хаунжан хэмээх үерийн далангаас хамгаалах газарт амьдарч байсан байна. Аригбөх энд удалгүй нас баржээ. Түүнийг нас барсаны дараа оршуулан, оршуулгын газар байгуулсан байна. Тэнд амьдарч буй Монголчууд түүнийгээ Лү овогтны “Их бунхан” хэмээн нэрийддэг. Энэхүү оршуулгын туурь одоо хүртэл байдаг. Аригбөхийг нас барах үед И ноёнтон /Аригбөхийн хүү Юбугурын хүндэтгэлийн нэр/ балчир байсан бөгөөд үүнийг далимдуулан түүний Ю, Ян хэмээх хоёр хятад зарц нь өдөөн хатгалга явуулж, Аригбөхийг гутаан доромжлон түүний энэхүү бунханг эвдэж сүйтгэсэн байна. Энэ үед Ю, Ян нартай тэмцэлдэх хүчин мөхөсдөснөөс Лү овогтнуудад Хайжялин хэмээх газарт нүүдэллэн очжээ. Хожим нь И ноёнтон дагаж явсан арван найман хүний хамт Чайлинь голд живж үхсэн байна. Ингээд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан зарц боол, үндэс угсааг үл /тэр үед бас хятад боолууд хамт явсан/ хамааран тэднийг хамт оршуулжээ. Одоог хүртэл жил бүрийн гурван сарын гурванд үй олон Лү овогт Монголчууд энд хүрэлцэн ирж, өвөг дээдсийнхээ онгоныг тахидаг болсон байна.
И ноёнтныг нас барсаны дараа түүний овгийнхон улам доройтжээ. Тухайн үед тэд нар Хайжялингийн Хай овогтнуудтай зэрэгцэн амьдардаг байсан бөгөөд эдгээр Хай овогтнууд нь ор үндэсгүй хэрүүл маргаан дэгдээн Лү овогтнуудыг ялгаварлан гадуурхдаг, дорд үздэг байсан байна. Ингээд Лү, Хай овогтнуудын хоорондох маргаан улам ширүүсч, зарим үед зарга нь Яаманд хүртэл очдог байв. Гэхдээ энэ маргаан эцэслэн шийдэгддэггүй байв. Энэхүү нөхцөл байдлын дор Юбугурын ач болох Лу Рун Фү дахин нүүдэл хийхээр бэлтгэжээ. Байдлыг өөрийн нүдээр харж, чихээр сонссон зэргэлдээ орших Чуй овогтнууд /одоогийн Лү овогтны эзэмшил газар, эртний нэр нь Чуй жя тай/ Хай овогтны энэхүү ёс бус үйлдэлд маш их гайхаж, Лу овогтнуудыг их өрөвддөг байв. Иймд Лү овогтонтой өөрийн оршин сууж буй газар болон бусад зүйлсээ солилцох болж, энэхүү эцэс төгсгөлгүй маргаанд цэг тавьсан байна. Одоог хүртэл Хай, Лү овогтнууд ураг бололцдоггүй, Чуй Лү овогтнууд зарга хийдэггүй гэсэн ам дамжсан яриа байдаг. Үнэхээр Хай, Лү овогтнууд огт ураг төрөл бололцдоггүй байсан бөгөөд харин Лү, Чуй овогтнууд хоорондоо ураг төрөл бололцох төдийгүй элдэв ямар нэгэн маргаан гарваас өөр хоорондоо харилцан ярилцаж шүүн тасалсаар ирсэн байна. Дээр дурдсан зүйлүүд бол Лү овогт монголчууд Хунху сумын Шакоун тойргийн Лү Жа гацаанд сууршиж байсан түүхэн тойм юм.

Үндэс угсаагаа гэсэн сэтгэл болон түүний онцлог шинжүүд.
Лу овогт Монголчуудын гаднах байдал нь нутгийн хятадуудаас гойд ялгагдах юмгүй, ялангуяа хэл нь бүрэн ууссан байв. Гэхдээ тэдэнтэй ярилцах явцад үндэс угсаагаа гэсэн үзэл, сэтгэл маш хурц, гүн гүнзгий илэрч байлаа. Иймд өөрийн эрхгүй тэднийг бишрэх сэтгэл төрж билээ. Үүний сацуу зан заншлийн зарим нэгэн онцлог байдал нь тэднийг Монголчууд гэдгийг бүрэн дүүрэн итгүүлж байв. Бид монгол дээл өмсөн Лү овогтны гацаанд очиход тосгонд “Үндэс угсаа нэгтнүүд маань ирлээ” гэх их хөөрч баярласан үг хаа сайгүй сонсогдож, биднийг халуун дотно сэтгэлээр угтан авсан юм. Тэд бидэнд ихэд итгэн гадны хүнд огт харуулдаггүй Лү овогтны ургийн бичиг болох “Язгуур үндсийн удиртгал” болон олон зуун жил хадгалж байсан Аригбөхийн хөвгүүн И ноёнтны зурмал зургийг харууллаа. Энэхүү зургаас харахад И ноёнтоны гаднах байдал, өмссөн хувцас нь үнэхээр Монгол хүний онцлогыг илтгэн харуулж байв. Гэхдээ малгай болон бөс нь манж хүнийхийг санагдуулсан юм. Энэ талаар улам судлах хэрэгтэй. Тэдний өвөг дээдсийн онгон шүтээний өмнөх бяцхан хөшөө нь өөрийн гэсэн онцлогтой байлаа. Уг шүтээний нүүрэн тал нь хятад үндэстний онцлогоос огт ялгагдах юмгүй. Харин ар тал дээрээ “Монгол” хэмээх хоёрхон хятад ханз байдаг. Хятад үндэстнүүд өвөг дээдсийнхээ онгоныг тахихдаа түүний өмнө байнга хас хонхыг зүүж, хүндэтгэл үзүүлэх үедээ хонхоо цохидог. Харин Лү овогт монголчууд хонх уядаггүй бөгөөд тэд хонхыг зовлон, азгүй явдлын билгэ тэмдэг хэмээн үздэг байна. Үүнээс гадна өөр нэг онцлог байдаг нь тэд И ноёнтны бунханд бараалхах үедээ хятад үндэстнүүд шиг сөхөрч суугаад толгойгоо бөхийлгөдөггүй. Харин эсрэгээр умар зүгт монголын эртний газар шороо руу харж зогсоод толгойгоо мэхийн ёсолдог. Энэ нь И ноёнтныг дагаж явсан арван долоон зарц боолуудтай нь хамт оршуулсантай холбоотой. Хэрвээ И ноёнтны шарилд мэхийн ёсолбоос мөнхүү тэнд хамт оршуулагдсан хятад зарц боолуудад хүндэтгэл үзүүлж буй гэсэн үг бөгөөд үүний улмаас тэд хойт зүгт харж зогсон толгой мэхийдэг байна. Энэ нь хэдийнээ одоог хүртэл заншил болон тогтжээ.

700 гаруй жилд үндэс угсаагаа нуун далдалж байжээ.
Лү овогт монголчуудын түүхэндээ уламжилж ирсэн энэ байдал нь үндсээрээ устах тал руугаа явж байна. Гэхдээ цөөн тооны хуучин үзэл бодлын хүлээсэнд автагдсан хөгшчүүлийг үл тооцвол хүн амын 95-аас дээшхи хувь нь өөрсдийнхөө үндэс угсааг нэн даруй сэргээж, өөрийнхөө овог угсааг нуун дарагдуулж байсан энэ амьдрал дахин давтагдахгүй байхыг маш их хүсч байна. Тэд бидэнд Юан гүрний үед Хубилайгаас айдаг байсан, Мин улсын үед Юан гүрний үлдэгдлүүд хэмээн гадуурхагдаж, үндэс угсаагаа устгагдахаас, Чин болон Дундад иргэн улсын үед мөн л хавчин гадуурхагдаж алагдах, гуйрамч тэнүүлчин амьдрал руу унахаас айдаг байсан, хэрвээ өнөөдөр түүхийн энэхүү эрээн бараан арилваас бид дахин юунаас ч айхгүй амьдарна хэмээн ярьсан юм. Хэдийгээр тэд өөрсдийнхөө үндэс угсааг нууж явсан боловч бид хятад үндэстнүүд биш шүү гэсэн санааг өөрийн мэдэлгүй л гаргаж ирж байжээ.
Анх Хунхуд очихдоо хойт зүгээс зугтаж ирсэн учраас хэл яриа, зан заншил, хувцас хунар зэргээрээ тухайн оршин суугчдаас маш ихээр ялгарч байв. Иймд өөрсдийгөө өнгөт арьстанууд хэмээн нэрлэж байсан бөгөөд хожим түүнээ хятад үндэстнүүд хэмээн засаж бичсэн байна. 20 зууны эхэнд одоогийн Лү овогтны гацаанд нэгэн эцэг өвгөдийн онгон шүтээн болох сүм байгуулжээ. Тэгээд тэд Бэй Фин Фү Рен Их сургуулийн профессор Лу Кай Дяог урьж авчран шүтээн дээрээ “Монголчуудын зан заншил” хэмээх дөрвөн үгийг уйгур бичмэлээр бичүүлжээ. Гэтэл зарим нэгэн хүмүүс гай гамшиг авчрах нь хэмээн маш их айж, энэ дөрвөн үгийг засч бичсэн байдаг. 1964 онд хоёр дахь удаагаа бүх ард түмний тооллого явуулахад олонхи Лү овогтнууд өөрсдийгөө монгол үндэстэн хэмээн бөглөн бичиж байсан байна. Гэхдээ эрх мэдэл бүхий цөөн тооны хөгшчүүлийн ятгалгаар түүнээ дараа нь хятад үндэстэн хэмээн засаж бичжээ. Хэрвээ тухайн үеийн хүн амын тооллогын дансыг эргүүлэн харах юм бол монгол гэсэн үгийг хятад хэмээн залруулан бичсэнийг тодорхой харж болно. Өөрийнхөө үндэс угсааг сэргээх бол Лү овогт монголчуудын олон зуун жил сэтгэлийн гүндээ хадгалж байсан сайхан мөрөөдөл юм. Хубэй мужийн Хунху суманд одоогоор 2700 гаруй монголчууд амьдарч байна. Эдгээрийн олонх нь Хунху сумын Сяшинхө гэдэг газарт амьдардаг. Гэхдээ үүнд Бээжин, Үхань, Хунань зэрэг газар шилжин суусан монголчуудыг оруулаагүй болно.

