Monday, July 26, 2010

Муу нэртэй бөө мөргөл

Муу нэртэй бөө мөргөл

Бидний мэдэхийн л бөө муу нэртэй. Энэ муу нэр аль эртнээс бүр монголд Буддын шашин хүчтэй дэлгэрч улмаар хоорондоо зөрчилдөн тэмцэлдсэн түүхээс улбаатай юм. Эндээс үүдэлтэй муу нэр XX зуун болоход коммунист үзэл суртлын золиос болж Буддын шашинтай хамт хоёул муучлагдан ад үзэгдсэн билээ. 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараа бөө мөргөл дахин сэргэсэн боловч нөгөө муу нэр хувирсангүй харин ч туйлдаа хүрч байх шиг. Бөө мөргөл яагаад ийнхүү муу нэртэй болсон шалтгаануудыг ухан тайлбарлаж, энэ муу нэрийн ард чухам юу байдгийг харуулахыг хичээлээ.

Коммунизмын үед нийгэм тэр чигээрээ Марксист, Ленинстс суртал ухуулгаар амьсгалан шашныг “мунхруулагч хар тамхи” хэмээн сэтгэж, бөө мөргөлийг хүй нэгдлийн үеийн ухамсаргүй, учир утгагүй мухар сүсэг хэмээн ойлгож байсан нь саяхан болтол түгээмэл байлаа

Үүний улмаас үр хойчистоо гай болохгүй гэж үнэт зүйлсээ нууж өөрөөрөө дуусгасан настайчууд олон байжээ. Ийн уг удамдаа бөөтэй байсан гэдгээ төсөөлөх ч үгүй яваа хүмүүс одоо хэр бидний дунд байна. Бөө болохоор тэнгэрийн тамгатай төрж, бөө болох шинж тэмдэг нь бүрдээд байхад түүнийгээ мэдэхгүйн харгайгаар гэр хотлоороо онгод шүтээндээ баалуулсан түүх бараг өнөөгийн бөө болсон хүн болгоны намтарт бий. Ингээд ядаж зүдэж арай гэж бөө болоход түүнийг мэдэх хүн амьтан “манай нутгийн нэг галзуу юм байсан бөө болсон гэнээ”, “ядуу зүдүү гэж хэцүү, гуйлгачин шахуу юм байсан юм, бөө болсон байх юм”, “өвдөөд салдаггүй, хэзээ мөдгүй үхчих гээд байдаг, бие муутай юм байсан, бөө болсон гэнэ” гэхчилэн ярих нь элбэг дуулдана. Ингээд үзэхээр хаа газрын болохгүй бүтэхгүй болгон бөө болдог юм шиг төсөөлөл нийгэмд бий үүсдэг бөгөөд энэ хэмжээгээр бөө мөргөл нэр хүндээ алдах нэгэн шалтгаан болж байна

Гэтэл муу муухай хүн л бөө болоод байгаа юм биш харин бөө болох хүн зовлон зүдүүр туулдаг учир байдаг.

Бөө болох учиртай хүмүүс ийнхүү зовлон зүдүүр туулдаг нь хэдэн зүйлийн учир шалтгаантай байна. Нэгэнтээ цаг нь болоход хүчтэй чадалтай бөө удган болох хувь тавилантай байдаг тул элдвийн сөрөг хүчнүүд “барын зулзгыг бага дээр нь дар” гэдгийн үлгэрээр авч одох гэж үзэх нь ч тохиолддог Эсвэл Буриадын бөөгийн уламжлалд байдаг шиг цагааны уг барьж бариач болох хүмүүс ийнхүү багаасаа бэртэж гэмтэн өвдөж зовох бөгөөд хүний өвчин зовлонг биеэр мэдэрч байж сайн эмч домч, илээч бариач болдог гэсэн нэгэн зүйлийн шалгуур байдаг. Мөн бөө болох учиртай хүмүүст шинж тэмдэг илэрч түүнийг нь мэдэлгүй хурцдуулвал нөхцөл байдал “бөөгийн өвчин” болон даамжирч, сэтгэл санааны байдал тавгүйтэн мэдрэл муудах, өвдөж зовон, үхэл хагацал болдоггүй юмаа гэхэд ажил үйлс, аж амьдрал нь доройтон ядүү зүдүүгийн туйлд хүрч бүтэх болох юмгүй болдгийг “бөөгийн өвчин” гэдэг. Коммунизмын үеэс эцэг эх нь бөөгийн уг барих байгаад мэдэлгүй бөөгийн өвчнөөр зовон амьдралаа үрж өдгөө тэр явдал үр хүүхдэд нь уламжлан дамжин ийнхүү зовж яваа хүмүүс ч байдаг. Ингэж бөөгийн өвчин даамжрах учрыг тайлбал хүний ёсоор амьдрах биш харин онгод тэнгэрийн учраар амьдрах тавилантай төрөөд түүнийгээ эс мэдэн, үл хүлээн зөвшөөрөх тусам эцэг өвгөдийн онгод тэнгэр нэр хилэгнэн баалж, аж амьдралд нь хориг тавин боож, бүтэх болох юмгүй болгодгийг учир мэдэх хөгшчүүл “бөөгийн өвчин болжээ” хэмээн оншлон хуучилж суудаг байжээ Энэ л битүүлэг учир шалтгаан бөөгийн тухай мэдэхгүй болсон өнөөгийн хүмүүсийн үзэмжид муу хүн болдог мэт сэтгэгдэл үлдээх гол хүчин зүйл болдог байна.

