Monday, July 26, 2010

Монгол бөө мөргөл

Археологичид бөө мөргөлийг хүн төрөлхтний хамгийн эртний шүтлэг бишрэл болохыг хадны сүг зураг, буган чулуун хөшөө, булш бунханы олдвор зэрэг баримтаар нотолдог. Монгол нутагт аж төрж байсан эртний нүүдэлчид бөө мөргөлтэй байсныг гэрчлэх археологийн баримт олдсоор байгаа бөгөөд хамгийн эртнийх нь хүрлийн үеийн буган чулуун хөшөөнүүд юм. Түүнээс хойш монголын өвөг дээдэс болсон түүхэн дэх олон ард түмнүүд бөө мөргөлтэй байсан тухай мэдээ сэлт түүхэн бичиг сударт тэмдэглэгдэн үлдсэн зүйл нэлээд бий. Монголын Их Гүрний үед Монголчууд төрийн түвшиндөө хүрсэн бөө мөргөлтэй байсан тухай Монголын Нууц Товчоонд тодорхой тэмдэглэсэн байдаг. Чингис хаан бөө мөргөлийн гол шүтээн болсон Мөнх Тэнгэрээ дээдлэн шүтэж тухайн цагийн дэлхийг эзэгнэсэн их гүрнээ байгуулсанд мөн л бөө мөргөлийн хувь нэмэр оршиж байсан.

Харин түүнээс хойш XIV зуунд Чингис хааны ач Хубилай сэцэн хааны үеэс Монголд Буддын шашин төрийн хэмжээнд дэлгэрч, улмаар XVI зуунд Түмэдийн Алтан Хааны (1507-1582) үеэс хүчтэй дэлгэрч бөө мөргөлтэй тэрсэлдэх болсон. Тэр цагаас Монголын ард түмэн Буддын шашинтан болох замаар олон жил замнаж энэ хооронд Монголын олон газар бөө мөргөлийн ёс заншил ихээхэн мартагдаж өөрчлөгдөх нь өөрчлөгдөж XX зуунд коммунизмтай золгосон билээ. Коммунизмд бөө мөргөл төдийгүй, Буддын шашин, монголын уламжлалт соёл тэр аяараа өөдийн бараа үзэлгүй марксист үзэл суртлын золиолс болж оронгоороо сүйдэн 1990 онд ардчилалд хөл тавьсан билээ. Ийнхүү түүхчилэн өгүүлэхийн учир нь өнөөгийн бөө мөргөлийн нөхцөл, түүнд тулгараад байгаа бэрхшээлүүдийн учирыг эрэлхийлсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, өдгөө бөө мөргөл гэгч чухам юу болохыг мэдэх хүн бараг үлдсэнгүй ээ. Ийм л мэдлэг мэдээллээр дутмаг эрин үед бөө мөргөл монгол соёлд дахин сэргэж түүхийн шинэ хуудсаа эхэлсэн билээ. Нэгэнтээ бөөгийн талаар мэдлэг мэдээлэл үгүй тул шинээр бөө бологсод болон монголын олон нийтийн дунд бөөгийн талаарх буруу ташаа ойлголтууд газар авч өдгөө монголын соёлын үнэт зүйл болох бөө мөргөл танигдахгүйд хүрээд байна. 1990 оны эхэн гэхэд монгол оронд гарын таван хуруунд багтан тоологдох Дархадын (Тувааны) Балжир удган, Цаатан Тува (Норжигийн) Суувиян удган, Буриадын (Чойжилын) Цэрэн заарин, Халхын (…) Надмид удган, Баядын (Н.) Ямаан удган зэрэг цөөнхөн хэдэн бөө нэр коммунизмын мөрдлөг хавчлагыг даван туулж сайн цагийн эхэнд үлдсэн байсан. Ингээд тэд маань 1990 оноос хойш төрсөн шинэ цагийн бөө нэрийн олонход нь багш болон залгамж холбоогоо үлдээсэн байдаг авч багш олж чадаагүй учир юугаа мэдээгүй төөрч будилсан хүмүүс түүнээс ч олон байсан нь өнөө хэр үргэлжилсээр байна. Нэгэнтээ олон зууныг дамнасан бөөгийн ёс дэгээ хаях гээх үйл явцыг туулж, бөө гэдэг чухам юу болохыг ч мэддэг хүн үгүй болсон, мэдлэг мэдээлэл хомс байгаа энэ цагт бөө болж босно гэдэг бараг боломжгүй хэрэг бөгөөд тэр хэмжээгээр уламжлалт ёс заншил гажуудах, дүрэм журам, эх захаа алдан бусних мэтчилэнгээр бөө мөргөл маань өдгөө нэр нүүрээ алдаад байгаа билээ. Тиймээс монголын соёлын үнэт зүйл болсон бөө мөргөлийг зөвөөр уламжлуулан сэргээх, олноо зөв зүйтэй мэдлэг мэдээлэл олгох, зохион байгуулалт хийх зэрэг дэмжин тэтгэх олон ажил шаардлагатай хэвээр байна. Зөвхөн бөө нэр цөөхөн, бөө мэддэг хүн цөөхөн байсан хэрэг биш басхүү эрдэм шинжилгээний түвшинд хүртэл бөө мөргөлийг судлах нь коммунист үзэл сурталд харшилж судлах оролдлого хийсэн манай нэртэй эрдэмтэд болох Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар “мухар сүсэг судаллаа” хэмээн хурц шүүмжлэлд өртөж байсны уршигаар бөө мөргөлийг дагнан судалдаг эрдэмтэн судлаачид үгүй болж үүний үр дүнд одоо ч сайн бөө судлаачид эрдэм шинжилгээний байгууллагаас төрөхгүй байна.