Тайлбар
1. Аригбөх үхсэн үү, эсвэл оргосон уу. Энэ бол монголын түүх судлаачдын өмнө тулгарч байгаа хамгийн шинэ сэдэв болж байна. “Түүхийн товчоон”-оос гадна Монголын түүхийн тухай бусад материалуудад Аригбөхийн насан эцэслэсэн эсэхийг тодорхой бус тэмдэглэсэн байдаг. Иймд үүнийг цаашид улам гүн гүнзгий судлах зайлшгүй хэрэгтэй юм. Гэхдээ Лү овогтнуудын түүхэн тойм нь Аригбөхийг баруун зүгт зугтан одсон гэдгийг баталж байна. Түүнчлэн түүний шарил нь одоог хүртэл хадгалагдаж байгаа нь бас нэгэн нотолгоо болох юм. Аригбөхийг Хубилайгаас нууцаар оргон одсоны дараа тэр үед Хубилай хаан Аригбөхийг баруун зүг рүү оргон одсон тухайд удтал мэдээгүй бөгөөд зөвхөн түүнийг нэгэн зэлүүд газар нуугдаж байгаа хэмээн таамаглаж байсан. Ийм ч учраас баруун зүгийн Ил хааны улс болон Монгол нутаг руу Аригбөхийг өвчний улмаас үхсэн хэмээх хуурамч мэдээллийг хүргэсэн байна. Энэ бол Хубилай хаан Аригбөхийг амьд байгааг түүнийг дэмжигчидын сонорт хүргэхгүй нуухын улмаас ингэсэн болов уу. Хубилай хаан монгол нутагт болон хятадад байсан монголчуудаас бүхнийг нуун далдалж байв. Иймд Хубилай хаантай олон жил хаан ширээний төлөө тэмцэлдсэн Аригбөхийн талаар монгол, хятад хэл дээрх монголын түүхэн материалуудад нарийн тодорхой дурдаагүй байдаг нь аргагүй юм. Хамгийн сүүлд Хубэй мужид амьдарч байгаа монголчуудын ам дамжсан түүхэн яриа, бичгээр үлдсэн материалууд дээрх тэмдэглэгээ, мөн монголын түүхэн материалууд болон “Түүхийн хураангуй”-д буй тэмдэглээнүүд нь зөвхөн хэлбэр байдлын хувьд ялгаа байгаа болохоос агуулгын хувьд үнэндээ ялгаа байхгүй юм.
2. Аригбөхийн хүүг И ноёнтон хэмээн нэрийдсэн учир. Лу овогт монголчууд Аригбөхийн хүү Юбугурын/Аригбөхийн их хатан Ойрд аймгийн Илчикмышээс гарсан хүү/ монгол нэрийг нь товчлон И хэмээн хүндэтгэн нэрлэж байсан байна. Юан гүрний түүхэнд Аригбөхийн хүүг Юмухур, “Түүхийн товчоон”-д Юбугур, Юмхур гэж нэрийдсэн байдаг. Хятад хэлнээс орчуулбаас Юмухур гэдэг. Юан гүрний түүхэнд түүнийг ван цолтон хэмээн өргөмжилсэн байгаа. Гэхдээ түүнийг Хубилайн төр барьж байх үед эрх мэдэл бүхий албан тушаалтай байсан уу гэдгийг мэдэхийн арга байхгүй. Түүхийн материалд тэмдэглэснээр түүний монгол нэр нь Юбугур, эсвэл Юмухур байж магадгүй. Иймд тэрбээр хятад үндэстний амьдарч буй нутагт зугтаж очсоны дараагаар овог нэрээ өөрчлөхдөө монгол нэрийн эхний дуудлагыг үлдээгээд товчоор И хэмээн өөрчилсөн бололтой.

Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх эл өгүүлэлд дурдагдсан баримтууд нь бидэнд Аригбөхийн үхлийн талаар, тухайлбал бүх сурвалж бичигт дурдсанаар түүнийг 1266 онд Хубилайн хорио цагдалт дор өвчнөөр нас барсан уу, эсвэл дээрх өгүүллийн өгүүлэхээр харьяат шадар дотнын хүмүүсээ дагуулан Хубилайн цагдалтаас оргон дутаасан уу гэсэн ацан асуулт, ихээхэн эргэлзээтэй байдлыг төрүүлж байна. Аригбөхийн ур удмын талаар сурвалж бичигт хэрхэн өгүүлсэнийг нягтлан үзэх нь дээрх ээдрээтэй байдлыг тодруулахад бага ч болов дөхөм болох болов уу.
Аригбөхийн удам угсаа
Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүллийн баримтуудыг нягтлан “Судрын чуулган” болон “Юан-ши”-д Аригбөхийн удам угсааны талаар өгүүлсэнийг сөхөн үеье. Эдгээр сурвалжуудад бичсэнээр Аригбөх нь хэд хэдэн хатад, хүүхдүүдтэй байжээ. Төв Монголын нутагт түүний дөрвөн орд өргөө байсан хийгээд Хубилай Хархоринг эзлэхдээ тэдгээрийг олзолсон. Мөн Алтай, Киргизэд түүний зун болон өвлийн орд өргөөд нь байсан байна.
Аригбөхийг Юбугур, Найраг-бөх, Лаган-Шигань гэсэн гурван хүүтэй байсан хэмээн Юань-шид тэмдэглэжээ.
Харин Аригбөхийн хатад хүүхдүүдийн талаар “Судрын чуулган”-д нэлээн дэлгэрэнгүй дурдсан байна. Түүнд өгүүлсэнээр Аригбөхийн Их хатан Илчикмыш ойрад аймгийн хүн байв. Аригбөх Хубилайтай тэмцэхдээ ойрдуудын хүчинд ихээхэн түшиглэж байсан билээ. Илчикмышээс хүү Юбугур болон, хоёр охин төрсний том нь Халукан-агай. Түүнийг Баявут омгийн Татакта хүргэнд өгчээ. Энэ Халукан нь Некудер нэрт Мелик-Төмөрийг төрүүлжээ.
Хоёр дахь хатан Хутагт нь найман аймгийн Кучукур Клана овгийн хүн байсан ба Сорхагтани бехитэй хамт түүний өргөөнд амьдарч Камтай гэдэг охин төрүүлснийг нөхөрт гаргаагүй. Нумуган нэрт нөгөө охин нь ойрад аймгийн Чупан хүргэнд очжээ.
Гуравдугаар хатан Кутлу нь хонгирад аймгийн хүн байсан ба мөн Сорхагтани бехитэй хамт амьдарч байжээ. Тэрбээр хүү төрүүлээгүй аж.
Аригбөх дээрх гурван хатнаас гадна хэд хэдэн татвар эмтэй байв. Барулас аймгийн Ирау-гуа нэрт татвар эм нь Хубилайгаас Иранд Хөлөг хааны дэргэд элчээр очсон Хаданы охин дүү бөгөөд тэр эм Найраг-Бөх нэрт хүү төрүүлжээ.
Мөн нэг татвар эм байсан нь Хонгирад аймгийн Ашитай гэгч бөгөөд Тамачи нэрт хөвүүний нь эх юм.
Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдоо Юбугур, Меликтөмөр, Найраг-Бөх, Тамачи дөрвөн хөвүүнээ гэртээ үлдээгээд бүх эхнэрүүдээ дагуулж явжээ.
Аригбөхийг нас барсны дараа түүний хатад, татвар эмс нь гэр гэртээ харьцгаав. Гурван жил болсны дараа Хубилай хаан “Аригбөхийн хөвүүд хүрэлцэн ирж нүдийг минь баясгагтун” гэж зарлиг болжээ. Зарлигийн дагуу Аригбөхийн хүүхдүүд болох Юбугур, Мелик-Төмөр, Найраг-Бөх, Тамачи нар Хубилай авга ахдаа очин ёслол хүндэтгэл үзүүлсэнд Хубилай тэдэнд ихэд найршаан хандаж хариу хүндэтгэл үзүүлэн тэдэнд хатад болон ихээхэн бэлэг өгчээ. Үүнд Хубилай хаан Асутайн хатан Есүдэрийн их өргөөг Юбугурт өгчээ. Юбугур Есүдэр хатныг авч гурван жил хамт амьдрахад Есүдэр хүүхэд төрүүлэлгүй байсаар бие баржээ. Юбугур Есүдэр хатны удмын нэг хатанг дахин буулган Хулачу, Олджай-Төмөр гэдэг хоёр хүүтэй болов. Олджай-Төмөр нь хожим Ил хаан Өлзийтийн дэргэд Иранд очжээ. Юбугурын ахмад хүү нь түүний Их хатан Харнууд аймгийн Чапан хатнаас гарсан Ил-Бөх нэрт байв.