Бөө болох учиртай хүний сүнслэг юмнуудыг харах сонсох мэдрэх чадвар нь нээгдсэн байдаг гэдэг. Ингээд эгэл хүмүүний нүд чихнээ үл мэдрэгдэх юмсыг харж сонсоод эхэлмэгцээ бурхангүй коммунист үзэл сурталд баригдан хүмүүжсэн хэн бүхэн өөрийн эрхгүй солиорлын байдалд хүрч анагаах ухааны нэр томъёогоор бол шизофрины төрлийн эмгэгтэй гэж оношлогдон сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хувь тавилангаа өнгөрөөх золгүй тохиолдол ч бий. Бөө болох ёстой атал болоогүйн харгайгаар сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүрдэггүй юм гэхэд сүнслэг хий юмстай харьцах чадвар нь нэгэнтээ нээгдсэн тул албин тийрэн гэхчилэнгийн гадны муу хүчинд эзлэгдэн зовож зүдэн зарим нэг нь тэр чигээр хор учруулах шид суун, албин тийрэн гэхчилэнгийн муу сүнстэй нөхцөн буруу замаар будаа тээчих тохиолдол бас байдаг. Тодруулбал, бөөгийн уг удам болох онгод тэнгэрээс гадны хүний ертөнцөд өөр олон зүйлийн хий биетэй, хийсгэлэн дүртэй юмс байх бөгөөд тэд бүгд л хүнтэй харьцан хэн нэгнийг өөрийн гэсэн “хүн боолоо” болгох хүсэлтэй байдаг тул нэгэнтээ сүнслэг юмтай харьцах чадвар нь нээгдэж байгаа бөө болох учиртай нэгнийг замаас нь амархан олзолж өөрийн болгон авдаг гэсэн үг юм.

Бөөгийн зовлон дундаас хамгийн хүнд нь үхэл хагацал бөгөөд бөө болох хүн болохгүй эсэргүүцвэл онгод тэнгэрийнх нь хилэн туйлдаа хүрч түүний дотно хайртай хүмүүсийг нэг нэгээр нь авч одох нь бий. Ингээд өнчирч хагацал зовлонгийн шаналалд автаж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн үлгэрийг туулж эцэс сүүлдээ угаа аван бөө болон босч энэ бүхнийхээ учрыг сайн мэдэж авч байгаа олон хүн байгаа нь 1990 оноос хойш эрс олширчээ Энэ мэтчилэн бөө болох хүн түмэн зовлон, мянган гачлан туулах бөгөөд энэ бүхэн нь өнөөгийн бидний үзэмжээр бол хаа газрын болох болохгүй хүмүүс бөө болоод байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь зүйн хэрэг боловч үнэндээ болох болохгүй хүмүүс бөө болоод байгаа хэрэг биш харин түүний ард нарийн ээдрээтэй учир утга нуугдаж байдаг юм. Монгол ардын үлгэр туульст ч энэ байдлыг зөв зүйтэйгээр тусган жур хүү “газартай гацалдан төрсөн, тэнгэртэй тэрсэлдэн төрсөн Гэсэр мэргэн хаан болдог” өгүүлэмж бий.

