Monday, July 26, 2010

Уураг тархи

Зөвхөн сүүлийн хэдхэн зуунд хүний уураг тархины үйл ажиллагаа, бүтцийг судалж эхэлсэн. Энэ хугацаанд уураг тархины талаар олон тооны судалгаа, шинжилгээний бүтээлүүд гарсан боловч хамгийн сонирхолтой нь энэ бүхний 95 гаруй хувийг өнгөрсөн арван зургаан жилд хийсэн байна.
1990 онд АНУ-ын конгресс, Европын холбооны парламентийн шийдвэрээр ирж буй 10 жилийг (1990-2000) тархины 10 жил болгохоор шийдсэн юм. Уураг тархиныхаа талаар бүрэн танин мэдэхийн тулд хүн төрөлхтөн урт удаан замыг туулсан хэдий ч энэ 10 жилд үнэхээр үсрэнгүй амжилтууд гарч, эдүгээ бид тэр бүхнийг өөрчлөх хангалттай ихийг зүйлийг олж мэдсэн.
Хэдий ийм боловч одоог хүртэл эрдэмтэд тархийг “дэлхий дээрх хамгийн нууцлаг объект” гэж нэрлэсэн хэвээр байгаа. Тархинд явагдах сэтгэх үйл нь химийн урвал, соронзон бичил долгионууд, эсүүдийн тусламжтай явагддаг гэж мэдэгдэж байгаа боловч зөн совин, гоц мэдрэмжүүд хэрхэн явагддагийг сайн тайлбарлаж чадаагүй л байна. Зарим нэрт эрдэмтэд тархинд явагддаг процессууд квант шинж чанартай ч гэж үздэг.
Тархи судлалын бүх эрдэмтэд тархийг дэлхий дээр байгаа бүх супер болон энгийн компьютерийг нийлүүлснээс ч хэд дахин илүү хүчирхэг гэдэг дээр санал нийлдэг. Хан боргоцойноос томгүй 1,5 кг жинтэй энэ супер компьютер хүн болгонд байдаг. Энэ гайхамшигт аварга компьютер юу чаддаг, яавал ажилладаг, яагаад супер гэж хэлэгдэж байгааг тайлбарлая.
Бидэнд тархи яг ямар анатомын бүтэцтэй нь чухал бус, харин тархи яаж ажилладаг, ямар зүйлээр хооллодог, ямар үр дүн гаргаж чаддаг нь чухал билээ. Тиймээс тархины сэтгэн бодох, сэдэх, санах, зэрэгт анхаарал хандууллаа.
Бор гадарга

Энэ зурагт насанд хүрсэн хүний дундаж тархины эгц дээрээс болон баруун талаас нь авсан байдал харагдаж байна.

* Доод тархи буюу уураг тархины суурь.
* Тархины төв хэсэг
* Дээд тархи
* Бор давхарга гэсэн үндсэн 4 хэсэгт тархийг хувааж тайлбарлая.
Доод тархи: Амьсгал, зүрхний цохилтын үйл явц зэрэг төрөлхийн олон инстинкт үйл явцыг удирддаг, мөн нугаснаас ирсэн мэдээллийг дээш нь дамжуулдаг.
Төв хэсэг: Сэтгэл хөдлөлийг удирддаг ба тархины суурийг хүрээлж байдаг. Ихэнх мэдээллүд энд зангидагддаг.
Дээд хэсэг: Сэтгэх, ярих, бүтээн туурвих чадварыг хариуцдаг хоёр тал бөмбөлгөөс бүрддэг. Тал бөмбөлөг тус бүр өөр өөр үйл ажиллагаа явуулдаг. Мэдээллийг өөр өөр арга хэлбэрээр боловсруулдаг.
Тархины гадна хэсгээр бүрхэж байрладаг. 3 мм зузаантай 6 дэд давхраатай. Суутнуудын тархины бор давхарга энгийн хүнийхээс илүү аржгар, атираа ихтэй байдаг байна. Хэдий чинээ аржгар, атираа их байна тэр хэмжээгээр бор давхаргын талбай ихэснэ, тэр хэмжээгээр эсүүдийн тоо болон холбоос олширно...тиймээс л суут ухаантан хэмээн нэрлэгдэнэ.

Ертөнцийн зүй тогтол нь хамгийн бага гадаргад хамгийн их эзлэхүүн багтаахад тэмүүлэх жамтай байхад хүний тархины бор гадаргын хувьд хамгийн бага эзлэхүүнд хамгийн их гадаргыг багтаах урвуу үзэгдэл ажиглагддаг. Энэ нь уураг тархины атираат тогтолцоо юм. Бор гадаргыг хоол тэжээлээр хангах, их хэмжээний эсүүдийг багтаах, давхарлаж үелэсэн хэсгүүдийн талбайг нэмэх үүнээс өөр оновчтой арга байхгүй.

No comments:

Post a Comment