Юбугур нь мөн Найман аймгийн Кушлуг хааны ахын охин Огул-Текин хатнаас гарсан Урла нэрт хүүтэй. Урла нь Сүлдүсүн аймгийн Чапун ноёны охин Байкуг хатан болгон авч, Мелик –Төмөрийн дэргэд амьдарч байжээ.
Юбугурт мөн Хонгирад аймгийн Баян нэрт нэгэн хатан байсан нь түүний өвөг Тулуйн татвар эм байжээ.
Хубилай хаан Аригбөхийн хүү Меликтөмөрт Лингкум хэмээх хатныг өгсөн байна. Энэхүү Лингкум нь Кишлуг хааны охин юм. Ухаалаг, авьяаслаг хан хүү Хутагт бол энэ Лингкумын хүү юм. Мелик-Төмөр мөн Лингкум хатнаас Келмиш –ага, Ширин –ага гэсэн хоёр охинтой. Лингкум хатныг нас барахад Мелик-Төмөр Жалайрын Таран ноёны охин Гилтэй хатныг их хатны өргөөндөө буулган авчээ. Энэхүү хатнаас хүүхэд гарсангүй тул Дурбан аймгийн ахлах ноён Ширекийн охин Бураг мөн хатнаа болгон авч хоёр хүү төрүүлсэн нь Ойратай, Махмуд хоёр юм. Мелик-Төмөр мөн Ойрдийн Барс Бөхийн охин Эмүгэн хэмээх хатантай байсан ба энэ хатнаас нь Мингхан, Ачигиг, Есөн-Дува, Баритай хэмээх дөрвөн хүү төржээ. Эдний дундаас Есөн-Дува нь эцгийн голомтийг залгаж, Дундад Азид нэлээн нэр нөлөөтэй нэгэн байсан байна. Меликтөмөр бас Туглуг –Олджай нэрт бас нэгэн татвар эмтэй байжээ. Хубилай хаан Аригбөхийн Их хатан Илчигмышийн өргөө эзэмшлийг хүү Найрагбөхөд нь өгчээ. Найрагбөх нь эцгийгээ нас барахад ихэд гутран амиа хорлохыг завсан боловч түүнд боломж өгсөнгүй. Байнгын хараа хяналтан дор байлгажээ. Гэвч Найрагбөх удалгүй уй гашуугаасаа болж нас баржээ. Түүнийг нас барахад Илчигмыш хатны өргөө нь Ашигтай нэрт охинд нь үлдэж удалгүй Меликтөмөрийн эзэмшилд орсон байна. Энэхүү Найраг бөх нь Хурбаг, Бачани, Самгар, Баян-Өвгөн, Ур-Төмөр нэрт таван хүүтэй байв. Эхний дөрөв нь Хубилай хааны их хатан Хонгирадын Чапуны үеэл болох Ашитай хатнаас нь гарсан ба Ур-Төмөр нь олхонуд аймгийн Учин-Экачи хатнаас нь гарчээ.
Аригбөхийн бага хүү Тамачид Хубилай Хутагт хатны орд өргөөг өгчээ. Хутагтийг нас барахад Найманаас Ер-Текин хэмээх бүсгүйг хатан болгож Баян, Дурбан хэмээх хоёр хүүтэй болсон байна.
Хожим Хубилай хаан Хайдугийн эсрэг тэмцэхдээ Их цэргийг хүү Номхон, Хөхчү нараар удирдуулан, Хантун ноёноор захируулсан зүүн жигүүрт хэд хэдэн хан хөвүүдийг цэргийнх нь хамт оруулсаны дотор Аригбөхийн хөвүүд Юбугур, Мелик-Төмөр нар явжээ. Гэвч тэд Өгөөдэйн удмын Ширеки, Сүйхтэйн хүү Тугтөмөр, Ургадай нартай үгсэн Номхон, Хөхчү болон Хантун ноён нарыг гэнэдүүлэн баривчилж, Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн юм. Аригбөхийн дээрх хоёр хүү нь XIII-XIY зууны зааг үед Дундад Азид өрнөсөн хан хөвүүдийн хоорондын жижиг сажиг мөргөлдөөн, зөрчилдөөнд нэн идэвхтэй оролцож байсан байна. Хожим Юбугур нь Хайдугаас салж эцгийн нэгэн адил хатад эхнэрүүдээ аван Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгчээ.
Энэхүү Юбугур нь Сэнгэрэнцэн нарын бичсэн “Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал” хэмээх эл өгүүлэлд дурдагдсан И ноёнтон мөн бөгөөд “Судрын чуулган”, “Юан-ши”-гийн мэдээ сэлттэй зөрж байна. Дээрх өгүүлэлд дурдсанаар Юбугур нь эцгээ даган 1265-1266 оны үед Хубилайн дэргэдээс, гэрийн хорионоос оргон зугтааж, Хубэй, Хөнань мужийг дамжин Хугань мужид очиж суурьшаад нууцаар амьдарч байсан бололтой байдаг.
Гэтэл “Судрын чуулган”-д дурдсанаар Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдаа Юбугурыг бусад ах дүүсийнх нь хамт ойрдод үлдээгээд хатад эхнэрүүдээ авч явжээ. Аригбөхийг нас барсанаас хойш гурав дахь жилд Хубилай Аригбөхийн хүүхдүүд ирж золгохыг хүссэн /зарлигдсан/-д Юбугур ах дүүсийн хамт очсон байна. Тэгэхэд Хубилай тэдэнд ивгээл хайр үзүүлж, шан харамж өгчээ. Үүнд Юбугурт Асутайн хатан Есүдэрийн их өргөөг өгчээ. Энэхүү Есүдэрийн өргөө гэр нь Мөнх хаанаас Алтан Улсын хуучин нутаг дэвсгэрээс дахин хувиарлалт хийхэд хүү Асутайд ноогдсон Хэбэй мужийн хэсэг газарт байсан уу, үгүй юу гэдгийн нягтлан тодруулах шаардлагатай юм. Нөгөө талаар Юбугур нь Хайдугийн эсрэг явуулсан Хубилайн цэрэг армид өөрийн баг цэргийн хамт явсан төдийгүй эгзэгтэй үед Өгөөдэйн удмын хан хөвүүдтэй үгсэн Хубилайн хүү Номхон болон бусад жанжидыг баривчлан Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн байна. Гэвч хожим Хайдугаас салж дахин Хубилайд бууж өгчээ. Харин ийнхүү хоёр дахь удаагаа бууж өгсөний дараа Хубилай Юбугурт хэрхэн хандсан талаар мэдээ сэлт алга байна.
Сэнгэрэнцэн нарын өгүүлэлд дурдагдсан Лү овогт Монголчуудын Хубилайгаас оргон дутаасан явдал нь Юбугур сүүлд Хайдугаас салан бууж өгсөний дараа болсон ч байж болох юм. Учир нь Хубилайгаас зугтаасан Аригбөхийн удмынхан тухайн үедээ Хубилайд мэдэгдэлгүй өөрсдийгөө нууцалж чадсан байсан тул тэр үед Юбугур Хайдугийн эсрэг дайнд оролцох боломжгүй байсан гэж үзэж байна. Нөгөө талаар Аригбөхийг өөрийн хүмүүсээ аван дутаасан гэдэг ч ихээхэн эргэлзээтэй, Лү овогт монголчууд өөрийн удмыг Аригбөхөөс эхлүүлж байгаа нь удмынхаа бичиг сурвалжид түүнийг дээрх зугтан зайлсан явдлын эхэнд дурдахын шалтгаан болсон ч байж болох юм.
Тэгэхээр үйл явдлын өрнөлтийг энэ мэтчилэнгээр харьцуулан үзэхэд Лү овогт монголчууд нь Аригбөхийн үед бус, харин түүний хүү Юбугур Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгөхөөр очсоны хойно энэхүү Хубилайн цагдалтаас буруулан дутаасан явдал болсон байж болох магадлал нь илүү байна.
Мөн Юбугурын хүү Ил бөх нь Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүлэлд дурдагдаж буй И ноёнтны хүү Лү Рүн Фү мөн эсэхийг тодруулах хэрэгтэй байна. Ийм ээдрээтэй адал явдлын учгыг тайлахад нэлээн урт хугацааны эрэл хайгуул хэрэгтэй болов уу.
Ийнхүү Аригбөхийг оргосон уу, нас барсан уу гэдгийн учгыг тайлах нь манай түүхийн нэн шинэ сэдвийн нэг аргагүй мөн болжээ.
Номин.Б