Үүнээс үүдэн өнөөгийн монголын нийгэмд байдаг өөр нэгэн ташаа ойлголт бол ядүү зүдүү нэгэн бөө болж түүгээрээ бизнес хийдэг гэсэн ойлголт юм. Бөө мөргөлийг бизнес болгож байгаа хүмүүс байх боловч ямар ч бизнесийн сонирхолгүй эсвэл тийм бодит хэрэгцээгүй, боломжийн аж амьдралтай гэр бүлээс бөөгийн уг удам тодрон босч байгаа тохиолдол олон байдгийг бас дурдъя. Өөрөөр хэлбэл, бөө мөргөлийг бизнесжүүлэх явдал байгаа болохоос биш бөө мөргөлийн өөрийнх нь мөн чанар бизнес хийхэд оршиж байгаа юм биш. Түүнчлэн хүссэн нэг нь бөө болчихдог тэгээд бизнес хийдэг юм шиг ташаа ойлголт бас бий. Хүссэн хүн бөө болчихдог юм шиг харагдах боловч үнэн байдал дээрээ бөө болж буй хүмүүсийн олонх нь бөө болохыг хүсээгүй байдаг. Тэгвэл хэн нэгэн бөө болно гэдэг хэний хүсэл вэ? Өвөг дээдсийн онгод тэнгэрийн сонголт, шийдвэр, албадлага байдаг болохоос биш бөө болж байгаа хүний сонголтоос огтхон ч хамаардаггүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл зөвхөн мөнгө хэрэг болсон нэгэн тэр хэрэгцээгээ хангах гэж бөө болдог юм биш гэдгийг гэрчилж байна. Гэхдээ ийм ороо бусгаа цаг үед дураараа өөрийгөө бөө гэж зарлаад хэдэн төгрөгний араас явж буй хүмүүс байхгүй гэхэд хэцүү юм.

Бөө мөргөлийг зөвхөн бөө бус хүмүүс муухай болгоод байгаа юм биш. Бөө нэр ч өөрсдөө бөө мөргөлийг муу муухай болгодог. Үүний гол шалтгаан бол өнөөгийн бөө мөргөлд нэгдсэн захиргаа, хариуцлага тооцох тогтолцоо үгүйгээс болж байгаа хэрэг юм. Одоогоор тийм засаг захиргаа ч байх боломжгүй, учир нь бөө мөргөл коммунизмын дараа дахин сэргэсэн монголын олон уламжлалын нэг бөгөөд бөөгийн уламжлал тасраад олон зууныг элээсэн тул үүнийг мэддэг хүн ч гэж бараг үгүй. Ихэнх бөө нар өөрсдөө бөө мөргөлийг бүрэн дүүрэн мэддэггүй, мэдэх боломжгүй гэхэд буруудах зүйлгүй. Өнөөгийн байдлаар бол бөө мөргөл гэдэг индивидуалист үзэгдэл бөгөөд нэгэн захиргаанд нэгдэлгүй дор дороо өөрийн толгой даан тусгаар тогтнож гэр дотроо л захиргааг үүсгэдэг. Ингээд “бөө бөөгийн бөөлөх ондоо, бүжин туулайн дэвхрэх ондоо” гэдгийн үлгэрээр аль ч бөө нөгөөдөө захирагдаж байх ёс дэг өдгөө бүрэн тогтноогүй байгаа тул хэн хэнийгээ сонсох эс сонсох, дагах эс дагах нь тодорхойгүй хэвээр байдаг Ийм байдал дунд бөө болгон болбол өөрийн ёс дэгээ зөв зүйтэй хэмээн нотлохыг хичээн улмаар энэ нь өрсөлдөөн болон хувирч зөрчил тэмцэл үүсгэдэг байна. Иймээс бөө гэдэг нэрээр эсвэл бөө нэр өөрсдөө болох болохгүй зүйл хийж, таарах таарахгүй зан авир гаргасан ч түүнийг нь зөв буруу хэмээн шүүн тунгаах тогтолцоо үгүйн учир буруу ч байсан цааш даамжирсаар аажимдаа олны дотор нэр хүндгүй алдах нөхцөл үүджээ.