Бөө мөргөл угсаа гарал даган удам дамжин уламжилдаг шүтлэг мөргөлийн зүйл бөгөөд бөөг товчоор тодорхойлвол өвгөд дээдсийнхээ онгод сахиус, тэнгэр шүтээдийг өөрийн биедээ буулган хүмүний ертөнц болон сүнс онгодын ертөнцийг холбон зуучилдаг бэлгэ авъяастан юм. Бөө болох хүнийг “тэнгэрийн тамгатай” төрдөг гэх бөгөөд энэ бол анх төрөхдөө түүний сүнсийг тусгайлан сонгож бөө болгохоор нарт ертөнцөд илгээсэн гэсэн санаа байхаас гадна ерөнхийдөө онгод тэнгэрийн улаачаа болгохоор сонгож авсан хүн гэсэн утга байдаг. Нэгэнтээ бөө болохоор сонгогдсон хүнд өвдөж зовох, ажил үйл бүтэлгүйтэх, сэтгэл мэдрэл тавгүйтэн хий юм үзэгдэж сонсогдох зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд үүнийг “бөөгийн өвчин” гэдэг. Энэ үед бөө хүнд хандан учир юуг нь лавлаж хэрвээ онгод наалдан шахаанд орсон байвал даруй онгод тэнгэртэй нь холбож өгөх багшлах бөө сонгон хуяг хувцас, хэц хэнгэрэг, эдлэл хэрэглэл төхөөрөн “хөх ногоо цухуйж хөхөө шувуу донгодох” хаврын урин цаг эхэлмэгц угаа барьж бөө болох зан үйлд шамдан ордог. Ингээд олны төлөө сайн сайхныг бүтээж элдэв муу зүйл үйлдэхгүй хэмээн онгод тэнгэртээ тангараг тавьж бөөгийн цагаан зам мөрөө барлаж эхлэх учиртай. Монгол бөө мөргөлийн үзлээр энэ хүмүний ертөнцийн аливаа учир онгод тэнгэрийн ертөнц болон хий биетэй хийсгэлэн дүртэй аливаа бүхэнтэй шууд хамааралтай байдаг гэдэг. Тиймээс хүмүний ертөнцөд аюул занал нүүрлэлээ гэхэд түүний шалтгаан болж байгаа хий биетэй хийсгэлэн дүртэнтэй холбогдон учир юуг нь сурвалжлан тогтоож аврах, анагаах, хамгаалах зан үйл хийх мэтчилэнгээр үйл хэргээ өрнүүлдэг. Тийм ч учраас бөө хүнийг “зовлонтны жолооч, золгүйтний хэлмэрч” гэж магтан нэрлэдэг.