Sunday, September 26, 2010

Урианхайн Сүбээдэй баатар


Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.Үүний учрыг өгүүлэхэд, Жарчуйдай дархан түрүү жилийн зул сар адгаар Тайгын өвөр лүү давж, хужир шүүний наймаахан хийгээд буцахдаа оройтож, Соён Тагийн даваагаар үүр шөнөөр давж таарсан юм. Хормой бэлээрээ хөвчин их ойгоор хучигдаж, өвчүү цээжээсээ дээш нүцгэн нүцгэн ян сарьдаг болсон сүрлэг их уулсын тэхий дундуур давах энэхүү даваа бол умард, өмнөдийн тунгалаг их далайг алган дээрээ тавьсан мэт тольдон харж болдог, хэрвээ наран илчсээрээ тэнгэрийн мандалыг хичээн арчсан мэт тийм тунгалаг гэгээн өдрөөр бол өмнөд их далайн чинадах уулсынх нь хөх сүүдрийг ч харж болдог өндөрөөс өндөрт орших билээ. Умард их далай нь харин өмнөхөөсөө агуу уудам бөгөөд зах хязгаар нь хаа хүрч дуусдагыг тайгын тэнэмэл салхи ч үл мэднэм. Энэ далайн өмнөд хөвөөгөөр, энэ далайд түрхэрэн цутгах Их мөрний адгаар Гурван Мэргид хэмээх цөс, омог ихт, явдал холтой сүрлэг хөх эрс бүхий дайчин аймаг нутагласаар он оныг элээсэн ч тэд тэрх далайн чинадад зүрхлэн хүрсэн нь үгүй, тэр аглагт гагцхүү үргэлжилсэн их царс модон ойд үлгэр домгийн улаан аваргас амьдардаг гэхээс илүүг хэлж үл мэдэх билээ. Өмнөд их далайгаас эх авсан Эгүүнэ гол мянга мянган уулсын үзүүрээр алсын алсуур мяндсан утас аятай тойрон даяалсаар, мурилзах газраа мурилзан аргадаж, сүр хүчийг үзүүлэн түрхэрэх газраа түрхэрэн уурсаж урссаар умардын их далайдаа очиж нийлдэгийг харин энэ их даваагаар давсан бүхэн санаж, хүйн холбоотой энэ хоёр их далайг нэгэн агшинд толион харж буйдаа бахардан эрхгүй дуу алддаг ажээ.Жарчуйдай давааны онь хөтөл дээрх их овооноо гарч ирэхэд умаршаа өрнөшөөх их далайдын тунгалаг мөсөн толионд тэнгэрийн одод ойн гялбаад, зах хязгаартаа нийлсэн нь чухам аль нь тэнгэр, аль нь далайн мандал болох нь үл ялгарч, нэг бол тэнгэрийн одод тэр аяараа газарт хотлохоор бууж ирсэн мэт, эсвээс Жарчуйдай дарханы хохигор муу хөх үдээрэн бие тэнгэрийн суудалд заларсан мэт санагдаж, дархан эрхгүй бохирон унаад тэнгэрийн тэр олон одонд мөргөн залбирч билээ। Энэ нь үүр шөнийн торгон агшинд, үүрийн гэгээ тэнгэрийн хаяанаа мэлтэсхийхийн өмнөх агшинд байж таарчээ. Нулимс гээчийг аль хүүхэд насандаа л тас мартчихсан байсан энэ эрийн цээж нэг л хачин огшиж ирээд, мөсөн унжирга харшилдах аньсага сормуусан завсараар нь агь мэт гашуун нулимс их далай мөсөн баринтагаа шилгээхэд ариг хар усан мэлтэсхийн бургилдагийн адилаар мэлмэрээд иржээ. Хүнд лантуу, хүйтэн халуун төмөртэй цаг мөчид харшилдсаар төмөр шигээ хатуу хар савар шиг болсон арвагар арван хуруугаа тэнгэр өөд сарвайлгаад асгаран орж ирсэн үгсээ шившин шившин өгүүлж байхуйд чухам болор хонхноос л тийм аялгуу гарах болов уу гэмээр жингэнэсэн аялгуу бүүр түүрхэн сонсогджээ. Жарчуйдайд эхлээд сахал сармаанд нь бүү хэл хөмсөг, сормуусанд нь хүртэл харшилдан унжсан мөсөн унжуургасын дуу биз хэмээн санагдсан авч, тэр аялгуу нэг л ер бусын сонсогдох тул төдөлгүй дуугаа аядаад хичээн сонсов. Нэг тийм гэх тэмдэггүй жингэнэсэн аялгуу үе үехэн бүдэгхээн сонсогдох ажээ. Жарчуйдай шижир алтнаас эхлээд ган, хүрэл, мөнгө, шавар, мод гээд үй олон хонхнууд хийж явсан, бас тэдгээр хонхосоос тус бүртээ өөр өөр ялгуу гардагийг олон жилийн туршлагаараа сайтар ялгаж мэдэхтэйгээ ч харин энэ аялгуунд чухам тийм гэж нэрлэж хэлэхэд бэрхтэй нэгэн жингэнээ байгааг анзаарчээ. Тэр ч бүү хэл тэрхүү аялгуу нь тэр тэнгэр газрыг бүхэлд нь дүүргэн цацалсан очисын хэлтэрхий мэт оддын дундаас, гэхдээ бүүр Тэнгэрийн гох одны баавгайн соёо шиг тахиралдан унжсан үзүүр тушаа ойрмогхон шинээр үзэгдэх болсон цувраа хэдэн оддын зүгээс ирж буйг мэдэрчээ. Тэнгэрийн одод аялгуу гаргадгийг анх мэдэж, тэр оддын аялгууг анх удаа тийн сонсожээ. Анх арваад жилийн өмнө зургаан мичидийн зулай дээр нэгэн хурц тод од гялалзах болсоныг мичид тохиох үеэр анзаарч билээ. Тэгтэл ганц Жарчуйдай ч түүнийг анзаарсан биш байж, хожимхон Улаан тайгын Их зайран Дай-Үүр тэр оддыг Жарчуйдайд онцлон зааж өгөхөд өнөөх оддын дор хэдийнэ гурван ч од цувралдан гараад ирчихсэн байсансан. Тэр оддын цувраа жил улирах тусам нэмэгдсээр эдүгээ бараг 10 хүрчээ. Гэхдээ зөвхөн зул сарын битүүнээр л тийнхүү Зургаан Мичидийн зулай дээр, Тэнгэрийн Гохын үзүүр тушаанаа цувралдан тохиох бөлгөө. Одод ингэж олноороо цувралдан тохиох нь эгэл бус үйлийг зөгнөдөг болохыг Их зайран хэлж, энэ үйл хэрэгт их бага хэн боловч бэлтгэх учиртайг сануулж байсан ч энгүй тайгын эгэл дархан Жарчуйдайн хувьд эгэл бус их үйлд хэрхэн бэлтгэхээ харин даанчиг нэг төсөөлөхгүй явсан билээ.Энэ удаад, гал, ус хоёрыг цаг үргэлжид харшуулан, хилэнцийн эзний омгыг ямагт хурцалж суудаг дархан Жарчуйдай Соён Тагийн давааны орой дээр, зул сарын адгаар, үүр шөнийн заагаар тэнгэрийн тэр эрхэсийн дуу аялгууг эндүүрэлгүй сонсон бишрэв. Тэр цагаас хойш дархан Жарчуйдай ямархан нэгэн зүйл хийхсэн гэсэн нэгэн агдсан хүслэнд бүрнээ эзэмдэгдсэн ажээ. Ер хичнээн бодсон ч түүний хувьд хийж чадах зүйл нь ган төмөр давтах л байж, тэгээд ч их үйл хэргийг үеийн үед агуу баатар эрс л золбоо хиймор, зориг цөсөөрөө бүтээж, туурвиж ирсэн тул тэр баатар эрсийн гарт ирж буй цагийн салхийг сөрөн исгэрч чадах тийм илдийг давтан хийх нь л дархан болсоных нь хамгийн дээд хувь ерөөл болохыг тэр ойлгож байлаа. Ингээд тэр бүтэн жилийн турш нэгэн гянт илдийг хийхээр түмэндээ оролдсон ч чадсангүй. Тэр хичнээн сайн ган гүйлгэсэн ч илдний хат ямагт гологдож байв. Уг нь Жарчуйдай хөвч тайгад үеийн үед ган хатааж ирсэн халуун, хүйтэн, ил, битүү, нойтон, хуурай бүх 41 аргыг нэг нэгэнгүй сайн мэдэх ч, алийг нь ч гаргуун ашиглаж, хэрэглэж чадах ч эгэл амьдралын хэрэгцээний эд зүйлс хийхэд хэрэглэдэг эдгээр ган хатаах арга нь тэр эгэл бус үйлсэд зориулагдсан гянт илдний хатыг хэрхэвч гаргаж чадахгүй болохыг, эгэл бус үйлсийг эгэл бус хүн хийгээд юмс л бүтээнэ, түүн лүгээ адилаар эгэл бус юмсыг эгэл бусын аргаар л хийх учиртайг тэр нэгэн үдэш, галын дөл сөрвөлзөн гялалзахыг харан хөөргөнийхөө ёзоорт сууж байхдаа ойлгожээ. Тэгээд нэг хэсэгтээ зүгээр л аравт цэргийн илд жадхан, эсвэл эхнэр бүсгүйчүүдийн тогоо, жалавчханаа л цоолдож суух минь, энэ миний хувь ногдол, тэр Их зайрангийн хэлдэг, тэр тэнгэрийн оддын дохиолдог эгэл бус үйлсэд өчүүхэн дархан миний хувь нэмэр юусан билээ, хэрээс хэтэрсэн үйлд сарвалзах нь инээдтэй хийгээд магадгүй тэнгэрийн таалалд ч нийцэхгүй буй заа хэмээн бодогдож, аар саарханыг оролдсон ч, тэр оддын аялгуу зүүдэнд нь үе үехэн жингэнэн сонсогдоод, өглөө үдшээр тэнгэр хараачлахдаа нөгөөх агдсан хүслэнгээ мэдрэнэ. Тэгэж тэгэж, идэр гурван есийн хүйтнээр, үүр шөнийн жавар тоших цагаар тэр хөх оддын гялбаан дор, тэр аялгуун дор нь илдээ хатааж үзвэл ер яадаг юм бол гэсэн саваагүй ч гэмээр санаа орж иржээ.Тэр өвөл яг хүссэнээр нь хүйтрэв. Жарчуйдай дархан ийм хүйтэн болж байсныг ер 50 шүргэх насандаа огтоос үзээгүй санагдана. Сарьж зогсохдоо халуун шар шингэн нь газарт буумагцаа хөлдөж, гозойсон шаргал мөс нүдэн дээр нь босоод ирэхийг харж зогсохдоо цаг ирсэнийг ойлгов. Ингээд Зээгт хонхороос цэврээр нь ялгаж авсан төмрийг өдөр өдрөөр нэгэн хэмийн давталтаар уйгагүй нимгэлэн давтсаар, гурван ёсийн жавар чангарах үеэр илдний төрхтэй болгоод амжив. Харин тэр оддын аялгуу дуурсах шөнө эхлэхээс бүүр өмнө л галт хар чулууг ханхигар гэрийнхээ баруугаар дүүртэл хурааж, хөлдүүсэн хусны нүүрсийг арвитай базааж аваад хариу бүрийгээс эхлэн Зэлмэ хүүгээрээ хөөргөө даруулж, өөрөө 5 жингийн лантуугаараа илдийн хоёр ирээр судасныхаа лугшилтийн хэмээр жигдхэн буулгаж гарав. Дархан энэ өвлийн хүйтнийг хангалттай давахаар хар чулуун нүүрсийг аль намраас л хаяндаа татаж авсан билээ. Гунан шарын ширээр хийсэн хөөрөг жигдхэн хүүгэхэд хусны цог улалзан, мах мэт улаан болсон төмөр лантууны буулт бүрээр цав цагаан очис үсэргэн туяарч байлаа. Үе үе Зэлмэ хүү хөөрөгний даруулыг нэг гартаа аван, нөгөө гараа сунган, дэргэдээ тагштай тавьсан мараанаас атган төмөр, лантуу хоёрын дундуур цацахад шажигнах дуу гарч, шаргал очис бутран үсчих ажээ.