Гэтэл угтаа бөө гэдэг тийм туйлын эх захгүй зүйл биш. Гол шүтээн болох онгод тэнгэр нэр нь гэр өрхийн хэмжээндээ засаг захиргаагаа тогтоох боловч энэ захиргаа зөвхөн тэр гэр удамд л үйлчлэхээс биш хажуу айлын бөөд огтхон ч хамаарахгүй. Тиймээс ийм дор дороо толгой мэдсэн индивидуалист байдлыг зөвхөн бөө нэр бий болгоод байгаа юм биш харин тэдний ард байгаа онгод шүтээд дор дороо бас бий болгодог байна. Бүр нарийвчлан яривал тухайн онгод өөрийн онгод тэнгэрийн орон буюу тэнгэртээ захирагдах бөгөөд нэг тэнгэрт адил бус тоотой онгод харъяалагдана. Тухайлбал, нэгэн онгод өөрийн суудаг тэнгэрт нь 400-500 орчим тооны онгод суудаг тухай өгүүлж байсан билээ. Ингэж үзвэл дэлхий дээр тусгаар тогтносон хоёр зуу гаруй улс орон байдаг шиг өөр өөрийн захиргаатай маш олон тооны сүнс онгодын ертөнц буюу тэнгэр байдаг болж таарч байна. Тэдний адил бус ёс заншил, хэм хэмжээ “бөө бөөгийн бөөлөх ондоо байдаг” үндсэн шалтгааны нэг болно. Ингэж үзвэл бөө нэр өөр өөрсдөө өөрийн үйлийн эзэн болж тэдний эзэн нь тус тусынх нь онгод тэнгэр болж харин онгод тэнгэрийн эзэн нь тэдний харъяалагдах онгод тэнгэрийн нэгэн орон болж харагдана. Харин тэр олон жижиг онгодын орон Мөнх Тэнгэр дор харъяалагддаг гэж нартынхан ойлгох боловч онгод тэнгэрийн орны эрэмбэ, засаг захиргаа, харъяалал, хууль дүрмийг бүрнээ мэдэх, тайлбарлаад хэлээд өгөх бөө битгий хэл онгод тэнгэр ч ховор байдаг Үлгэрлэвэл, хүн өөрийгөө сүнстэй гэдгээ мэддэггүй, дээд сүнслэг хүчин зүйлийг мэдэрдэггүй гэдэг шиг онгод ч чадал чансаагаараа өөрийнхөө дээдэх эрэмбийн түүнийг захирч байгаа дээд хүчийг бүрэн дүүрэн таниж мэдэх чадваргүй байдаг бололтой. Өөрөөр хэлбэл, ноёноо танидаггүй албатын үлгэртэй зүйрлэж болно. Ийнхүү олон задарсан тогтолцоо түүний цаана чухам хамгийн дээд захиргаа нь хэн, юу болох тухай тодорхой ойлголт төсөөлөл бөөд битгий хэл тэдний онгод тэнгэрт ч байдаггүй нь эх захаа алдан хоорондоо тэрсэлдэн тэмдэлдэж үл эвсэн нийцэх шалтгаан болж хагарал завхралын уг болох мэт санагдана. Эндээс ургах асуулт гэвэл тэр олон онгодын ертөнцөд нэгдсэн хууль, захиргаа байдаггүй юмуу эсвэл байдгийг нь зарим доод эрэмбийн онгод болон нартын борчууд болох хүмүүс мэддэггүй юмуу гэсэн асуулт гарч ирнэ. Үнэндээ тийм “тэнгэрийн хууль” гэсэн нэгдсэн хууль захиргаа байгаад түүнийг нь зарим онгод болоод хүмүүс мэддэггүй байж болох уу гэдэг асуулт юм.

