Tuesday, September 21, 2010

БИ ТАНЫ ШҮД БАЙНА



Бидний хамгийн том аюул бол шүдний хорхой юм. Үнэндээ энэ нь би цоорно гэсэн үг л дээ. Шүдний хорхойг тухайн үед нь л эмчлэхгүй бол өөр өвчин үүсэх нөхцөл болдог. Биднийг цэвэр байлгавал хорхойтохоос хялбархан хамгаалж болно. Хэрхэн хамгаалж сурахаасаа өмнө шүд гэж юу болох талаар үзэцгээе. Шүдний амны хөндийд ил харагдаж байгаа хэсгийг цөгц гэдэг. Цөгц минь гадна талаараа паалангаар хучигддаг. Паалан минь намайг гадны зүйлсээс тэсвэрлэн хамгаалдаг. Цайвар шараас эхлээд цагаан өнгөтэй байдаг энэ эд бидний биеийн хамгийн хатуу хэсэг юм. Паалангийн минь доор илүү зөөлөн тугалмай байдаг. Тугалмай давхраагаар дамжуулан та бүхэн халуун хүйтэн, чихэрлэг гашуун зэрэг амтыг мэдэрдэг. Харин паалан давхраа минь ийм нөлөөнд мэдрэмтгий биш учраас цоорч гэмтсэн үедээ өвддөггүй. Харин цаашдын муу үр дагавраас сэргийлэн ломбо тавиулж намайг хамгаалаарай. Эс тэгвэл шүдний хорхой тугалмай даврхааг минь цоолон халуун хүйтэн, чихэрлэг зүйл идэхэд өвтгөдөг. Учир нь тугалмай дотор энэ бүхнийг ялгах чадвартай өдөөгч эсүүд байдаг. Миний дунд хэсэгт цусны судал, өдөөгч эсүүд бүхий мэдрэлийн судас оршдог хөндий давхраа бий. Би энэхүү цусан судлуудаар тэжээгддэг. Би ёзоор хэсгээрээ эрүүний ястай холбогдсон байдаг. Миний ёзоор, эрүүний ясны дээд тал буйлаар хучигдсан байдаг. Энгийн үед ягаан өнгөтэй байдаг буйл минь улаан өнгөтэй болж, хавдаж эхэлвэл эрүүл бус байгаагийн шинж тэмдэг юм шүү.Сүүн шүдний тухай
Хүүхдүүд та нарыг 6-8 сартай байхад сүүн шүд бид гарч эхлээд 20-30 сартай болоход бүрэн ургаж гүйцдэг. Энэ үедээ бид 20-уулаа байдаг. Харин байнгын шүд бид нар 6 настайгаас чинь эхлэн ургаж эхлэн 12-13 настай байхад чинь бүрэн ургаж гүйцдэг. Бид 28-уулаа бөгөөд сүүн шүднүүд чинь унахад оронд нь ургадаг. Иймд байнгын шүд ургах хүртэл сүүн шүд биднийг эрүүл байлгах хэрэгтэй юм. Сүүн шүд бид нар өөрсдөө унадаг тул үүнээс өмнө авхуулж эсвэл оролдвол эрүү өөрчлөгдөхөд хүргэн байнгын шүд буруу байрлаж болно. Шүд биднийг хэлээрээ оролдон, хөдөлгөөд байвал бүр ургахгүй ч байж магадгүй шүү.Шүдээ хэрхэн арчлах вэ?
Та бүхэн 6-8 сартай нялхаасаа эхлээд биднийг арчлах хэрэгтэй. Энэ үед биднийг цэвэр хөвөн даавуугаар өглөө, оройд арчих шаардлагатай. Хооллосны дараа амыг цэвэрлэхийн тулд ус уух хэрэгтэй. Мэдээжийн хэрэг хүүхдүүд та нар нялх учир томчуудын тусламжтайгаар хийнэ. Харин том болсон хойноо өөрсдөө хийж эхлээрэй. 1.5-3 насны хоорондох хүүхдүүд шүдээ өдөрт хоёр удаа оогүй сойздох хэрэгтэй. 4-6 насны хооронд сүүн шүд бид нар бүрэн ургадаг учир энэ үедээ шүдний оо хэрэглэж эхлээрэй. Биднийг цэвэр байлгахын тулд фтортой оо хэрэглэх зэрэг хэд хэдэн шаардлага байдаг.Биднийг хорхойтохоос хамгаалах хамгийн сайн арга бол зөв сойздож угаах юм. Хэрвээ намайг сойздож угаахгүй л бол хорхойтно гэсэн үг юм. Ер нь биднийг бактер гэж нэрлэдэг бичил биетүүд цоолон өвчлүүлдэг. Тэд хүчил ялгаруулан бидэнд хор хүргэдэг. Та нар хэр их чихэрлэг хүнс хэрэглэнэ төдий чинээ их хүчил ялгаруулдаг юм. Хүчил гэдэг нь миний паалан давхраа цаашилвал тугалмай давхрааг хүртэл цоолдог зүйл юм шүү дээ. Тугалмай давхраа минь цоорсон үед халуун хүйтэн юм идэхэд чинь янгинан өвтгөдөг. Үүнийг эмчлээгүй тохиолдолд шүдний цооролт мэдрэлийн судлын давхраанд хүрч их өвтгөдөг. Цаашилвал шүдний ёзоорт хүрч дамжаад аюултай өвчин үүсгэдэг. Энэ бактерууд маш аюултай болдог. Учир нь цусны эргэлтээр дамжин бүх эрхтэнд дамждаг бөгөөд бөөр зүрх, толгойн өвчинг үүсгэдэг. Биднийг хорхойтуулдаг гол хүчин зүйл бол та нарын амтархан иддэг чихэр юм. Мөн амаа хэрхэн цэвэрлэдэг өөрөөр хэлбэл шүдээ хэдэн удаа, хэрхэн сойздож байгаа нь ч нөлөөлнө. Үүнээс гадна бидний байрлал, бүтэц, шүлсний ялгаралт, бичил биетүүд, чиний өвчин хууч, үргэлж эм хэрэглэдэг зуршил, эцэг эхээс удамшсан онцлогууд ч хорхойтон цоороход нөлөөлдөг.Чихэрт дургүй хүүхэд байдаггүй боловч чихэрлэг зүйлийг ихээр хэрэглэх, амандаа удаан хугацаагаар байлгах зэрэг нь шүд хорхойтоход мөн л нөлөөлдөг байна. Шөнө шүлс бага ялгардаг тул ялангуяа энэ үед цооролт явагддаг. Иймд үүнээс сэргийлэхийн тулд орой унтахаасаа өмнө болон чихэрлэг зүйл идсэнийхээ дараа шүдээ тогтмол сойздон угааж хэвшээрэй.Хүүхдүүд та нар багаасаа эхлэн хооллох, шүдээ угаах, арчлахад анхаарч байвал биднийг цоорч хорхойтохоос сэргийлж болно. Эмчид шүдээ тогтмол үзүүлэн амны хөндийгөө цэвэр байлгах нь ч шүд хорхойтохоос сэргийлнэ. Мөн фтор шүдний пааланг хүчлийн эсрэг бэхжүүлдэг учраас эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ багаас нь эхлэн фторын эм уулгах, фтортой оо хэрэглүүлэх талаар анхаараарай. Гэхдээ фтор ихэдвэл биед сөргөөр нөлөөлдгийг анхаарна уу.

No comments:

Post a Comment