Энэ хэмийг алдалгүй давтсаар үүрийн өмнөхөн дуусгаад, үүр шөнийн голгүй жаврыг сөргүүлэн, өнөөх цувраа оддын тохиол дор, түүнээс дуурсах жингэнээ аялгуунаа хатаахаар аав хүү хоёр улайран зүтгэж байх хооронд тулгар биетэй эхнэр Омол нүүрс, хусыг галд дөхүүлэн өгч тусалж байв. Омол уг нь хөнгөрөх цаг аль хэдийнэ болсон авч ер өвдөж дуншиж мэдэгдэхгүй, хөнгөн шингэн хэвээр, хумбан хар тогоо хөмөрчихсөн мэт гэдэс нь өдөр өдрөөр улам томорсоор байжээ. Зэлмэ хүүгээсээ хойш бараг тавантаа жирэмсэлсэн ч бүгдээрээ долоон сараа ч гүйцээлгүй зулбачихаад байсан хэр нь харин энэ удаад 10 сараа аль хэдийнэ өнгөрсөн авч томрохоос биш ер өвдөж, дуншиж мэдэгдэхгүй байсанд аль алиных нь сэтгэл далдуурхан түгшиж байсан билээ.Тэр шөнө, шөнө шөнөөс ч илүү хурдан өнгөрөх шиг болж, үүрийн харанхуй өтгөрөн одод тоших цаг дөхөх үеэр гэнэтхэн гадаах хөлдүүсэн хашаанд байсан хэдэн үхэр нь сүртэй шуугилдаад явчихав. Аав хүү хоёр хийж буй үйлдээ хамаг анхаарлаа шавхсан байсан тул тэр дуу чимээг ч сонссонгүй, харин Омол бүсгүй сэрдхийн чагнаархсанаа, анхандаа нэг ч их тоосонгүй, гэвч үхэрнүүд нь сүртэй чангаар орилолдон, бужигнаж, хөлдүүсэн хороогоор нэг бужигнаан болоод, тар няр, тас нясхийн пижигнээд эхэлсэнд тэсэлгүй алчуураа шүүрч аваад гарчээ. Гэрийн гадаа бүсгүйн мэгдэн чарлах дуун хоёронтоо гарсан авч аав, хүү хоёр анзаарсангүй, шөнөжингийн галд улайссан нүд нь бүргэдийнх шиг сүртэй эргэлдэн, халууцаж улайсан, хөлс нь бөнжигнөх нүүр царай нь Хөшөөтийн хөтөл дээр байдаг өвөг дээдсийн улаан чулуун хөшөө шиг хүрэнтэн бадайрсаар, хүнд лантууны жигдхэн хэмнэлээр илдээ давтаж гүйцээд, улайдсандаа цагаан очис гүйлдсэн илдийг хавчуурганд зуулган барьсаар Жарчуйдайг гэрээс үсрэн гарч ирэхэд гэрийнх нь бараг үүдэн дээр нэгэн ер бусын аварга том дэлт чоно эхнэрийг нь тас гэдрэг харуулан унагаад, үзүүрсгэн дээлийг нь тасар тасар тасчин хаялж, хар толгой суусан хоёр мөөмийг нь хуу татан авч зулмалаад зогссонгүй, тулгар гэдсийг нь яран, хэвлийд байсан нярайг нь ил гаргачихсан, сальс самсааг нь цус, ус, эхэстэй нь холин шалчиг балчиг хийн долоочихсон зогсож байв. Идэр залуудаа Хиргисүүдэд олзлогдон, Хашин, Хидааны хязгаарт болсон ихийн их тулалдаануудад цус урсахыг бишгүйдээ л харж, улаа элээнд дассан ч Жарчуйдай гэнэтийн ийм үзэгдэлд эрхгүй цочирдов. Уур савсах хагархай ургын дотор чонын шуналтай долоох шаламгай хэлэн дор бяцхан нярай арвалзана. Гал цахилсан харцаар чоно Жарчуйдайг хялалзан харав. Агшинд ямар ч амьтанд байдаг үр зулзагаа гэх тэр хүчит мэдрэмж дарханыг удирдан, чоно руу улангасан дайруулав. Чоно харин ялимгүй цахлаад хөдөлсөнгүйд Жарчуйдай эрчээрээ хавчуурганд зуулгасан улайдмал илдээ чонын хэнхдэгэнд шааж орхилоо. Хиншүү, түлэгдсэн махны үнэр цоргиж, чоно гайхсан мэт Жарчуйдай руу харсанаа огло харайн эргээд харайлгачихав. Арын онь дээр хөндөлсөн зогсоод, эргэж харахад нь цээжинд нь шаалттай өнөөх илд одод цацсан тэнгэрт ердойн харагдана. Чоно өнөөх оддын зүг өлийн нэгэнтээ уртаар татан ульсанаа цааш бөртөлзсөөр далд орчихов.Жарчуйдай чоно аль хэдийнэ хүйг нь тасалчихсан нярайг хормойлон гэрт оруулж, баруугаар байсан үзүүрсгэн нэхийд тунтайлж тавив. Айснаасаа болоод уйлж ч чадахгүй болчихсон Зэлмэ хүүгээрээ хамжуулан талийгаачийн нүд хальтирам цогцосыг галт хар чулууны бүтээлгэнд ороож урьд энгэрийн хөмөгцөгт тавьчихаад тэр үүрээр хоёр үхэр тэргэнд хамгаа ачаалаад тайгаас буухаар хөдөлжээ. Хөдлөхийн өмнө өнөөх нярайн боолтны захыг сөхөн харвал амьд эсэх нь үл мэдэгдэнэ. Хүн болохоосоо нэгэнт өнгөрсөн энэ амьтаныг одоо яалтай, Жарчуйдай эхийг нь тавьсан энгэрт байх бяцхан цохио хадны үе дээр боолттой чигт нь хөмөн гутлын түрүүнд шургуулаад тавьж орхижээ.Тайгаас бууж, айл амьтаны хаяа бараадсан Жарчуйдайд урьд өмнө үзэж хараагүй цоргисон харцтай аварга тэр чоно нэг л ер бусын санагдаад болж өгсөнгүйгээр барахгүй өнөөх бүтэн жилийн туршид хичээн оролдсон илднийхээ хойноос эхнэр, үрээсээ илүү харамсаж буйгаа анзаарч, дотроо баахан гайхжээ. Гурав хоногийн дараа Жарчуйдай тэссэнгүй, тэр чонын ул мөрийг үзэхээр хуучин нутаг өөдөө явлаа. Бууцныхаа доод хошуугаар гараад иртэл өтөг бууц нь уйтгар сэмрээн харлан угтав. Харин нярайг тавьсан цохио хадан дээр тайгад хэзээ ч үзэгдэж харагдадгүй Алтайн хөх толгойт өд сөд нь ихэд сэрвийсэн орог бүргэд ихэмсэглэн суугааг хараад гайхав. Бүргэд хэзээ ч сэг зэмээр хооллодоггүй билээ. Мөн их хүйтний эхээр үзэгдэхээ болчихсон байсан турлиах, хэрээнүүд хадан цохиог цагираглан тойроод, зарим нь дэгэнцэн гүйлдэж, зарим нь өнөөх бүргэд рүү арга барагдсан мэт бархиралдаж байх ажээ.Амлаагүй хүүхэд гурав хоногтоо харангалдаггүйг санасан Жарчуйдай яаран дэргүүлсээр цохио хадны оёор очиход хэрээ, турлайхнууд дуртай дургүй явгалан гүйлдэж холдоод, харин бүргэд ер хөдөлсөнгүй, хадны оёороор бутарсан хар өд ихэд хөглөрсөн байх нь энд ширүүнхэн тэмцэл өрнөснийг илтгэнэ. Жарчуйдай хадны үе дээр тавьсан нярайг шүүрэн авч салгалсан гараар задлав. Нярай харин амьд байлаа. Хүйтэн агаарт цохиулан цочирсондоо ялиг муригнан хөдлөв. Тэр хүү байв, бяцхан хар бөөжгийнөөс нь адис авсан Жарчуйдайн нулимс сад тавин асгарч, хүүгээ элгэндээ тэврээд саргиа саарал хоолойгоор бархиран уйллаа. Бархирсан хэвээр хүүгээ буцааж боогоод өвөртөө хийн гэрийн зүг харайлгав. Замын туршид тэр бархиран бархиран уйлсаар явжээ. Харин орог бүргэд аав хүү хоёрыг даган дагасаар, гэрт ирэхэд нь ч тэртээ дээр тэнгэрийн цээлд жижигхэн хар толбо болон эргэлдсээр байжээ.Жарчуйдай дархан хэд хоногийн дараа дахин хуучин өтөг бууцаа зорин очиж өнөөх чонын мөрийг шиншилсээр хөвчийн тана дээрээс өнөөх илдээ олж авчээ. Чонын амь халуун цусанд хатаагдсан илдийг бүрхсэн хар хүрэн өнгөрийг цэвэрлэхэд цаанаас нь гялалзсан хөх ган гарч иржээ. Хожим яагаад ч юм Сүбээдэй нэр өгсөн хүүгээ арван гурван нас хүрч, Зэлмэ ахынхаа нөмөр дор Эзэн Чингис хааны байлдааны Догшин Их хар сүлднээс адис авахад нь бариулыг нь алтадан, тойв дээр нь очир эрдэнэ суулгасан тэрхүү илдээ хүүдээ адислан өргөн барьсан билээ. Тэр сарны гэрэлд хуйвнаас нь сугалахад ирээр нь хүйтэн хөх очис үсчин гүйлддэг, ерийн төмрийг мөөг зүсэх мэт хирчиж орхидог ер бусын гянт илд болжээ.Харин тэнгэрт гэнэтхэн үзэгдэх болсон тэр цувраа одод тэр нэгэн шөнөөс хойш нэгээр нэмэгдсэнийг харж, тэр цагаас Жарчуйдай дархан зул сарын шинэдийн үүрээр үргэлж өргөл өргөх болсон билээ. Хожмын өдөр, насан өндөр болсон хойноо Соён Тагийн даваан дээр үүр шөнөөр нэгэнтээ гарч, умардын зах хязгаар нь үл харагдах уудам их Байгал далайн чинадийн чинадад, мянга мянган уулс, гол мөрдийн цаана байх, Атриат хэмээх их атриат мандалтай бас нэгэн уудам их далайн зах хөвөөнд хүрч, зүс буруу шар эрсийн омгийг нугалж явсан хүүгийнхээ сургийг тэнгэрийн тэр цувраа оддын жингэнэсэн аялгуунаас сонсож байхад тэр оддын тоо хэдийнээ арван зургаа хүрчихсэн байж билээ.Ийнхүү Чингис хааны шадар өрлөгийн нэг, агуу их жанжин Сүбээдэй баатрын Хөх тэнгэрийн зарлигийг хөрстийн дайдад дуурсган, журмыг тогтоох их үйлсэд хүчин өргөхөөр цөвүүн цагийн жаврыг сөрөн хүмүүний орчлонд хүрэлцэн ирсэн нь энэ бүлгээ.***Сүбээдэй баатар 73 насыг насалтлаа Өмнөд Хятадын Шар тэнгисээс Өрнөд Европын Атриадын тэнгис хүртэл, Балар Шиврийн тайгаас Бангкокийн ширэнгэ хүртэл дэлхийн дайдыг хэдэндээ хөндлөн гулд хэмжиж, хэдэн бумаас, хэдэн арван саяар тоологдох их бага 40 үндэстнийг номхотгон журамд оруулж, их бага 60 тулаанд ямагт ялан гарсаныг нь дэлхий даянаа урьд хожид алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй билээ। Өнөөх эх барьж авсан чоныг долоож байхад хараахан нээгдэж амжаагүй баруун нүд нь Дундад Азийн гүнд болсон нэгэн тулаанд тэнэмэл суманд оногдсоноос өөрөөр Сүбээдэй баатар шархдах нь бүү хэл шалбарсан ч үгүй, харин тэрхүү очис гүйсэн хөх илд нь түүний хүү Урианхайдай жанжин, түүний хүү Бор баатраар дамжин явсаар он оны хойно тэнгэрийн тэр оддын цаг дуусахад хувь заяаны эрхээр Английн эзэнт гүрний эриний өмнөхөн өрнөдөд шилжин одсон тухай дараа дараагийн өгүүлэх түүхэнд гарах болно оо.“Хөх илдний очис” романы хэсгээс