Өнгөрсөн хэдэн жил олон бөө нэр болон тэдний онгод шүтээд ирэх хэдэн жилд их дээгүүр зэрэг дэвтэй хүчирхэг том онгод тэнгэр улаачаа товлон нартад бууна гэж хэлээд байсныг эрдэмтэн судлаачид, бөө мөргөл сонирхогчид, шүтэн дагагсад аль аль нь сонссон. Энэ үг үнэн болж таарсан уу, юутай ч бидний мэдэх онгод шүтээдээс их ондоо онгод тэнгэр сүүлийн үед цөөн боловч бий болоод байгаа нь дээрх асуултанд барих хариу болмоор байна. Сүүлийн үед буусан, өөрсдийнхөө эрэмбэ зиндааг их өндөр гэх зарим онгод тэнгэрийн тайлбар ёсоор бол “тэнгэрийн хууль” гэдэг нэгдсэн, засаг захиргаа, хариуцлага тооцох, яллан шийтгэх тогтолцоо байдаг бөгөөд үүнийг доод эрэмбийн залуу онгод хүрч мэдэх хүчгүйн улмаас эс мэдэн завхарч түүнийг нь дагаад бөө нэр нь ч нартын оронд эх захаа алдаж байгаа тухай өгүүлж байна. Үүнээс үзвэл, онгод тэнгэр гэдэг хүч чадал, эрдэм ухаан, сэнхрэл гэгээрлийнхээ түвшнөөр шаталсан эрэмбэтэй байх бөгөөд ийм ёс нэгэн онгодын оронд төдийгүй онгод тэнгэрийн орнуудын хооронд хүртэл үйлчилдэг болж байна. Дээд эрэмбийн онгод тэнгэрүүд ийм үзлээр хандан эрэмбэ доогуур орны хэдэн зуухан жилээр тоологдох залуу онгод болон залуу онгодтай бөө нэрийг өнөөгийн бөө мөргөлийн нэрийг барж байгаа буруутан хэмээн шүүмжилдэг. Харин тэдний хэлээд байгаа эрэмбэ дээгүүр гэх настай, цолтой, дээд орны харъяат онгод тэнгэрийн нас зуун жилээр биш мянгаар тоологддоно .Онгод тэнгэрийн орных нь зэрэг дэс, онгодын нас эрэмбээ дагаад хүч чадал нь өөр түвшинд байдаг гэх бөгөөд энэ утгаараа тэдний хийдэг үйл, баримталдаг ёс зүй, зан үйлд оролцогсод болон улаачдаа тавьдаг шаардлага нь хүртэл өнөөгийн бөө мөргөлд түгээмэл байдаг бидний мэдэх хэм хэмжээнээс ондоо байна. Бүр тодруулбал, архи сархад хэтрүүлэн зооглож улаач юугаа зовоодоггүй, өргөл барьц элдэв зүйл нэхэж зовсон зүдэрсэн сүсэгтэн юуг халшраадаггүй, хараал жатга бүү хэл хувь хүний үйл болон нартын орны үйлийг хийдэггүй зөвхөн хүн төрөлхтөн болоод улс орон төр засгийн үйл, эрхэт тэнгэрийн үйл, сүнсний ертөнцийн үйлийг л хийдэг өндөр дээд хэм хэмжээтэй онгод тэнгэрийн тоо өдөр ирэх тусам олширч байгааг дурьдах нь зүйтэй .Цаашилбал, амьтан хөнөөж мах зооглон нүгэл үйлдэж өөрийгөө бузартуулан хиртүүлж байгаа хүн төрөлхтнийг буруутган өөрийн улаачаа мах идэхгүй байхыг хүртэл зөвлөж байдаг нь бөө мөргөлийг бас өөр өнцгөөс харах сэжим өгч байна. Тэд хүний биетэй бодитой болгонд шунан тэмүүлж, эд баялаг болон энэ хүмүүний амьдралаа хэт чухалчлан дараахь төрлөө огтхон ч бодохоо байсныг буруутган энэ хоосон бүхэнд авталгүй хойтын сүнсний амьдралаа бодож байхыг номлох нь Буддын шашин төдийгүй бусад олон шашинд байх үзэл ухамсартай таарч байна .Тэд ч өөрсдөө хоосон бүхэнд шунан автах хүний энэ болчимгүй мөн чанараас ангижран нэгэн ёсны гэгээрэлд хүрч сүнсний ертөнц дэхь эрэмбээ дээшлүүлэхийн төлөө тэмцэх бөгөөд хүмүүн биднээс ч үүнийг хүсдэг. Ийм дээд төрөл олсон онгод тэнгэр нэр доод эрэмбийн хүний мөн чанараасаа салж чадаагүй байгаа онгодоо буруутган зэмлэж тэд дээд төрөлт онгод тэнгэр нэрээсээ үлгэр аван дээшилж байхын оронд хоосон бүхэнд хууртах өнөөдрийн хүний ертөнцийн мөн чанарт автан эрэмбэ доошилж хүнээс илүү гаран ялгарах юмгүй болжээ хэмээн халаглан суудаг байна. Энэ нь ч бөө мөргөлийг шашинаас дутуу дулимаг гэж үздэг олон асуудалд ямар нэгэн хэмжээгээр хариулт өгч байгаа хэрэг юм.