Ийнхүү бөө мөргөл шашин шүтлэгийн зүйл байхаасаа гадна монгол соёлын биет болон биет бус өвийн олон хэлбэрийг агуулж байдаг соёлын цогцолбор юм. Бөө мөргөл хүмүн болоод хүмүн бусын харилцааг зохицуулдаг ардын мэдлэг ухаан, байгал дэлхийгээ хамгаалах үзэл сэтгэлгээ, монголын уламжлалт ертөнцийг үзэх үзэл мөнөөс гадна дуудлага тамлага, домог үлгэр зэрэг аман зохиолын чухал хэлбэр, хөгжим, ая дан, бүжиг бүхий ёслол зан үйл болж ардын урлагийн нэгэн чухал хэсэг болохын зэрэгцээ эдлэл хэрэглэл, хуяг хувцсаараа гар урлал биет соёлын өвийг бас өөртөө агуулж байдаг.

Бөө хүн өөрийн онгод шүтээдийн хамтаар энэ бүх соёлын өвийнхөө бүтээгч, тээгч нь болж байдаг тул тэр хэмжээгээр бөө мөргөлийн соёлын өв баялаг болдог. Бөө нэрийн зан үйл, хувцас хэрэглэл бөөгийн уламжлалтай монгол угсаатны бүлгүүдийн хуваарь ондоо ондоо байхаас гадна нэг угсаатны бөө нэр бас дотороо харилцан адилгүй ялгаа зөрөөтэй байдаг. Тийм ч учраас ард түмэн маань энэ онцлогийг “бөө бөөгийн бөөлөх ондоо; Бүжин, туулайн гүйдэл ондоо” хэмээн зүйрлэн хэлсэн нь өдгөө бидний үед хүртэл уламжлан иржээ. 1990 оноос хойш тэдний онцлогийг тусгасан Халх, Дархад, Буриад, Хотгойд, Өөлд, Баяд, Дөрвөд, Торгууд, Дариганга, Сартуул, Урианхай, Тува зэрэг болон монгол угсаатны бөө мөргөл сэргээд байгаа бөгөөд албан болон албан бус бүртгэл, мэдээллийн сан үгүй тул одоогоор хэдэн бөө, өөр ямар угсаатны бүлгүүдээс тодроод байгаа мэтчилэнгийн нарийн мэдээлэл үгүй байна.

Бөө мөргөл бөө нэр болон тэдний сүсэгтэн олны дунд оршин байхаас гадна монголын өдөр тутмын ёс заншилаас аваад бүхий л түвшинд гүнээ шингэн бат суун үлдсэн байдаг. Энэ онцлогоор нь бөө мөргөлийг товчхоноор монголын соёлын үнэт зүйл гэж үнэлэн тодорхойлж болно. Учир нь бөө мөргөл бол монголын соёлын агуулга буюу утга санааны гол тээгч юм. Хамгийн энгийн, бидэнд ойрхон жишээ гэхэд “үүд голлож болохгүй” гэсэн манай ахмад настнуудын сургааль үг байдгийг хэн бүхэн мэднэ. Харин “яагаад” гэдэг асуултын хариултыг өдгөө тайлбарлах хүн цөөн болжээ. Бөө мөргөлөөс үүний хариултыг хайвал үүд хаалгаар зөвхөн биетэй бодитой хүмүүс орж гарч байдаг хэрэг биш харин хий биетэй хийсгэлэн дүртэй олон сүнслэг зүйлс мөн нэвтэрч байдаг гэсэн үзэл байна. Тиймээс тэднийг нүдэнд үзэгддэгүй тул оршдоггүй хэмээн мухраар бодолгүй оршихуйг нь хүлээн зөвшөөрч хүндэтгэл үзүүлэн орох гарахад нь саад хийхгүйн үүднээс “үүд голлодоггүй” юм байна. Энэ утгаараа бөө мөргөл гэдэг байгаль дэлхий, сав, шимийн аливаа бүхнийг сүнстэй эсвэл эзэн сахиустай гэж үздэг анимист (animist) сэтгэлгээ байгаад зогсохгүй хүнийг ертөнцтэй хэрхэн зөв зохистой харьцах ёстойг номлосон ардын гүн ухаан гэдэг өргөн агуулгаар тодорхойлогдох учиртай. Байгал ертөнцтэй зөв харьцана гэдэг бол өнөөгийн олон зүйлийн байгалийн гамшиг эл бүхнээс урьдчилан сэргийлэх улмаар энэ ертөнцийн болоод өөрийн аж амьдралыг өнөд амар жимэр байлгах үндэс болж байжээ.

No comments:

Post a Comment