Tuesday, September 21, 2010

Мөнх хаан /1251-1258/


Чингис хааны отгон хүү Тулуйн ууган хєвгүүн Мєнх 1209 онд төрж, 1251 онд хаан ширээнд суужээ.

Алтан ургийн гурав дахь хаан Гүюгийг нас барсны дараа хан хөвгүүд хаан ширээг булаалдан хагаралдаж эвдрэлцэн хоёр тал болов. Өгэдэй ба Цагадайн удмын хаан хөвгүүд нэг тал, Зүчийн хүү Бат, Тулуйн хөвгүүд нэг тал болж, хоорондоо турхиралдав.

Уг нь Гүюг хааныг нас бармагц Бат хан элч зарж Гүюгийн их хатан Огул Хаймишид бэлэвсрэлийн ёс гүйцэтгүүлээд төрийн хэргийг Огул Хаймиш, Чингай Чинсан нарын санал харж шийтгэж байх тун гэж алтан ургийн хан хөвгүүдэд зөвлөжээ.

Гэвч хан хөвгүүд Бат хааны зөвлөснийг хайхралгүй Огул Хаймиш, Чингай нарын үгэнд оролгvй ийнхүү цөм зоргоороо авирлаж байв.

Огул Хаймиш төр хамаарч байхдаа Өгэдэйн угсаанаас ялангуяа Ширэмүнийг хаан суулгах гэж их зүтгэсэн ч санасандаа хүрч чадсангvй.

Эцэст нь Бат хан хөвгүүд, ихэс ноёдыг ордондоо урин залж хуралдай хуралдуулаад аль нэг авьяас чадвартай хүнийг хаан ширээнд суулгая гэв.

Өгэдэй, Гүюг, Цагадайн удам угсааныхан түүнд дургүйцэж, Чингис хааны нийслэл үндсэн нутаг өргөө гэр нь Онон, Хэрлэнд байтал бид Кипчакийн талд очих албагүй гээд өөрсдийнхөө оронд Хотжа, Нагу, Кvнгvр, Тогай, Хархорум хотын дарга Төмөр нарыг явуулжээ.

Гэтэл Сорхугтани бэг "Хан хөвгүүд ахын үгийг ойшоон очсонгүй учир чи ах дүү нарын хамт очиж өвчтэй ахдаа бараалх" гэж Мөнхөд хэлж Батын зүг илгээжээ.

Тийнхүү Сорхугтани бэг Гүюгийнхний хагарлыг ашиглан хүү Мөнхийг хаан суулгах гэж Баттай нууцаар тохиролцуулахаар явуулсан аж.

Мөнхийг Батын ордонд ноёдын чуулганд оролцоход Бат хан "Хан хөвгүүдийн дотроос Мөнх л хаан хvний билэг төгс юм.

Яагаад гэвэл энэ хүн ертөнцийн сайн мууг үзэж, хамаг хэрэг явдлын ашиг зовлонг амсан янз бүрийн оронд олон удаа цэрэг захиран явсан бөгөөд оюун билэг нь олноос хэтийджээ" хэмээн түүнийг хаан болгох саналаа хэлжээ.

Чингис хааны хатад болон Өгэдэйн хатан хөвгүүд элч зарж, Сорхугтани бэг хатан, бусад хан хөвгүүд, ихэс ноёдод "Хан хєвгүүдийн дундаас гагцхүү Мөнх л Чингис хааны засаг, зарлиг хоёрыг нүдээрээ vзэж, чихээрээ сонссон хүн, төр улс цэрэг хан хєвгүүд бидний зол жаргал хэрхэн болох нь түүнийг хаан суулгахад буй" гэж хэлүүлээд их ёслол хийж Мөнхийг хаан ширээнд суулгахаар тогтов.

Чуулган дуусмагц Бат хаан өөрийн дүү Бэрхэд цэрэг өгч Мөнхийн хамт Хэрлэнд очоод түүнийг даруй хаан ширээнд суулгагтун гэж зарлиг буулган мордуулжээ.

Бэрх Монголд ирж Сорхугтани бэг нарын хамт Мөнхийг хаан ширээнд өргөмжлөхөөр хан хөвгvvд, ихэс ноёдын хуралдай зарласан боловч Өгэдэй, Цагадайн угсааны ноёд, Гүюгийн хөвгvvд хүрэлцэн ирэхгүй байсаар хоёр жил болов.

Ингэхэд Бат хаан дүү Бэрх ноёнд зарлиг болон "Мөнхийг хаан ширээнд суулга, хэн зарлигаас гажваас тэр хүн алдах үхэх" гэж хэлүүлжээ.

1251 оны долдугаар сарын эхээр Монголын их гүрний хаан өргөмжлөх Их хуралдайг Бэрх ноён удирдан Хэрлэнгийн хөдөө аралд хуралдуулсан байна.

Тэр хуралдайд Батын хөвгүүдээс гадна Мөнхийн дүү Хубилай, Хүлэг, Муха, Аригбөх нар болон Мөнхсар тэргүүтэй олон ноёд жанжид хүрэлцэн иржээ.

Бэрх ноён Их хуралдайг Хубилайгаар даргалуулав.

Ийнхvv Тулуйн ууган хүү Мөнх 1251 онд Их хуралдайгаар сонгогдон хаан суужээ.

Өгэдэй хаан Мөнхийг багад нь эрдэм номд сургаж, дайн тулаанд авч явдаг байв. Мөнх хаан номын ухаантайгаас гадна цэрэг захиргааны хатуу бодлоготой хүн байсан.

Тэрээр ах дүү 11-үүлээ бөгөөд эдгээрээс Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх дөрөв эх нэгтэй, Сорхугтани хатнаас төрсөн хөвгvvд юм.

Мөнх хаанаас эхлэн Тулуйн угсааныхан тєрийн эрхэнд гарав.

Мөнх хаан улсын төрийг хямралаас гаргаж хатуу захиргаа тогтоожээ. Орон нутагт даргач, захирагч нарыг нэг бүрчлэн томилов.

Чингайн оронд Балгайгаар чинсан тавьж, Мєнхсарыг их захирагч болгож, хаант улсын цэргийн эрхийг атгуулсан байна.

Булганг их бичээч болгож, улсын бичиг хэрэг алба татварыг эрхлүүлжээ.

Өнгөр ноёнд Хархорумын орд харш сан хөмрөгийг хариуцуулан, Аландарыг дэд сайд болгов.

Эзлэгдсэн орнуудад урьд хаадын нэгэн адил төлөөний сайд суулган захируулж Мухамед Ялавачийг Хятадад, Масуд бэгийг Туркестанд, Мавереннахр, Уйгар, Ферган, Хорезмд, Аргуныг Иранд тус тус томилон суулгав.

Туракина, Гvюг, Огул Хаймишийн үеийн ихэс ноёдод пайз тараан алба татвар олгосон явдлыг буруушаан цөмийг хүчингүй болгож, хойшид хэн хүн эзэн хааны төлөөний сайдын зөвшөөрөлгүйгээр муж хязгаараас элдэв алба татах эрхийн пайз олгох, дур зоргоороо зарлиг тараах явдлыг хатуу хоригложээ.

(Мөнх хаан 1255 онд олон ноёдыг чуулуулж 60 илүү өдөр хуримлан, дараа нь алт торго зэрэг үнэт зүйлсийг хvртээж байжээ)

Мєн өртөө улаа, түүнийг хэрэглэх журмыг улам нарийн чанд болгож, Монгол нутгийн 100 толгой мал тутмаас нэгэн толгой мал татах, 100 хүрэхгүй малтай айл өрхийг албанаас хэлтрүүлж урьдын албаны дутууг хүчингүй болгожээ.

Хятад орон, Мавереннахр нутаг жил бүр баян хүнээс 10 алтан зоос, ядуу хvнээс 1 алтан зоос, Хорасанд баян хүнээс 7 алтан зоос, ядуу хүнээс 1 алтан зоос тус тус татаж байхаар тогтоожээ.

Мөн алба татвар хураагчид элдэв заль хэрэглэж ард олноос хээл хахууль авах зэргийг цаазлан хоригложээ.

Мєнх хааны нэгэн зарлигт өгүүлсэн нь "Хатуу ширүүнээр мөрдөн нэхэмжилж, өнгөрсөн өрийн төлөө битгий маргалд.

Учир нь бид улсын санг нэмэгдүүлэх гэсэн биш харьяат нарын аж байдлыг хөнгөвчлөх гэсэн буй" гэжээ.

Мөн ван ноёдод жилийн пүнлүү амуу тогтоожээ.

Мөнх хаан Монгол гүрний дотоодод хямрал гаргахгүйн тулд ноёд жанжин нарыг аль болохоор эвлэрүүлэх, ялангуяа хаан суулгах явдлыг шийдвэрлэсэн хүчирхэг Бат хаантай зүйг олон тохиролцож байхыг эрхэмлэдэг байжээ.

Бат хаан ч Мөнхийг дэмжиж хаан ширээнд суулгасан учир жинхэнэ эзэн хааны ёсоор хүндэлж байж.

Мөнх хаан түрүүчийн хаадын гадаад бодлогыг үргэлжлүүлж шинэ газар орныг эзлэн авч Монгол гүрний дэвсгэр нутгийг тэлж өргөтгөхөөр шийджээ.

1252 онд Мөнх хаан дvv Хубилайд их цэрэг өгч Сvн улсыг тухайлбал, Дали-Юньнаныг байлдан дагуулах тушаал өгч зvvн урагш мордуулжээ.

Ийнхvv Хубилай 1253 онд Ганьсу мужийн өмнөд хэсгээр байлдаж яваад 1254 оны эхээр Дали-г байлдан дагуулжээ. Хубилай, Урианхайдаа жанжин нарын цэрэг Дали-г байлдан эзэлсний дараа Хятадын өмнөд нутгаар үргэлжлүүлэн байлдан дагуулал хийсэн байна.

Мєнх өөрийн нөгөө дvv Хүлэгээр баруун зүгт хийх дайныг удирдуулжээ. Ийнхүү монгол цэрэг гурав дахь удаагаа баруун зүгт дайлсан гэдэг.

Хүлэгийн цэрэг Ираны сүүлчийн гал голомт болж байсан Исмайлитийн улсыг эзэлж, цаашлан Багдадын Халифт гүрэнг байлдан эзлэх зорилго агуулсан аж.