Тэгвэл эндээс ургах дараагийн асуулт бол яагаад тэр дээд онгод тэнгэрүүд бууж ирээд доод эрэмбийн болохгүй бүтэхгүй байгаа онгодоо цэгцэлж энэ бүх учрыг нартын хүмүүст зүгээр тайлбарлаад өгчихөж болдоггүй юм бэ гэдэг санаа юм. Энэ тийм амар бишээ. Өндөр дээд ариун гэгээн онгод тэнгэрүүд хүнтэй шууд харьцах боломжгүй байдаг. Учир нь хэрвээ хүн бохирдон бузартаж билгийн мэлмий нь бүдгэрсэн гэж үзвэл харин нөгөө талд дээрх онгод тэнгэр нэрийг бидний өнөөгийн мөн чанараас яг эсрэг ариун гэгээн гэвэл өнөөгийн хүмүүн нэгэн ёсны хасах цэнэгтэй болж харин өндөр дээд тэнгэр шүтээд нэмэх цэнэгтэй байна хэмээн зүйрлэж болно. Хоёр соронзон биедээ наалддаггүйн адил ийм хоёр өөр мөн чанартай болсон хүмүүн болоод тэнгэр шүтээд хоёр цэнэг нь эс тохирч бие биедээ нийлэхгүй харшилна. Тийм ч учраас онгод улаачийнхаа биед бүрэн бууддаггүй гэх буюу мөрнөөс нь доош буувал өөрсдөө бузартчих гээд байдаг гэдэг. Мөн л энэ учраар дээхний айхтар бөө удгачуул, тухайлбал Тувааны Балжир удган, бузартана гээд хөдөөгийн малын захаасаа холдож сум орон нутаг ч ордоггүй байсан гэдэг. Хүмүүн болоод өндөр дээд онгод тэнгэр хоёрыг зааглан тусгаарлаад байгаа үл авцалдуулагч сөрөг шинж чанарыг аль болох багасган үгүй хийж байж тэдний хоорондох харьцаа жигдрэх юм. Сөрөг шинж чанараас үүдэн бий болоод байгаа хүмүүн болон дээд шүтээд хоорондын харьцаанд үүссэн зай завсрыг нөхөхийн тулд хүний охор мөчидхөн мөн чанараасаа салж чадаагүй доод эрэмбийн онгод оршин тогтнодог. Өөрөөр хэлбэл, доод эрэмбийн онгод нэгэнтээ олон чанараараа хүнтэй төстэй буюу зүйрлэж хэлвэл хүнтэй ойр ижил цэнэгтэй гэж үзвэл тэд хүнтэй болон бөө улаачтайгаа төвөггүй харьцах боломжтой болж таарна. Шуудхан хэлэхэд тэд хүнээс ялгаагүй бузар тул хүнтэй хялбар харьцах боломжтой. Тэр онгод мөн л бузар тул дээд тэнгэр шүтээнтэй шууд харьцах чадвар нь хязгаарлагдмал байна. Харин түүнээс арай дөнгүүр нь яг дээд эрэмбийнхэнтэйгээ харьцах хүч чадалтай. Цэргээр бол байлдагч шууд хурандаатай харьцахгүй харин ахлагчтай харьцах боломжтой гэсэн үг.

Ингээд хүн бөө болж өөрөөсөө арай илүүхэн гэх онгодтой харьцаж тэр онгод нь дараагийн шатанд өөрсдөөсөө нэг дээд эрэмбийн онгодыг улаачтай нь холбож өгөн зуучилж дараагийн эрэмбийн онгодыг нартад буулгаж байна гэсэн үг. Энэ бол багш бөө болон багш бөөгийн онгодын үүрэг юм. Ингэж бөөгийн нэг дээд эрэмбэ буух бөгөөд дараагийн шатанд энэ эрэмбийн онгод өөрөөсөө мөн нэг дээд эрэмбийн онгодыг улаачтай нь холбож өгөн буулгах жишээтэй. Ийнхүү ахин ахисаар дээд эрэмбийн илүү ариун гэгээн онгод тэнгэр аажим аажмаар эрэмбэ ахин бууж хүн гэдэг амьтан ариусах учиртай. Энэ бол үлгэрлэвэл пирамид барьж буйтай төстэй үйл явц юм. Өөрөөр хэлбэл бөө мөргөлийн хөгжил пирамид барих мэтээр өрнөж байна гэсэн үг. Тийм ч учраас муу гэгдэх бөө олон байж пирамдын суурины үүрэг гүйцэтгэн дараагийн үеийг өөр дээрээ байгуулан тэр үе дараагийн үеэ байгуулж байх жишээтэй. Энэ бол зөвхөн үе эрэмбэ дээшлэх хэрэг биш харин тэр хэмжээгээр мөн чанар нь өөрчлөгдөж байх учиртай. Бөө мөргөлийн хөгжлийн мөн чанарыг ийм утгаар авч үзвэл өнөөгийн монголын нийгэмд муу нэртэй бөө олон байгаагийн учир тайлагдана. Магадгүй өнөөгийн бидний цаг үе бол бөө мөргөлийн хөгжлийн хувьд пирамидын хамгийн доод талын суурь шатууд цогцолж байгаа үе тул олон тооны доод эрэмбийн бөө нэр төрж байгаа хэрэг бололтой. Харин бөө нэр болон тэдний чанар чансаад ахиц гарч байгаа нь пирамидын дундах юмуу дээдэх үеүүд баригдаж эхлээд байх шиг. Нэгэнтээ пирамид шиг гэж үзвэл хүч чадал мөхөс дорой, бузар буртагтай нь тоогоор олонх болж харин хүч чадал ихтэй, ариун гэгээн мөн чанартай болох тусмаа тэдний тоо цөөн байж таарна. Харин пирамид баригдаж дээшлэх хэмжээгээр бөө мөргөлийн засаг захиргаа, хууль дүрэм нь цэгцэрч өнөөгийн бидний мэдэх бөө мөргөлийн муу нэр арилах учиртай болов уу. Ингэж үзвэл ойрын ирээдүйд том хүчтэй онгод тэнгэр төрнө гэх бөө нэр, онгодын үг ч үнэн болж таарна. Хэрвээ ийм учир байгаа бол бид бөө мөргөлийг нөгөө пирамидан хөгжлийн сууринд байгаа олон тооны дорд эрэмбийн онгод бөө нэрээр л төлөөлүүлэн сэтгэж, дүгнэх нь учир дутагдалтай болж байгаа юм.

