Парапсихологич, эзотерич Б. Мөнхдалай 2010.11.27
Бөө мөргөл эргэн сэргэж буй энэ цагийн нэгэн том асуудал бол бөө нарын ёс суртахуун. Уг барьж бөө болно гэдэг угтаа тэнгэрийн хуулиар амьдарна гэсэн үг. Түмэн олонд тус болж, өвдсөний өвчин, зовсны зовлонг нимгэлэх үүрэгтэй хүмүүс юм. Улаач хүн гэдэг дээд зэргийн ёс суртахуунтай байх ёстой.
Эрт үед бөө болох хүнийг олонтоо шинжиж, онгод тэнгэрээс лавлаж, буруу явдалтай, ойворгон хөөрүү, хонзогнуур, шунал ихтэй зэрэг муу чанар давамгайлсан хүнийг тэнгэрт нь мэдүүлж, тухайн хүний зан байдлыг тоочиж, улаач болох чадваргүйг нь ойлгуулсны үндсэн дээр буух хугацааг нь хойшлуулж, дараа үе рүү нь давуулах ёсон байжээ.
Хэдэн жилийн өмнө нэгэн бөөг холбох үед онгод нь “Тавьтар муутай унааг минь татаж сунгаж мордуулаарай” гэж захихад нь тэнд байгсад учрыг нь ухаж эс чадаад дахин тодруулбал “Манай онгодууд өш хонзон авахгүй, өөдгүй мууг хийхгүй гэсэн андгайтай учир шинээр унаа болж байгаа үрд минь үүнийг байнга сануулж бай. Онгод тэнгэртэйдээ эрдэж олиггүй мууг хийх вий” гэж учрыг тайлсан удаатай.
Үүнээс гадна шинээр бөө болж байгаа хүн заавал мөнх хөх тэнгэртээ андгай тангараг тавих ёстой байдаг. . Үүний тулд түүний бүх онгодыг багш нь (эсвэл тухайн бөөгөөр өөрөөр нь дуудуулдаг) залж буулгаад өс хонзон авдаггүй, ёс бусыг үйлддэггүй, худал буруу ярьдаггүй, олз ашигт шунадаггүй, онгодын шидээр аархдаггүй, зөв явдалтай, зөөлөн сэтгэлтэй бөө байна гэдэг ам өчгийг нь онгод тэнгэрүүдийнх нь өмнө хэлүүлж, үүнийгээ зөрчсөн тохиолдолд тэнгэрийн гэсгээл хүлээхэд бэлэн гэдгийг нь андгайлуулдаг. Үүнийгээ зөрчсөнөөс болж бөө хүн амь насаа алдах, өрөөл татанхай болох, үр хүүхдүүд нь өвчтэй төрөх, олигтой сайн явахгүй байх зэргээр хатуухан шийтгэлийг хэдэн үеэрээ хүлээдэг. Үүнийг зарим бөөгийн багш нар өөрсдөө мэдсээр байж, мэдээгүй юм шиг дүр эсгэн сахиус шүтээнийг буулгаж өгсөн боллоо гэж бодон орхиж байна. Энэ тухайн цаг үедээ болоод байгаа юм шиг боловч Мөнх хөх тэнгэрийн шүүлгээр орон үүнээсээ илүү их цээрлэл хүртэх болчихоод. Тэнгэрийн гэсгээл, тэнгэрийн ташуур гэдэг хамгийн хүчтэй мөнх хөх тэнгэрийн шийтгэл юм.
Бөө болж амар хялбар аргаар мөнгөтэй болон амьдрах гэсэн ахархан бодолтой бөө удгад их байна. Мөнгөнд шунагсад хэдэн төгрөг л олж байвал хэнийг ч хамаагүй бөө болгоно хэмээн дүвчигнэж, бөө болсон зарим нь арга засал, хараал хорлол хийнэ хэмээн амандаа орсон тоогоороо мөнгө нэхэж, бусдад буян болох биш гай тарьж яваа нь нууц биш. Бөө мөргөлийн зан үйлийг бизнесээ болгон хувиргасан тэдгээр хүмүүс нь янз бүрийн тайлга тахилга, сүлд шүтээн хүртэл бодож олж, үүнийг эс хийвээс, эсвэл үл шүтвээс тэгнэ ингэнэ хэмээн сүсэгтний сэтгэлзүйгээр тоглож, ард иргэдийн дунд бөө мөргөлийн нэр хүндийг унагаж байна.
Бөө удгадын буруу санаа, зөрүү явдлын төлөөс өөрийнх нь үр удамд бууж, гэмтний өмнөөс тэдний гэр бүл, удам төрөл, гэмгүй үрс нь зовоход хүрэх билээ. Ийнхүү үр хүүхдэдээ хараалгах үйл хийхгүй байхыг бөө нар хичээж, өөрийн үйлийг өөрөө үүрч дуусахыг сахиус шүтээнүүд чухалчилдаг.
“Онгод хэдий өндөрт суувч ёроолоосоо нурдаг.
Овоо хэдий намхан ч оройноосоо эхэлж өндөрсдөг” гэж халхын нэгэн сайхан удганы өндөр их онгод нь сургамжлаад түүнийгээ ийн тайлбарлаж байжээ. “Бөөгийн онгод өндөр суудалтай байж болно. Гэхдээ нартад байгаа улаач нь болчимгүйтвэл сахиус шүтээн нь дээд тэнгэртээ буудал суудал, хэргэм зэрэг нь буурдаг юм. Тиймээс бөө хүн буруу муу үйл хийнэ гэдэг чинь нэг талдаа өмнөх олон үеийнхээ хичээж хүрсэн өндөр дэвийг бууруулж, нөгөө талдаа дараа дараагийн удам судрынхаа заяа тавиланг муутгана гэсэн үг юм. Тийм учраас онгод ёроолоосоо нурдаг гэдэг. Овоо болохоор өндөр ч бай, намхан ч бай оройд нь чулуу өргөдөг учраас өндөрсөж байдаг жамтай” хэмээн тэр онгод айлдаад
“Дээд тэнгэрээс айхаа больж
Дэргэдэхээсээ ичихээ больсон энэ цагт
Амласандаа хүрдэггүй
Албин адил шуналтнууд,
Үргүй мэт санагсад
Үндэсгүй мэт бодогсод олширч дээ.
Хэлсэн нь хэргээ үүрч,
Хийсэн нь ялаа үүрэх цаг ирнэ дээ, хүүхэс минь” хэмээж байжээ.
Тэгэхээр үйлийн үрийн тухай сургаал монгол бөөгийн нэгэн гол мөрдөх зарчим байсан ба түүнийг зөрчигсөд тэнгэрийн гэсгээлийг энэ биеэрээ төдийгүй өнгөрсөн, ирээдүйтэйгээ цуг хүртдэг гэж үздэг байсан нь тодорхой байна.
“Онгодтой, єєрєє тэнгэртэй бєє хvн бол... биднээс илvv айж явах юмтай улсууд шvv дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бєє нар шийтгvvлсэн. Залуухан, залуухнаараа яваад єгсєн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Єєрсдийнхєє хийсэн буруу юмандаа явсан. “Бєє хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хєсрийн дээстэй адилхан болно” гэж бєєгийн номон дотор байгаа шvv. Хєсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерєєсєє харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ
No comments:
Post a Comment