Хүлэг баруун зүг дайлахаар явахын өмнө 1500 гаруй хятад дархнаар галт зэвсэг хийлгэсэн гэдэг.

Хүлэг цэргээ авч цэргээ баруун зүг явах замдаа өнөөгийн Шинжааны нутаг дахь Цагадайн улсын үр ач нарын угтлага хүндэтгэлийг хүлээж, 1255 онд Самарканд хотод хүрч, тэндээсээ цаашлан явсаар Перс орныг эзлэн суусан Аргун хааны дэмжлэг туслалцааг олжээ.

Хүлэгийн их цэрэг Ираныг эзлэн явсаар 1258 оны хоёрдугаар сарын 15-нд алдарт нийслэл Багдадад 1 цөмрөн орж, алт эрдэнэсийн санг олзолж, Мустасим халифыг алаад дайнаа үргэлжлүүлж явсаар Египетийн Мамлюк эзэн Кутузын цэрэгтэй тулалджээ.

Ингэж монголын их цэрэг Арабын улс орныг шатлан дайлах дайн эцэс болжээ. Ийнхүү Хүлэг өөрийн ах Мөнх хааны зарлигийг гүйцэд биелүүлж Иран улсын эзэн болжээ.

Мөнх хааны хоёр дахь том зорилго бол бүх Хятадыг байлдан эзлэх явдал байв.

Мөнх хааны өөрийн биеэр удирдсан цэрэг өмнөд Сүн улсын гол нутаг Шу-г довтолж, тэндэхийн 20, гаруй чухал боомт хотыг тал талаас нь бүслэн дайрчээ.

Сычуань орчмын гол тєлєв Шу-гийн газар нутагт Монгол хүн дайн хийхэд үнэхээр бэрхтэй байжээ.

Тэр vед Шу-гийн хамгийн том бэхлэлт хот нь Чэнду-фу, Чунцин-фу, Куйчжоу-фу байжээ.

Энэ тулалдаанд Мөнх хаан хараахан ялсангүй хятад оронд хижиг өвчин гарч, тулалдаж байх vедээ Мєнх хаан өвчилж нэгэн Уйгур эмчээр эмчлүүлсэн боловч тусыг ололгvй, хятадын Чунцин хотын умардад орших нэгэн халуун рашаанд очиж биеэ сувилуулахаар явж байгаад зам зуураа 1259 оны наймдугаар сард таалал болжээ.

Мөнх хааны хүү Шилж ихэнх монгол цэргээ авч, эцэг хааныхаа шарилыг хамгаалан эх нутагтаа буцав.

Мөнх хааны шарилыг эх нутагт нь авч ирээд уй гашуудал хийж эмгэнэл гүйцэтгээд, Бурхан Халдун ууланд орших Их хориг гэдэг газар хаадын шарил тавих газар онголсон гэдэг.

Мөнх хаан нас барснаар 54 жилийн түүхтэй Их Монгол улсын нэр өөрчлөгдөн Хятадад төвтэй Монголын Их Юан гэдэг нэртэй эзэнт гүрэн үүсчээ.

Их Монгол улсын дөрвөн Далай их хааны гурав нь (Чингис, Өгэдэй, Мөнх) гадагшаа олон олон аян дайн хийж ертөнцийн талыг эзэлсэн Их гүрний хаад байлаа.

Шинжлэх ухаан танин мэдэхvй сэтгүүлээс:

Доголон Төмөр Эмир (1336-1405)


Туркжсэн монголын барулас аймгийн ноёны хүү болох Төмөр Бухар хотоос баруун өмнөд зүгт орших Кеш хотод (Узбекстаны өнөөгийн Шахрисаба хот) бяцхан омгийн захирагчийн гэрт төржээ.


Нэгэн удаагийн тулалдаан хөлөө гэмтээн доголон болсноос Доголон Төмөр гэж түүхэнд мөнхөрчээ.


Хүүхэд байхаасаа цэргийн хэрэгт амьдралаа зориулахаар шийдэж дасгал сургуулилт хийж 12 настайгаас эцгээ даган дайн байлдаанд оролцож эхэлжээ. Лалын шашныг шүтдэг байсан нь узбекүүдтэй тэмцэхэд багагүй үүрэг гүйцэтгэжээ.

Доголон Төмөрийн олон хүн захирах төдийгүй тэднийг эрхшээлдээ байлгах цэргийн авьяас чадвар нь аль залууд нь илэрчээ.
1361 онд Дундад Азид ихээхэн газар нутаг эзэмшдэг Чингис хааны удмын Тогтох ханы албанд орж төдсөнгvй ханы хvv Ильяс Хожийн зөвлөхөөр дэвшиж Кашкадариний вилайетийн (мужийн) захирагч болж тэр үед барулас омгийн иргэдээс бүрдсэн цэргийн багтай болсон байлаа.

Гэтэл эрэмгий зоригоороо цэргүүдийн төдийгүй харьяат иргэдийн дотор нэр хүндтэй болж байгаа Доголон Төмөрт Тогтох хан дургүйцэн гадуурхах болсноос аргагүйд тулж жаран цэрэг дагуулан оргож Бадахшаны ууланд гарч нуугджээ.
Тогтох хан тvvний араас зуу шахам цэрэгтэй баг явуулсан нь отолтод орж хүйс тэмтрүүлжээ.

Эрх мэдлийн төлөө тэмцэлд зориг шулуудан боссон Доголон Төмөр туркмен омгуудын морин цэрэг захирч Балх омгийн захирагч, тэрчилэн Самаркандын эмир Хусейн нартай цэргийн холбоо байгуулж голдуу узбек иргэдээс бvрдсэн Тогтох хан, тvvний хүү И.Хожи нартай дайтаж төдсөнгvй саяхны холбоотон Самаркандын эмир Хусейнд дайн зарлав.

Удсангvй Дундад Азийн томоохон хотуудын нэг болох Самарканд хотыг эзэлж нийтдээ 100 мянга орчим цэрэгтэйгээс 80 мянга орчим нь хот, цайз хамгаалдаг Токлук ханы эсрэг байлдааны ажиллагааг идэвхжүүлж дайн, байлдаанд хатуужсан хоёр мянган морин цэргээ удирдаж Тогтох ханы цэрэгт хэд хэдэн удаа цохилт өгч 1370 онд Сырдарья мөрний нөгөө эрэг хүртэл элдэн хөөжээ.

Энэ vеэс хойш Доголон Төмөр дайн, байлдаан хийхдээ хүний санаанд багтамгvй арга заль хэрэглэдэг болжээ.
Тэрбээр Тогтох ханы цэргийг удирдаж байгаа хүү И.Хожийн нэрийн өмнөөс цайзуудын захирагч нарт хариуцсан цайзаасаа цэргээ авч Сырдарья мөрний цаад эрэгт гарах хуурамч тушаал өгч цайзуудыг эзгvйрсэн хойно нь бүгдийг нь дараалан булаан авчээ.

1370 онд монголын олон аймаг, омгийн баян, язгууртан ноёд хуралдай хийж Чингис хааны удмын Кобул Шах Агланыг ханаар сонгосныг Доголон Төмөр хvлээн зөвшөөрсөнгүй.

Цэргийн хүчээ монголчуудаар бэхжvvлж мөн онд Амударья, Сырдарья мөрнүүдийн хооронд орших Мавераннахр мужийн эмирээр өөрийгөө өргөмжилж Самарканд хотыг нийслэлээр зарлаж нүүдэлчин омгуудын язгууртнууд, лалын шашны дээд лам нарын дэмжлэгтэйгээр Чингис хааны үр садын нэрийн өмнөөс бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлжээ.

Газар нутгаа тэлэх байлдан дагуулалт хийхээр төлөвлөж юуны өмнө армийн зохион байгуулалтыг боловсронгуй болгохдоо монголчуудын байлдааны туршлага, баримталж байсан арга тактикийг их судалжээ.

Доголон Төмөр чин vнэнч, байлдах ур чадвар төгс 313 дайчдынхаа хамт эрх мэдлийн төлөө тэмцлийг эхэлж тэд нар дотроос 10-г нь аравтын дарга, 100-г нь зуутын дарга, сvvлчийн 100 хvнийг мянгатын даргаар томилж бусдыг нь шадар жанжнаа болгожээ.

Аравтын дарга нарыг цэргүүдээр сонгуулж зуут, мянгатын дарга нарыг биечлэн тохоож "Ташуур, бороохойноос захирах нэр хvнд, хувийн vлгэр жишээч байдал тун чухал." гэж тэднийг сургамжилж байв.
Аравт, зуут, мянгатын цэргүүд нь морины өнгө зүс, өмсөж байгаа хуяг дуулга, туг, хувцасны өнгөөрөө хоорондоо ялгагдаж байв.

Чингис, Бат зэрэг хаадаас ялгаатай нь Доголон Төмөр цэргүүддээ дайны олз хувааж өгдөг байсан төдийгүй тогтмол цалин олгодог байжээ.
Жагсаалын цэрэгт 2-4 морь олгоно, гэхдээ урамшуулын хэмжээг цэргийн албаны амжилтыг нь харгалзан хүртээнэ.

Түүнээс гадна байлдаанд үзүүлсэн гавьяаг нь үнэлж жагсаалын өмнө сайшаах, цалинг нь нэмэх, үнэт бэлэг, үнэт зэвсэг олгох, албан тушаал дэвшvvлэх, Баатар, Эрэмгий зоригт гэх зэрэг цол чимгээр урамшуулдаг байлаа.
Тэрчилэн алдаа гаргавал цалинг нь багасгах зэрэг шийтгэл мөн ногдуулдаг байсныг нь дурдах нь зүйтэй.

Доголон Төмөр армийнхаа гол цөм болох морин цэргийг хөнгөн, хvнд гэж хувааж хөнгөн морин цэрэг нь нум, 18-20 сум, сумны 10 зэв, сvх, хөрөө, шөвөг, зүү, бугуйл, ундны усны хүүдий, морьтой байх хийгээд 19 хөнгөн морин цэрэг аяны үед нэг морин тэргэнд эд зүйлсээ ачиж явна.

Торгон хүнд морин цэрэг нь дуулга, төмөр хуяг, илд, нум сум, хоёр морьтой байна.