Ингэж үзвэл бид мөргөлийг муу нэрээр нь биш харин өөр өнцгөөс харах боломж нээгдэнэ. Бүр магадгүй бөө мөргөлийг монголын соёлын хамгийн үнэт зүйлсийн нэг буюу амин сүнс нь гэж үнэлэн тодорхойлох ч боломжтой. Ийнхүү чухалчлахын учир нь олон эшт утгаар ойлгогдоно. Олон шалтгаанаас хамгийн чухал нь бөө мөргөл бол монголын соёлын агуулга буюу утга санааны гол тээгч юм. Хүн судлалын ухаанд үздэгчлэн аль ч үндэстэн угсаатны шашин суртахуун гэдэг тэдний соёлын мэдлэг ухаан (knowledge) буюу утга олгогч нь байдаг гэдэг. Энэ мэдлэг ухаан тухайн соёлд байдаг зан заншил, ёс дэг, дүрэм горим гэхчилэн бүх л харилцааг зохицуулж тайлбарлан утга төгөлдөр болгодог. Тухайлбал, өнөөгийн хүн төрөлхтний мэдлэг ухаан шинжлэх ухаан байдаг бол харин манай ардын мэдлэг ухаан саяхныг болтол бөө мөргөл байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан ардын мэдлэг ухааныг орлож гарч ирсэн өрнө дэхины бүтээл гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Ингээд XX зуунд хүчтэй хөгжсөн европ төвтэй шинжлэх ухаан гэдэг зүйл манай ард түмний олон мянган жилийн түүхтэй соёлын мөн чанарыг бүрэн дүүрэн зөв зүйтэй тайлбарлаж чадахгүй байгаа нь өдгөө улам бүр тодорхой болж байна. Нэгэнтээ тайлбарлаж чадахгүйд хүрвэл тухайн соёлын зүйлс утга учиргүй хоосон мэт болж улмаар мартагдан үгүйрэх явдал бий болдог бөгөөд үүний үр дүнд уламжлалт соёлоо гээж өөрийн үнэт зүйлээ алдахад хүрнэ. Тиймээс монголын соёлын мөн чанарыг шинжлэх ухаанаар эрэлхийлэхээс гадна бас бөө мөргөлөөс эрэлхийлэх нь нэн чухал ач холбогдолтой болоод байна.

Үүний жишээ болгон нэгэн баримт дурдъя. Хамгийн энгийн, бидэнд ойрхон жишээ гэхэд “үүд голлож болохгүй” гэсэн манай ахмадын сургааль үг байдгийг хэн бүхэн мэднэ. Харин “яагаад” гэдэг асуултын хариултыг өдгөө тайлбарлах хүн цөөн болжээ. Гэтэл үүний хариулт бөө мөргөлд байна. Би энэ үгийн агуулгыг анх 1995 онд Дорнод аймгийн Баян-Уул сумнаа хээрийн судалгааны ажил хийж байхдаа олж мэдсэн билээ. Буриад бөөгийн чанар хийж зэрэг дэв ахих зан үйл болж байсан үе бөгөөд том асар барьж гурван өдөр шөнө бөөлсөн юм. Манай судалгааны баг дүрс бичлэг хийж миний бие үүнд гол үүрэг гүйцэтгэж байлаа. Нэгэн үдэш заарин хоймор сууж онгодоо удтал дуудаж байснаа “монхор хар юм барьсан азгар хүбүүн үүд голлоод байна гээд онгод орж ирэхгүй байна даа” хэмээн над руу хандан өгүүлсэн юм. Энэ бол тухайн цагийн VHS дүрс бичлэгийн камер барьсан урт ширэлдсэн үстэй залуу хүн буюу миний бие байсан нь онгодын нүдэнд тийнхүү “монхор хар юм барьсан азгар хүбүүн” болж үзэгдсэн ажээ. Заарин хойморт заларч би аятайхан өнцгөөс түүний бичлэгийг хийчих санаатай чанх өмнөөс нь буюу үүд голлон хоймор өөд чиглэн зогссон дүр зураг. Үүдээр зөвхөн биетэй бодитой хүн орж гарч байдаг хэрэг биш харин хий биетэй хийсгэлэн дүртэй олон сүнслэг зүйлс мөн нэвтэрч байдаг гэсэн санаа эндээс ажиглагдаж байна. Тиймээс тэднийг нүдэнд үзэгддэгүй тул оршдоггүй хэмээн мухраар бодолгүй оршихуйг нь хүлээн зөвшөөрч хүндэтгэл үзүүлэн орох гарахад нь саад хийхгүйн үүднээс “үүд голлодоггүй” юм байна.

Энэ бол монголчууд хүний оршихуйг танин мэдээд энэ ертөнцөд ганцаараа биш гэдгээ ухамсарлаж улмаар зэрэгцэн орших хий биетэй хийсгэлэн дүртэй төрөл саднаа хүлээн зөвшөөрч эв зүйтэй харьцаж байгаа байдал юм. Эс тэгвэл тэднийг үл хүндэлсэн болж хилэгнүүлэн нөгөө “дайрлага дайрна” гэдэг шиг зүйл болох буюу хий юмны зам дээр хөндөлсөж байж дайрагдсан хэрэг болно. Үлгэрлэвэл машин зам дээр сууж байгаад машинд дайруулсантай жишиж болох юм. Ингэж үзвэл бидний сонсож дуулсан монгол ардын олон сургааль үгс, мэдэх мэдэхгүйгээр үйлддэг зан заншил хичнээн гүн гүнзгий учир утгатай болохыг энэ жишээнээс харж болно. Харин тэдний учир утгыг тайлах олон түлхүүр бөө мөргөлд агуулагдаж байгааг мөн энэ баримт өгүүлж байна.

Тиймээс бөө мөргөлийг зөвхөн бөө хүн гэдэг өөрийн биед онгод тэнгэр буулган ирж, эсвэл өөрийн сүнсээ онгод тэнгэрийн орноор аялан тогуулдаг мэргэшилтнээр хязгаарлаж болохгүй бөгөөд харин монгол ардын уламжлалт мэдлэг ухаан, ёс заншлын гүнд далд эчнээ нуугдан шигдсэн мөн чанар нь гэж хэлж болно. Энэ утгаараа бөө мөргөл гэдэг байгаль дэлхий, сав, шимийн аливаа бүхнийг сүнстэй эсвэл эзэн сахиустай гэж үздэг анимист (animist) сэтгэлгээ байгаад зогсохгүй хүнд ертөнцтэй хэрхэн зөв зохистой харьцах ёстойг номлосон ардын гүн ухаан гэдэг өргөн агуулгаар тодорхойлогдох учиртай. Байгаль ертөнцтэй зөв харьцана гэдэг бол өнөөгийн олон зүйлийн байгалийн гамшиг эл бүхнээс урьдчилан сэргийлэх улмаар энэ ертөнцийн болоод өөрийн аж амьдралыг өнөд амар жимэр байлгах үндэс болж байжээ .Өөрөөр хэлбэл, өнөөгийн монголд бөө олширч байгаа нь эерэг сөрөг олон талтай ч энгийнээр бол түүний ард байгаль ертөнцтэй зөв харьцагсад тэр хэмжээгээр нэмэгдэж байх сайн талтайг дурдах нь зүйтэй. Гэтэл нөгөө талд бөө мөргөлийн энэ эерэг мөн чанар бодит амьдрал дээр хэрхэн биелж байгааг бас нэг шүүн тунгааж дүгнэн цэгнэх ёстой болоод байгааг мэргэн түмний оюунд хандуулбал зохино.

No comments:

Post a Comment