Таван хүнд морин цэрэг дайн байлдааны vед нэг тэргэнд жад, сэлэм, бороохой зэрэг эд зvйлсээ ачиж явдаг байна.
Түүнээс гадна отолт, бvслэлт хийх, уулархаг газарт байлдааны ажиллагаа явуулах зориулалт бvхий тус бvр нь гучин сум бvхий нумтай хөнгөн морин цэрэг бас байжээ.

Доголон Төмөр эмир туршлагатай цэргийн даргын хувьд найдвартай хамгаалалтад онцгой анхаардаг, морин цэрэг дайралт хийхэд тохиромжтой, билчээр сайтай, ундны усны эх булаг сайтай газрыг зориуд сонгож тулалдаан хийдэг байв.

Цэргээ байлдааны журамд байрлуулахдаа, сум тавихад наранд нvд гялбахгvй байхаар зохицуулж нөөцөнд ихээхэн цэрэг үлдээдэг байжээ.

Байлдааныг хөнгөн морин цэрэг эхэлж дайсан руу суман мөндөр буулгасны дараа морин цэрэг дараалан дайралт хийж эцэст нь нөөцөө оруулна, "Арав дахь дайралт ялалт авчирна." гэсэн зарчмыг баримталдаг байв.

Доголон Төмөр эмир байлдан дагуулалтаа 1371 онд эхэлж 1380 он гэхэд есөн удаагийн аян дайнаар узбек иргэд оршин суудаг, өнөөгийн Афганистаны дийлэнх нутаг дэвсгэрийг эзлэн эрхшээлдээ оруулжээ.

1398 онд Энэтхэгт нэвтэрч энэтхэгчүүд ялагдашгvй гэж үзэж байсан Мератх хотыг бүсэлж газар доогуур нүх ухаж эхлэсэн нь удаашрахад залгамал шат ашиглан хотод нэвтэрч бүх иргэнийг нь хядсаны дараа цайзын хэрмийг нураав.

Ганг мөрний эрэг дээр болсон нэгэн тулалдаанд монголчууд морьтойгоо усанд орж энэтхэгийн усан онгоцууд руу дайрч нум сумаар усан цэргүүдийг алж 48 голын завь, усан онгоцыг нь булаан авчээ.

1398 оны сүүлчээр эсэргүүцэл үзүүлсэн энэтхэгийн Дели хотод дөхөн очиж Махмуд Туклакийн удирдсан цэргийг бут ниргэж хvн ам олонтой, баян хотыг оргvй тонон дээрэмдэж тээвэрлэж болох эд зүйлсийг нь Самарканд руу илгээж бvх байшин барилгыг нь нурааж газрын хөрстэй тэгшилж деличvvд төрөлх хотоо бараг зуун жил хөдөлмөрлөж байж сая нэг сэргээн босгож чадсан гэдэг.

1398 онд Панипат хотын дэргэд болсон тулалдаанд олзлогдсон зуун мянган энэтхэгийн цэргийг цөмийг нь алж цэргүүдийн толгойгоор овоо босгож байсан гэдэг.

Доголон Төмөр 1400 онд Сири улс руу аян дайнд мордохдоо, урьд нь эзлэсэн байсан Месопотамийн нутгаар дайрч Алеппо (өнөөгийн Халеб хот) хотын ойролцоо хийсэн тулалдаанд сирийн эмирууд удирдсан туркийн цэргийг талд ялж дараа нь хот-цайзыг эзэлж мөн л үнсэн товрог болжээ.

Сирийн нийслэл Дамаск хотыг 1401 оны нэгдvгээр сарын 25-нд эзэлж үнэтэй цайтай бүхнийг нь нийслэл Самарканд хот руу зөөж амьд үлдсэн хорин мянга орчим иргэдийг нь хядаж байжээ.

Сирийг эзлэсний дараа туркийн эсрэг дайн эхэлж хилийн Кемак цайз, Сивас хотыг эзэлж Туркийн нэгдvгээр Баязид султанаас энхийн хэлэлцээ хийлгэхээр элч ирүүлэхэд тэднийг айлгах зорилгоор 800 мянган цэргийнхээ жагсаалыг харуулж байв.

Удсангvй Кизил-Ирмак голыг гаталж нийслэл Анкара хотыг бvслэв. 1402 оны зургадугаар сарын 20-ны өдөр Ангора хотын хажууд болсон 300 мянган цэрэг, Энэтхэгээс авчирсан 32 байлдааны заантай монголын цэрэг туркийн талын хөлсний татар, серби болон Оттоманы эзэнт гүрний олон ард түмний төлөөлөгчдөөс бүрдсэн 200 мянган цэрэгтэй тулж дайсны хоёр жигүүр рүү хийсэн морин цэргийн дайралт, тэрчлэн 18 мянган татаруудыг урвуулан авснаар ялалт байгуулжээ.

Дараа нь тэнгисийн эргийн Смирна хотыг эзэлж Дундад Ази руу хөлгийн жолоо залахдаа зам зуур Гүржийг байлдан дагуулжээ.

Үүний дараа хөрш орших орнууд нь байлдан дагуулалтаас нь эмээж эрхшээлд нь орсноо мэдэгдэж ихээхэн татвар төлбөр өгдөг болжээ.

Тухайлбал 1404 онд Египетийн султан, Византийн эзэнт гүрний Иоанн хаан Доголон Төмөр эмирт асар их бэлэг ирүүлж байв.

Чингис хааны цэргийн байгуулалтын уламжлалыг үргэлжлүүлж асар их цэргээ чадамгай удирдаж байснаар аугаа их байлдан дагуулагч Доголон Төмөр том эзэнт гүрэн байгуулж чадсан юм.

Хятад руу аян дайн хийхээр бэлтгэж байхдаа 1405 онд өөд болж гэрээслэл ёсоор нь эзэнт гүрний нутаг дэвсгэрийг нь хуваан авсан хөвгүүд нь хоорондоо дайтаж амьд үлдсэн цорын ганц залгамжлагч Шарук нь 1420 онд Самарканд хотод эмирээр заларчээ.

Доголон Төмөр 1376 онд Чингис хааны удмын Тохтамыш жанжинд Алтан Ордны улсын хаан болоход нь цэргийн туслалцаа үзүүлсэн ч цаадахь нь хожмоо ачийг нь бачаар хариулж их хор учруулсан ажээ.

Нийслэл Самарканд хотоо үнэт эрдэнэсээр дүүргэж эзлэн түрэмгийлсэн орнуудаас нийтдээ 150 мянга гаруй уран гартан авчирч гоёмсог ордон харш бариулж тэдгээрийг монголын цэргийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимэглүүлдэг байв.

1386 онд Кавказ руу дайн хийж Тифлис хотын ойролцоо болсон тулалдаанд гүржийн цэргийг бут ниргэн нийслэл хотыг нь түйвээж хөрш орших Арменийг явуут эзлэжээ.

1388 онд Хорезмийн хаант улс ширүүн эсэргүүцэл үзүүлсэн ч монголын морин цэргийн удаа дараагийн дайралтыг тэссэнгvй, удсангvй бууж өгчээ.

Гэвч Доголон Төмөр бууж өгснийг нь эс харгалзан нийслэл Ургенч хотынх нь бүх оршин суугчдыг хүйс тэмтэрсэн юм.
Энэ үед Жейхун (Амудырья) мөрний эрэг дагуух бүх нутаг Памирийн уулнаас Аралын тэнгис нутгийг Доголон Төмөр эмир эрхшээлдээ оруулсан байв.

1839 онд Балхаш нуурын зүг Семиречья нутагт, өнөөгийн Казакстаны өмнөд нутаг руу аян хийж дараа нь Персийн эзэнт гүрний нутаг руу хөлгийн жолоог залах үед нь Алтан Ордны улсын Тохтамыш хаан эмирийн нутагт халдаж хойд нутгийг нь түйвээж байгаа тухай мэдээ авч нийслэл Самарканд хотдоо буцан ирж томоохон дайнд бэлтгэж эхлэжээ.

Доголон Төмөр эмир Алтан Ордны улс руу 1389,1391,1394-1395 онуудад нийтдээ гурван удаа аян дайн хийж тухай бүр нар төөнөсөн хээр талаар 2500 километр зам туулж байв. Харин сүүлчийн удаа Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу Азербайжаний нутаг, Дербент цайзаар дайрч явжээ.

1391 оны долоодугаар сард Кергель нуурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд хоёр талаас тус бүр 300 мянга орчим цэрэг оролцож Доголон Төмөр эмирийн цэрэг ялж Алтан Ордны улсын нийслэл Сарай хотыг эзлэн түйвээсэн ч тус орны нутгийг эрхшээлдээ авсангvй, нутаг буцжээ.

1395 онд Алтан Ордны улсыг дахин түйвээсний дараа оросын нутагт хүрч хилийн Елец хот-цайзыг эзэлж тvймэрдсэний дараа яагаад ч юм буцан явжээ.

1392-1398 онуудад Перс, хөрш орших Кавказын чанадахь нутгийг түрэмгийлэхдээ 1394 онд Патила хотын ойролцоо Персийн Мансур шахын их цэрэгтэй томоохон байлдаан хийж дайсны хориглолтын төв хэсэг рvv морин цэргийн дайралт хийсэн нь бүтэлгүйтэж нөөцөнд байсан хүнд морин цэргээ тулалдаанд оруулж байж сая нэг дийлжээ.

Энэ ялалтын үр дүнд Персийн эзэнт гүрнийг бүрэн эрхшээлдээ оруулжээ. Персийн зарим хот, мужид монголчуудын эсрэг гурван удаа томоохон бослого гаргахад тухай бvр зэвсгийн хvчээр дарж хот, сууринг нь тvймэрдэж оршин суугчдыг нь толгой дараалан хvйс тэмтэрч байжээ.

Түүний талаар зарим нэгэн сонирхолтой мэдээ баримтууд байдаг бөгөөд тухайлбал Самаркандад байдаг түүний бунханыг 1941 онд зарим мэдээгээр 1940 онд ЗХУ-ын судлаачид хөндөхөд Хэрэв миний бунханыг хөндөх аваас нэгэн жилийн дараа танай улсыг хүчирхэг нэгэн гүрэн халдан довтлох болно гэсэн утгатай бичээс гарч ирсэн гэдэг.

Төмөр хааны бунхан



Мөн Монголын Өлзийтөмөр хаантай холбоотой байж Мин улсыг эзэлж урьдын Монголын Юань гүрнийг сэргээхийг зорьж их дайнд бэлтгэж байсан боловч харамсалтай нь амжилгүй 1405 онд зуурдаар нас барсан юм.